Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00119

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр Дуга 210/МА2024/00119

 

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М, Н.А нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: АХ ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 81,508,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Б.М, хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.М-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Х.М нь Н.А, Б.М нартай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1-р хороо Алтай хотхон Энгельс гудамж, 16-р байр 135 тоот хаягт орших, 73,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Дээрх орон сууц нь Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлийн барьцаанд байсан тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 65,432,887.78 төгрөгийг төлж, барьцаанаас чөлөөлүүлсэн.

 

1.2. Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргахад худалдагч Н.А, Б.М нар бусад этгээдэд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарласантай холбоотой улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, орон сууцыг худалдан авах боломжгүй болсон.

Тиймээс орон сууцны төлбөрт өгсөн 65,432,887.78 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөг нийт 66,832,887.78 төгрөгөө буцаан авахаар шүүхэд хандаж байна.

 

1.3. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас Н.А, Б.М нар нь 86,200,000 төгрөгийн зээл авч сард 825,685.41 төгрөгийг төлж, үндсэн зээлд 388,474.46 төгрөг, зээлийн хүүд 462,169.19 төгрөгийг төлдөг байсан бөгөөд уг зээлээ хаалгасан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийт 39 сарын зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн 66,832,887.78 төгрөгийг ашигласнаар нийт 14,675,997 төгрөгийн үр шимийг хүртсэн байна.

 

1.4. Миний бие хариуцагч нарын зээлийг хаасан 66,832,887.78 төгрөгийг хадгаламжид байршуулсан бол сарын хүүг 1,1 хувиар тооцоход нийт 39 сарын хадгаламжийн хүү 28,671,308 төгрөгийн ашиг хүртэх боломжтой байсан.

Хариуцагч нар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн хэмжээгээр буюу 14,675,997 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Н.А, Б.М нараас нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Мийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх боловч Х.Мтай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулаагүй.

Н.А нь Х.Мгийн хамаарал бүхий газар тариалангийн компанид 2019 онд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд ажиллаж байх хугацаандаа тэднээс зээлсэн мөнгө болон учруулсан гэх хохирол зэргийг барагдуулах үүднээс өөрийн нэр дээр бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр үнэлж, Худалдаа хөгжлийн банк дахь 65,432,887.78 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл зөрүү төлбөрийг бусад төлбөрт тооцож өрөнд шилжүүлж авахаар харилцан тохиролцон, тэдний ажилтан гэх Д.Янжмаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц барьцаанаас чөлөөлөх, худалдах, бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэлийг хийж өгсөн.

 

2.2. Ингэж итгэмжлэл хийж өгсөн нь Н.А-ын учруулсан гэх хохирлыг барагдуулах зорилготой байсан бөгөөд тухайн байр банкнаас гадна өөр газар барьцаанд болон битүүмжлэлтэй байсныг мэдээгүй.

Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласныг мэдсэнээс хойш Н.А нь банкны зээл хаасан төлбөр, учруулсан гэх хохиролд Д.Янжмаагийн Хаан банкны 5079057256 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Х.М-тай байгуулаагүй ба 66,832,887.78 төгрөгийг Х.М-гаас аваагүй, гэрээний үүргийг гэрээний оролцогч бус хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 14,675,997 төгрөг, нийт 81,508,884.78 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Н.Аын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Н.А нь Хаан банк дахь Д.Янжмаагийн эзэмшлийн 5079057256 дансанд 2 удаагийн шилжүүлэг хийсэн. Эхний удаагийн шилжүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Н.Ааас байрны төлбөр урьчилгаа 30,000,000 төгрөг, дараагийн шилжүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байрны төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлж, Х.Мгийн гэрээний төлбөр төлөгдсөн.

 

3.2. Х.Мгийн нэхэмжлэлтэй, Н.А, Б.М нарт холбогдуулан 66,832,887.78 төгрөг гаргуулах, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа төгрөг 14,675,997 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 81,508,884.78 болгон өөрчилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А, Б.М нараас 66,832,887.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А, Б.М нараас 492,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр 66,832,887.78 төгрөгийг болон гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээ биелснээс олсон ашиг 14,675,997 төгрөг, нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

5.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, бодит үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээ биелснээс олсон ашиг 14,675,997 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэг, 7 дахь талд Иймээс мөнгөн хөрөнгийг үүрийн гүйцэтгэлд буюу өр барагдуулахад зарцуулсан тул ийнхүү зардал хэмнэснийг ашиг олж авсантай адилтгах боломжгүй, хариуцагч нар нь өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэх үндэслэлээр 14,675,997 төгрөгийг төлөх үүрэггүй байх тул 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтыг хэт явцуу тайлбарлан хэрэглэж гэрээний нэг талд давуу байдлыг бий болгож байна.

 

5.3. Хариуцагч Н.А, Б.М нар нь банкнаас 86,200,000 төгрөгийн зээл авсан ба сард 825,685.41 төгрөгийг төлж, үндсэн зээлд 388,474.46 төгрөг, зээлийн хүүнд 462,169.19 төгрөгийг төлдөг байсан.

Уг зээлээ төлүүлснээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн 66,832,887.78 төгрөгийн мөнгийг ашигласнаар нийт 14,675,997 төгрөгийн үр шимийг хүртсэн байна.

 

Харин анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр гэрээ биелснээс олсон ашиг гэж зөвхөн орлогыг ойлгохоор тайлбарласан нь буруу бөгөөд ашиг гэдэг нь орлогоос гадна үр шим хүртэж байгаагаар ойлгох ба зайлшгүй гарах ёстой байсан зардлаа хэмнэж, зээлийн хүү төлөх үүргээсээ бүр мөсөн чөлөөлөгдсөнөөр мөн хэмжээгээр өөрсдөдөө хөрөнгөтэй үлдэж байгаа нь гэрээ биелснээс олсон үр шимийг хүртэж байгаа буюу ашгийг бий болгосон.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 14,675,997 хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

Зээл хаагдсан буюу төлөгдөж дууссан өдрөөс хойш гэрээний эрх үүрэг дуусгавар болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасанчлан ашиг орлого олоогүй тул 14,675,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

7. Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 118 дугаар зүйл, заасан үндэслэл журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна

 

7.2. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болсон. Гэтэл 2 жилийн өмнө шүүхийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэр гарснаар буюу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэг, УДШүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зөвлөмж-ийн 2 дахь заалтыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх өөрчилж засах боломжгүй алдаа гэж үзэж байна.

7.3. Мөн хариуцагч Н.Аын шүүхэд гаргасан татгалзал, тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Б.Мийн өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг зааж тусгаагүй. Хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй ба ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.3, УДШүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зөвлөмж-ийн 3.4, 3.5-д зааснаар хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар шийдвэрт тусгагдана гэж заасан хууль болон зөвлөмжийн заалтыг зөрчсөн.

 

7.4. Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан байсныг мэдсэнээс хойш Н.А нь итгэмжлэл хийж өгсөн гэх Д.Янжмаагийн хувийн эзэмшлийн Хаан банк дахь 5079057256 тоот дансны хуулгаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг байрны төлбөрт шилжүүлж, Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 байр, 135 тоот, 73,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Худалдаа хөгжлийн банк дахь зээлийн үлдэгдэл төлбөрт Х.Мгийн төлсөн 65,432,887.78 төгрөгийг буцааснаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн.

Харин Д.Янжмаа нь шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг Х.Мд өгөөгүй, АХ ХХК-д шилжүүлэх эрх байхгүй, Д.Янжмаагийн данснаас мөнгө гараагүй, Н.Ааас 70,000,000 төгрөг гарсан, тухайн мөнгийг Х.М аваагүй зэрэг үйл баримтад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хариуцагч нарын хэн нь АХ ХХК-д өртэй, Б.М үүрэг хүлээх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

 

7.5. Мөн шүүх АХ ХХК-ийн кассанд Н.Аын компанид учруулсан хохирол төлбөр гэх утгатайгаар бүртгэсэн гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй гэж дүгнэсэн байх ба Н.Ааас шилжүүлсэн мөнгийг АХ ХХК-ийн өр төлбөрт шилжүүлэх эрх Д.Янжмаад олгогдоогүй, тухайн орон сууц нь хариуцагч Б.Мийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд АХ ХХК-ийн өмнө Б.М төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, эрх зүйн харилцаанд ороогүй талаар маргасан байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Н.А, АХ ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөр, Д.Янжмаа, АХ ХХК-ийн хооронд өр төлбөр барагдуулах үүрэг зэрэг нь тус тусдаа бие даасан эрх зүйн харилцаа байх бөгөөд АХ ХХК-ийн өр төлбөрийг хариуцагч нарт хамаатуулан улмаар хариуцагч Б.М-ийн эрхийг зөрчсөн байна.

Хэрэгт нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Аын 33,416,443.89 төгрөг, Б.Мийн 33,416,443.89 төгрөгийн хэмжээнд тэдний банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтээр хариуцагч тус бүрээр үүргийг тодорхойлсон баримт байна.

 

7.6. Мөн итгэмжлэл нь нэг талын хүсэл сонирхлоор төлөөлөгчийн эрх, үүргийн тусгайлан тусгаж болно. Гэтэл шүүх итгэмжлэлд хариуцагч нар үүргийн талаар тохиролцоогүй гэх дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хариуцагч нарын үүрэг тэнцүү байна гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна

Иймд ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-д зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч нь гэрээ байгуулаагүй эсхүл гэрээ байгуулсан боловч төлбөрийг буцаан төлсөн гэх хоёрдмол утгатай тайлбар өгдөг. Гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт хариуцагчийн өгсөн тайлбараар нотлогддог ба Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хамт очиж хаасан.

Гэрээ байгуулан гэрээний үр дагавар хэрэгжээд явж байгаа үйл баримтаар мэдсээр байж гаргаж буй гомдол нь үндэслэлгүй байна. Орон сууцны төлбөрийг Д.Янжмаад өгсөн гэж тайлбарладаг боловч Д.Янжмаад өгснөөр төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй.

 

8.2. Төлөөллийн үүргээ Д.Янжмаа бүрэн биелүүлээгүй, бид нарын өгсөн мөнгийг цааш шилжүүлэх ёстой байсан гэж тайлбарладаг боловч итгэмжлэлээр төлбөрийг буцаан шилжүүлэх эрх үүрэг Д.Янжмаад үүсээгүй. Д.Янжмаа нь зөвхөн худалдах, худалдан авах гэрээг төлөөлж оролцсон ба тухайн харилцаа үүсээд дуусгавар болсон учир гэрээнээс татгалзахтай холбоотой харилцааг төлөөлөхгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага 2 хариуцагчтай тул хамтран хариуцуулсан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой буюу ойлгомжтой байна. н.Цасчихэр гэх хүн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Би танд Н.Аын төлбөрийг шилжүүлэх гээд явж байна түр хүлээж байгаарай гэх агуулгатай гараар бичсэн өргөдлийг явуулан маргааш нь буюу 21-ний өдөр 70,000,000 төгрөгийг Д.Янжмаад шилжүүлсэн үйл баримтаар хэний төлсөн төлбөр гэдэг нь харагдана.

 

8.3. Хариуцагч Б.Мөөс компанийн өр төлбөрийг шаардаагүй. Өр төлбөртэй орон сууцыг зарсныг хариуцагч хэн аль нь мэдэж байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагууд бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Н.А, Б.М нарт холбогдуулан 81,508,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Янжмаа нь Н.А, Б.М нараас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч Х.Мтай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Б.М, Н.А нарын өмчлөлийн Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16-р байр, 135 тоот хаягт байрлах, 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдагч нь Х.Мгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 70,000,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байна./1хх-7-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

4. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлтэй байсан тул нэхэмжлэгч нь 65,432,887 төгрөгийг зээлийн төлбөрт төлж, хариуцагч нарын зээлийг хаасан үйл баримтад талууд маргаагүй. /1хх-11/

 

Мөн, хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн тул уг орон сууцыг Худалдах-худалдан авах гэрээ-гээр Х.Мгийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон үйл баримтад талууд маргаагүй.

5. Хариуцагч нараас Д.Янжмаагийн Хаан банк ХХК дахь 5079057256 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг Орон сууц гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь маргааны зүйл болжээ.

 

5.1. Гэрч Д.Янжмаа нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Миний дансаар орж ирсэн 70,000,000 төгрөгөөр Н.А-ын АХ ХХК-д төлөх өр төлбөрийг төлсөн ... гэж мэдүүлсэн.

 

5.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд төлөөлөл нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Хариуцагч Н.А, Б.М болон төлөөлөгч Д.Янжмаа нар нэгдмэл сонирхолтой этгээд буюу хэлцлийн нэг тал гэж үзнэ.

 

5.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Х.Мгаас орон сууц худалдах-худалдан авах зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг худалдагч Н.А, Б.М нар нь худалдан авагч Х.Мд шилжүүлэх үүрэгтэй.

 

5.4. Хариуцагч нараас Д.Янжмаагийн дансанд шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Х.Мд буцаан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэж үзэхгүй.

 

5.5. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Янжмаа нь дур мэдэн орон сууцны мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэж үзвэл хариуцагч нар нь гэм хорын хохирол шаардахад энэ магадлал саад болохгүй.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч нараас 66,832,887.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь хохиролд 14,675,997 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Анхан шатны шүүх хариуцагч нар нь өөрсдийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлснээр нэмэлтээр орлого олоогүй учир хариуцагч нар нь өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэх үндэслэлээр 14,675,997 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар зайлшгүй гарах байсан зардлыг хэмнэсэн байдал тогтоогдохгүй байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Нэхэмжлэгч нь ...гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 14,675,997 төгрөг гаргуулна... гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласнаас дүгнэхэд гэрээнээс татгалзсантай хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлах тул уг зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлт оруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 205 дугаар зүйлийн 205.1, гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.3, ... гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,330 төгрөг, хариуцагч Н.А, Б.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,114 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР