Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00088

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00088

 

 

2024 01 08 210/МА2024/00088

 

К-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний

өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэртэй

К-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.П-, Л.Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

К-ББСБ ХХК, Н.П- нарын хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Л.Г-, Н.П- нар 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлд мөн өдөр 150 дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, М- гудамж Б байрны- 000 тоот-од байх 114,96 м.кв. талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдүүлэгчээс 2015 оны 12 сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг Н.П-ийн 0- тоот дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч Л.Г- гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчилж, 2017 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийт 161,340,000 төгрөг болсныг Н.П- хариуцан төлөхийг зөвшөөрснөөр 2017 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулагдсан. Зээлдэгч нь 2015 онд зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл зээлд нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн хүүг өнөөдрийг хүртэл тооцоход /3,200,000х76=243,200,000/ 243,200,000 төгрөг болсон ч 2017 оны зээлийн гэрээний дүнгээр тооцон нэхэмжилж байна.

Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 нийт 161,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.П- нь 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Харин 2017 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь дээрх зээлийн гэрээтэй холбоогүй. Н.П-, К-ББСБ ХХК нар 2017 оны 12 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон ч зээлдэгч нь гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Анх 2015 онд байгуулсан гэрээний хугацаа 12 сар ба зээлийн хүү 26,021,479 төгрөг байхаар заасныг 24 сарын хүү 76,800,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин хариуцагч 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2017 оны 09 сард дуусгавар болсон тул барьцааны гэрээ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүрэг дуусгавар болсон. Зээлийн хүүг 81,340,000 төгрөг гэсэн ойлгомжгүй, дуусгавар болсон үүргийг шаардсан нь үндэслэлгүй. Үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандаж байсан баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д зааснаар хариуцагч Н.П-оос 161,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К-ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Н.П-, Л.Б- нарт холбогдох улсын бүртгэлийн Ү-  0000000000- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ М- гудамж Б - байр 000 тоот-, 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай К-ББСБ ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д зааснаар К-ББСБ ХХК, Н.П-ийн хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан -зээлийн гэрээ, К-ББСБ ХХК болон Н.П-, Л.Б- нарын хооронд байгуулагдсан - барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,120,250 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,120,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.П-оос улсын тэмдэгтийн хураамжид 964,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К-ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгч К-ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,120,249 төгрөг гаргуулж хариуцагч Н.П-ид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Л.Г-, Н.П- нар 2015 оны 12 сарын 02-ны өдөр 3Г2015/150 дугаартай зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлд 2015 оны 12 сарын 02-ны өдрийн -барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, М- гудамж Б байрны- 000 тоот-, 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 12 сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Л.Г-, Н.П- нар 2017 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийг огт төлөөгүй. Мөн Л.Г- зээлийн гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчлэн 2017 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг тооцон 161,340,000 төгрөг болсныг Н.П- төлөхөө зөвшөөрч 2017 оны 12 сарын 01-ний өдөр -зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан.

Талуудын хооронд 2015 онд байгуулсан 3Г2015/150 дугаартай зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нар огт биелүүлээгүй. Зээлийн нэг сарын хүү 3,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх 76 сарын хүү 243,200,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нь 2017 оны -зээлийн гэрээний хугацаагаар зээлийг нэхэмжилсэн тул үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 нийт 161,340,000 төгрөг болно. Зээлдэгч нь 161,340,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2015 оны 12 сарын 02-ны өдрийн -барьцааны гэрээгээр хүлээсэн Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, М- гудамж Б байрны- 000 тоот-, 114,96 м.кв талбайтай 3 ороо орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

4.2. Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 3Г2017/155 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр мөнгө шилжээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 161,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 3Г2017/155 дугаартай зээлийн гэрээнд заасан үнийн дүнг үндэслэсэн атал хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэл нь шийдэлтэйгээ зөрчилдсөн гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, М- гудамж Б байрны- 000 тоот-, 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлд оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Н.П- 2017 оны зээлийн гэрээний дагуу шинээр зээл олгож, 2015 оны зээлийн төлбөрийг төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл 2017 оны гэрээний дагуу хариуцагчид зээлийг бодитой олгоогүй. 2017 оны зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө К-ББСБ ХХК-аас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан ...2015 оны зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөж дууссан тул барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх утгатай албан бичгийг хүргүүлсэн. Энэ нь 2017 онд олгосон зээлээр 2015 оны зээлийн гэрээний төлбөрийг төлөх тохиролцоо байсан учир нэхэмжлэгчээс бүртгэх байгууллагад 2015 оны зээлийн гэрээний үүрэг дууссан учир барьцаа хөрөнгийг чөлөөлөх албан бичиг хүргүүлснээр барьцааны үүрэг дуусгавар болсон. 2017 онд хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, хүү тохиролцсон. Барьцаа хөрөнгийг чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч К-ББСБ ХХК, хариуцагч Н.П-, Л.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, К-ББСБ ХХК болон Н.П- нарын хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлд заасантай нийцсэн буюу зохигчийн хооронд зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

4. Шүүх хариуцагч Н.П-оос зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К-ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир шүүх талуудын зарчмын үүднээс дүгнэлтийг өөрчлөхгүй.

Харин, анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргажээ.

 

5. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. К-ББСБ ХХК болон Н.П-, Л.Г- нарын хооронд 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүү, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээний хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн. Талууд мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Л.Б-. Н.П- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ М- гудамж Б - байр, 000 тоот-од байх, улсын бүртгэлийн Ү-0000000000- дугаартай, 114.96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

5.2. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгө 80,000,000 төгрөг /2015 оны 12 сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг/-ийг зээлдэгч Н.П-ид шилжүүлж үүргээ биелүүлсэн байна.

5.3. Мөн К-ББСБ ХХК нь Н.П-той 2017 оны 12 сарын 01-ний өдөр 161,340,000 төгрөгийн хэмжээтэй зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээ дуусгавар болгож, мөн өдөр К-ББСБ ХХК, Н.П-, Л.Б- нарын хооронд шинээр байгуулсан барьцааны гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. Уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 10-12/

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин шүүх талуудын хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, барьцааны гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна.

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 01-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 161,340,000 төгрөгийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олгосон нь нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг мэргэшсэн субьект атлаа зээлийн гэрээний үүргийг хаах хэлбэрээр зээл олгож, улмаар 2015 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээ дуусгавар болгосон утгатай баримтыг үйлдэж, шинээр байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Мөн, Барьцаа нь үүрэг гүйцэтгүүлэгчийн үндсэн шаардлагыг хангах нэмэлт үүрэг ба үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний харилцаа 2017 онд үүсээгүй байхад гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

7. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй байх тул талуудын хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр үр дагавар үүсээгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд үндэслэлтэй.

Харин, анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д зааснаар К-ББСБ ХХК, Н.П-ийн хооронд 2017 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан -зээлийн гэрээ, К-ББСБ ХХК болон Н.П-, Л.Б- нарын хооронд байгуулагдсан - барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Талуудын хооронд 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул уг үүрэг барьцааны үүрэг үүсгэхгүй, мөн 2015 оны барьцааны гэрээний үүргийг талууд дуусгавар болгосон байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны дуусгавар болгосон барьцааны гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож гэснийг хасч, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, М- гудамж Б байрны- 000 тоот- хаягт байрлах 114,96 м.кв. талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй гэж шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ М- гудамж Б байрны- 000 тоот-од байх, улсын бүртгэлийн Ү-0000000000- дугаартай, 114.96 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К-ББСБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,190,449 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ