Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 101/2023/02414/И |
Дугаар | 210/МА2024/00192 |
Огноо | 2024-01-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/00192
2024 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2024/00192 |
Б.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн 101/ШШ2023/05325 дугаар шийдвэртэй
Б.М-ын нэхэмжлэлтэй
П.М-д холбогдох
газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 онд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Алтан өлгийн ** дүгээр гудамж ***/а тоот хаягт байршилтай 1864631295**** нэгж талбарын дугаартай 182 м.кв өмчилсөн газар хашаа байшинг худалдан авч 2020 оны 08 дугаар сарын 14-нд улсын бүртгэлийн газраас 0054**** тоот гэрчилээг авсан. Тус хашаанд түр оршин сууж байгаа айл нь нүүхгүй удаа дараа маргаан үүсгэн хувийн өмчөө захиран зарцуулах боломж олгохгүй байна. Энэ миний өмчлөлийн газар тул тус хашаа байшинг П.М-гээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний зүгээс уг газрыг 2010 онд 10,000,000 төгрөгөөр С.У, С.Э, Х.Б нараас худалдан авсан боловч тохирсон ёсоороо гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул шүүхэд хандан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 101/ШШ2020/03134 дугаар шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоож, хариуцагч нарыг газрын нэрийг надад шилжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан болно. Гэвч С.У, С.Э, Х.Б нар шүүхэд хэргийг шийдвэрлэж байх явцад бэлэглэлийн гэрээгээр Б.М-ын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлсэнээс дээрх шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Иймд нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоосон атал уг этгээдүүд нь санаатайгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, баруун алтан өлгийн ** дүгээр гудамжны ***а тоотод 2010 оноос өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байна. Анх миний бие өөрийн амьдарч байгаа тус газрыг Р.Б болон Х.Б нартай 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 8,500,000 төгрөгийг бэлнээр Р.Б-д, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг газрын өмчлөгч Х.Б-д өгсөн болно. Тухайн үед Х.Б нь удаа дараа газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч баримт үйлдэж байсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй байна. Үүний дагуу миний зүгээс шүүхэд хандаж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03134 дугаар шийдвэрээр намайг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож Х.Б, С.У, С.Э нарыг маргаан бүхий газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгасан болно. Гэвч Х.Б хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад дүр үзүүлсэн хэлцэл байгуулж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр бус бэлэглэх гэрээг байгуулж, Б.М-ын нэр дээр газрыг шилжүүлсний улмаас шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03134 дугаар шийдвэр биелэгдэх боломжгүй мөн миний газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Иймд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийн Г-220400**** дугаартай Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Алтан өлгий ** дүгээр гудамж ***/а тоотод байрлах газрыг Б.М-д шилжүүлсэн бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны дагуу Х.Б, С.У, С.Э нараас шилжүүлж авсан бөгөөд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй. Нэхэмжлэгч Б.М миний эсрэг хариуцагч П.М нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/07922 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/14780 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Б.М миний бие хариуцагч П.М-д тухайн газрыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тайлбарын агуулга: П.М нь сөрөг нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан ба шүүхийн шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гарсан гэж байна. Гэтэл миний хувьд өөрийн өмчлөлийн хашаагаа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс намайг дуудаагүй, шүүхэд хэрэг үүсээгүй байхад өөрийн өмчлөлийн хашаа байшингаа Б.М-д шилжүүлсэн. Иймд П.М-гийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч П.М-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Алтан өлгий ** дүгээр гудамжны ***/а тоотод байрлах, нэгж талбарын 1864631295**** дугаартай, *** мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-220400**** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, П.М-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Б, С.Э, С.У нарын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б.М-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч П.М-д олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
7.1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Х.Б, С.Э, С.У нарын өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд Б.М-ыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хүчин төгөлдөр юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Б.М хариуцагчаас газар эзэмших эрхийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.
7.2. Нэхэмжлэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу улсын бүртгэлд хариуцагчийг өмчлөгчөөр тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 дугаар шийдвэр гарахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлд бус тооцуулахаар шаардах эрхгүй. Б.М-ын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн асуудлаар маргаагүй, улсын бүртгэл хүчин төгөлдөр тул маргаан бүхий газрын өмчлөгч Б.М юм.
7.3. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт хамаарах нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч Б.М-тай хариуцагч П.М газрын эрхийн асуудлаар маргаагүй гуравдагч этгээд Х.Б, С.Э, С.У нартай маргасан учраас бэлэглэлийн гэрээний нөгөө тал хариуцагч П.М биш тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шаардах эрхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт заасан тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгч Б.М хариуцах үүрэггүй, харин Х.Б, С.Э, С.У нар хариуцах үүрэггэй.
7.4. Шүүхээр тогтоогдсон баримтыг дахин үнэлсэн, нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийг бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн дүгнэлтэд дурдсан шүүхийн маргаантай байхад газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаарх нотлох баримтгүйгээр өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 дугаар шийдвэртэй иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан цаг хугацааг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг дахин хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.М-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.М 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0081 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд түүний эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч П.М-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.БЯМБАСҮРЭН