Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00997

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1074 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Б” ХХК-д холбогдох,

“Т Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш нь “Т Б”инд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн менежер, хэлтсийн захирал гэсэн албан тушаалуудыг хашиж байсан. “Т Б” ХХК 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажлыг Октябр гэдэг хүнд хүлээлцүүлж, ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр ажлыг нь хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй байдаг. Гэтэл “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.  “Т Б”ны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй, “Т Б” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа учраас дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т Б”ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Т Б”ны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон. “Т Б”ны дүрмийн 8 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон байдаг бөгөөд 8.3.17-д “Банкны гүйцэтгэх удирдлагаас бусад шийдвэр гаргах шатны удирдлага /Газрын захирал, түүнээс дээш албан тушаалтан/-ыг томилох, чөлөөлөхөд гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх” гэж заасан байдаг бөгөөд ТУЗ-ийн хурлаар газрын захирал болон түүнээс дээш захирлуудын асуудлыг авч хэлэлцдэг. Б.Ш-ын хашиж байсан албан тушаал болох хэлтсийн захирлын хувьд ТУЗ-ийн зөвшөөрөл шаардагддаггүй албан тушаал болно. Орон нутгийн салбарын удирдлагын газрын орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Ш-т  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсыг өгсөн. Иймд нэхэмжлэгч Б.Ш-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ш-ыг урьд эрхэлж байсан ажил буюу “Т Б” ХХК-ийн Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 8 953 483 төгрөгийг хариуцагч “Т Б” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ш-т  олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т Б” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Т Б” ХХК-иас 158 205 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1074 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт /...тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх зохицуулалтын алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байна./ гэж дүгнэжээ. “Т Б”ны ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтаар тус банкны Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяанд “Мөнгөний төв” гэсэн нэгж байсныг ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ““Т Б”ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолын хавсралтаар хасагдаж батлагдсан. Мөн тогтоолоор тус банкны Орон нутгийн салбарын удирдлагын газрыг шинээр байгуулж, тус газрын харъяанд үйл ажиллагааны хэлтэс, зээлийн хэлтэс гэсэн 2 нэгжийг шинээр байгуулсан. Энэ нь аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харъяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харъяалал өөрчлөгдөх үйл явц биш бөгөөд “Т Б”ны дотоод салбар нэгжид бүтцийн өөрчлөлтийг “Т Б”ны ТУЗ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шинээр зохион байгуулж байгаа үйл явц юм. “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.1.1. / Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална./ гэж тайлбарласны дагуу “Т Б”ны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор хасагдаж тогтоогдсон Орон нутгийн удирдлагын газар түүний харъяанд байсан Орон нутгийн үйл ажиллагааны хэлтэс, түүний захирал албан тушаалтай байсан Б.Ш-т ай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Иймд шүүх бүрэлдэхүүн Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан "орон тоо хасагдсан” гэдэгт тухайн бизнес хариуцсан зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Ш-ын Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын эрхэлж байсан ажил, албан тушаалын зарим чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Үйл ажиллагааны захирал гүйцэтгэж, албан тушаалын нэршлийн хувьд “Алба” гээд зарим хасагдсаныг бүтэц зохион байгуулалтьн өөрчлөлт хийсэн гэж үзэх үндэс тогтоогдсонгүй” гэж алдаатай үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт /... Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг маргаанд хамааралгүй буюу тус банкны даатгалын хэлтэс, даатгалын хэлтсийн захирлын ажлын байрны талаар дүгнэлт өгсөн нь алдаатай болсныг тэмдэглэх зүйтэй гэж үзлээ./ гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай гэж дүгнэсэн хэрнээ шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... Мөн хариуцагч нэхэмжлэгчийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудсыг гардуулж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1416 тоот тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалттай нийцэхгүй байх тул Б.Ш-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэл болж байна” гэж үзсэн Хөдөлмөрийн тухай хуулийн яг ямар зохицуулалттай нийцэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй. Мөн хуульд заасны дагуу орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээ заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орох ажилтанд тавигдах шалгуур, ажил албан тушаалын харъяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний өөрчлөлт, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно гэж тус тус буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаарч, чиг үүргийн харьцуулалт хийхгүйгээр магадлал гаргасан. Дээрх байдлаар анхан шатны шүүх шийдвэрээ алдаатай, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 1074 дүгээр магадлалын хянавал хэсэгт /... Анхан шатны шүүх хуулиар төгтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн  тухай  хуулийн зарим зүйл, заалын тайлбарласан УДШ-ийн тогтоолын 15-д ... Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно ... гэж тайлбарласан байх бөгөөд энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтны ажлыг тушаал гаргахаас өмнө хүлээлцэж болох ба энэ тохиолдолд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болохыг онцолсон зохицуулалт юм. Энэ дагуу банк Б.Шд мэдэгдлийн хугацааны цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг Б.Ш хүлээн авсан зэрэг нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн бизнес хариуцсан зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Ш-ын Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын эрхэлж байсан ажил, албан тушаалын зарим чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Үйл ажиллагааны захирал гүйцэтгэж, албан тушаалын нэршлийн хувьд “Алба” гээд зарим хасагдсаныг бүтэц зохион байгуулалтьн өөрчлөлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй ” гэж алдаатай үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан. Дээрхээс үзвэл шүүгч “... Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудсыг гардуулж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1416 тоот тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалттай нийцэхгүй байх тул Б.Ш-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэл болж байна” гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн яг ямар зохицуулалттай нийцэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй. Мөн хуульд заасны дагуу орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орох, ажилтанд тавигдах шалгуур, ажил албан тушаалын харъяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний өөрчлөлт, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэх хэсэгтээ үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд Б.Ш-ын эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  Хариуцагчийн зүгээс “...орон тоо хасагдсан...”  гэдэгт байгууллагын  зохион байгуулалтын бүтцээс  тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болохыг ойлгохоос гадна гэрээнд заасан гол нөхцлүүд өөрчлөгдөх замаар ажлын байр байхгүй болох тохиолдол хамаарахыг шүүх дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай  гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч “Т Б”инд холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор орон тоо байхгүй болсон, Б.Ш-т  өөр ажлын байр санал болгосон боловч хүлээж аваагүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж маргажээ. 

Б.Ш нь тус банкны Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан байх ба ажил олгогчийн санаачилгаар, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 дугаар тушаалаар “ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-23/

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, “Т Б”ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрүүдийг баримталсан байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод хэм хэмжээг уялдуулан хэрэглэж, хэрэгт байгаа баримтад тулгуурлан хөдөлмөрийн  гэрээг цуцалсан үндэслэл,  гэрээг цуцлах журам, орон тоо хасагдсан эсэх эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан зохицуулалтад нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох банкны зохион байгуулалтын бүтцийг шийдвэрлэсэн “Т Б”ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд хүчингүй болсон дээрх тогтоол, түүний хавсралтаар баталсан бүтэц зохион байгуулалтын асуудлыг хамааруулсан нь тушаал үндэслэл муутай болохыг тогтоосноос гадна нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаалын үндсэн чиг үүрэг үгүй болоогүй, орон тоо хасагдсан гэж үзэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1074 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА