Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 134/2017/00020/и |
Дугаар | 001/ХТ2017/0001061 |
Огноо | 2017-09-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/0001061
С.Э, Д.А нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2017/00048 дугаар шийдвэртэй,
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 216/МА2017/00009 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч С.Э, Д.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Х Б”ны Чойр салбар, Я.П нарт холбогдох,
1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.А-гийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Я.П, “Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч С.Э, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Б”ны Чойр салбар болон Я.П нар нь бидний амьдарч байгаа 000072144 тоот гэрчилгээтэй, 1902001074 тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 96-01 тоот хаяг дахь орон сууцыг барьцаалсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ. Тус гэрээгээр Я.П нь өөрийн зээлсэн зээлийн барьцаанд бидний дээрх орон сууцыг барьцаалж, бидний өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бөгөөд энэхүү гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн гарын үсэг байх ёстой. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл байхгүй юм. Хэрэв итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзвэл итгэмжлэл нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс хойно байна. Иймээс гэрээ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдээгүй бөгөөд төлөөлөх эрхгүй байх үедээ гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл болох нь харагдаж байна. Бидний хөрөнгийг барьцаалсан талаар бидэнд гэрээ байгуулахаас өмнө болон хойно мэдэгдээгүй бөгөөд бид Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийг төлүүлэхээр барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийхээс өмнөхөн мэдсэн.
Иргэний хуулийн 62.3-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж тус тус зохицуулсан байдаг. Үүнийг Я.П хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг зөрчсөн. Учир нь тус гэрээнд хамтран өмчлөгч Д.А-гийн нэр байгаагүй. Я.П зөвхөн С.Эийн өмнөөс гарын үсэг зурсан байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Эээс гадна Д.А гэсэн өөр нэг өмчлөгч байгааг орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл С.Э тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Д.А-г төлөөлөх эрхийг аваагүй тохиолдолд аливаа гэрээнд дангаараа бичигдэхгүй. Мөн хуулийн 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймээс тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. “Х Б”ны Чойр салбар нь зээлийн материалд биднээс Я.Пд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл байгаа гэж үзэж “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлийг нотлох баримтаар ашигладаг. Гэвч итгэмжлэлд түүний хүчинтэй байх хугацааг “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй” байхаар заасан байх бөгөөд мөн итгэмжлэл үйлдсэн огноо нь гэрээ байгуулагдсанаас хойш байгаа нь Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус юм.
Иргэний хуулийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан. Гэтэл гэрээг бүртгэсэн улсын бүртгэл нь өөрөө дараахь алдааг гаргаж хууль бус бүртгэл хийжээ. Тус гэрээ нь “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” болох нь холбогдох нотлох баримтаар илэрхий байхад бүртгэсэн. Мөн 1076 дугаартай барьцаалбарын барьцаалуулагчийн мэдээлэл хэсэгт өмчлөгч С.Эийн мэдээлэл байхаас биш Д.А-гийнх байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээг хуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавиагүй байна. Барьцаалбарын 1.2-т барьцааны эрх үүссэн үндэслэлд “2014/04/25, 1120010268, ГСА” гэсэн тэмдэглэл хийгдсэн. Гэтэл “Х Б”ны Чойр салбар болон Я.П нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээ 1120010268-01 дугаартай болохоос 1120010268 дугаартай биш бөгөөд Я.Пгийн үндсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь ижил дугаартай. Эдгээр гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Барьцааг бүртгэх үндэслэл буюу шалтгаан нь тухайн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэлцэл байх ёстой болохоос биш өөр зүйлийг тохиролцсон хэлцлийг үндэслэн барьцаалбар үйлдэх ёсгүй юм. Иймд Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байхаар заасан тул “Х Б” ХХК-ийн Чойр салбар болон Я.Пгийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өөрийн хууль ёсны өмч болох орон сууцыг өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х Б”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, М.Жаргалмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбар, татгалзалыг гаргаж байна. Анх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Я.П нь зээлийн хүсэлт гаргаснаар энэ харилцаа эхэлсэн. Харилцагч нь барьцаалуулагчдыг биеэр ирж гэрээнд гарын үсэг зурна гэж манай ажилчдад хэлж байсан учраас биеэр ирэх харилцагч нартай бид нар уулзаад байх шаардлагагүй. Банк болон Я.П нар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 1.10-т: “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа, Фидуцийн гэрээнүүдийг тусгаж, 3.1.1-т “энэхүү гэрээний 1.10 дахь хэсэгт заасан гэрээний хүчин төгөлдөр эх хувийг банк хүлээн авсны дараа зээлийг Зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу харилцах дансаар нь дамжуулан олгох” гэж тус тус заасан. Зээлийн үйл ажиллагаа нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу 4 дэх өдөр албан ёсоор шийдэгдсэн ба зээлийн гэрээний хувийг бэлтгэх, түүнд дагалдах гэрээнүүдийг хамт боловсруулах зэрэг банкны дотоод үйл ажиллагаа, техник үйл ажиллагаанаас шалтгаалан Баталгаат ипотекийн гэрээний огноог 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж хэвлэсэн. 25-ны өдөр барьцаалуулагч нар ирж гарын үсэг зурна, гэрээгээ бэлтгэж байя гэсэн учраас харилцагчдаа итгэх байдлаар түргэн шуурхай гүйцэлдүүлж эхэлсэн ба харамсалтай нь барьцаалуулагчид нь ирээгүй учраас дараагийн ажлын өдөр ирж гарын үсэг зурахаар тохиролцоод явсан. Харин Д.А, С.Э нараас холбогдох хуулийн дагуу, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг Я.П авч ирсэний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид итгэмжлэлийг харилцагч болон барьцаалуулагчдын хүсэл сонирхлыг 100 хувь илэрхийлдэг гэж үздэг. Итгэмжлэл үнэн зөв, барьцаалуулагчид нь өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан эсэхийг тухай бүр нь нотариатчаас асуухад өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэдэг учраас бид итгэлтэй байна. Нэхэмжлэгч талаас “Х Б”-д Я.П нь өөрсдийн орон сууцыг барьцаалуулсан талаар огт мэдээгүй, банк нь мэдэгдэх ёстой байсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж байна. Гуравдагч этгээд нь төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын харилцааг заавал төлөөлүүлэгчид мэдэгдэх, сануулах, шаардах асуух эрх байхгүй. Хоёр тал итгэмжлэлээ нотариатаар батлуулаад ирсэн байхад төлөөлүүлөгчид мэдэгдэх шаардлагагүй. С.Эрдэнбилэг нь Д.А-гаас төлөөлүүлэх эрх аваагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл дээр С.Эрдэнбилэг болон Д.А нар хоёулаа гарын үсэг зурсан байгаа учраас С.Эрдэнбилэг нь Д.А-гаас заавал эрх, итгэмжлэл авах шаардлагагүй гэж үзэж байна. Я.Птэй байгуулсан зээлийн гэрээний 1.10-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан барьцааны /баталгаат ипотекийн/ гэрээ хүчин төгөлдөр болсноор буюу улсын бүртгэлд бүртгэгдэж барьцааны эрх, үүссэний дараа зээлийн олголтыг хийсэн бөгөөд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгчийн дансанд 50 000 000 төгрөгийн зээлийн олголт хийгдэж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч ашиглаагүй 6 хоногийн хүүг хасаад, эргэн төлөлтийн хуваарь дээр тусгасан. Барьцаалуулагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х Б”-нд ирж гэрээнд гарын үсэг зурж хэрэгжүүлснийг нотлох гол зүйл нь зээл олголтыг зөвшөөрч хэвлэсэн баримтын огноо бөгөөд энэ нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 59 минут гэж байгаа.
Гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасанчлан Улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.1-т “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсний дагуу банк болон Д.А, С.Э нарыг төлөөлөх эрх бүхий этгээд Я.П баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т зааснаар мөн өдөр барьцаалбар үйлдсэн. Хуулиар гэрээг хүчин төгөлдөр болох тухайлсан шаардлагыг “улсын бүртгэлд бүртгүүлснээр” гэж заасан ба гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Я.П нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1902001074 дүгээр бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг “Банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах эрх”-тэй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт хуульд зааснаар бүртгүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр хийсэн гэж үзэх ба 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул энэ өдөр байгуулагдсанд тооцно. Тэгэхээр бид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж ирсэн учраас зээл олголтыг олгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э, Д.А нарын өмчлөлийн 000072144 тоот гэрчилгээтэй, 1902001074 тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоот хаяг дахь орон сууцыг миний бие нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр “Х Б” ХХК-ийн Чойр салбарт барьцаалж, 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Баталгаат ипотекийн гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр хийгдэж, энэ хугацаанаас хойш 2014 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд “Х Б”ны өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас шалтгаалж, итгэмжлэл болон Улсын бүртгэлийн хэлтэс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгэл хийгдсэн байна. Тухайн үеийн эдийн засагч нь зээл олгох явцдаа зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргачихаад, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлсэн. Үүнийг зээлийн эдийн засагч болон зээлийг хянаж байсан зээлийн хорооны дарга, хариуцаж байгаа албан тушаалтнууд нь анхаарах ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд манай эхнэрийн ах гэдэг нь үнэн. “Х Б”ны зээлийн эдийн засагч нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн өргөдөл өгсөн байхад, зээл судлаад зээлийн хороогоор оруулахаас өмнө итгэмжлэлийг заавал авсан байх шаардлагатай гэдгийг надад хэлээгүй. Итгэмжлэлээ шаардаагүй байж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулчихаад, түүний дараа итгэмжлэл шаардаж болохгүй. Энэ бол “Х Б”ны өөрсдийнх нь буруу. Зээл олголтыг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон нь үнэн, гэхдээ гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.
Иймд тус нэхэмжлэлээр нөхөн гарын үсэг зурах буюу өмнөх гарын үсгийг зөвтгөх боломжгүйг ойлгож байна. “Х Б”-ны Чойр салбар болон Я.П бидний хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд С.Эийн нэрний ард би гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд С.Э, Д.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба маргах зүйлгүй гэжээ.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2017/00048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Х Б”ны Чойр салбар, Я.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, “Х Б”ны Чойр салбараас 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Я.Пгээс 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 216/МА2017/00009 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 134/ШШ2017/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х Б”ны Чойр салбар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “С.Э, Д.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 216/МА2017/00009 дугаартай магадлалыг хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу болон буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. С.Э, Д.А нар нь өөрсдийн гаргасан нэхэмжлэлд ““Х Б”ны Чойр салбар болон Я.П нарын хооронд байгуулагдсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус” болохыг тодорхой хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг өнгөцхөн судлаж, гэрээ байгуулагдах явцад гарсан маш олон ноцтой алдааг үл тоомсорлон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хугацааг гарын үсэг зурагдсан хугацаа болгон тайлбарлаж шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хууль тогтоомжийг хэрэглэх талаар зохицуулсан. Гэтэл “Х Б”ны Чойр салбар болон Я.П нар нь /бидний өмчлөлийн/ үл хөдлөх эд хөрөнгийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана./ гэж заасан шаардлагыг зөрчиж гэрээ байгуулсан. Тухайлбал тус гэрээнд С.Эийн хамтран өмчлөгч нь болох Д.А миний нэр байгаагүй. Я.П зөвхөн С.Эийн өмнөөс гарын үсэг зурсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Эээс гадна Д.А гэсэн өөр нэг өмчлөгч байгааг орхигдуулсан. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний шаардах эрхийг хамгаалдаг онцлогтой ч барьцааны гэрээны шаардлагыг хангаж, барьцааны зүйлийн өмчлөгчийн эрхийг хүндэтгэх ёстой. Иргэний эрх зүйн харилцаанд үл хөдлөх эд хөрөнгө нь онцгой эд хөрөнгө болдог. Тиймээс түүнийг бүртгэдэг байгууллага байдаг. Бүртгэлийн байгууллага дангаар болон хамтран өмчлөгчийг бүртгэдэг. Ингэж өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч өмчлөгчийн онцгой эрхийг тэгш эдэлдэг. Өөрөөр хэлбэл С.Э тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд намайг /Д.А-г/ төлөөлөх эрхийг аваагүй тохиолдолд аливаа гэрээнд дангаараа бичигдэхгүй. Тухайн хөрөнгийн өмчлөгч нь 2 хүн байсаар байхад нэгийг нь биччихээд нөгөөг нь бичихгүй байж болохгүй. Харин “Х Б” энэ төрлийн гэрээг тогтмол хийдэг атлаа Я.Птэй 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж миний /Д.А-гийн/ нэрийг дурьдалгүй орхисноор миний өмчлөгчийн эрхийг ноцтойгоор хөндөж байгаа юм. Талууд зөвхөн С.Э гэж байгаа бөгөөд Д.А гэж байхгүй болно.
Үүнийг мөн хуулийн 156.3-т /Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна/ гэж заасан байна. Иймээс тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаас харахад энэ гэрээг боловсруулж, бэлтгэсэн гэрээний талууд хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр хүчин төгөлдөр бус гэрээ хийснийгээ хууль мэдэхгүй эсхүл ойлгомжгүйгээр буруу тайлбарлаж өөрсдийгөө зөвтгөх боломжгүй юм. Гэтэл хариуцагч нарын буруу тайлбарласан тайлбарт хэт анхаарт анхан шатны шүүхийн үндэслэлд дурьдагдсан иргэний хуулийн 56.1.8, 156.2, 156.3, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10.1 заалтуудыг үндэслэн хийсэн дүгнэлтүүдэд давж заалдах шатны шүүх ямар ч үнэлэлт өгч, дүгнэлт хийсэнгүй. Үүгээрээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй юм.
“Х Б”ны Чойр салбар болон Я.Пгийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд Я.П нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээнд нэхэмжлэгчдийн гарын үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэгчдийн буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн гарын үсэг байх ёстой. Хэрэв итгэмжлэлээр хийгдсэн гэж үзвэл итгэмжлэл нь хуульд нийцсэн байх бөгөөд тухайн үйл явдал буюу үйл баримттай хамааралтай байх ёстой. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл байхгүй юм. Хэрэв итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзвэл хариуцагчдаас шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэл нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс хойно байх тул тус итгэмжлэл маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хамааралгүй юм. Иймээс гэрээ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдээгүй бөгөөд төлөөлөх эрхгүй байх үедээ гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл болох нь тодорхой харагдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; хүчин төгөлдөр бус байна, 62.3-д /Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/., 64.1-д /Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно/ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн буюу талууд гэрээнд гарын үсэг зурсан нь хавтаст хэргийн 22-р хуудас /1076 дугаартай барьцаалбарын 1.2. барьцааны эрх үүссэн үндэслэл “2014/04/25 1120010268, ГСА” гэсэн тэмдэглэл/ 23, 25-р хуудас /Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан огноо “2014.04.25 ” буюу огноо/ 25-р хуудас /гэрээний 1.9-д барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн талаар лавлагаа 2014.04.25/ 31-р хуудасны ар тал /зээлийн хүугийн хувь хэмжээний өөрчлөлт хүү тооцож эхлэх эхний хугацааг 2014.04.25 гэсэн тэмдэглэл/ 38-р хуудас /дансны хуулга зээл олгосон огноо 2014.04.25 гэсэн тэмдэглэл/ зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн 1.1 дэх заалт зэргээр нотлогдоно. Бидний зүгээс анхнаасаа өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээнд бидний зөвшөөрлийг бичгээр аваагүй байхдаа гарын үсэг зурсныг буруу гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тэрнээс биш улсын бүртгэлд гэрээг бүртгүүлж хүчин төгөлдөр болсон байдалтай маргаагүй. Ер нь бол гэрээ хүчин төгөлдөр болох нь улсын бүртгэлд бүргүүлснээр байдаг юм бол улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл нь талуудын харилцан зөвшөөрснийг илэрхийлэх гарын үсэг байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг ямар ч нотлох баримт байхгүй байхад хариуцагчийн зохиомол тайлбараар 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгчээс гэрээнд талууд 2014 оны 04 дүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан нь хууль бус гэж үзсэн. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай байгаа. Харин хариуцагчын нэг “Х Б” 2014 оны 05 дугаар сарын 02-нд гарын үсэг зурсан гэж мэлзсэн. Гэрээнд гарын үсэг зурсан хугацааг түүнд бичигдсэн огноогоор тодорхойлно. Хэрэв тийм байсан бол хариуцагч гарын үсгийнхээ дэргэд огноо бичих боломжтой байсан. Тэгээгүй мөртлөө гэрээний эхэнд бичигдсэн огноог ач холбогдолгүй болгохоор хичээх нь үндэслэлгүй юм.
Ингээд хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 02-нд гарын үсэг зурсан гэхийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс тус өдрөөр гарын үсэг зурсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.../ гэж заасан. Маргаж буй гэрээ улсын бүртгэлд бүргүүлсэн. Бүртгүүлсэн хугацаатай маргаагүй ч бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзнэ. Учир нь хариуцлагагүй иргэн, аж ахуйн нэгжийн санаатай болон санаандгүй үйлдлийг хяналгүйгээр бүртгэсэн улсын бүртгэлийн ажилтны хайхрамжгүй алдаатай үйлдлийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөөд байж болохгүй. Үүнийг шүүлгэх гэж шүүхэд хандсан болохоос биш гэрээ хүчин төгөлдөр мэт болсон хугацааг тодорхойлуулах гээгүй. Гэрээг бүртгэсэн улсын бүргэл нь өөрөө дараахь алдааг гаргаж хууль бус бүртгэл хийсэн. Тус гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” болох нь холбогдох нотлох баримтаар илэрхий байхад бүргэсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т /Үл хөдлөх эд хөрөнгийн баръцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана./ гэж заасан шаардлагыг зөрчсөн гэрээ болох нь байгуулсан гэрээнээс илэрхий харагдсаар байхад бүртгэсэн, Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтэст үйлдэгдэн, хадгалагдаж байгаа 1076 дугаартай барьцаалбарт: 1.1-д Барьцаалуулагчийн мэдээлэл хэсэгт өмчлөгч С.Эийн мэдээлэл байхаас биш минийх байхгүй байна. Алдаатай гэрээг алдаатай бүртгэсэн барьцаалбар. Энэ нь “Х Б”ны Чойр салбар болон Я.П нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээний мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл гэрээг хуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавиагүй байна. 1.2-т барьцааны эрх үүссэн үндэслэлд “2014/04/25,1120010268, ГСА” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна. Гэтэл “Х Б”ны Чойр салбар болон Я.П /С.Э, Д.А нарын өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой/ нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээ 1120010268-01 дугаартай болохоос 1120010268 дугаартай биш юм. 1120010268 дугаартай гэрээний хувьд Я.Пгийн үндсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь ижил ийм дугаартай. Эдгээр гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Барьцааг бүргэх үндэслэл буюу шалтгаан нь тухайн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэлцэл байх ёстой болохоос биш өөр зүйлийг тохиролцсон хэлцлийг үндэслэн барьцаалбар үйлдэх ёсгүй юм. Иймээс хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээг хяналгүйгээр бүргэсэн, мөн бүртгэхдээ ноцтой алдаа гаргасан бүртгэл нь бүртгэл болж чадахгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэх ёстой. Гэтэл энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу болон буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг бүхэлд нь хянаагүй, үндэслэл бүр дээр зохих дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаадлагыг хангахгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэсэн боловч магадлалын тогоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Э, Д.А нарын зүгээс хариуцагч “Х Б”ны Чойр салбар болон Я.П нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Пүрэвсүрэн маргаагүй, харин хариуцагч “Х Б”ны Чойр салбар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. “Х Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-1446 дугаар тушаал, тус банкны хуулийн хэлтсийн захирлаас эрх олгосноор “Х Б”ны Чойр салбар нь хариуцагчаар оролцох эрхтэй байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “ ...өмчлөлийн орон сууцаа гэрээний үүрэгт барьцаалах эрх олгоогүй байхад хариуцагч нар барьцааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн” гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн агуулгаар тодорхойлжээ.
С.Э, Д.А нар 000072144 улсын бүртгэлийн дугаартай, Y 1902001074 тоот гэрчилгээтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 96-р байр 01 тоот 31 м.кв, 2 өрөө бүхий өмчлөлийн орон сууцаа “банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах” эрхийг Я.Пд олгосон агуулга бүхий итгэмжлэлийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагджээ. Я.П нь “Х Б”ны Чойр салбартай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх ба барьцааны гэрээг нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т зааснаар ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Барьцааны гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр байгуулсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагджээ. Ипотекийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нар нь өмчлөлийн орон сууцаа банкны барьцаанд тавих эрхийг Я.Пд итгэмжлэлээр олгосон зохих этгээд зөвшөөрөл олгосон гэж үзэхээс гадна барьцааны зүйлийн хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн зүйл байж болно.
Түүнчлэн “Х Б”ны Чойр салбар нь зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан боловч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Я.Пгийн дансанд зээл 50 000 000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-38/
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 216/МА2017/00009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х Б”ны Чойр салбар болон Я.П нарт холбогдох 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч С.Э, Д.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА