Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2023/00007/И |
Дугаар | 202/МА2024/00006 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 202/МА2024/00006
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
хариуцагч: * тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт У.Э /РД:*, утас:*/-т холбогдох
чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа:
1.1.Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Б.М миний бие 2021 оны 10 сард хоёр Улсын хил хаасан цагаас хойш Замын-ҮҮд суманд Эын ах Эын хашаанд 43-70 УАТ 43-70 ТЧ улсын дугаартай машинаа тавьж хил онгойхыг хүлээж байв. Энэ үед Ц.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлтэй түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдий өөрийнхөө чиргүүлийн дугуй сольж тавьсан байсан ч гагнуур раам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлтэй зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичхоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүл ээ зарах уу гэсэн би 25 саяд авуул ав гэхдээ бичиг баримт нь Замын-Үүдэд байгаа гэсэн чинь хаясан гээд дахиад авчих тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яаруулаад би хотод Хөсөг трейд дээр очиж шилжүүлж, өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэргэлж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за хамаагүй буцвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг нэрээ шилжүүлж авъя гэхээр авч ирж өгөхгүй чи өөрөө мөнгөө авч ирж өгөөд чиргүүл ээ ав гээд надаас 5 сая төгрөг нэхээд, би хүн олж авхуулах гээд хүн явуулахаар чиргүүл чинь алга гэнэ, тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлээ ч олж авч чадахгүй зарж ч чадахгүй бүтэн жил боллоо одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй ална хадна гэж ах дүүстэйгээ дарамтлаад, наймаа хийж чадахгүй, буцахдаа буцаж чадахгүй заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Энхбаатараас буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч С.Энхзулын татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: ...У.Э яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М тай өмчлөлийн 43-70 ТЧ улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М ад хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч 2022 оны 02 сарын 14-ны өдөр Б.М нь буцааж 20,000,000 төгрөгийг У.Эын Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө. Чиргүүл танай хашаанд байж байг би өөрөө очиж авна тэгэхдээ хамт авто тээвэр орж нэрээ шилжүүлж авахаар ярилцаж тохирсон боловч, өнөөдрийг хүртэл өөрөө ирж чиргүүлээ авах талаар арга хэмжээ аваагүй байна. Чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээг огт аваагүй байна. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М чиргүүлийг буцаан өгнө. Бичиг баримтыг шилжүүлж өгнө. гэжээ.
3. Хариуцагч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би чиргүүлийн өөрийн нүдээр харж аваагүй. Мөнхбатаас чиргүүлийг гуйж аваад 2 удаа л тээвэрт явсан. Хүн худалдаж авахаар чиргүүлийг үзээд явсан гэж сонсоод М руу яриад худалдаж авахаар болсон. Өмнө нь бас хэрэглэж байсан, мөн Эрдэнэбек манай жолооч гайгүй гэж хэлэхээр нь мөн Мөнхбатад найдаад чиргүүлийг өөрөө үзээгүй 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хотод чиргүүлийг ирэхлээр нь үзтэл их муу чиргүүл байсан. Гагнуур их орсон, хоёр тал руу нь өргөн болгож өөрсдөө нэмсэн, 25,000,000 төгрөгийн үнэнд хүрхээгүй чиргүүл байсан. Энэ байдлыг Мөнхбатад хэлээд худалдаж авсан өдрөөс хойш 2 хоногийн дараа наймаа буцсан. М 20,000,000 төгрөгийг надруу шилжүүлсэн. Үлдэх 5,000,000 төгрөгийг үрсэн, дараа нь мөнгөтэй болохоороо явуулна гэж хэлсэн. Чиргүүлийг нь буцаагаад хашаанд оруулаад тавьсан. Дахин уг чиргүүлийг ашиглаагүй. Хүмүүс ирж үзээд голоод худалдаж аваагүй явсан талаар би Эрдэнэбекээс сонсож байсан. Наймаагаа буцах талаар Энхбатад хэлээд тэр ч зөвшөөрөөд 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн тул одоо би түүнд 20,000,000 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй гэв.
4. Хариуцагчийн төлөөлөгч С.Энхзулын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ... У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М өмчлөлийн 43-70 ТЧ улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М ад хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.Э авсан 25,000,000 төгрөгөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.Эын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.М аас гаргуулж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: .....5,000,000 төгрөгийг нь өгөөд чиргүүлээ авъя гэж байхад чиргүүл өгөөгүй зодоод явуулж байсан. Миний чиргүүлийг өгөх санаагүй, ашиглах санаатай байсан. Одоо ашиглаад муудсан чиргүүлийг би авахгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэв.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Б.М нэхэмжлэлтэй хариуцагч У.Э 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох 43-70 ТЧ улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М ад буцаан олгож, нэхэмжлэгч Б.М аас сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Энхбаатарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М аас 94,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Энхбаатарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Шүүх хариуцагчийг хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд шаардлагаа гаргаж, чиргүүлийг буцааж өгөхөө илэрхийлсэн бөгөөд гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн учраас өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх нь зүйтэй хэмээн нэхэмжлэгч Б.М ад чиргүүлийг нь буцаан өгч, 5,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Энхбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.М эрх, ашиг сонирхлыг дэндүү дордуулсан, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. гэв.
9. Нэхэмжлэгчийн Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би чиргүүлээ зарна гэж огт яриагүй байхад Э өөрөө худалдаж авъя гэж санал болгосон. Тухайн үед корона гээд хил хаалттай зөвхөн контейнероор бараа зөөж оруулдаг байсан. Тэр үед нь би чиргүүлээ зарчихаад Э хоёр хоногийн дараа буцаая гэхээр нь чиргүүл буцаагаад өгчих юм болов уу гэж бодож мөнгийг нь шилжүүлсэн. Тэгсэн миний чиргүүлийг ч өгөөгүй, мөнгө ч буцааж өгөөгүй жил гаран байхгүй болсон. Би шүүхэд миний чиргүүлээр Улаанбаатар Замын-Үүд хоёрын хооронд тээвэр хийсэн талаар бүртгэлээс шүүгээд өг гэсэн хүсэлт гаргахад чиргүүлийг чирч байсан машины толгойг олж байж тогтоох боломжтой гэсэн. Чиргүүл Эын нэр дээр байгаа учраас надад ямар ч байгууллага шалгаж өгөх боломжгүй гэсэн. Би 2020 онд тухайн чиргүүлийг худалдаж аваад Улаанбаатар Замын-Үүд ганцхан рейс хийсэн. Тэгээд чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр авсныг чи мэдэж байгаа, эргүүлээд 25,000,000 төгрөгөөр зарна гэхэд тэгье гэж авчихаад би өмнө нь хараагүй байсан, муу чиргүүл байсан гэж миний уурыг хүргэхээр нь би зарах шаардлагагүй гээд мөнгийг нь буцааж шилжүүлсэн. Чиргүүлийг худалдаж авсан хүн, чиргүүлийг худалдаж авахад Эын хашаанд очсон хүмүүсийг гэрчээр асуугаад өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан ч шүүхээс хаяг нь тодорхойгүй гээд хүсэлтийг шийдвэрлээгүй. Намайг чиргүүлээ авах гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй гэдэг. Би чиргүүлээ авах гээд очиход надад өгөхгүй, намайг зодож, цагдаа дуудаж өгсөн. Цагдаа энэ хүн зүгээр байна гээд явуулсан учир тэр талаарх баримтаа авч чадаагүй. 3, 4 сар миний чиргүүлийг ашиглаж авчихаад зугтсан. Тэгээд сүүлд чиргүүл ч гэж төмрийн сэг байсан гэж худал мэдүүлэг өгүүлсэн. гэв.
10. Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, үнэн зөв шийдвэр гаргасан. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд дээр дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр ороод талуудын эрхийг хангаагүй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгож буцаасан байдаг. Түүнээс хойш 2023 оны 12 дугаар сард хэргийг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй. Чиргүүлийг 4 сар ашигласан, ямар нэгэн доголдол байгаагүй гэж байна. Мөн чиргүүлээ авах гээд очиход чиргүүл тухайн байсан газартаа байгаагүй гэдэг. Гэвч энэ талаараа нотолсон нотлох баримт хэрэгт байдаггүй. Харин чиргүүлийг 2-3 удаа гуйж ашигласнаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг. М ч үүнийг тайлбар дээрээ дурдсан байдаг. Харин сүүлд 4 сар тасралтгүй чиргүүлийг ашигласан гэдэг нөхцөл байдлыг ярьсан байдаг. Талууд хоорондоо 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах хэлцлийг хийж 12-ны өдрөө төлбөрөө шилжүүлсэн. Тухайн үедээ чиргүүлийг өөрөө бодитоор нь үзэж хараагүй. Эрдэнэбек гайгүй чиргүүл гэхээр нь худалдаж авсан гэдэг. Тэгээд чиргүүлийг очиж үзэхэд өөрийнх нь бодож байснаас муу чиргүүл байсан учраас чиргүүлийг буцаах тухайгаа хэлсэн. М тухайн үед чиргүүлээ доголдолтой гэдгээ хүлээн зөвшөөрч 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн доголдолтой байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгч чиргүүлээ авах гэж очсон ч байгаагүй гэдэг. Гэтэл шүүхийн шатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн чиргүүл хаана байсан газраа л байгаа нь тогтоогддог. Техникт үнэлгээ хийсэн тэмдэглэл, Э мөн тухайн чиргүүл зах зээлийн ханшид хүрдэггүй гэсэн энэ мэдүүлэг зэргээр тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдах авах гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулах тухай буюу үүрэг зөрчсөнөөс үүсэх хохирол болон хариуцлагыг шаардсан нөхцөл байдал үүссэн байна.
Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг үзэхэд учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэг хүлээх боловч хэрвээ сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно.
Харин үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг л нөхөн төлөх үүрэгтэй учир хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх харгалзан үзнэ.
Мөн хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.
2. Харин Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар анхаараагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий эд зүйлс буюу чиргүүл нь чанар байдлын хувьд шаардлага хангахуйц байсан эсэхийг мөн хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх учиртай.
Тухайлбал хэрэгт хариуцагч У.Э өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан чиргүүлийг ашиглаж, ачаа тээвэрлэлт хийж байсан талаарх маргаан бүхий үйл баримт нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байна.
Энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүх шаардаж аваагүй, хэргийн оролцогчоос тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
3. Нэхэмжлэгч Б.М , түүний өмгөөлөгч Д.Ганбат нар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гарган уг хүсэлтдээ ...хариуцагч Б.М 43-70 ТЧ улсын дугаартай чиргүүлийг 2022 оны 2 дугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэл хаана хаана ашигласныг тус тус шалгаж, Улсын хил дээрх гаалийн пүү, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу гардаг постын пүү зэрэг газруудын холбогдох байгууллага харьяаллыг нь тогтоон, явсан маршрут гарсан рейсийг нь тоолж, тодруулж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, Нотлох баримт гаргуулах-аар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой...зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэнд нийцсэн байна.
4. Шүүгчийн захирамжид дурдсан холбогдох байгууллагууд нотлох баримт-ыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, зөрчжээ.
Тухайлбал Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах О.А ...43-70 тч улсын дугаартай чиргүүлийг 2022 оны Замын-Үүд авто постоор нэвтэрсэн тоог шүүж, өгөх боломжгүй тул үүгээр мэдэгдэж байна гэсэн баримт/2хх10/-ыг шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй байх ба тухайн чиргүүлийг постоор нэвтэрсэн тоог гаргаж өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх ямар нөхцөл байдал бий болсон нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Мөн адил холбогдох бусад байгууллагаас нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, өгөөгүй, Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Хилийн цэргийн 0108 дугаар ангиас ...мэдээллийг хилийн цэргийн ангиас гаргаж, өгөхийг хориглосон тул Хил хамгаалах ерөнхий газарт хандаж, авна уу гэсэн албан тоот/2хх 37/-ыг, мөн Зам тээврийн хөгжлийн төвөөс ...2022 оны 2 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх авто пүүний бүртгэлд 43-70ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна гэсэн албан тоотыг тус тус шүүхэд ирүүлсэн учраас энэ баримттай хэргийн оролцогч нар танилцаагүй, тэдгээрт тайлбарт өгөх эрхээ эдлээгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай /2хх 234/ гэж дүгнэн холбогдох байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нотлох баримт шүүхэд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл бөгөөд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэнд хамаарна.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй байх тул Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлд заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, гомдлыг хангаж, төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2023/00344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Н.БОЛОРМАА