Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00294

 

 

2024 02 07 210/МА2024/00294

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/05200 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох, өөрийн эзэмшил газраас гэр, контейнерыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: С.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн **-р хороо, У ам, Их цуурай хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр газар эзэмших эрхийн 00003**** дугаар гэрчилгээтэй. Өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч Ц ХХК нь миний эзэмшил газар дээр гэр барьж, контейнер байршуулсан тул хуулийн дагуу эзэмшдэг газраа гэрээнд заасан зориулалтаар эзэмших, ашиглах боломжгүй боллоо. Ц ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож гэр, контейнерийг зайлуулж газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул Газрын тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам үйлчлэхгүй. Иймд Ц ХХК-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас миний бие газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул газар дээр байрлах гэр, контейнерийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч татгалзал, хариу тайлбартаа: Тус компани нь С.Д-ын эзэмшлийн газар дээр байгууламж бариагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар манайх нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр байгууламж барьсан үйл баримт тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан бөгөөд 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх байсан тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн **-р хороо /хуучнаар **-р хороо/, У ам, Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын 133270**** дугаар бүхий 700 мкв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газар дээр байгаа хариуцагч Ц ХХК-ийн эзэмшлийн гэр болон контейнер /кемп/-ийг албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга мөн хуулийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1,60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус заасны дагуу газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргааныг Дээд шатны Засаг дарга шийдвэрлэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлэхээр зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүхэд хандсан. Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох, холбогдох баримтыг бүрдүүлж өгөх үүргийг хүлээдэг байхад хариуцагч талыг газрын албанд хандах ёстой байсан гэж үндэслэлгүй дүгнэжээ. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрын эзэмшил ашиглалтад манай байгууллагыг нөлөөлж байна хэмээн маргаан үүсгэсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрөө газрын албанд хандах нь зүйн хэрэг юм. С.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа газрын албанд хандахад хариу өгдөггүй тухай дурддаг. Хэргийн материалд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн буюу дээд шатны Засаг даргад маргааны талаар хандсан баримт байдагггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан өөрийн эзэмшил газраас гэр, контейнерыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч ...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 69, 102-106/

3.   Нэхэмжлэгч С.Д нь Баянзүрх дүүргийн 2**-р хороо, У ам, Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын 133270**** дугаар бүхий 700 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/562 дугаар захирамж, түүний хавсралт, 00003**** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, нэгж талбарын зураг зэргээр нотлогдож байна. /хх 70-73, 80-83/

4.   Хариуцагч Ц ХХК нь нэхэмжлэгч С.Д-ын эзэмшлийн дээр дурдсан газар дээр өөрийн гэр, контейнерыг байршуулсан болох нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 16/1128 тоот албан бичиг, түүнд хавсаргасан сансарын зураг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...С.Д-ын газар руу тодорхой хэмжээнд орсон байгаа... гэсэн тайлбараар тус тус тогтоогдсон. /хх 94-95/

5.   Иймд нэхэмжлэгч С.Д нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг буюу гэр, контейнерыг албадан чөлөөлөхийг хариуцагч Ц ХХК-аас шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, улмаар хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

6.   ...Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, зохигчдын хооронд үүссэн маргаан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/05200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 Д.НЯМБАЗАР