Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 102/2014/08725/И |
Дугаар | 1334 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1334
Хийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03594 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х,
Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 656 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч ХХ, ХХХ
Хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхлээд ХХХтай танилцаж ярилцахад барилгын ажил авсан талаар надад тайлбарласан ба бараа нийлүүлэх санал гаргасан. Эхний бараа нийлүүлсний дараа дараагийн барааны төлбөрийг өгөхөөр болж 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 000 000 төгрөгийн бараа, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 21 457 200 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 040 000 төгрөгийн үнэ бүхий плитаг тус тус нийлүүлсэн. Надаас хариуцагч ХХ нь 21 800 000 төгрөгийн бараа авсан ч өдийг хүртэл өгөөгүй. Үүний дараа надаас 2014 оны 03 дугаар сард паркетан шал авахаар болж Герман технологийн шал сонгож 48 тонн шланз дүүрэн ачаа ирсэн.
Захиалсан барааг нь авчрахын тулд би дээж авчирч үзүүлдэг байсан. Хариуцагчаас 30 000 000 гаруй төгрөгийг авсан бөгөөд энэ нь миний өмнө нь нийлүүлсэн барааны үнэ юм. Замын-Үүдээс бараагаа ачуулаад наашаа ирэхэд мөнгө хэрэг болоод 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг хариуцагчаас авсан. Ингээд бараа ирэхэд хариуцагч ХХ нь Баянзүрх товчооноос буперлэн Зайсангийн богины аманд бараагаа буулгасан. Бараа материал авахаар мөнгөө өгдөггүй, мөнгө асуухад утсаа авахгүй байдал ихээр гаргах болсон. Авсан бараа материалын мөнгөө өгдөггүй хүнийг залилах зан чанартай хүмүүс юм. Надад мөнгө өгөхгүй болохоор нь бараа материалаас буцаан авсан. Хариуцагчид нийлүүлэх байсан паркетнаас 100 хайрцагыг миний дүү надад захисан. ХХад хүлээлгэж өгсөн 1865 паркетаас 100 хайрцагын хамтаар хадгалуулсан.
ХХХ өнөөдрийн маргаантай асуудлын талаар сайн мэдэж байгаа. Миний бие 100 хайрцаг паркетын үнэ 4 118 000 төгрөгийг нэмж тооцон нэхэмжлэл гаргасан. ХХ надад илүү паркет өгсөн боловч 0,8 зузаантай дээр үеийн тоос шороонд дарагдсан паркетыг 12 000 төгрөгөөр тооцож авсан. Маш чирэгдэлтэй байдал үүсэж байгаа болохоор надад хохиролтой байна гэжээ.
Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надаас Х нь 50 000 000 төгрөгийг бэлэн авч явсан. Надад 35 юаны хямд паркет өгсөн. Хоёр өөр өнгөтэй байсан ч маш их зардал гарсан болохоор нь хүлээн авч үнэ ханшаа хасуулж авсан. Ачаа ирсний дараа өөрийн хүссэнээр паркетын үнийг өөрчилж нэмсэн байна. 100 айлд паркет м.кв-г 12 000 төгрөгөөр худалдан борлуулж байхад надад илүү үнэтэй зарсан. ХХХтай 14 000 төгрөгөөр тохиролцсон тохиролцоо баримт байхгүй, падаанд засвар орсон.
Нэхэмжлэгч 1 тонн арматур төмрөөр 21 байшин барьдаг гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Нийлүүлсэн плита нь хоёр өөр өнгийнх байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Чанарын доголдолтой байдал гаргасан ба 1 м.кв 2 000 төгрөг нэмэхээр маш өндөр үнийн дүн гарна. ХХХаас авсан мөнгөө хасахгүй байна. Мөн тээврийн зардал 2 000 000 төгрөгийг хасаагүй байна. Нотлох баримтын шаардлага хангагдахгүй баримт ирүүлсэн байна. Шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шүүх шийдвэр гаргах гээд байна гэжээ.
Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хээс авч байсан бараа материалыг “ХХХХХ” ХХК-ийн барилгын ажилд зарцуулж байсан байна. Тус компанийн өглөг авлагыг захирал ХХ хариуцдаг. Тийм болохоор ХХХ ямар нэгэн байдлаар өглөг авлагын талаар тайлбар өгөх, татгалзах, хүлээн зөвшөөрөх бололцоогүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ, ХХХ нараас 12 538 610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч
Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 118 000 төгрөгийг
хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 233 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХ, ХХХ нараас 215 566 төгрөгийг гаргуулж гаргуулж нэхэмжлэгч Хд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх ХХ, ХХХ нараас 12 538 610 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл энэ төлбөрийн 50 хувийг миний Хаан банкны данснаас шүүхийн шийдвэр биелүүлэх газраас авч, төлбөрийг барагдуулсан байхад төлбөр төлөгдөөгүй мэт дахин 100 хувийн төлбөр төлөх шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж байна, 6 269 805 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж холбогдоогүй гэсэн шалтгаанаар хуралд оролцуулаагүй.
Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг буцаахдаа зээлээр авсан бараа материалын үнэлгээг хийлгэхээр даалгасан байхад анхан шатны шүүх нь талууд үнэлгээнд маргаагүй байна гэж нотлох баримтыг буруу үнэлээд байгаа нь хууль зөрчиж байна. Иймд дээрх ноцтой зөрчлийг арилгаж, дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хээс хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 16 656 610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХХ, ХХХ нар нь эс зөвшөөрч зээлээр худалдан авсан бараа материалын үнийг харилцан тохиролцсон үнээс өсгөж үнэлсэн гэж марган, тухайн үеийн үнэ ханшийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шинжээч томилуулж бараа материалын үнэ тогтоолгох хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэл тодорхойгүй, энэ талаар шүүгчийн захирамж гаргаагүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн шийдвэрийг хүчингүй болгосон зөрчил арилаагүй байхад хэргийг дахин шийдвэрлэж, хариуцагчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэснээр тодорхой болсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй болно.
Түүнчлэн шүүх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч ХХХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХт мэдэгдсэн баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлээр тогтоосон журмын шүүхийн мэдэгдэх хуудсаар хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэх ба шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зохигчийн эрх зөрчигдсөн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч ХХХын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээ буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03594 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ