Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Ш.Үүрцайхын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Ж.Октябрь, Д.Галчулуун,

хохирогч Э.Энх-Атар,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5/01 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201601080365 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Баюуд овогт Шижирбатын Үүрцайх, 1985 оны 10 дугаар сарын 25-нд Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 8 дугаар гудамжны 211 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустайн 4 дүгээр гудамжны 11 тоотод түр оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД:ЗП85102519/;

2. Хатагин овогт Жигжидсүрэнгийн Октябрь, 1973 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Дорнод аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Нуурын 10 дугаар гудамжны 4 тоотод оршин суух,

                Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг зааснаар 280 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:ЖЬ73110775/;

3. Орцас овогт Даваадоржийн Галчулуун, 1980 оны 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн механикийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-6 дугаар байрны 43 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 3 дугаар гудамж, 6 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТГ80060499/;

Ш.Үүрцайх нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийн 23-35 УНУ улсын дугаартай, Нордбенз загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а дахь заалтыг зөрчин ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүрэглэж, замын зорчих хэсэгт зогсож байсан 65-86 УНА улсын дугаартай, Хова загварын автомашины араас мөргөсний улмаас өөрийн машинд сууж явсан хамгаалалтын цагдаа Э.Энх-Атарын биед хүнд гэмтэл учруулсан,

Ж.Октябрь нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн И.Мөнхбатын эзэмшлийн 65-86 УНА улсын дугаартай, SINOTRUK загварын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсооно.” гэсэн заалтыг зөрчин зам чөлөөлж зогсолгүй хөдөлгөөнд саад учруулж, осол гарах нөхцөл байдал бий болгосноос Ш.Үүрцайхын жолоодож явсан тээврийн хэрэгсэл араас нь мөргөн иргэн Э.Энх-Атарын биед хүнд гэмтэл учруулсан,

Д.Галчулуун нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 23-35 УНУ улсын дугаартай, Нордбенз загварын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй ажиллагааг бүрэн хангуулалгүй ажилд гаргаснаас Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засмал замын 63 дугаартай гэрэлтүүлгийн шонгийн орчимд Ж.Октябрийн жолоодож явсан 65-86 УНА улсын дугаартай, SINOTRUK загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 23-35 УНУ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл дотор зорчиж албан үүргээ гүйцэтгэж явсан ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх 4 дүгээр хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Энх-Атарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар, Д.Галчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 127-128/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун, хохирогч Э.Энх-Атар, шинжээч Г.Цэндсүрэн, Ц.Өнөрбат нарын мэдүүлэг болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэлэлцүүлсэн нотлох баримтыг судалж үзэхэд эрүүгийн 201601050365 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй орхигдуулсан, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3, 80.1.5, 80.1.6 дахь хэсэгт зааснаар нотлогдвол зохих асуудал нотлогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох 201601080365 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Үүрцайхын “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Оюу-Толгой”-д ачаа буулгаж, Улаанбаатар хот руу буцаж ирээд машин тэргээ янзлаад унтаж амраагүй. Би өөрийн тээврийн хэрэгслийг засуулах талаар “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн хуучин механик Батзаяад хэлж байсан. ... Уг чиргүүл нь толгойтойгоо хамт оношлогоонд орсон. Чиргүүл оношлогоонд орж тэнцсэн...” гэх, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Л.Цэрэн-Очирын “...Аюултай ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан. Гэхдээ одоо авч ирээгүй байна. Гэрээнд ачиж явах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар тусгасан...” гэх, шинжээч Г.Цэндсүрэнгийн “...Чиргүүлийн тормозны эд ангиуд дутуу ажиллахгүй зэрэг гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй...” гэж дүгнэсэн байна. Чиргүүл автомашин хоёр нь нэг бүрэлдэхүүнтэй тус тусдаа тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийн накладка, колотко байхгүй үед толгойн хийн даралтыг хойшоо өгөхөд чиргүүлийн тормосны систем ажиллахгүй...” гэх, шинжээч Ц.Өнөрбатын “...Шижирбат овогтой Үүрцайх нь: Хариулт 1: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Хариулт 2: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 тээврийн хэрэгслийн хурд: Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг жолооч Ш.Үүрцайх нь зөрчсөн гэж үзсэн. ...Тормосны систем ажиллахгүй бол бүрэн биш тээврийн хэрэгсэлдээ орно.” гэх мэдүүлгүүд болон Тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудсын хуулбар /1-р хх-ийн 102/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 116/, Цагдаагийн ерөнхий газар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын гуравдугаар газрын даргын тушаал /1-р хх-ийн 142/ зэргээс үзэхэд:

  • 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ш.Үүрцайх нь ямар загварын машин болон чиргүүлтэй хаашаа явж, хэзээ ирсэн талаар шалгах,
  • 29-22 ГЧ дугаартай чиргүүл нь АЯ0319014 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр оношлогоонд орж тэнцсэн гэх тул авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг авах,
  • 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Нордбенз загварын 35-23 УНУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудсыг яагаад мөн оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 16/67 дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэх инженер Н.Батзаяа нь шалган санамж, зааварчилгааг Ш.Үүрцайхад өгч гарын үсэг зурсан, уг үзлэгийн явцад автомашин ямар ямар эвдрэл гэмтэлтэй байсан талаар гэрчээр мэдүүлэг авах,
  • Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-тай 2016 онд байгуулсан гэрээг хавсаргах,

-    Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5190 дугаартай дүгнэлтэд ...Чиргүүлийн тоормосны эд ангиуд дутууг ажиллахгүй зэрэг гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй гэж, мөн шинжээч Ц.Өнөрбатын “...бүрэн бус...” гэж үзнэ гэсэн зэргээс үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий, өөрөөр хэлбэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрх асуудлуудыг шалган тогтоосны эцэст техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргах.

2.  Багахангай, Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
С.Төгсбуяны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн
08шэ/415 дугаартай дүгнэлтийг үзэхэд:

  • Уг дүгнэлтийг гаргахдаа Толгойн КТГ шинжилгээг үндэслэсэн байх ба уг шинжилгээ нь хаана, хэзээ хийгдсэн шилжилгээ болох нь тодорхойгүй,
  • Эмч Баатарцогт “онош Гавлын дух ясны шугаман хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэж дүгнэсэн бол хоншоор ясны зөрүүгүй, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал зэргийг ямар эмч дүгнэлт гаргасан тодорхойгүй,
  • Дээрх бүгдийг тодруулсны эцэст нарийн мэргэжлийн эмч оролцуулан давтан дүгнэлт гаргуулах.

3.  Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2016 оны 12 дугаар
сарын 8-ны өдрийн 5/65 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд:

-   2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтээр Ш.Үүрцайх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн байхад Багахангай дүүргийн Цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ц.Батхүү нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн 201601080365 дугаартай хэрэгт сэжигтэн Ш.Үүрцайхыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хяналт тавьж ажилласан прокурор яллах дүгнэлтдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг шалган тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, тэдэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 35-23 УНУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 00678970 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 29-22 ГЧ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн АЯ0319014 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, Ж.Октябрийн 049916 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, Ш.Үүрцайхын 332791 дугаартай жолооны үнэмлэх, 0017752 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх тус тус 1 ширхэгийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ш.Үүрцайх нь ямар загварын машин болон   чиргүүлтэй хаашаа явж, хэзээ ирсэн талаар шалгах шаардлагагүй, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Үүрцайх 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Оюу-Толгойд ачаа буулгаж, Улаанбаатар хот руу буцаж ирээд машин тэргээ янзлаад, унтаж амраагүй талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин нойр дутуу буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг харуулсан мэдүүлэг юм. 29-22 ГЧ дугаартай чиргүүл 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр оношлогоонд орж тэнцсэн нь АЯ0319014 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хийсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа тул авто тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг авах шаардлагагүй гэж үзэж байна. Харин шүүх энэ хуудсыг зайлшгүй авах шаардлагатай бол хэргийг буцаахгүйгээр, хуудсыг ирүүлэхийг “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн холбогдох албан тушаалтанд даалган шүүхийн шатанд шинжлэн судлах боломжтой юм. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 26-нд оношлогоонд орж тэнцсэн боловч түүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд дээрх чиргүүл болон автомашин нь байнга ажил үйлчилгээнд явж, энэ хооронд эд ангид эвдрэл гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн 5190 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Нордбенз загварын, 35-23 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудсыг 8 дугаар сарын 1-ний өдөр “Дөрвөлжин-Эрдэнэ”ХХК-ийн 16/67 дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэх инженер Н.Батзаяа нь шалган санамж зааварчилгааг Ш.Үүрцайхад өгч гарын үсэг зурсан, уг үзлэгийн явцад автомашин ямар ямар эвдрэл гэмтэлтэй байсан талаар Н.Батзаяаг гэрчээр байцаах шаардлагагүй, учир нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Нордбенз загварын, 35-23 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажилд гаргах үед хийсэн үзлэгийн хэвлэмэл хуудсанд байгаа инженер Н.Батзаяа гэсэн нэрийг засварлалгүйгээр гаргасан, харин энэ хуудсанд Батзаяагийн оронд инженерээр томилогдсон Д.Галчулуун гарын үсэг зурсан байдаг. Үүнийг шүүхийн байцаалтын шатанд шүүгдэгч нараас тодруулах боломжтой гэж дүгнэж байна. /яллагдагч Д.Галчулууны мэдүүлдэг/

- Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-тай 2016 онд байгуулсан гэрээг хавсаргах нь хэрэгт ач холбогдолгүй, мөрдөн байцаалтын шатанд энэ гэрээний дагуу гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын гуравдугаар газрын даргын тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргасныг шүүхийн шатанд шинжлэн судлах боломжтой байна.

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн № 5190 дугаартай дүгнэлтэнд:

1.    Шинжилгээнд ирүүлсэн North Benz загварын 35-23 УНУ улсын
дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн MNS4598-2011 стандартын
шаардлага хангаж байна.

  1. North Benz загварын 35-23 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний гол, бэхэлгээ суурь тус тус хугарсан эвдрэл нь ослын үед үүссэн. Жолооны механизмын эд ангиудыг задлаж салгасан тул ажиллагааг шалгах боломжгүй.
  2. North Benz загварын 35-23 УНУ улсын дугаартай чирэгчийн голын тэнхлэгийн баруун талын дугуйн тоормосны накладка, хойд тэнхлэгний баруун талын тоормосны накладка элэгдсэн гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Дээрх гэмтэл ашиглалтын явцад үүссэн байна.
  3. 29-22ГЧ улсын дугаартай OLM9402CCY загварын хагас чиргүүлийн дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр MNS4598-2011 стандартын шаардлага хангана.
  4. Чиргүүлийн тоормосны эд ангиуд дутуу, ажиллахгүй зэрэг гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй зэргээр энэ осолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн бус ямар байдал нөлөөлснийг тодорхой тусгаж өгсөн, мөн шинжээч Г.Цэндсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Уг зам тээврийн осол нь олон шалтгаан нөхцөлөөс үүсч гарсан байгаа нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна, техникийн бүрэн бус байдал нь, үүн дотроо тоормозын системийн бүрэн бус байдал нь осол гарсан шалтгаан нөхцөлийн нэг нь болно... гэж дүгнэлтээ тайлбарласнаас гадна шинжээч Ц.Өнөрбат 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд энэхүү зам тээврийн осолд холбогдогч нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөнөөс осол гарсан гэдгийг тогтоож дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээс эргэлзээтэй буюу ойлгохгүй зүйлээ шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой, техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдхүүнтэй гаргах шаардлагагүй гэж дүгнэв.

     - Толгойн КТГ шинжилгээг хаана, хэзээ хийгдсэн,

              - Эмч Баатарцогт “онош Гавлын дух ясны шугаман хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэж дүгнэсэн бол хоншоор ясны зөрүүгүй, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал зэргийг ямар эмч дүгнэлт гаргасан зэрэг асуудлуудыг шүүхийн байцаалтын явцад холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогч нараас асууж тодруулах боломжтойгоос гадна шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж шүүх үзсэн тохиолдолд шүүх хуралдааны явцад шинжилгээ хийлгэхээр асуулт тавьж дүгнэлт гаргуулах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх боломжтой гэж заасан учраас захирамжийн энэ заалт нь үндэслэлгүй, давтан дүгнэлт гаргуулснаар гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Мөрдөн байцаагч яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдэж энэ тогтоолд яллагдагч Ш.Үүрцайх нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ хаана үйлдсэн талаар тодорхой тусгасан байна. Мөрдөн байцаагчийн яллагдагчаар татах тогтоол, прокурорын яллах дүгнэлтэнд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэрхэн зөрчсөнийг дурдах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй тул энэ заалтыг хүлээн авах боломжгүй, харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

              Шүүгдэгч Ш.Үүрцайхын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарсан. Шүүгчийн захирамжид дурдагдсан зүйлсийг шалгах нь зүйтэй. Нэгэнт гэм буруугийн асуудал, ялангуяа хохирогч Э.Энх-Амарын биед учирсан гэмтлийн талаар “гэмтэлгүй”, “хоншоор ясны гэмтэлтэй” гэсэн өөр өөр дүгнэлтүүд гарсан байхад шалгах нь зүйтэй....” гэв.

              Шүүгдэгч Ж.Октябрь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг дахин шалгуулах нь зүйтэй...” гэв.

              Шүүгдэгч Д.Галчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна...” гэв.

              Хохирогч Э.Энх-Атар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг дахин шалгаж, компанийг иргэний хариуцагчаар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед 3 дугаар эмнэлгээс төлбөртэй эмч ирж үзээд нүдний ухархай чинь зүгээр байна гэж хэлсэн. Эмнэлгээс гарахаараа ирж үзүүлээрэй гэж хэлсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн  захирамжийн заалтаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Энх-Атарын биед учирсан гэмтлийг тодруулж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах,

мөн захирамжийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан  2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэд Ш.Үүрцайх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Прокурорын яллах дүгнэлтэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг дурдалгүй орхигдуулсныг зөвтгөх шаардлагатай гэж үзсэн заалтуудыг тус тус хүлээж авах үндэслэлтэй.

Мөн “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татах шаардлагатай.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, техникийн бүрэн бүтэн байдлын талаар хангалттай шалгасан тул шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад заагдсан ажиллагааг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 Иймээс шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2, 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 1 дэх заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1 дэх заалттай холбогдуулан гаргасан хэсгийг хүлээж авч, захирамжийн 2, 3 дахь заалттай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2, 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 1 дэх заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, 2, 3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ