Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2024/00008

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148/ШШ2023/00654 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 35,070,200 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.    35.070.200 төгрөг гаргуулах тухай

... ******* миний бие нь *******тай 2015 оны 1 сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. ******* нь хамтран амьдрахаар ирсэн үеэсээ эхлэн миний байранд хамт амьдарч байсан ба өөрөө РRОNТIЕR маркийн машин, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Охиндийд 2га газар эзэмшдэг байсан.

Надтай амьдарсан хугацаандаа миний хөрөнгийн эх үүсвэрээр 10 га газартай болж, Истана маркийн машин авч, мөн газар тариаландаа трактортой болсон. Эдгээр хөрөнгийг үнэлбэл 21 сая төгрөгийг хөрөнгө байдаг. Мөн *******тай хамтран амьдрах хугацаандаа бүхий л ажилд нь хамтран зүтгэж, тусалж, өөрөөсөө хөрөнгө оруулж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл төлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сард ******* гэдэг хүнээс 200 тоннын багтаамжтай ногооны зоорийг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахад нь би 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. *******т би өөрийн дансаараа 25,000,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон Н *******ын нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч ******* нь архи дарс хэрэглэх нь ихсэж, орон гэртээ тогтохоо байж хамтын амьдралаа дуусгаж байх шиг байна, өөр хүнтэй амьдарч байгаа сурагтай.

Иймд *******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь хөрөнгө оруулсан 35,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. ******* нь шүүхэд нэхэмжлэл өгөхөөр худлаа хэлээд ирдэггүй учраас түүнийг эрэн сурвалжлуулахад дээрх хаягтаа амьдардгийг олж тогтоосон байдаг гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь авсан ногооны зоорийн мөнгийг буцааж өөрт нь өгсөн. Намайг эрэн сурвалжлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Зоорь худалдаж авсан 35,000,000 төгрөг ч энэ хүнээс гаргаагүй. Энэ хүний дансанд миний ногооны орлого ордог байсан.

Надад мөнгө өгсөн мэт нэхэмжлэл гаргаж байгаа ч тийм зүйл болоогүй. Худлаа нэхэмжлэл гаргаад миний дансыг хүртэл хаалгаж, намайг маш их хохироож байгаа. Нэхэмжлэлдээ надтай хамт ногоо тарьсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Амралтын өдрөөрөө ирж хоол л хийж өгдөг байснаас өөр зүйл байхгүй. Машинаа би ногоогоо зарж байгаад авсан. Аль 10 жилийн өмнө нь л би 10 га талбайд ногоо тарьдаг байсан. Намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурлаж түүнээс болж бид 2 салсан. Би ногооны ченжүүдэд ногооны мөнгөө энэ хүний /*******/ -ын дансанд хий гэдэг байсан. Миний ногооны орлого маань энэ хүний дансанд байсан. Тэр нь одоо буруутаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148/ШШ2023/00654 дугаартай шийдвэрээр:

Иргэний 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******зоннадмидын ******* /*************/-аас 19,120,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* Эрдэнэтогтох /*************/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,951,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 181,713 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 285 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148/шш2023/00654 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* миний бие нь давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Д.Эрдэнэтогтохын зоорь авахад шилжүүлсэн мөнгө бол миний тарьсан ногоог худалдаж авсан хүмүүс нь Д.Эрдэнэтогтохын данс руу төлбөрөө шилжүүлсэн ба тэр мөнгийг буцаагаад ******* руу шилжүүлсэн мөнгө байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх тэрхүү ногооны мөнгө зөвхөн *******ын мөнгө гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй байна гэжээ.

Тухайн ногоо тарьсан газар нь миний газар, мөн шилдэг ногоочингоор шалгарч байсан бичиг, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийг танихгүй, намайг таньдаг учраас мөнгийг шилжүүлсэн байгааг авч хэлэлцэж үзээгүй.

2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагчаас маргаж буй үндэслэлээ гэрч , , , нарын мэдүүлэг, гүйлгээний баримтаар ...******* руу шилжүүлж байсан үйл баримтыг нотолж байгаа боловч худалдсан ногоо нь зөвхөн *******ын эзэмшлийн ногоо эсэх нь тодорхойгүй гэжээ.

Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн гэрч нарын дансны хуулга нь бүгд ногооны мөнгөний асуудал биш гэдгийг шүүх хурал дээр өмнө нь хэлээд байхад буруу ойлгож дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гэрч , нартай холбоотой баримт, мэдүүлэг нь ногооны мөнгөтэй холбоогүй ба миний зээлсэн мөнгийг *******од өгсөн асуудлыг нотлуулах гэж гаргаж байхад ногооны мөнгө гэж үзсэн нь хэргийг доторхи үйл баримтыг зөв дүгнээгүй байна. Миний Хаан банкны дугаартай данснаас *******ын Хаан банкны дугаарын данснаас 34.275.000 төгрөг шилжүүлсэн байхад үүнийг бүрэн хасч шийдвэрлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хариуцагч ******* нь ногоочин гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Тарьсан ногоогоо бусдад худалдсан тус мөнгө нь *******ын дансанд шилжүүлдэг тухай ч гэрчүүд мэдүүлдэг. Энэ мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүй, нэхэмжлэгч *******ыг огт юу ч үгүй байсан гэж хэтрүүлэн дүгнэж болохгүй хамт амьдрах хугацаандаа талуудын хооронд мөнгө бие бие рүүгээ шилжүүлсэн асуудал байгаа боловч энэ нь хариуцагчийн дансны хуулгаар тодорхой харагдана.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдоггүй, хөрөнгө оруулалт эсхүл зээл али нь болох талаар тодорхой хэлэхгүй өөрөөр хэлбэл түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачилгаар шууд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгчийн шаардлагаас өөрөөр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шалтгаалж хэргийн үйл баримт хууль хэрэглээ зэрэгт шүүх өөр дүгнэлт хийх байсан. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралд оролцдоггүй нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбараа гаргадаггүй итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулдаг нь хэргийн үнэн бодит байдлыг тодорхойлох боломжгүй байгааг шүүх анхаарах байхаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн гэрч нарын дансны хуулга нь бүгд ногооны мөнгөний асуудал биш гэдгийг шүүх хурал дээр өмнө нь хэлээд байхад буруу ойлгож дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гэрч , нартай холбоотой баримт, мэдүүлэг нь ногооны мөнгөтэй холбоогүй ба хариуцагчийн бусдад зээлсэн мөнгийг *******од өгсөн асуудлыг нотлуулах гэж гаргаж байхад ногооны мөнгө гэж үзсэн нь хэргийг доторхи үйл баримтыг зөв дүгнээгүй байна. Зөвхөн зоорь худалдан авах хугацаагаар хязгаарлан тооцож хариуцагчаас мөнгө гаргуулсан нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзээд ярилцаад хариуцагч нь тийм хэмжээний төлбөр төлөх боломжгүй байдал зэргийг харгалзаад шийдвэрт гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчаас зоорь худалдан авахад нь зориулж өгсөн мөнгөө буцаан авъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь анх Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

Энэ талаараа шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй хамт амьдрахаас өмнө өөрийн гэсэн тодорхой орлого байхгүй байсан бөгөөд нэхэмжлэгчтэй хамтран амьдарснаар газар, техник, ногооны зоорьтой болсон баримтууд тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зоорины төлбөрийг бэлэн мөнгөөр болон өөрийн эзэмшлийн автомашинаар төлсөн гэдэг нь тодорхой байгаа бөгөөд хариуцагчаас зоорь худалдан авсан мөнгийг буцаан төлөөгүй гэдэг нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Ер нь бол нэхэмжлэгч хариуцагчид төдийгүй хариуцагчийн ах дүү гээд бүгдэд нь тодорхой хэмжээгээр тусалж байсан гэдэг нь түүний банкны дансны хуулгаар тодорхой харагдана. Хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгчээс хариуцагч *******д холбогдуулан 35,070,200 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* нь 2017 оны 3 сард иргэн *******аас 200 тн багтаамжтай ногооны зоорь худалдан авахад нь зориулж өөрийн дансаар худалдагч *******т 25,000,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн эзэмшлийн Х-trail маркийн автомашиныг 10.000.000 төгрөгт тооцон *******ын мэдэлд шилжүүлж өгсөн. Ногооны зоорь *******ын өмчлөлд шилжсэн тул зоорь худалдан авахад зориулсан 35.000.000 төгрөг түүнийг шүүхэд өгөхөд эрэн сурвалжилсны тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ******* нь ногооны аж ахуй эрхэлдэг, зоорийг энэ аж ахуйдаа зориулж *******аас худалдан авсан. Нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* аж ахуйн үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, нэхэмжлэгч *******ын хувьд зөвхөн ирж хоол хийж өгдөг байсан гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа, мөн гэрч нар ногооны төлбөрийг хэний данс руу хийх вэ гэж *******аас асуухаар *******ын данс руу хийчих гэж хэлдэг байсан гэж мэдүүлдэг, үүнээс үзвэл гэрч нарын *******ын данс руу шилжүүлсэн мөнгө бол *******ын ногоо зарсан мөнгө. Мөн өөрийн дансаар түүн рүү мөнгө шилжүүлсэн байсан. Эдгээр мөнгө нь 35,000,000 төгрөгөөс илүү хэмжээний мөнгө, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* иргэн *******аас 200тн хэмжээтэй ногооны зоорийг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд зоорины үнэ болох 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн зоорины төлбөрт шилжүүлсэн 35,000,000 төгрөг хэнийх байсан эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж маргасан байна.

5.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь зоорь худалдах авахад зориулж нэхэмжлэгчээс авсан мөнгөө бүрэн буцаан төлөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19,120,200 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэж тайлбарласан байна.

6.Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа *******ыг зоорь худалдан авахад нь өгсөн 35,000,000 төгрөгөө гаргуулан авна гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад мөн өгсөн мөнгөө гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шаардлагын талаар гаргасан тайлбар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зохигчид нь тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд бусдад худалдсан ногооны орлого, бусдаас авах авлага зэргийг хариуцагч ******* нь *******ын дансаар авдаг, зохигчид хоорондоо олон удаа мөнгө шилжүүлдэг байдал тодорхой хугацаанд үргэлжилж байсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн банкны дансны хуулгаар тогтоогддог боловч зохигчдын хооронд шилжүүлсэн мөнгөний утга тодорхойгүй, мөнгө шилжүүлсэн үндэслэлээ зохигчид тодорхой тайлбарлаж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс худалдагч *******т зоорь худалдан авахад зориулж мөнгө шилжүүлсэн хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар зохигчдын хооронд шилжүүлсэн мөнгийг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

7.Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148/ШШ2023/00654 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 253.551 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН