Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01044

 

П.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар магадлалтай,

П.Э-гийн нэхэмжлэлтэй,

А ХЗХ-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч П.Э , Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч С.Саранцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХЗХ-нд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нягтлан бодогчоор орсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл надад ажлаас халсан гэж хэлэхгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр халагдах тушаал өгсөнд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХЗХ шүүхэд гаргасан тайлбартаа: Э тай 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаар тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. Тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, хадгаламж зээлийн хоршоонд удаа дараа  чирэгдэл учруулж, тайлан мэдээ хугацаандаа өгөөгүйн улмаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шийтгэврийн хуудас ирж 50.000 төгрөгийн торгуулын арга хэмжээ авсан. П.Э нь Санхүүгийн зохицуулах хороо, төрийн сангийн тайланг хугацаанд нь өгсөн ч хоршооны тайланг 7-р хоршооны нягтлан бодогч Мөнхзулаар хийлгэж, хоршооны санхүүгийн нууцлал бүхий кодыг бусад хоршооны нягтлан мэдэж байгаа нь нягтлан бодогчийн хувьд ёс зүйн зөрчилтэй асуудал гаргаж байсан. Мөн аудитын шалгалтад орох хугацааг хоёр удаа хойшлуулж гурав дахь удаа орох үед албан бичиг, тайланг цэгцэлж өгөлгүй өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаа орхигдуулан явсан. Удаа дараа алдаа, дутагдал гаргасан Э г хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №24, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №27 тоот тогтоолоор хоёр удаа сануулах арга хэмжээ авсан.

Иймд П.Э г ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй бөгөөд нийгмийн даатгалын газраас бичилт хийгдсэн, ажил шалтгаангүй тасалсан нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хоршооны зүгээс бөглөх боломжгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт П.Э-г А Хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3.200.000 төгрөгийг хариуцагч А ХЗХ-с гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Э-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч А ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамж 136.350 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Амьдралын үр гучин хоёр ХЗХ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болох дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 0585 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүх 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 1082 дугаартай эс зөвшөөрч гомдлыг

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа нь 2015 оны жилийн эцсийн тайлан болон 2016 оны эхний улиралын санхүүгийн тайланг өөр хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчоор гаргуулж байсан нь 2016 оны 07-р сард илэрч А  ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн 28 дугаартай тогтоолыг гаргаж ажлаас чөлөөлж, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэх захирал С.Саранцэцэгт үүрэг болгож шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгч Э  нь 2015 оны 03-р сарын 22-ний өдрөөс 2016 оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан. 2016 оны 06-р сарын 02-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар П.Эрдэнэчимэгийг ажилд нь оруулах шийдвэр гаргасан боловч өмнө түр хугацаагаар ажиллаж байсан нягтлангаар тайлан тооцоог гаргуулж байж ажлаа хийнэ гэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан, өөр хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчоор 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны эхний улирлын тайлангаа гаргуулсан зэрэг нөхцөл байдал нь тогтоогдсон тул А  ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 0585 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн 1082 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.Э  ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч А ХЗХ нэхэмжлэлээс татгалзахдаа “...удаа дараа зөрчил гаргасан, мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5 дах заалтыг баримталжээ.  

Нэхэмжлэгч нь  мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүйгээс гадна ажил олгогчийн итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тодорхой бус энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэж, үндэслэлийг шийдвэр, магадлалд тодорхой дурджээ.

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, ажилтан мэргэжил,  ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох, мөн мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5 дах зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 136.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ