Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00001

 

2023 12 21 207/МА2024/00001

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

С-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

С ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлгэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э.С-ийг мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч С-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч С-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн С- нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компаниар тавилга хийлгэхээр харилцан тохиролцсон. Манай компаний зүгээс захиалгын дагуу зураг төслийг гаргаж захиалагч тал болох С-д үзүүлэхэд хүлээн зөвшөөрснөөр тавилга хийгдэж эхэлсэн. Гал тогооны тавилга 5.152.000 төгрөг, үүдний шкаф 3.366.000 төгрөг, хүүхдийн өрөөний шкаф 4.306.000 төгрөгөөр тус тус хийлгэхээр, нийт 12.824.000 төгрөгний өртөг бүхий тавилга захиалсан. Захиалгын дагуу бүтээгдэхүүнийг авч очиход 4.306.000 төгрөгний үнэ бүхий хүүхдийн өрөөний шкафыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр буцаалт хийлгүүлсэн. Харин гал тогооны тавилга, үүдний шкафийг хүлээн авсан. Тухайн үедээ гал тогооны өрөөний тавилганы 1 ширхэг хаалга нь тээвэрлэлтээс үүдэлтэй алдаатай байсныг захиалагч тал солиулах хүсэлт тавьсаны дагуу бид өөрсдийн зардлаар сольж өгсөн. Үүний дараа бүх тавилгын хаалгыг солих, мөн бүх тавилгаа буцаах саналыг гаргаж эхэлсэн. Манай талаас саналыг харгалзан үзэж, дутагдлыг арилгаж өгье гэсэн боловч захиалагч талаас зуун хувь буцаалт хийнэ гэсэн шаардлага тавьж эхэлсэн. ...Бид хэдий захиалагчийн таалалд бүрэн нийцээгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байлаа ч Э.С-ий хувьд бидэнд хандаад асуудлаа шийдүүлэх, эсхүл шүүх, хуулийн байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах нь зүйтэй байсан. Түүнээс биш зөвхөн өөрийнхөө эрх ашиг, үзэл бодлоо дээдэлж бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөж, олон нийтээр шүүлгэж, биднийг захиалагчаасаа уучлалт гуйгаагүй, мөн бүтээгдэхүүнийхээ доголдлыг арилгаж өгөхгүй байна гэх мэт худал ташаа ойлголтыг олон нийтэд түгээж бизнесийн үйл ажиллагаанд маань хохирол, хор уршиг учруулж байгаад гомдолтой байна. Э.С-ийн хувьд өөрийн сонгосон аргаар хүсэл зоригоо илэрхийлж байгаа мэт боловч энэ нь бусдын эрхийг хөндсөн хууль бус буруу арга, үйлдэл болж байна. ...С ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э.С-ийг мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгана уу гэжээ.

Хариуцагч С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Миний бие С ХХК-д тавилга захиалсан боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу захиалгаар хийж манай гэрт авч ирж угсарсан тавилга доголдолтой байсан тул уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгэх талаар гүйцэтгэгч компанид хандсан боловч өнөөдрийг хүртэл доголдлыг бүрэн арилгах арга хэмжээ авалгүй манай гэр бүлийг хохироосоор байна. Миний бие захиалж хийлгэсэн тавилга доголдлын талаар Фэйсбүүк олон нийтийн сүлжээний өөрийн хаягт мэдээлэл оруулсан боловч С ХХК болон түүний захирал С гэж иргэний нэрийг огт дурьдаагүй. Түүнчлэн О аймагт захиалгаар тавилга үйлдвэрлэдэг олон байгууллага, хувь хүн байдаг ба ганц С ХХК болон түүний захирал С.С ганцаараа тавилга үйлдвэрлэдэггүй. Иймд С ХХК болон түүний захирал С.С-ын нэр хүндэд огт халдаагүй тул түүнээс уучлал гуйх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр. Миний өөрийн олон нийтийн сүлжээнд оруулсан зураг болон уг зурагт байгаа захиалгаар хийлгэсэн тавилга доголдолтой байсан одоо ч доголдол бүрэн арилаагүй. ...Гурав. Нэхэмжлэлд М гэсэн хаягнаас ene tawilga hiilgesen gazar S soke bilv ter gazar uu гэж бичсэнийг надтай хамаатуулан манай компаний нэр хүндэд халдсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй, худал тайлбар байна. М гэсэн хаягнаас ene tawilga hiilgesen gazar S soke bilv ter gazar uu гэж сэтгэгдэл бичсэнд нь миний бие мөн гэж хариулт огт өгөөгүй, дээрх бичвэрийн агуулга нь асуултын шинжтэй байх тул нэр хүндэд халдсан гэж үзэхгүйгээр барахгүй уг сэтгэгдлийг би биш өөр хүн бичсэн байна. Нэхэмжлэгчийн бичсэнчлэн Эдгээр үйл явдлуудаас дүгнэхэд манай компани гэдгийг О аймгийн иргэд, захиалагчид шууд мэдсэн болох нь тодорхой байна гэсэн нь нэхэмжлэгчийн таамаглал, төсөөлөл болохоос хариуцагч би уг компаний болон захирлын нэрийг огт дурьдаагүй тул О аймгийн нийт иргэдийн юу гэж ойлгох нь надаас хамааралгүй. Ганц С ХХК болон түүний захирал С.С ганцаараа тавилга үйлдвэрлэдэггүй гэдгийг тайлбарын өмнөх хэсэгт дурьдсанаа дахин сануулья. Иймд С ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би С ХХК-д захирлаар ажилладаг. Манайх 50 гаруй ажилтантай, манай компаниас үүдэлтэй нийт 200 орчим ам бүл тэжээгдэж явдаг. Манай компани тавилгаас гадна 3-аас 4 бизнес давхар эрхэлдэг. Би маш их гомдолтой байна. Учир нь би тухайн захиалагчид алдаа гаргасан өдрөөс эхлээд албан тоотоор, чатаар гэх мэт бүх зүйлээр уучлалт гуйсан. ...Бид алдаагаа засаж өгнө гэж ухамсарласаар байхад биднийг нийгэмд алдаагаа ойлгохгүй байна, захирал нь огт холбогдохгүй байна гэж бичсэн. ...Манай зүгээс маш их алдагдал хүлээсэн. Гэвч би үүнийг нэхэмжлээгүй, учир нь энэ хүнийг уучлалт гуйх болов уу гэж өнөөдөр горьдож ирсэн. 2022 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард дунджаар 166.000.000 төгрөгийн орлого олсон. 2023 оны 8,9,10,11 дүгээр сар гээд бүтэн 4 сарын хугацаанд 113.000.000 төгрөгийн орлоготой сууж байна. Үндсэндээ энэ хүнийг пост бичихээс өмнө 2023 оны 1-7 дүгээр сар хүртэл хугацаанд манайх 1 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүний дагуу Монгол улсдаа татвараа төлдөг. Хариуцагчийг уучлалт гуйх болов уу гэж бодож ирсэн, зөвшилцөхгүй гэж байгаад харамсаж байна гэв.

Хариуцагч С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 6 дугаар сарын 27-ны өдөр 3 тавилга захиалсан. 7 дугаар сарын 8-ны өдөр тавилгыг бэлэн болгоно гэж хэлсэн. Би өөрөө төрийн байгууллагад ажилладаг 2 бага насны хүүхэдтэй. Ажлынхаа амралтаа аваад шинэ байрандаа тохижих гэж байсан, 7 дугаар сарын 8-ны өдөр гаргаж өгөхгүй боломжгүй болчихлоо гэж хэлээд түүнээс хойш бүтэн 2 сарын хугацаанд байлгаж байж 8 дугаар сарын 7-ны өдөр угсралтаа хийж дуусгасан. 3 тавилга нь ирсэн, бүгд шаардлага хангаагүй. Тухайн үед хэлээд ойлголцох гэж маш их хичээсэн. Өөрсдөө албаар нэр хүндэд халдлаа гэж хүнийг гомдоохоор зүйлс хэлсэн. Тавилгуудаа засна гэж хэлсээр байгаад цаг хугацааны хувьд биднийг маш их хохироосон. Манайд 2 тавилга байгаа, 1 нь буцаагдсан байсан, очиж уулзаж хэлэхэд 3.000.000 төгрөгийг уг тавилгынхаа үлдэгдэл мөнгөндөө буцааж авсан гэж нөхөр нь хэлсэн. Манай үүдний шкафыг 8 дугаар сарын 30-ны өдөр засаж өгсөн. Гал тогооны тавилгыг 10 дугаар сарын 28-ны өдөр засаж өгсөн, гэхдээ бүрэн гүйцэт засаагүй. Манайд ирэхдээ өөрсдөө асуудал тарьсан. Чулуун тавцангаа манайд зүссэн, үүнд би бухимдсан. Учир нь би хэмжилт хийлгэх гэж БСБ-гээс авсан цахилгаан бараагаа С рүү явуулсан. Тухайн үед С захирал уучлаарай гэж хэлсэн, нөхөр нь манайхаас огт уучлалт гуйж ирээгүй. Сая манай ажилчдыг ажиллах боломжоор хангаж өгөөгүй гэж хэлж байна. Чулуун тавцанг гэрт зүсэхэд миний уур хүрсэн, тухайн үед би уурлаж байгаагаа илэрхийлчхээд гараад явсан. Манай ажлаас гарсан хүний эхнэрийн найз нь учраас ийм зүйлийг чи гаргаж байна гэж надад хэлсэн. Манайх гомдолтой байгаа, 5,6 сарын хугацаанд тухайн газартай явчихсан байгаа юм. Цаг хугацааны хувьд эргээд нөхөгдөх боломжгүй хохирол үүсгэсэн. Хэрэв хүн чанар байсан бол тавилгаа засаж өгчихөөд энэ хүсэлтээ тавьсан бол би уучлалт гуйх байсан. Одоо бол боломжгүй. Хийсэн тавилгадаа 100 хувь сэтгэл ханамжтай байна уу гэвэл үгүй. Тухайн үед пост оруулахдаа С гэж компаний нэрийг бичээгүй. Ирээд үз гэхэд ажилтай гэж удаа дараа хойшлуулж байсан, тийм учраас бухимдсан сэтгэлээ илэрхийлж тавьсан. Уг постыг тавьснаас хойш манайд нааштай хандаж ирсэн гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/00208 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Э.С-д даалгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С-эс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй тухай. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2, 497.1, 511-р зүйлийн 511.1 дэх хэсэгт иргэний болон хуулийн этгээдийн нэр төр, элдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр хуульчилсан. Гэтэл хариуцагч Э.С-ийн нийтэлсэн гэх пост нь хэрэглэгч ямар ч иргэн, хуулийн этгээдийн нэрийг дурьдахгүйгээр биет байдлын доголдолтой тавилга хийж гүйцэтгэсэн талаар хэрэглэгчийн сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд нэхэмжпэгч С ХХК-ийн нэр дурьдагдаагүй тул С ХХК-ийн нэр хүндийг гутаасан эж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна. Өөр хэн нэгэн тавилга үйлдвэрлэгч иргэн эсхүл хуулийн этгээд нэр хүндэд халдлаа хэмээн нэхэмжлэл гаргавал шүүх бас нэр дурьдагдаагүй ч нэр хүндэд нь халдсан гэж дүгнэхээр байна. Мөн Э.С-ийн нийтэлсэн гэх пост нь биет байдлын доголдолтой тавилга хийж гүйцэтгэсэн талаар бичсэн бөгөөд худал ташаа мэдээлэл огт агуулаагүй, харин биет байдлын доголдолтой тавилгыг биет байдлын доголдолгүй байна гэж бичсэн бол худал ташаа мэдээлэл болох байсан.Гэтэл анхан шатны шүүх бодит байдлыг бичсэн үнэн зөвөөр хариуцагчийг худал ташаа мэдээлэл тараасан гэж дүгнэсэн дүгнэлт нь өөрөө ХУДАЛ ТАШАА байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт С ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч С-д даалгасугай гэжээ. Өмнөх нийтэлсэн постод компанийн нэр огт дурьдаагүй бол хэрэв шүүхийн шийдвэрийг энэ хэвээр нь биелүүлбэл жинхнээсээ С ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараах болоод байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан байхад хуулийг илт буруу хэрэглэж буй хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухай. Маргаагүй үйл баримтууд С ХХК нь өөрийн захиалагч болох Э.С-ийн захиалгын дагуу тавилга үйлдвэрлэхдээ биет байдлын доголдолтой тавилга үйлдвэрлэсэн, уг биет байдлын доголдлыг 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр арилгаж өгсөн, Э.С-ийн Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн постонд нэхэмжлэгч компани болон түүний захирлын нэр огт дурьдаагүй талаар талууд огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр тавилга биет байдлын доголдолтой уг доголдлыг 2023 оны 08 сараас хойш арилгаж өгөөгүй, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр арилгаж өгсөн талаар талууд маргаагүй байхад тавилга доголдолтой байгаа талаар хэн нэгний нэрийг дурьдалгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэний нийтэлсэн мэдээ яагаад С ХХК-ийн нэр хүндэд халдсан, худал ташаа мэдээлэл болохыг нэхэмжпэгч С- болоод түүний өмгөөлөгчийн хувьд гайхаад барахгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж улмаар хохирлоо барагдуулах талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдүүлэх эрх нь нээлттэй байсаар байтал эрхээ хэрэгжүүлээгүй, харин таарамжгүй харилцаанаас үүдэн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарааж байгаа нь бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний биет байдлын доголдлын талаар шаардлага гаргах захиалагчийн эрхийг шүүх эсхүл цагдаагийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж шалгуулах бус гэрээний нөгөө талаас удаа дараа шаардаж хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад яагаад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр доголдлыг арилгасан тул энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн болно. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Э.С-ийн нийтлэлд дурдсан мэдээллүүд нь агуулгын хувьд адил төстэй байх ба хариуцагч нь тухайн мэдээллүүд үнэн зөв талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн нь огтоос үндэслэлгүй байна. Тавилга биет байдлын доголдолтой талаар талууд маргаагүй, мөн доголдлыг 2023 эны 08 дугаар сард тавилга хийлгэснээс хойш 3 сар гаруйн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр арилгасан талаар мөн талууд маргаагүй, Э.С-ийн нийтэлсэн мэдээлэл худал биш гэдэг нь дээрх баримтаар хангалттай тогтоогдсон, тавилгын доголдолтой холбоотой холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байхад өгөөгүй гэж үзсэн нь ГҮТГЭЛЭГ байна. Мөн нийтэлсэн мэдээлэлд нэхэмжлэгчийн нэр дурьдагдаагүй талаар үзлэг хийлгэж нотолсон төдийгүй нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байхад илэрхий үйл баримтыг үндэслэлгүйгээр гуйвуулан дүгнэж буй нь энгийн иргэн төдийгүй энэ салбарт ажиллаж буй хуульчийн хувьд хардлага төрүүлэхүйц санагдаж иргэдийн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөхөөр шийдвэр гэж үзэж байна. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрийгхүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч С ХХК /захирал С.С/ хариуцагч С-д холбогдуулан компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бус худал ташаа мэдээлэл тараасан тул мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С- нь С ХХК-иар гэрийн тавилга хийлгэхээр 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр захиалга өгсөнөөр 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тавилга хийж өгөхөөр тохиролцсон байх ба тохирсон хугацаанд тавилгыг хүлээлгэж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн. Хариуцагч С- нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тавилгыг хийж авчирч өгнө гэчихээд түүнээс хойш бүтэн 2 сарын хугацаанд байлгаж байгаад 8 дугаар сарын 07-ны өдөр угсралтаа дуусгасан. Гурван төрлийн тавилга захиалсан бүгд шаардлага хангаагүй, тавилга засаж өгнө гээд цаг хугацааны хувьд биднийг маш их хохироосон. Нэг тавилгыг буцаасан. Гал тогооны тавилгыг 10 дугаар сарын 28-ны өдөр засаж өгсөн. Гэхдээ бүрэн гүйцэд засаж өгөөгүй. Чулуун тавцангаа манайд зүссэн, би тэр үед бухимдсан. Хийлгэсэн тавилгадаа сэтгэл ханамжгүй байсан учраас өөрийн фэйс хуудсандаа пост оруулсан. Гэхдээ энэ компанийн нэрийг оруулаагүй, ирээд үзээд өгөөч гэж гуйхад удаа дараа ажилтай, завгүй гэж хойшлуулж байсан гэсэн татгалзсан тайлбар гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С би С ХХК-ийн захирлаар ажилладаг. Манайх 50 гаруй ажилтантай. Манай компаниас үүдэлтэй 200 орчим ам бүл тэжээгддэг, тавилгаас гадна 3-4 давхар бизнес эрхэлдэг. Би тухайн захиалагчид алдаа гаргасан өдрөөс эхлээд албан тоотоор, чатаар гэх мэт бүх зүйлээр уучлалт гуйсан. Таны сонирхож байсан үнэтэй хавтангаар сольж өгье, алдаагаа засъя гэж гуйж ирсэн, даанч хүлээж аваагүй. Манай хамт олныг ажиллах боломжоор хангаагүй, элдэв янзаар дуудсан. Бид алдаагаа засаж өгнө гэж ухамсарласаар байхад биднийг нийгэмд алдаагаа ойлгохгүй байна. Захирал нь огт холбогдохгүй байна гэж бичсэн, нийгэмд хар масс түгээсэн. Манайх Э хотын анхдагч тавилгын үйлдвэрийн нэг. 14 жилийн турш өнөөдрийн энэ өндөрлөгт авчрах гэж маш их зүтгэсэн. Манай зүгээс маш их алдагдал хүлээсэн. Манай компанид итгэж үйлчлүүлдэг 1000 гаруй хэрэглэгч байдаг. Миний хувьд нэр алдар маш чухал гэсэн тайлбар гаргасан бөгөөд тухайн үедээ захиалагчид шаардлага хангахгүй доголдолтой бүтээгдэхүүн хийж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч засаж янзалж өгсөн байна.

Тухайн бүтээгдэхүүнийг засаж янзлахдаа цаг хугацааны хувьд захиалагчийг удаан хүлээлгэснээр хариуцагч С- нь өөрийн фэйсбүүк хуудсанд сөрөг коммент бичсэн, хийлгэсэн тавилганы зургийг байршуулсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө С- гэх фэйсбүүк хаягнаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хүнд ийм юм хийж өгчихөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байнаа, хүн чанар алга аа гэсэн нийтлэлийг 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хаягнаас нийтэлж, түүнийг 22 хүн үзэж 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж 6 удаа хуваалцсан тул нийтлэлийг нэхэмжлэгч С ХХК-руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн байх ба дээрх 34 сөрөг сэтгэгдлийн дор М гэсэн фэйсбүүк хаягнаас энэ тавилга хийлгэсэн газар S билүү гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх цахим хаяг болох фэйсбүүк цахим хуудаст хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн зохих заалтанд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т ...иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Э.С-ийн өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн сэтгэгдэл, нийтэлсэн зурагнуудад нэхэмжлэгч компанийн болон захирал С.Согийн нэрийг дурдаж нийтлээгүй байхад зөвхөн нэг хүний фэйсбүүк хаягнаас бичсэн коммент сэтгэгдлээр тавилга хийсэн компанийн нэр хүндэд халдсан худал ташаа мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал тавилгыг тохирсон хугацаандаа чанарын шаардлага хангасан доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, чанарын доголдолтой байсан тавилгын зурагнууд тавьсан, нэхэмжлэгч доголдолтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдлаас дүгнэхэд хариуцагчийг нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нягтлаагүй мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзлаа нотлоогүй, мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан гэж үзэх боломжгүй байна.

Хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал ташаа мэдээлэл тараах нь тухайн худал ташаа мэдээлэл нь тараагдсан арга хэрэгсэл, тархсан хэлбэр, хэмжээ хязгаар нь тодорхой тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө нотлох үүрэгтэй ч Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг.

Хүний суурь эрх нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд бөгөөд Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрхээр хязгаарлагддаг.

Хүн өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч тэдгээрийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

Хариуцагч Э.С-ийн өөрийн цахим хуудсанд байрлуулсан тавилгын зурагнууд нь бодит байдал дээр чанарын доголдолтой хийгдсэн тавилга мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч С ХХК, захирал С.С нарын талаар олон нийтэд худал ташаа мэдээлэгдэж, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэл дээр шүүгч дангаар шийдвэрлэснээр бичсэн алдаа гаргасныг засаж залруулаагүй байх тул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Э.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У