Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01091/и

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1233 дугаар магадлалтай,

            С.Б-ын нэхэмжлэлтэй,

            Х-д холбогдох

           Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Хгийн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хгийн бодлогын судлаачаар анх ажилд орсон. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулж үндсэн ажилтнаар орсон. Энэ явцад 2015 оны 03 дугаар сард захирал солигдсон. Э.Батбаяр захирал томилогдож ирээд удаагүй байхдаа нийт ажилчдын хуралдаанаар ажилчдын цомхотгол явагдах талаар хэлсэн. Тухайн үед би жирэмсэн гэдгээ захиралд хэлсэн. Гэтэл бүх ажилчдыг халж, эгүүлэн хэдэн ажилтанг авсан. Буцааж авсан ажилчдын нэрсийн жагсаалтад миний нэр байгаагүй. Би энэ тухай захиралд хэлэхэд андуурсан байна гэж хэлсэн. Намайг өөр хүний оронд түр ажилд авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн хүнийг ажлаас халахыг хориглосон байдаг. Тухайн үед би энэ хуулиар хамгаалагдсан байсан. Би жирэмсний амралтаа авч, 2016 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан ба 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлтээ өгсөн байсан. С.Энхцэцэг захиралтай уулзахад тэрээр надад “шинээр ажилд ороод удаагүй байгаа, өөрийн хийсэн судалгааны тайланг явуулаарай. Тэгээд түр хүлээж бай” гэж хэлсэн. Судалгааны ажлаа аваачиж өгөхөд тэрээр “түр тушаал дээр ажиллаж байсан тул буцаан авахгүй, өөр ажил хайгаарай” гэсэн ба ажилчдын хурал дээр намайг ажлаас халсан гэдгийг хэлсэн байсан. Ажлаас халагдсан гэдгээ ажилчидаасаа мэдсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/47 тоот тушаалаа гардаж авсан. Б/49, Б/50 тоот тушаалуудыг гардуулж өгөөгүй, эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг зөвшөөрөхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би сард 673.849 төгрөгийн цалин авдаг байсан гэжээ.

      Хариуцагч Х-гээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. С.Б нь анх Х.Номингэрэл захирлын үед ажилд орсон. Тус хүрээлэнгийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар тус төвийн бодлогын судлаачаар 3 сарын туршилтын хугацаатайгаар ажиллах болсон. Үүнээс хойш Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 тушаал гарч, уг тушаалын дагуу орон тооны цомхотгол хийгдэхээр болж, бодлогын судлаачийн орон тоо 11 байсныг 6 болгож, 5 ажилтныг ажлаас нь чөлөөлөх шаардлагатай болсон. Тухайн үед 11 ажилтнаас мэдлэг ур чадвар болон бусад шалгуурыг харж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо цөөрч байгаа талаар мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмжийг өгсөн. С.Б нь ажлын түр байранд туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа жирэмсэн болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч үүргээ биелүүлэхийн тулд жирэмсний амралттай хүний орон тоон дээр ажиллуулахаар авч үлдсэн. Г.Халиунаагийн ажилд түүнийг түр томилсон. Хгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/47 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч, тушаалын үндэслэл алдаатай байсан учраас уг тушаалын үндэслэлээ тэр дор нь залруулж, Б/50 тоот тушаал гарган, энэ тухайгаа С.Бд мэдэгдэж хэлсэн боловч тэрээр аваагүй. С.Б нь жирэмсэн хүний ажлын байранд ажиллаж байгааг мэдэж байсан. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хугацаагүй гэдгийг нөхөн бичсэн. С.Б 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж орох хүсэлтээ 2016 оны 03 дугаар сард бичгээр гаргаж өгөөд сураггүй болсон. С.Бд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

         Хариуцагч Х-гийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: С.Б нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Халиунааг ажилдаа эргэж орох хүртэл бодлогын судлаачаар түр томилогдсон. Ингэхдээ 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг захиргааны хэлтсийн дарга болон ажилтан бөглөх ёстой байтал С.Б нь өөрийн гараар нөхөж бөглөсөн байсан ба өөрөө бөглөхдөө хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг “хугацаагүй” гэж бөглөсөн байна. Энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш байсан нь Х-гийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар нотлогдоно. Иргэний хууулийн 57 дугаар зүйл 57.4-т “хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд, түүнийгээ засах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ алдаагаа манай захиргааны хэлтсийн эрхлэгч засах боломжтой. Энэ хүн тухайн үед хайхрамжгүй байдлаасаа болоод “хугацаагүй” байгуулж байгааг хараагүй. Залруулах боломжтой байсан боловч энэ асуудал шүүхэд ирсэн тул залруулах боломжгүй болсон. Иймд С.Бтай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Б-аас өгсөн  хариу тайлбарт: Х нь өөрийн алдааг иргэн хүнд тохож байна. Тухайн үед гэрээ байгуулахдаа талууд өөрсдөө харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан. Хариуцагчийн зүгээс намайг нууцаар бичээд өгсөн гэдэг зүйл ярьдаг. Тийм зүйл огт байгаагүй. Харилцан тохиролцож, уншиж шалгаад гарын үсэг зурж, тамга дарсан. Түр албан тушаалд томилох үед би захиралтай уулзсан. Захирал нь алдаа гаргасан гэдгээ олон нийтийн өмнө илэрхийлэх хэцүү байна, ажлаа хийдгээрээ хий, биеэ бод гэж хэлсэн. Би захирлын үгэнд итгэж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, би өөрөө “хугацаагүй” гэж бичсэн. Байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ыг Хгийн хууль зүйн судалгааны төвийн бодлогын судлаачийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Хгээс 3.196.884 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Хууль зүйн үндэснийн хүрээлэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Х нь нэхэмжлэгч С.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Бын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Хгээс 66.100 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1233 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1233 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Б нь анх Х-гийн судалгааны төвд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдож байсан. Үүнээс хойш тус хүрээлэнд орон тооны /жинхэлсэн/ тушаал огт гараагүй ба орон тооны цомхтгол болж туршилтын хугацаанд байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн байдаг. С.Б нь тухайн үеийн захирал н.Батбаяртай амаар тохиролцон хүүхэд асрах чөлөөтэй байсан хүний оронд түр томилсон тушаал гарсан байдаг. Ингэхдээ 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг захиргааны хэлтсийн дарга болон ажилтан бөглөх ёстой байтал С.Б нь өөрөө хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг “хугацаагүй” гэж бөглөсөн байдаг. Энэ нь ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан. С.Быг жинхэлсэн /орон тооны/ ажилтнаар томилсон тушаал гараагүй байхад шүүх үнэлэлгүйгээр шийдсэн нь хэрэг үнэн бодитой шийдэгдсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Мөн нэхэмжлэгч нь “хугацаагүй” гэж бичсэнээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед н.Батбаяр захиралтай амаар тохиролцсон гэх боловч захирал н.Батбаяр “би тийм тохиролцоо хийгээгүй, наад эмэгтэй чинь өөрөө гуйж хүний оронд түр томилуулсан” гэдэг. н.Батбаяр захирал хэрэгт ач холбогдол бүхий гэрч байхад энэ хэрэгт гэрчээр асуугаагүй. Мөн С.Энхцэцэг захиралтай хийсэн уулзалтуудаар удаа дараа ёс зүйгүй аашилж, өөрийн хийсэн судалгааг танилцуул гэхэд хийж байгаагүй зүйлийг танилцуулсан, худал хэлж байгаа зэргээс харахад С.Бын өөрийн ёс зүйгүй байдал харагдаж байна. Түүнд одоогийн захирал С.Энхцэцэг байгаа орон тоон дээр ажиллах санал тавьсан боловч заавал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэдэг хууль бус шаардлага тавьж байсан. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед ярьсан боловч түүнийг үнэлээгүй. ХЗҮХ-ийн хүний нөөцийн ажилтны буруугаас ажлаас чөлөөлөх тушаал анх үндэслэлгүй гарсныг тэр дор нь зөвтгөн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгон Б/49 тоот тушаалыг тэр даруй гарган Б/50 тушаалыг гардан авна уу хэмээн залгахад утасаа авахгүй байсан тул мессэж бичсэн. Гэвч С.Б нь ирж тушаалыг гардан аваагүй. Түүн рүү удаа дараа залгасан, мөн мессэж явуулсан талаарх баримт хэргийн материалд байсаар байхад үнэлээгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурал зарлагдсан өдөр тус хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга, В.Оюун-Эрдэнэ нар нь оролцох боломжгүй буюу тус албан бичиг болон хөтөлбөрийг захиргааны хэлтсийн дарга хурлын өдөр өгөхөөр очиход шүүх хурал орсон гэх үндэслэлээр танилцуулалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хариуцагчийг байхгүйд хэргийг шийдвэрлэсэн нь тус хэрэг үнэн бодитой шийдэгдэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлэгдээгүй зарим баримтуудыг үнэлүүлэх, шаардлагатай гэрчийг асуух зэрэг ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

          Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Х-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “С.Б нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлтөд хамрагдах ёстой хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн зохицуулалттай холбоотойгоор жирэмсний амралтаа авсан хүний оронд хугацаатай гэрээгээр түр ажиллаж байсан” гэж тайлбарлаад 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

          Ажил олгогч, ажилтны хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж, ажилтан С.Б нь бодлогын судлаачийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад Хгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогч нь Б/47 тоот тушаалаа хүчингүй болгож, Б/50 тоот тушаал гаргасан байна. Харин Б/50 тоот тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 болгон өөрчилсөн боловч ажилтан энэ тушаалыг гардан аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           Нэхэмжлэгч С.Б нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар Х-д 3 сарын хугацаатайгаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажил олгогчийг төлөөлөн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зуржээ. С.Б-ын анх байгуулсан гэрээний хугацаа сунгагдсанаас гадна 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулсан, түүнийг үндсэн ажилтан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.3-т нийцсэн байна.

            2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.Б нь жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин Д.Индраг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

          Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалтыг зөрчсөн, түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр цуцалсан нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

        Х нь ажилтан С.Б-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр “хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Халиунааг ажилдаа эргэн орох хүртэл бодлогын судлаачаар түр ажиллуулахаар болсон” гэх тайлбарыг гаргаж  байгаа боловч гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар байгуулаагүй, Г.Халиунаагийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох болсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

          Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурснаар гэрээг бүрэн байгуулагдсан гэж үзэх бөгөөд С.Б-тай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт “хугацаагүй” гэдэг нөхцөлийг С.Б өөрөө бичсэн, энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш тул хүчин төгөлдөр бус гэж гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1233 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хариуцагч Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН