Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2024/00003

 

 

 

 

 

 

 

 

2024 02 02 226/МА2024/00003

 

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорноговь аймгийн

Сайншанд сумын Засаг даргад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буяндэлгэр,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Б.Баатарсайхан /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбишийг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 157/ШШ2023/00212 дугаар шийдвэртэй Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17.482.305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргалгүйгээр хууль тогтоомж, гэрээний дагуу албан үүргээ гүйцэтгэдэг байсан.

Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот захирамжаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэг. Сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй.

Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлээ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166.612.585 төгрөгийн зөрчил тогтоогдож, Төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь зохицуулалтыг удирдлага болгожээ.

Манай байгууллагыг сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас зөрчилгүй гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, аймгийн Аудитын газрын 2021.02.25-ны өдрийн 1-6/205 тоот албан бичиг, 2022.02.25-ны өдрийн 1-6/257 тоот албан бичгээр санхүүгийн тайлангийн жилд зөрчилгүй гэж дүгнэсэн.

Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 8 дугаар сарын 03-23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж, тус шалгалтаар сургуулийн нягтлан бодогч Б.Эрдэнэхүүг 2021 он, 2022 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 166.612.585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн, өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Б.Эрдэнэцэцэг нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй гэж үзсэн.

Миний бие төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг байсан бөгөөд төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьдаг байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэж, 166.612.585 төгрөгийг олж авсан нягтлан бодогч Б.Эрдэнэхүүгийн далд, хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар нь буруутган, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцох тухай заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь нягтлан бодогч Б Эрдэнэхүүгийн зөрчлийг олж илрүүлсэн, түүнд хяналт тавих Б.Эрдэнэцэцэгийг тогтсон хугацаанд Б.Эрдэнэхүүгийн өөрт авсан 166.612.585 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхийг актаар даалгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, миний хувьд их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Б.Эрдэнэхүүгийн гаргасан зөрчилд хамтран оролцсон эсхүл мэдсээр байж дуугүй өнгөрүүлсэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг гаргаагүй. Харин ч хуульд заасан үүргээ биелүүлж, Б.Эрдэнэхүүг 2022 оны 8 дугаар сарын 15-нд над дээр өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн даруйд нь аймгийн төрийн санд иж бүрэн хяналт, шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтийг өгч, хүсэлтийн хувийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж ажилласан.

Гэтэл Б.Эрдэнэхүүгийн зөрчилд намайг хамтран оролцсон мэтээр буруутгаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Боловсролын тухай хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэлтийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байхад аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргад гомдол гаргасан ч 2022.11.10-ны өдрийн 01/1649 тоот албан бичгээр сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэхгүй гэсэн хариуг өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4.179.090 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179.090 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах гэж анх тодорхойлсон.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн.

Дээрх хугацаанаас хойш хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэхгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 17.482.305 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах гэж ажилгүй байсан хугацааны цалинг 13.303.215 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Ингэхдээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлсөөр тодорхойлох журмын 2.3-т зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж 1.182.508*9сар=10.642.572 үндсэн цалин, орон нутаг ажилласны нэмэгдэл 10%, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15%-ийн нэмэгдэл 2.660.643 төгрөг нийт 13.303.215 төгрөг болж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай Б.Эрдэнэцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гарсан.

Уг тушаалын үндэслэл болсон сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргаагүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актаар 166,612,585 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлж, үндэслэлгүйгээр олгосон цалинг нягтлан бодогч Б.Эрдэнэхүүгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг актаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг төлүүлэх үүрэг хүлээлгээгүй. Уг актыг Б.Эрдэнэцэцэг хүлээн авч, танилцсан. Уг актад гомдол гаргаагүй. 2021 он, 2022 оны 7 сар хүртэл хугацаанд ажилтан нарт цалин олгохдоо нягтлан бодогч нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Энэ үйлдлийг Б.Эрдэнэцэцэг мэдэх боломжгүй байсан. Санхүүгийн цалин олгосон баримтыг өөрчлөөд илүү мөнгийг өөрөө авдаг байсан. Энэ үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг үүсэж, шүүхээс Б.Эрдэнэхүү нь ял шийтгүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу бүх хяналтыг хэрэгжүүлдэг байсан. 166.612.585 төгрөгийн төлбөр тогтоосон акт Б.Эрдэнэцэцэгт хамааралгүй. Тус сургуулийн 2021 он, 2022 оны санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргаж байсан. Тухай бүр нь зөрчилгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Гэтэл их хэмжээний санхүүгийн зөрчил гаргаагүй. Их хэмжээний санхүүгийн зөрчил гэдгийг хэдэн төгрөгийн хэмжээний хохирол учруулсныг их хэмжээний хохиролд тооцох нь тодорхойгүй байгаа.

Б.Эрдэнэцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө санал аваагүй нь хууль зөрчсөн.

Тус сургуулийн цалингийн нэгдсэн систем нь 2022 оны 4 дүгээр сараас цахим системд шилжсэн. 2021 он, 2022 оны 7 дугаар сард цалин олгосон баримтыг гаргаж нотлох баримтаар өгсөн. Энэ нь хууль бус, зөрчил болсон. Ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны буюу нийт ажилгүй байсан хугацааны 17.482.305 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хамаарах үйл ажиллагааны хүрээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Дээрх хяналт шалгалтын тэмдэглэл /2022.08.23-ны өдөр/-ийн Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авсан арга хэмжээ гэсэн 3 дахь хэсэгт Тус байгууллагын нягтлан бодогч Б.Эрдэнэхүү нь 2021 он, 2022 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 166.612.585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү бодож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Б.Эрдэнэцэцэг нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ гэж тэмдэглэжээ.

Мөн тэмдэглэлийн Дүгнэлт гэсэн 4 дэх хэсэгт Хяналт шалгалтад хамрагдах ёстой баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй, удаа дараа нэхүүлж, хяналт шалгалтын хугацааг хойш нь татсанаас шалтгаалж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны эрсдэлийн цар хүрээг багасган үнэлсэн өөр албан хаагчтай холбоотой зөрчлүүд бүрэн илрээгүй байх магадлалтай бөгөөд түүвэрлэн үзсэн эрсдэлээ 167.710.790 төгрөгийн төлбөрийн акт тогтоох хэмжээний зөрчил гарсан нь тус байгууллагын санхүүгийн болон дотоод аудитын хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тэмдэглэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар үйлдэгдсэн, хууль, дүрэм, журмын дагуу албажуулсан нотлох баримт гэж үзэх хуулийн үндэслэл бүхий баримт бичиг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 6.3.1-д Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, 6.3.2-т Хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж гарын үсэг зурах гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актуудтай 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танилцаж, хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 11.1-д зааснаар дээр дурдсан Улсын ахлах байцаагчийн актуудыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байх тул Б.Эрдэнэцэцэгийг актуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

MNS 5140:2021 баримт бичгийн стандартын 3.2.1-д Акт /нотломж/-ыг Аливаа үйл ажиллагаа, бодит байдлын үнэн зөвийг шалган нотолгоо дүгнэлт гаргаж, зохих журмын дагуу баталгаажуулсан баримт бичиг гэж тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 3.6.1-д Ажлын хэсэг комисс болон тусгайлан эрх олгогдсон албан тушаалтны дүгнэлт шийдвэрийг акт хэлбэрээр зохион бүрдүүлнэ гэж заасан.

Дээрх дүрэм, журмын томьёолол, тодорхойлолтоор улсын ахлах байцаагчийн актыг тусгайлан эрх олгогдсон албан тушаалтан, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалт 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эхлээд явагдаж байх хугацаанд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 85 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст байгууллагынхаа 2021, 2022 оны төсөвт иж бүрэн шалгалт хийлгэнэ гэж хандсан нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөнөө хаацайлсан, хариуцлагаас зайлсхийсэн, хувийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь төсвийн шууд захирагч, байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.1, 16.5.2, 16.5.5, 16.5.7 дахь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл, тус албаны ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актууд буюу нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон.

Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдуулан сонсох ажиллагаа явуулах Б.Эрдэнэцэцэгт 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/782 тоот албан бичгээр мэдэгдэж, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан.

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн. Сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дүгээр зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.4.3, 27.5, 27.6 дахь хэсгүүдэд заасан журмаар явагдсан, хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах тухай ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргуулж авсан.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж шинээр томьёологдсон. Иймээс уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрэмбээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална.

Боловсролын тухай хууль хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалт нь Засаг даргад эрх олгосон зохицуулалт юм.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг нягтлан бодогч Б.Эрдэнэхүүгийн зөрчилд хамтран оролцсон гэж хариуцагчийн зүгээс буруутгаагүй, харин Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавиагүй хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь агуулгын ялгаатай, мөн хоёр өөр процедураар хэрэгждэг үйл ажиллагаа юм. Боловсролын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахад аймгийн боловсролын газрын саналыг авах, үндэслэнэ гэсэн заалт зохицуулалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэж заасан, харин аль нэг байгууллагаас зөвшөөрөл санал авна, үндэслэнэ гэж зохицуулаагүй болно.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамж хуулийн үндэслэл бүхий захиргааны акт, уг захирамжаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4.179.090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17.482.305 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаа гомдол гаргаж байна.

Нэг. Маргааны зүйлээс хальсан дүгнэлт хийсэн.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5 дахь заалтыг удирдлага болгосон.

Талууд маргаан бүхий Б/50 тоот захирамжаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудалд мэтгэлцэн маргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргааны зүйлээс хальж, Б/50 тоот захирамжийн үндэслэлд огт дурдагдаагүй асуудлаар нэхэмжлэгчийг нэмж буруутган, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ. Хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчсөн гэж хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байдаг бөгөөд маргаан бүхий үйл баримт бий болсон цаг үед нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан, тэр нь сахилгын ноцтой зөрчилд хамаарах эсэх, уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудалд хязгаарлагдаж, шүүх шийдвэрээ гаргах ёстой байсан.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасныг хүчээр нотолж, төсөв санхүүтэй холбоотой ямар л эрх зүйн зохицуулалт байна тэр бүгдийг нэхэмжлэгчид хамааруулж, зөрчсөн мэтээр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-т заасан "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах... тухай мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгчээс Боловсролын тухай хуулийн /тухайн үед мөрдөж байсан/ 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12-т "аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх"-өөр заасан зохицуулалтыг зөрчиж, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж маргасан.

Шүүх уг хуулийн зохицуулалтыг сумын Засаг даргад үүрэг болгосон заалт биш, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээгээр Боловсролын тухай хуулиас илүү Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгож тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэжээ.

Бүрэн эрх гэх ойлголт нь нөгөө талдаа чиг үүргийн ойлголтыг багтаадаг тул үүнийг хуулиар хэрэгжүүлэх ёстой чиг, үүрэг гэж үзнэ. Энэ утгаараа Засаг дарга нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх заалт нь заавал биелэгдэх шинжтэй заалт юм.

Гэтэл анхан шатны шүүх нь Боловсролын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг засаг дарга биелүүлэхгүй ч байж болно гэх байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаартай сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халж байгаа тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргатай зөвшилцөх шаардлага байхгүй гэсэн албан бичгийг шүүх үнэлжээ.

Төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлж дагах ёстой болохоос байгууллагын даргын үзэмж, сэтгэгдэл нь хууль дагах ёстой эсэхийг шийдэх нь эрх зүйт ёсонд үл нийцнэ. Гэвч шүүх нь энэ байдлыг нотлох баримтын түвшинд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийг маргааны үйл баримтад тулгуурлан зөв хэрэглээгүй.

Маргаан бүхий Б/50 тоот захирамж гарах болсон гол үндэслэл нь Улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай акт бөгөөд тус актаар илэрсэн санхүүгийн зөрчил хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болсон гэж хариуцагч маргадаг.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, улсын байцаагчийн 114 тоот актаар илэрсэн 166.612.585 төгрөгийн санхүүгийн зөрчлийг нягтлан бодогч Эрдэнэхүү ч гаргасан, захирал Эрдэнэцэцэг ч гаргасан мэтээр, өөрөөр хэлбэл хоёр 166.612.585 төгрөгийн санхүүгийн зөрчил байгаа мэтээр шүүх дүгнэсэн.

Үнэн хэрэгтээ, нэг л 166.612.585 төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тэрхүү зөрчил нь гэмт хэргийн түвшинд үйлдэгдсэн буюу нягтлан бодогч Эрдэнэхүү нь баримтыг засварлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож, хөрөнгө завшсан гэдэг нь хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогддог.

Уг асуудлыг дүгнэхдээ, сахилгын ноцтой зөрчлийг нэхэмжлэгч эс үйлдэхүйгээр гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэл бүхий гэж анхан шатны шүүх үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 80.1.5. ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй, түүнчлэн ажил олгогч болох Сайншанд сумын Засаг даргын ямар мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан гэдгийг хэн ч тогтоогоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь зөв гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

Дөрөв. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т "нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан "нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь нягтлан бодогчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх хянах боломжгүй байсан, санхүүгийн хяналтыг хуульд заасан журмын дагуу тавьж байсан" гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь дотоод хяналтын журам баталж, хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх баримт нь 2 дугаар хавтас хэргийн 88-104 дүгээр хуудас, Б.Эрдэнэхүүгийн цалинг буруу бодож олгосон талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага тооцож байсан талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 101-104 хуудас, жил жилийн санхүүгийн аудитын зөрчилгүй гэсэн дүгнэлтүүд 2 дугаар хавтаст хэргийн 115-116 хуудас, Боловсролын газрын тодорхойлолтоор бүх ажлаа тайлагнаж гүйцэтгэсэн талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 128-130р хуудаст тус тус авагдсан, мөн энэ талаар шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байхад уг асуудлаар огтхон ч дүгнэлгүйгээр, харин ч энэ асуудлаар нотлох баримт нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэргийн шүүхийн гол зарчим нь нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох баримтууд ба хариуцагчийн татгалзал, нотлох баримтууд хоёрыг харьцуулах замаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, үнэлж, шийдвэр гаргах үүрэгтэй атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтуудыг огт үнэлэлгүй, хариуцагчийн хариу тайлбар бүрт дүгнэлт өгөх замаар шийдвэр гаргасан нь ноцтой алдаа гаргахад хүргэжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Давж заалдах гомдолд анхан шатны шүүх:

1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж маргааны зүйлээс хальж, Б/50 тоот захирамжийн үндэслэлд огт дурдагдаагүй асуудлаар нэхэмжлэгчийг нэмж буруутгасан, хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчсөн гэж хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байхад сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.

2. Боловсролын тухай /тухайн үед мөрдөгдөж байсан/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсгийг маргааны үйл баримтад тулгуурлан зөв хэрэглээгүй.

4. Хэрэгт авагдсан Б.Эрдэнэхүүгийн цалин буруу бодож олгосон талаарх дүгнэлт, хариуцлага тооцож байсан талаарх баримт, Төрийн аудитын зөрчилгүй дүгнэлтүүд, Боловсролын газрын тодорхойлолтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хариуцагчийн хариу тайлбар бүрт дүгнэлт өгөх замаар шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь бүхэлдээ агуулгаараа хариуцагч талын нотлох баримтыг үнэлж, хариу тайлбарыг дүгнэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "Шүүхийн өмнө эрх тэгш байх", "Мэтгэлцэх" зарчмуудыг баримталж явуулсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2 дахь хэсэг "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасны дагуу шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Шүүх байгуулах тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар "Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх" байгуулсан байхад давж заалдах гомдлыг "Хэнтий аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх"-д гэж хаягласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.1-д заасан шаардлагыг зөрчсөн байгааг анхааран үзнэ үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь 1. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй, 2. Хөдөлмөрийн гэрээнд заасан их хэмжээний санхүүгийн хохирол учруулаагүй, 3.Боловсролын тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөхдөө боловсролын газрын саналыг аваагүй гэж үзэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан ...Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17.482.305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нь нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 2. Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төсвийн тухай хуулиудыг зөрчиж, санхүүгийн хяналт тавиагүй, 3. Ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа боловсролын газрын саналыг авах зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

6. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот ажилд томилох тухай захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар томилж /1хх 6/, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулснаас /1хх 7-9/ үзэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсчээ.

 

7. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актаар хуурамч баримт бүрдүүлж, үндэслэлгүйгээр олгосон цалин болох 166.612.585 төгрөгийг нягтлан бодогч Б.Эрдэнэхүүгээр төлүүлэх-ээр төлбөрийн акт /1хх 46-47/ тогтоосон ба уг зөрчил нь нягтлан бодогч Б.Эрдэнэхүү, төсвийн шууд захирагч Б.Эрдэнэцэцэгийн ажил үүрэгтэй холбоотой бөгөөд захирал Б.Эрдэнэцэцэгийн Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төсвийн тухай хуулиар хүлээлгэсэн хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байна.

 

8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгодог. Шийдвэр гаргахаас өмнө холбогдох талуудыг сонсох нь шийдвэр гарснаас хойш гардаг сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой бөгөөд Засаг дарга Ч.Түвшинтөрийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Эрдэнэцэцэгтэй хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд ...би 4 сараас илгээж эхэлсэн ч хяналтаа дутуу тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ. /1хх 54-55/

 

9. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166.612.585 төгрөгийн зөрчил тогтоогдож Төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Б.Эрдэнэцэцэгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ /1хх 10/.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар,

- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, Б.Эрдэнэцэцэг нарын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцох-оор, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус зохицуулсан,

- Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар баталсан Б.Эрдэнэцэцэгийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтын 1 дэх хэсгийн 1.3-т байгууллагын төсвийн төсөөлөл, төсвийг төлөвлөх, батлуулах, зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих, аудит хийлгэх, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь тайлагнах, 1.4-т холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Эдгээрээс үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөрийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай Б.Эрдэнэцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...1.Маргааны зүйлээс хальсан дүгнэлт хийсэн, ....2.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар гаргасан, ....3.Хөдөлмөрийн тухай хуулийг маргааны үйл баримтад тулгуурлан зөв хэрэглээгүй, ...4. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудын тухайд:

 

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24-03-114 дугаартай хуурамч баримт бүрдүүлж, илүү тооцож, олгосон цалинг нөхөн төлүүлэх тухай актад ....уг үйлдлийг давтан гаргасаар байхад захирал Б.Эрдэнэцэцэг нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ... гэж тусгасан /1хх 46/,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолд авагдсан яллагдагч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэгт ....би нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд багш ажилчдын сар болгоны цалин олгох хүснэгтийг засварлаж, ажилласан хоног болон цалингийн зөрүүн дээрээс өөртөө илүү цалин бодож олгож байсан. Ингэхдээ цалин олгох хүснэгтийн нэгдсэн дүнг гүйлгээний төлбөрийн баримттай тааруулж байсан боловч уг хүснэгтийн дотор бодолтыг хуурамчаар бодож өөртөө илүү цалин авч байсан. ...Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нь 2022 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг нэгдсэн системийг хэрэгжихээс өмнө бол цалин олгох хусэгтийг хөл дүн буюу нийт дүнг нь төлбөрийн гүйлгээтэй тааруулаад дотор бодолтыг нь хийхдээ өөртөө илүү цалин бодож авч байсан. ....Захирал төрийн албаны цалингийн нэгдсэн системд байгаа цалин олгох хүснэгтийг хяналгүй илгээдэг байсан. Тухайн системд миний өөрийн цалин 10.000.000 төгрөгөөс дээш бодогдож орж байсан. Тэгтэл тухайн миний бодогдсон цалинг захирал анзааралгүй баталгаажуулан илгээдэг байсан... гэжээ./2хх 187/

Засаг дарга Ч.Түвшинтөрийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Эрдэнэцэцэгтэй хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд ...би 4 сараас илгээж эхэлсэн ч хяналтаа дутуу тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ. /1хх 54-55/

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166.612.585 төгрөгийн зөрчил тогтоогдож Төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаныг буруутгах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс авсан гэх баримт нь /1хх 56, 60-62/ хаанаас хэзээ авсан эх сурвалж тодорхойгүй ба харин Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24-03-114 дугаартай хуурамч баримт бүрдүүлж, илүү тооцож, олгосон цалинг нөхөн төлүүлэх тухай актаар /1хх 46-47/ нягтлан бодогч Б.Эрдэнэхүү нь илүү цалин хөлс авч байсан нь тогтоогдож байна.

2 дугаар хавтаст хэргийн 101, 104, 115, 116 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг өөрийн буруугүйг нотлохоор нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг гаргаж өгсөн боловч энэ нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24-03-114 дугаартай актад тусгасан ....хяналт тавьж ажиллаагүй, зөрчлийг таслан зогсоогоогүй... буруутай эс үйлдэхүй, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолд авагдсан яллагдагч Б.Эрдэнэхүүгийн ...миний бодогдсон цалинг захирал анзааралгүй баталгаажуулан илгээдэг байсан... гэсэн /2хх 187/ мэдүүлгийг няцаах хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заалтыг баримтласан нь зөв болжээ.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-ийг Төсвийн тухай хууль гэж /3хх 105/ хуулийн нэрийг андуурч бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

13. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн гомдлоор хэргийг авч хэлэлцсэн тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 157/ШШ2023/00212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Б.ДЭНСМАА