Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1074

 

Б.Шугаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Шугаржавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ж.Болорчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Шугаржав нь Төрийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн менежер, хэлтсийн захирал гэсэн албан тушаалуудыг хашиж байсан. “Төрийн банк” ХХК 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажлыг Октябр гэдэг хүнд хүлээлцүүлж, ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр ажлыг нь хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй байдаг. Гэтэл Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Б Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. 

Төрийн банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй, “Төрийн банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа учраас дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон. Төрийн банкны дүрмийн 8 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон байдаг бөгөөд 8.3.17-д “Банкны гүйцэтгэх удирдлагаас бусад шийдвэр гаргах шатны удирдлага /Газрын захирал, түүнээс дээш албан тушаалтан/-ыг томилох, чөлөөлөхөд гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх” гэж заасан байдаг бөгөөд ТУЗ-ийн хурлаар газрын захирал болон түүнээс дээш захирлуудын асуудлыг авч хэлэлцдэг. Б.Шугаржавын хашиж байсан албан тушаал болох хэлтсийн захирлын хувьд ТУЗ-ийн зөвшөөрөл шаардагддаггүй албан тушаал болно. Орон нутгийн салбарын удирдлагын газрын орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Шугаржавт хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсыг өгсөн. Иймд нэхэмжлэгч Б.Шугаржавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржавыг урьд эрхэлж байсан ажил буюу Төрийн банк ХХК-ийн Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 8 953 483 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Шугаржавт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Шугаржав нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас 158 205 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарласан УДШ-ийн тогтоолын 15-д тайлбарласны дагуу ажил олгогчийн зүгээс ажилтны ажлыг "Тушаал" гаргахаас өмнө хүлээлцэж болох ба энэ тохиолдолд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болохыг онцолсон зохицуулалт юм. Энэ дагуу банк Б.Шугаржавд мэдэгдлийн хугацааны цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг Б.Шугаржав хүлээн авсан зэрэг нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Хуульд заасны дагуу Орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орох, ажилтанд тавигдах шалгуур, ажил албан тушаалын харьяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний өөрчлөлт, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэх хэсэгтээ үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд Б.Шугаржавын эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Шугаржавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Шугаржав нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Б.Шугаржавт өөр ажлын байр санал болгосон боловч хүлээж аваагүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэргийн 4-13 дахь талд авагдсан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар Б.Шугаржав нь Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/622 дугаартай тушаалаар Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 431 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой тус тус байгуулсан байна. Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 дугаар тушаалаар Б.Шугаржавыг Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.23/

 

Нэхэмжлэгч Б.Шугаржавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1416 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрүүдийг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ Төрийн банкны бүтэц, зохион байгуулалт, шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрыг хүлээн авахаас татгалзсан гэж заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...” гэж заасан. Хэргийн 60 дугаар талд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Б.Шугаржав гарын үсэг зураагүй хэдий ч түүнд утсаар мэдэгдсэн талаар баримтжуулан тэмдэглэл хөтөлсөн байна. /хх.118/ Мөн дээрх мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрт нь өгсөн талаар гэрч З.Одонтуяа мэдүүлсэн. Уг тэмдэглэлийг үйлдсэн, мэдэгдлийг өгсөн гэх өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилтан Б.Шугаржавыг “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

 

Түүнчлэн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн“ гэх зохицуулалтын алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Шугаржавыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.  

 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу Б.Шугаржавын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт нэг өдрийн дундаж цалинг 139 543 төгрөгөөр тооцож, 8 953 483 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй болно.  

 

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг маргаанд хамааралгүй буюу тус банкны даатгалын хэлтэс, даатгалын хэлтсийн захирлын ажлын байрны талаар дүгнэлт өгсөн нь алдаатай болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА   

 

                                              ШҮҮГЧИД                               Т.ТУЯА  

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ