| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2016/0245/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Г.Хатанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 123
Ч.Өлзийтмаад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хатанцэцэг,
шүүгдэгч Ч.Өлзийтмаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбаатар, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626020976 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Агрут овогт Чойнхорын Өлзийтмаа, 1970 оны 3 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өнгөлгөөчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, охин, зээ нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамжны 8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШБ70032106/;
Ч.Өлзийтмаа нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн тойргийн 7-8б тоотод 5 настай зээ охин О.Саранцэцэгийг хулгай хийлээ гэснээс буюу үл ялих зүйлээр шалтаглан галын дэгээ төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ч.Өлзийтмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 80 дугаар зүйлийн 80.1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно: 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/;
80.1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ;
80.1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл,
95 дугаар зүйлийн 95.1-д “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасан ба Ч.Өлзийтмаад холбогдох хэрэг нь дээрх заалтуудыг бүрэн хангаагүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Өлзийтмаа нь “манай гэрт ирсэн хуурай дүү Баярмаагийн цүнхэнд байсан 5.000 төгрөгийг О.Саранцэцэг хулгайлан аваад бандаашиндаа хийсэн байсан, хохирогч нь намайг гадаа тоглож байхад эмээ цамцнаас зуураад гэр лүү аваад орсон. Эмээ “эмээгийнх нь мөнгө хаана байна” гэж асуугаад байсан. Би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл эмээ галын дэгээ төмрийн томоор нь миний нуруу, гар, хөл рүү цохисон. Тэр үед эмээ намайг яагаад зодож байгааг би ойлгоогүй. Манай гэрт Баярмаа гэдэг хүн ирснийг би мэдээгүй. Би тэр хүнийг танихгүй, мөнгө хулгайлаагүй. Миний бандаашинд байсан мөнгө манай найзын мөнгө байсан гэж мэдүүлсэн, мөрдөн байцаалтад гэрч Р.Гарамханд ...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажлаа тараад очиход манай дүү Ч.Өлзийтмаа нь төрсөн охин Э.Оюундэлгэрийн охин 5 настай О.Саранцэцэгийг “хүний ээмэг хулгай хийлээ” гээд галын дэгээ төмрөөр зодсон байна лээ, гэрч Б.Баасанжав ...орой 19 цагийн үед сэрсэн чинь зээ охин О.Саранцэцэг “боожгой хорсоод байна” гэхээр нь би босоод, трусикийг сольж өгөөд байж байсан чинь манай эхнэр Ч.Өлзийтмаа нь сэрээд “манай зээ охиныг оролдлоо” гэж хэлээд, зээ охиноо зодсон бөгөөд “дандаа гай болж байдаг” гэж хэлсэн. Зээ охин О.Саранцэцэг зодуулаад гэрээсээ гарч гүйгээд хажуу айл болох Б.Жаргалсайханыд орсон, Б.Жаргалсайхан нь цагдаа дуудсан. Тухайн үед Ч.Өлзийтмаа согтуу байсан. О.Саранцэцэгийг “хулгай хийлээ” гээд зодохоор нь би салгасан юм гэж мэдүүлжээ. Дээрхээс дүгнэхэд Ч.Өлзийтмаа нь бага насны хохирогчийг яагаад зодох болсон шалтгаан нөхцөл, мөн Баярмаа гэх хүн Ч.Өлзийтмаагийнд ирсэн, тэр 5.000 төгрөгөө алдсан эсэхийг нарийвчлан шалгаагүй байна.
2. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч М.Хүдэрхүү 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б.Жаргалсайханы “3 дугаар сарын 1-ний өдөр О.Саранцэцэгийг эмээ Өлзий нь хамтран амьдрагч Бааскаагийн хамтаар зодож, хүчирхийлсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, p-4331-д бүртгэн, улмаар гомдол, мэдээллийг шалгах хугацааг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 10 хоногоор сунгажээ. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, ахмад Э.Наранбаатар нь “5 настай О.Саранцэцэгийг Б.Баасанжав нь зодож, танхайран, бэлгийн дарамт үзүүлснийг таслан зогсоов” гэсэн илтгэх хуудас бичсэн байхад прокурорын тогтоолоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Б.Жаргалсайханы мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаалтын явцад 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 741 тоот тогтоолоор “О.Саранцэцэгийг мөнгө хулгай хийлээ” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд Б.Баасанжавыг тогтоогдоогүй гэж 201626020976 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн атлаа 7 дугаар сарын 18-ны өдрийн 881 тоот тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ. Гэтэл 9 дүгээр сарын 1-ний өдрийн прокурорын 1084 тоот тогтоолоор яллагдагчаар татагдвал зохих этгээд Б.Баасанжав хаа байгаа нь тогтоогдохгүй байна гэж мөрдөн байцаалтын ажиллагааг дахин түдгэлзүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг хийлгүй 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1003 тоот тогтоолоор “хэргийн түдгэлзүүлсэн үндэслэл арилсан” гэж мөрдөн байцаалтын ажиллагааг дахин сэргээж, “яллагдагчаар татагдвал зохих этгээд гэх Б.Баасанжав нь тухайн хэрэгт холбогдох эсэхийг шалгалгүй 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр түүнийг гэрчээр байцаасан нь ойлгомжгүй. Мөн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1300 тоот тогтоолоор Гэрлээ, Оюунаа, Баярмаа нарыг гэрчээр байцаах шаардлагатай гэж хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа гэрч нарыг байцаагаагүй, хэрэг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад 10 дугаар сарын 24-ний өдөр 1269 тоот тогтоолоор хэргийг сэргээсэн нь буруу байна. Дээрхээс дүгнэлт хийхэд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх сэргээн шалгах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205, 206, 207 дугаар зүйлд заасны дагуу явагдаагүй, тогтоолууд нь хэлбэрийн төдий болжээ. Мөн Гэрлээ, Оюунаа, Баярмаа гэх хүмүүсийг олж гэрчээр байцаагаагүйгээс хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хувьд хангалттай гэж үнэлэх боломжгүй байна.
3. Мөрдөн байцаалтад 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 6 настай
О.Саранцэцэгээс тайлбар авахдаа “эмээгийн нөхөр нь урьд нь миний дүүг оролдож
байсан уу” гэж асуухад тэр “зөндөө олон удаа хийж байна. Согтуу байхдаа хийдэг”, 6 дугаар сарын 7-ны өдөр түүнийг хохирогчоор байцаахад “Бааска ах миний боожгой руу гараа хийсэн” гэж тайлбар, мэдүүлэг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт “эмээгийн гэрт эмээг унтаж байхад Б.Баасанжав агаа “миний эрхтнийг гараараа нэг удаа оролдсон” гэж мэдүүлсэн тул О.Саранцэцэг нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан түүний тайлбар мэдүүлэг үндэслэлтэй эсэх, мөрдөн байцаалтад өгсөн гэрч Г.Гарамханд, Э.Оюундэлгэр нарын мэдүүлгийг сайтар шалгаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасан хэрэгт сэжигтнээр тооцож, түүнийг 1 удаа сэжигтнээр байцаасны дараа түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж 2016 оны 12 дугаас сарын 1-ний өдөр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
4. Ч.Өлзийтмаагийн хувийн байдлыг тогтоох нь зүйтэй. Б.Баасанжав нь шүүхийн хэлэлцүүлэгт согтуу ирсэн тул түүнийг гэрчээр асуух боломжгүй байсан, яллах дүгнэлтэд шүүгдэгчийн оршин суух хаягийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамж, 8а тоот гэж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэх газрыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн тойргийн 7-86 тоот гэж зөрүүтэй бичсэн болохыг дурдаж, Ч.Өлзийтмаад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Өлзийтмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Хатанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Өлзийтмаа нь ахуйн хүрээнд буюу орон гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, нөгөө талаас бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул, хүүхдийн хүмүүжилд анхаардаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Гэмт хэрэг гарсан сэдэлтийн хувьд бусдын эд зүйлийг хулгайллаа гэдгийг шалтаг болгон өөрөөр хэлбэл танхайн сэдэлтээр 5 настай хүүхдийг зодсон бөгөөд эд зүйлийг хулгайлсан, эсхүл хулгайлаагүй гэдгээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, 5 настай бага насны хүүхэд том хүн хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа үүсэхгүй, гэмт хэрэг танхайн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд яллагдагч Ч.Өлзийтмаагийн “...Баярмаа манай гэрт ирээд явсан. Удалгүй над руу утсаар яриад автобусанд суух гээд үлдээсэн 5.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэгт дурдагдсан Баярмаа гэгчийг гэрчээр зайлшгүй байцаах шаардлагагүй, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар Ч.Өлзийтмаагийн үйлдэл тогтоогдсон гэж үзэж байна. Гэмт хэргийн талаарх мэдээллийг хянахад 5 настай охин бусдад зодуулсны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэх хангалттай нотлох баримт байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.1, 173 дугаар зүйлд заасны дагуу прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн шалгах явцад Ч.Өлзийтмаагийн хамтран амьдрагч Б.Баасанжавыг бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байдлыг шалгах зорилгоор хэргийг 2 удаа түдгэлзүүлсэн, мөн Э.Оюундэлгэрт хүүхдийг чинь зодоод байна гэдгийг утсаар хэлсэн гэх Гэрэлт-Ирээдүйг гэрчээр байцаах зорилгоор хэргийг 1 удаа түдгэлзүүлсэн бөгөөд дээрх шийдвэрүүдийг прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шалгах явцад гаргасан. Шүүхийн тогтоолд заасанчлан тогтоолуудыг үндэслэлгүй, хэлбэрийн төдий болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, эдгээр шийдвэр нь тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр биш бөгөөд хэрэгт тодорхой ажиллагааг хийлгэх шаардлагын үүднээс хэрэг шалгах ажиллагааг түр зогсоож байгаа процесс гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн шалгах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 205, 206, 207 дугаар зүйлд заасны дагуу явагдаагүй гэдгийг мөрдөн байцаалтаар хэрхэн нөхөн гүйцэтгэх нь ойлгомжгүй байна. О.Саранцэцэгийн хувьд бага насны хүүхэд гэдгээрээ онцлогтой, худал мэдүүлэг өгсөн эсэх асуудал яригдахгүй ч болсон үйл баримтыг өөрийн ойлгоц сэтгэхүйн хэмжээнд эх сурвалжаа шууд зааж мэдүүлсэн гэж үзэж байна. Түүний сэтгэцийг шалгах шаардлагагүй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч насанд хүрээгүй хохирогч О.Саранцэцэг, гэрч Б.Жаргалсайхан, Р.Гарамханд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдсэн, хангалттай баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ тогтоолд хэн аль гомдол гаргаагүй болно. Ч.Өлзийтмаагийн хувийн байдлын талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан, тухайлбал архины хамааралтай, ахуйн хүрээнд байнга архи уудаг гэсэн нөхцөл байдлын үнэлгээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн бичиг баримт нь шатсан гэх тэмдэглэл, ял шалгасан хуудас, захиргааны зөрчлийн талаарх бүртгэл, хорооны засаг даргын тодорхойлолт, гэрч Р.Гарамханд, Э.Оюундэлгэр, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг зэргээр хувийн байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож бичсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэснийг хангаагүй. Мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан 4 үндэслэлийн аль үндэслэлээр буцаасан нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Өлзийтмаа нь зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлүүлэх боломжтой тул 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.Өлзийтмаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн сэдэлтийг зөв тогтоох шаардлагатай. Охин хулгай хийсэн, хийгээгүй гэх асуудал хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой. Мөн Ч.Өлзийтмаагийн хувийн байдлыг хангалттай тогтоогоогүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь зөв байх. Уг хэргийн улмаас айхтар хохирсон, гэмтсэн зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийг өөрчилвөл яасан юм бэ гэж бодож байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбаатарын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авгдсан нотлох баримтаар уг хэргийг танхайрах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Хүүхдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаад дууссан. Энэ талаар насанд хүрээгүй хохирогчийн ар гэр гомдол гаргаагүй. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна гэсэн нь үндэслэлтэй байх магадлалтай. Хохирогчийн зүгээс ямар нэг гомдол санал байхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Шүүгдэгч Ч.Өлзийтмаа нь өөрийн зээ охин 5 настай О.Саранцэцэгийг “хулгай хийлээ” гэж зодсон гэдгээ, насанд хүрээгүй хохирогч О.Саранцэцэг “би мөнгө хулгайлаагүй, эмээ яагаад зодсоныг ойлгоогүй” болохоо тус тус мэдүүлжээ.
Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч О.Саранцэцэг буруутай үйлдэл хийсэн байсан ч шүүгдэгч Ч.Өлзийтмаа өөрийн асран хамгаалалтанд байгаа бага насны хүүхдийг тэр байдлыг нь далимдуулж төмрөөр зодох шалтгаан болгож болохгүй. Иймээс “Ч.Өлзийтмаагийн бага насны хүүхдийг зодох болсон шалтгааныг тодруулах” гэсэн заалтыг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн Ч.Өлзийтмаатай хамтран амьдарч байсан Б.Баасанжавыг “насанд хүрээгүй хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дахин шалгах шаардлагагүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний биеийн байцаалттай холбоотой шаардлагатай мэдээллийг шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулах боломжтой.
Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг шалгасан, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн улсын яллагчийн 1 тоот эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Ч.Өлзийтмаад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ч.Өлзийтмаад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд хүргүүлэх хүртэл Ч.Өлзийтмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ