Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00505

                 Улаанбаатар хот

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Ногоон урлан хотхон, 10А байр, 32 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбаноровын Шугаржав /РД:ИА86103114/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, Төрийн банк ХХК /РД:5341469/-д холбогдох

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээ хүчингүй болгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ж.Болорчимэг, гэрч З.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

                                                           

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Шугаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.Шугаржав нь Төрийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн менежер, хэлтсийн захирал гэсэн албан тушаалуудыг хашиж байсан.

Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан Дотоод хяналтын хэлтсийн хянан шалгагч Л.Батболд, Хуулийн газрын мэргэжилтэн Ж.Болорчимэг, Хүний нөөцийн хэлтсийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанзул нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Шугаржав Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажлыг Октябр гэдэг хүнд хүлээлцүүлж, ажлыг нь ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй байдаг.

Гэтэл Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Б Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1-д заасныг үндэслэн “Төрийн банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмэрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон хасагдсан, эсхүл ажилтныг тоог цөөрүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж зааснаас үзэхэд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Шугаржавыг ажлаас халсан үндэслэлтэй огт хамааралгүй юм.

Төрийн банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй тул Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа учраар дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон.

“Төрийн банкны дүрэм”-ийн 8 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон байдаг бөгөөд 8 дугаар зүйлийн 8.3.17-д “Банкны гүйцэтгэх удирдлагаас бусад шийдвэр гаргах шатны удирдлага /Газрын захирал, түүнээс дээш албан тушаалтан/-ыг томилох, чөлөөлөхөд Гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх” гэж заасан байдаг бөгөөд ТУЗ-ийн хурлаар газрын захирал болон түүнээс дээш захирлуудын асуудлыг авч хэлэлцдэг. Б.Шугаржавын хашиж байсан албан тушаал болох хэлтсийн захирлын хувьд ТУЗ-ийн зөвшөөрөл шаардагддаггүй албан тушаал болно.

Орон нутгийн салбарын удирдлагын газрын Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Шугаржавд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг өгсөн.

Б.Шугаржавтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 дугаар тушаалаар цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Б.Шугаржавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Шугаржав нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Шугаржав нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/622 дугаартай тушаалаар Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 27 дугаартай тушаалаар “Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н-44 тоотоор хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 431 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой тус тус байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Шугаржавын Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажлыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн банкны газрын харьяа Үйл ажиллагааны хэлсийн захирал О.Октябрд Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот тушаалыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан ажил хүлээлцүүлэх комиссын хамт ажлыг нь хүлээлцүүлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Б.Шугаржав нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1416 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Төрийн банкны бүтэц зохион байгуулалт, шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан, “Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирал” гэх албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэлээр Б.Шугаржавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сангийн яамнаас 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн банк ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 7-1/5765 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичгээр арилжааны банкуудаас боловсон хүчний зардал хамгийн их зардал гардаг банк нь 15 хувьтай байхад Төрийн банк 25 хувийг зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандсан. Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл дээрх байдлыг судалж үзээд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор баталж “Даатгалын хэлтэс” гэсэн нэгж болон “Даатгалын хэлтсийн захирал” гэх ажлын байр хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Б.Шугаржавыг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэх хуудас өгөөгүй гэж маргасан боловч хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг болон мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлж, гэрч оролцуулсан.

 

Гэрч З.Одонтуяагийн “Захирлуудыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг тарааж явахдаа Шугаржав захирлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 өдрийн чөлөө авсан талаар мэдсэн. Тэгээд утас руу нь залгаж ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан талаар хэлэхэд “мэдэж байгаа, сонссон гэж хэлсэн. 3 дахь өдөр ажилдаа ирэхэд нь буюу 2016 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн. Өөрөө гарын үсэг зурахгүй гэж хэлээд мэдэгдэх хуудсыг аваад цааш нь тавьсан” гэх мэдүүлгээр мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байх боловч нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 19-нд мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр нэг талын санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байна.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлүүдийг авч үзвэл: Төрийн банкны дүрмийн 9.2.13-т “банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж биелэлтийг хангуулах”,

9.2.20-д “Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажил авах, тэдэнтэй гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох”,

Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1-д “Энэ журмын 5.1.2-т заасан удирдлага /гүйцэтгэх захирал, орон нутгийн тооцооны төвийн захирлаас бусад/ болон газар, хэлтсийн ахлах ажилтан/ мэргэжилтэнтэй холбогдох асуудлыг ЗУГ хариуцан ХНХ-нд танилцуулж, шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана”,

5.26-д “Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”,

11.4-т “1-3 сар хүртэл цалинтай тэнцэх тэтгэмж олгоно”,

Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73/13 дугаартай хурлын шийдвэрт “...Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирал гэх албан тушаалыг хашиж байсан Б.Шугаржавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэв” гэжээ.

 

Мөн ажлаас халах тушаалын үндэслэл болсон 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолд Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд Орон нутгийн салбарын удирдлагын газар нь Бизнес хөгжлийн газрын харьяанд хамаарахаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн боловч уг тогтоол нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна.

 

Төрийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/110 тоот тушаалын хавсралтаар Орон нутгийн салбарын удирдлагын газар нь 18 хүний бүрэлдэхүүнтэй, Орон нутгийн үйл ажиллагааны хэлтэс нь хэлтсийн захирал 1, ахлах менежер 2, менежер 2, мэргэжилтэн 1, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй  ажиллаж, ...,

...Нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр: “Орон нутгийн хэмжээнд ажлын байрны орон туу, нэгжийн бүтэц зохион байгуулалтыг тодорхойлон батлуулж, хэрэгжүүлэх, батлагдсан орон тоог хэтрүүлэхгүйгээр салбар хооронд шилжүүлэх, ажлын байрны тодорхойлолтыг сайжруулж, мөрдүүлэх,

...Орон нутгийн салбарын нэгдсэн бизнес төлөвлөгөө, санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, системийн төлөвлөгөөнд нэгтгүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих....,

Үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

-Бэлэн мөнгөний кассын үлдэгдлийн лимитийг шинэчлэн тогтоох, хэнрэгжилтийг сар бүр зайнас хянах, холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авах,

-Дотоод аудитын газар, Хяналтын газар, Монгол банкнаас салбар нэгжийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг биелүүлэх, зөрчил  дутагдал дахин гаргахгүй байх чиглэлд төрөл  бүрийн ажил зохион байгуулах, энэ талаар салбарын захирал болон захирлын зөвлөлтэй хамтран ажиллах,

-Салбар нэгжийн үйл ажиллагаанд зайнаас болон газар дээрх хяналт хийж, үнэлэлт дүгнэлт өгч шаардлгатай гэж үзвэл тухайн салбар нэгжид ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэх,

-Салбар нэгжийн аюулгүй ажиллагааг хангах, эрсдлийг бууруулах үүднээс аюулгүй байдал, харуул хамгаалалтын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавихаар зохицуулжээ.

 

Талуудын нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Шугаржавын “Ажлын байрны тодорхойлолт”-д “Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирал” нь шууд харьяалагдах ажлын байр нь Газрын захиралд харьяалагдаж байсан бол хариуцагчаас гаргаж өгсөн Октябрийн “Ажлын байрны тодорхойлолт”-д “Үйл ажиллагааны хэлтсийн захирал” нь Орон нутгийн банкны газрын захиралд тус тус харьяалагдаж байх боловч цалингийн зэрэглэл нь адил буюу З-3 байна.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Шугаржавын Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын эрхлэж байсан ажил, албан тушаалын зарим чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Үйл ажиллагааны захирал гүйцэтгэж, албан тушаалын нэршлийн хувьд “Алба” гээд зарим чиг үүрэг нь хасагдсаныг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа өөр ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн зохицуулалт нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үед ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой учраас нэхэмжлэгч Б.Шугаржавыг ажлаас халах үндэслэлд хамааралгүй юм.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудсыг гардуулж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1416 тоот тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалттай нийцэхгүй байх тул Б.Шугаржавыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Ийм учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Б.Шугаржавыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 139,543 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 77 хоногт үржүүлэн тооцоход 8,953,483 төгрөг болж байх тул хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржавыг урьд эрхэлж байсан ажил буюу Төрийн банк ХХК-ийн Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 8,953,483 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Шугаржавт олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржав нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас 158,205 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                        Х.ДАШДЭЧМАА