Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 137

 

                                                               Б.Тогтохжаргалд холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Ганцэцэг,

хохирогч П.Мөнх-Очир, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

ялтан Б.Тогтохжаргал, түүний өмгөөлөгч Ц.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч П.Мөнх-Очир болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Тогтохжаргалд холбогдох эрүүгийн 201601000175 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохжаргал, 1979 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 115 дугаар байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЕЮ79051313/,

Б.Тогтохжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хотын Дүнчин дүүргийн Бэйжианг хойд гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Хуань Юи” худалдааны төвийн автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан иргэн П.Мөнх-Очирын нүүрэн тус газарт ундааны шилээр цохиж, бие махбодид нь зүүн чамархай яс, суурь зүүн ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Тогтохжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тогтохжаргалыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Тогтохжаргалын цагдан хоригдсон 10 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч П.Мөнх-Очирын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, Б.Тогтохжаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын баталсан 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Мөнх-Очир нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Б.Тогтохжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Мөнх-Очир болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын хохирлын асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх надад учирсан хохирлын талаар үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, бодит нэхэмжилсэн хохирлоос нотлох баримттай байхад зөв үнэлэхгүйгээр хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Би анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжилсэн “Монос-Туул” эмийн сангаас авсан 20.000 төгрөгийн эмийн баримт /хх-86/, “Улаанбаатар такси” ХХК-ийн үйлчилгээний 13-61 УНМ улсын дугаартай автомашины жолооч П.Ган-Эрдэнэтэй гэрээ хийж өдөрт 2 удаа эргэдэг байсан тус үйлчилгээний зардалд 675.800 төгрөгийн баримт /хх94-114/, эмнэлгээс гараад өдөр бүр боолт хийлгэх шаардлагатай байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 10-наас 27-ны өдөр хүртэл 97-65 СБА улсын дугаартай автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явдаг жолооч Г.Энхбаатартай өдрийн 20.000 төгрөгөөр тохирч явсан нийт 340.000 төгрөгийг түүнд төлсөн тухай нотариатаар баталсан баримт /хх-120/, “Энх-Ундраа” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний магадлагаа 283.000 төгрөгийн баримт, өмгөөлөгчид төлсөн хөлс 2.500.000 төгрөгийн зардал, нийтдээ 3.818.800 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн. Энэ нь надаас гарсан бодит зардал тул хэргийн материалд авагдсан баримтуудад тулгуурлаж Б.Тогтохжаргалаас гаргуулж өгнө үү. Мөн миний бие яаралтай мэс засалд орсны дараа удаа дараа эмчилгээ хийлгэсэн боловч одоог хүртэл толгойн зүүн чамархай хэсгээр байнга чинэрч янгинаж өвддөг, хэл ярианы саатал зовиуртай, өндөр тунтай өвчин намдаах эмийн байнгын хэрэглээнээс өөр эмчилгээ байхгүй тул цаашид өндөр хөгжилтэй оронд очиж оношлогоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. БНСУ-д явуулсан өвчний материалын хариуд авсан оношлогоо, эмчилгээ, хоол унд, замын зардалд 18,0 сая төгрөг болон эмнэлгийн тусгай орчуулагчийн 10 өдрийн хөлс 2,1 сая төгрөг нийт 20,1 сая төгрөгийг болно. Иймд нийт 23.918.800 төгрөгийг гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирлын асуудлыг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   

Хохирогч П.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс 5.000.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн. Одоо гомдол саналгүй болсон тул ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч П.Мөнх-Очирын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч П.Мөнх-Очиртой хамтран гаргасан давж заалдах гомдолдоо хохиролд 23,9 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс 5.000.000 төгрөгийг хохиролд нөхөн төлж, хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хохирогч П.Мөнх-Очирын зүгээс гомдол саналгүй болсон. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Тогтохжаргалын өмгөөлөгч Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс хохиролд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч П.Мөнх-Очирын гомдол саналгүй болсон, ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг анхаарч үзнэ үү...” гэв.

Прокурор Ж.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ялтан Б.Тогтохжаргал нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Мөн шүүхээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэн, нотлогдсон хэмжээнд нь хохирол төлбөрийг тооцож, хохирогч зарим зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Хэргийн материалыг судлахад,  Б.Тогтохжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хотын Дүнчин дүүргийн Бэйжианг хойд гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Хуань Юи” худалдааны төвийн автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр ялимгүй зүйлээр шалтаглан иргэн П.Мөнх-Очирын нүүрэн тус газарт ундааны шилээр цохиж бие махбодид нь “...зүүн чамархай яс, суурь зүүн ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл...” санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч П.Мөнх-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...барилгын захын автомашины зогсоол дээр өөрийн автомашинаа байрлуулж тавьчихаад цайны газар хоол идэхээр орохдоо Алдар, Батаа, Оюут нарын хамт 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан... автомашин руугаа очиход Оюут, Тогтохжаргал, Мөөгий, мөн үл таних 2-3 залуучууд байсан... Тогтохжаргал намайг “Юугаа хийгээд холхиод байгаа юм бэ” гэхээр нь би “Чи хэн бэ, намайг чи гэлээ” гээд маргалдсан. Тэгтэл Тогтохжаргал миний толгой руу шилээр цохисон. Би босоод хойшоо болох үед шилний хагархайгаар хамрын нуруу болон хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн... зугтаах гэхэд шилний хагархайгаар зүүн мөрний булчингийн дээд хэсэг рүү хатгасан. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн... архи юмуу ундааны шилээр цохисон байх... маргааш өглөө нь би шилний хагархайг хайсан боловч олдоогүй. Цэвэрлэгч нар ул мөргүй болтол цэвэрлэсэн байсан... би эрүүл болохыг хүсч байна. Маш их гомдолтой байна... цаашид сэтгэл санааны болон эмчилгээ, түүнтэй холбоотой бусад зардалд нийт 67.592.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /1хх-11-14, 2хх-32-33/,

- гэрч Б.Оюутбаярын “...Мөнх-Очир нь Тогтохжаргалд хандаж “Намайг чи гэлээ” гэж хэлсэн. Тэгтэл Тогтохжаргал “Пизда, наахуу” гэж хараагаад, хоорондоо маргалдаж эхэлсэн... Тогтохжаргал нь уугаад дууссан ундааны шилийг аваад Мөнх-Очирын толгой руу 1-2 удаа цохиод авсан... маргааш нь би Мөнх-Очирын автомашин дээр очиход тэрээр нүүр болон толгой нь хавдчихсан, хамар дээгүүр нь ташуу зүсэгдчихсэн, зүүн мөрний булчингийн ар хэсэгт зүсэгдээд ангайчихсан харагдаж байсан ба Мөнх-Очир “Толгой хөдөлчихсөн байна” гэж хэлж байсан... тухайн үед тэр хоёр хоёулаа л архи уучихсан байсан...” /1хх-15-16/,

- гэрч В.Мөнхбатын “...Мөнх-Очир автомашиныхаа кабиндаа бууж суунгаа байж байгаад “Та нар юу яриад байгаа юм бэ” гээд согтуурхаад байсан... нэг мэдсэн чинь пис пас гээд дуу гараад Мөнх-Очир “Алнаа” гээд орилоод эхэлсэн чинь Тогтохжаргал зугтаагаад гүйгээд явчихсан... намайг харахад Мөнх-Очирын толгойноос нь цус гоожиж байсан...” /1хх-17-18/,

- гэрч Д.Батбаярын “...өглөө Мөнх-Очир миний автомашинд цус нөж болчихсон орж ирэхээр нь “Чи яачихсан юм бэ” гэхэд дуугарч ярьж чадахгүй дэмий л амандаа бувтнаад байхаар нь “Чиний архи гараагүй юм уу, миний орон дээр гараад унт” гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс юм хэлэх гээд чадахгүй байснаа сүүлдээ юм хэлэх гээд бичсэн... дараа нь Тогтохжаргал гэдэг залуу зодсон гэж яригдсан...” /1хх-19-20/,

- гэрч З.Батбаярын “...Мөнх-Очир барилгын захын хашаан дотор автомашины сүүдэрт гудас дэвсчихсэн доошоо хараад хэвтэж байхаар нь “Хөөе чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад над руу эргэж харсан ба хамрын нуруунд ташуу зүсэгдсэн шархтай, мөн хөмсөгний орчимд олон тооны жижиг зүсэгдсэн шархтай болчихсон байсан... “Юу болсон юм бэ” гэж асуухад “Хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн...” /1хх-21-22/,

- гэрч Ц.Ганхуягийн “...түрээсийн байрандаа явж очиход Мөнх-Очир нь “Тогтохжаргал гэдэг хүнд зодуулчихсан” гээд орон дээр хэвтэж байсан... түүний хамрын нуруу, хөмсөгний орчимд зүсэгдсэн шарх байсан, мөн толгойгоо боочихсон байсан...” /1хх-23/,

- гэрч Б.Лхагвасүрэнгийн “...намайг өрөөндөө очиход Мөнх-Очир зүүн гарын булчингийн хэсгээ боочихсон, хамар нь бага зэрэг зүсэгдчихсэн, дух нь шалбарчихсан, чамархай хэсэг нь хавдчихсан байсан. Тэрээр юм ярьж чадахгүй, ээрч гацаад байсан...” /1хх-24/,

- гэрч Ц.Цогт-Очирын “...Мөнх-Очир өрөөндөө ирчихсэн орон дээр хэвтэж байсан ба хамрын нуруунд ташуу зүсэгдсэн шархтай, хөмсөгний ойр орчимд бага зэрэг зүсэгдсэн юм шиг болчихсон, зүүн талын чамархай орчимд хавдчихсан байсан... зодуулсан л гэж хэлснээс өөрөөр ярьж чадахгүй байсан...” /1хх-25/,

- гэрч Н.Мөнхбаярын “...Мөнх-Очирын зүүн талын чамархай орчим бага зэрэг хавдчихсан, мөн хамрын нуруунд нь зүсэгдчихсэн байсан... тэрээр хэлэхдээ зүс таних жолоочид зодуулсан гэж хэлсэн. Дараа нь нэрийг нь сураглахад Тогтохжаргалд зодуулсан болж таарсан. Тэрээр хамт архи ууж байгаад маргалдаад зодуулсан, толгой руугаа шилээр цохиулсан гэж ярьж байсан...” /1хх-26/,

- гэрч Д.Болор-Эрдэнийн “...үдээс хойш “Мөнх-Очир хүнд цохиулчихсан байна, тосоод аваадах, нэлээд хүнд байна” гэж хэлсэн... яваад очиход толгой нь боолттой, биеийн байдал нь тааруу, гар цүнхээ ч барьж чадахгүй байсан. Эрээн хотод байхдаа томографийн зураг авахуулсан гээд тархины зурагтай ирсэн...” /1хх-27/,

- гэрч Н.Сэргэлэнгийн “...Мөнх-Очирыг тосч аваад эмнэлэг дээр очсон... түүний тархины зургийг үзчихээд хот руу яаралтай аваад яв, тархи нь цуурчихсан байна гэж хэлсэн... түүний зүүн талын мөрний орчимд ангайсан шархтай, мөн зүүн талын хөмсөг, хамрын нуруу нь зүсэгдчихсэн байсан...” /1хх-28/,

- гэрч Б.Ган-Алдарын “...тэр үед би нэлээн согтсон байсан... нэг мэдсэн чинь Мөнх-Очир, Тогтохжаргал нар хэн нь хэнийгээ хөөж тууж байгаа нь мэдэгдэхгүй том автомашины араар гүйлдээд явсан... удаагүй Мөнх-Очир хүрч ирээд “Тогтохжаргал гэх бацаан миний толгой руу шилээр цохьчихлоо, гар луу шилээр зүсчихлээ” гээд үзүүлэхэд түүний толгой болон гарнаас нь цус гарсан байсан...” /1хх-29-30/,

- гэрч О.Баяржавхлангийн “... сувилагч “Хүлээн авах дээр хүн үзүүлье” гээд хэлэхээр нь очиж үзэхэд Мөнх-Очирын зүүн талын чамархай хэсэгт хаван үүссэн, цус хурсан, зүүн зовхинд цус хурсан, эмзэглэл ихтэй, асуултанд өөрийн үгээр тод хариулж чадахгүй байсан... мөн хамрын хянганд ташуу язарч үүссэн шархтай, шарх нь тавласан, хөмсөг зовхины дээд хэсэгт язарсан ба ... дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Гэхдээ яг цус гоожоод явж байгаа биш, уг гэмтэл учраад 1-3 хоносон болов уу гэмээр гэмтэл байсан... түүний биед учирсан гэмтлүүд нь зах ирмэг зарим газраа тэгш, зарим газраа язарч үүссэн байсан учраас шилний хагархайгаар үүсгэгдэх боломжтой...” /1хх-31/,

- ялтан Б.Тогтохжаргалын шүүгдэгчээр өгсөн “...автомашинтайгаа ачаа олох санаатай Эрээн хот руу орсон. 16 цагийн үед Мөнхбаттай таараад хоол идээд, пиво уусан... шинэ барилгын зах руу ороход дөрвөн хүн байж байхаар нь авч явсан архиа тэдэнтэй хувааж ууцгаасан. Мөнх-Очир согтоод намайг юм ярихад “Чимээгүй бай” гэж хэлсэн. Намайг сууж байхад түлхэж унагаасан. Тэгээд босоод ирэхэд “Чи хүний нутагт үхмээр байна уу” гээд заамдаад авахаар нь би айсандаа болоод ундааны шилээр түүний толгойн тус газарт цохисон... түүнийг хоёр удаа цохисон ба энэ үйлдэлдээ гэмшиж байна...” /2хх-32/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12361, 1298 тоот “...П.Мөнх-Очирын биед учирсан гэмтэл нь амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл бөгөөд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлтүүд /1хх-48, 50-52/, хохирогч П.Мөнх-Очирын биед үүссэн шарх, гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-53-55/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн тархи, нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт /1хх-59-69/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан байх ба энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан Б.Тогтохжаргалыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв үндэслэлтэй болсны гадна, шүүхээс Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн Б.Тогтохжаргалд хуульд заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан байх ба харин түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх хохирогч П.Мөнх-Очирын эрүүл мэндэд учирсан хохирлын баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэн нотлогдсон хэмжээнд нь хохирлын хэмжээг тооцож, нотлогдоогүй, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд эрхтэй болохыг шүүхийн тогтоолд заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасан заалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтан Б.Тогтохжаргалын ар гэрээс эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч П.Мөнх-Очир нь “...хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан тул түүнд гомдол саналгүй...” болсон талаарх хүсэлтээ тус шүүх хуралдаанд гаргасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргуулах хохирлын хэмжээний талаар маргасан хохирогч П.Мөнх-Очир болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Мөнх-Очир болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                             ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                                     Д.МӨНХТУУЛ