Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0247/з |
Дугаар | 001/ХТ2016/0187 |
Огноо | 2016-05-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2016/0187
Иргэн Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ц.Тодгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, Ө.Өлзийбаасан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0242 дугаар магадлалтай, Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2002 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт туслах бүртгэгчээр ажилд орж, 2003 оны 01 дүгээр сараас Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн албанд улсын бүртгэгчээр, 2006 оны 10 дугаар сараас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэгчээр, 2009 оны 05 дугаар сараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар тус тус ажилласан. Бүртгэлийн байгууллагад тасралтгүй 14 жил ажиллах хугацаандаа байгууллагын шагнал, цол тэмдэг, ойн медалаар шагнагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны Тэргүүний ажилтнаар шалгарч байсан ба жил бүр “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ”-г “А” үнэлэгдэж, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалын орон тоог 182 байхаар баталсан, Хууль Зүйн Сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2015 оны 388 дугаар тушаалаар бүх ажилчдыг /Ч.Эрдэнэчимэг намайг мөн адил/ ажлаас чөлөөлөн 389 дүгээр тушаалаар бусад ажилчдыг томилсон боловч намайг томилоогүй, үүнийгээ “миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн тул томилох боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байхаар заасан. Миний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэснийг зөрчин олон жил ажилласан намайг мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг үл харгалзан ажлаас чөлөөлсөн. Хууль Зүйн Сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай "Бүтэц, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" тушаал нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан байхад бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй. Мөн бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо 3 байсныг 2 болгож цөөрүүлсэнтэй холбогдуулан Ж.Чиймаа, Т.Чинбат нарыг эгүүлэн томилж намайг ажлаас чөлөөлсний дараа Т.Чинбатыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлж, мөн өдрөө Б.Ганбаатарыг хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй”, З6.З-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасныг зөрчсөн. Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Ч.Эрдэнэчимэгийг ажилд эгүүлэн томилоогүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.Эрдэнэчимэг нь тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан. Засгийн Газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалын орон тоог нийт 182 албан хаагчтай байхаар баталсан байдаг. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн зардлыг бууруулах зорилгоор Төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлэх чиглэлийг Засгийн газраас баримталж агентлагийн албан тушаалын орон тоог цомхотгон, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор тус газрын албан тушаалын орон тоог 155 албан хаагчтай байхаар тогтоосон. Үүний дагуу Хууль Зүйн Сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Бүртгэлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч 3 байсныг 2 болгон багасгасан ба тухайн үед ажиллаж байсан Ж.Чиймаа, Ч.Эрдэнэчимэг, Б.Чинбат нараас Б.Чинбат нь эрх бүхий байгууллагаас тусгай чиг үүргийн дагуу томилогддог нууцын зэрэгтэй ажилтан, харин Ж.Чиймаа нь 3 хүртэлх насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасны дагуу ажлаас халах боломжгүй байсан юм. Мөн дээрх албан хаагчдын ажил байдлын талаар эрх бүхий албан тушаалтнууд хэлэлцээд Ч.Эрдэнэчимэгийг чөлөөлөхөөр болсон нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. 3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан. 4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоногийн цалин 4.904.726 /дөрвөн сая, есөн зуун дөрвөн мянга, долоон зуун хорин зургаа/ төгрөгийг Ч.Эрдэнэчимэгт олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгасан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0242 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн зөв боловч миний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоног гэж тооцон 4,904,726 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба “ажлаас халагдсан өдөр” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор “ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлийн өдрийг тогтооно” гэж заасан байхад шүүх энэ заалтыг буруу хэрэглэсэн. Байгууллага намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохдоо мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс” гэж заасныг зөрчин төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг хасч тооцсон тэтгэлэг олгосон байна. Мөн анхан шатны шүүх нэг өдрийн цалинг 46,271 төгрөг гэж алдаатай тооцоолол хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн хугацаанаас тоолж, 231 хоног байхаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн цалинг бодсон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзийбаасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч 3 байсныг Хууль зүйн Сайдын тушаалаар 2 болгон цөөрүүлсэн буюу тухайн албан тушаалын орон тоонд ажиллаж байсан 3 албан хаагчийн 1 нь тусгай чиг үүрэг бүхий ажилтан, нөгөөх нь 3 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй тул ажлаас чөлөөлөх боломжгүй. Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 388 дугаар тушаал буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Ч.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байхад шүүхүүд “энэ тушаалтай холбогдуулан дүгнэлт хийж, энэ дүгнэлтдээ үндэслэн 388 дугаар тушаалтай холбоотой өөр захиргааны актыг шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй, агуулгын зөрчилтэй байна. Мөн Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоонд одоо ажиллаж байгаа хүмүүсийг хэрхэх, Ч.Эрдэнэчимэгийг авч ажиллуулах орон тоо байхгүй байхад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоод байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг хязгаарлаж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан боловч давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба үүгээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бүртгэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалын орон тоо 3 байсныг 2 болгон цөөрүүлжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга “тухайн цөөрсөн албан тушаалын орон тоонд ажиллаж байсан төрийн албан хаагчдаас Ж.Чиймаа, Ч.Эрдэнэчимэг нарын ажлыг мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэжил болон ёс зүйн зөрчил гаргасан байдал, цаг ашиглалт зэрэг үзүүлэлтээр шалгаруулахад Ч.Эрдэнэчимэг мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, ажлын цаг ашиглалт хангалтгүй үнэлэгдсэн тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж, харин нэхэмжлэгч “мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй ба ажлын үр дүнг үнэн зөвөөр үнэлээгүй, сонгон шалгаруулалтыг бодитоор явуулаагүй” гэж маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, нэгжийн дарга нарыг оролцуулан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бүртгэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн орон тооны цомхтголын асуудлыг хэлэлцсэн гэх асуудал нь өөрөө эргэлзээтэй, Ч.Эрдэнэчимэгийг ёс зүйн болон мэргэжлийн зөрчил гаргасан гэж буруутгахдаа тухайн зөрчлийг шалгаж тогтоогоогүй, урьдчилан тогтоосон обьектив шалгуургүйгээр буюу албаны дарга нар өөрийн хувийн үнэлгээгээр үнэлснийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “сонгон шалгаруулж авах” шаардлагыг хангаагүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нөгөөтэйгүүр, төрийн байгууллагын бүтэц орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан, ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг шалгаруулах зарчмаар авахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нарийвчлан зохицуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “ажлаас халахыг хориглосон” эрх зүйн хамгаалалт нь тухайн сонгон шалгаруулалтаас чөлөөлөгдөх үндэслэл биш тул хариуцагчийн “тус албан тушаалд ажиллаж байсан 1 албан хаагч тусгай чиг үүргийн, нөгөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлаас чөлөөлөхийг хориглосон албан хаагч тул чөлөөлөх боломжгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасны дагуу Ч.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалин, төрийн албан хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг оруулан тооцохоор байхад шүүх зөвхөн үндсэн цалингаас бодож олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Харин Ч.Эрдэнэчимэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөн, 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэгт олгосон 4,544,159 төгрөгийг түүний ажилгүй байсан 231 өдрийн 11,350,516 төгрөгийн цалингаас хасаж, 6,806,357 төгрөгийг олгон, холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасныг тус тус баримтлан Ч.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин 6,806,357 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН