Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/00607

 

 

               

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ХЗҮХ -д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

 Хариуцагч ХЗҮХгийн сөрөг нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С.Б миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ХЗҮХгийн бодлогын судлаачаар анх ажилд орсон. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулж үндсэн ажилтнаар орсон. Энэ явцад 2015 оны 03 дугаар сард захирал солигдсон. Э.Батбаяр захирал томилогдож ирээд удаагүй байхдаа нийт ажилчдын хуралдаанаар ажилчдын цомхотгол явагдах талаар хэлсэн.

... Тухайн үед би жирэмсэн байгаа тухайгаа захиралд хэлсэн. Дараа нь нийт ажилчдын хуралдаанаар цомхотгол хийгдэх гэж байгаагаа танилцуулж, бүх ажилчдыг халж, эгүүлэн хэдэн ажилтанг авсан. Буцааж авсан ажилчдын нэрсийн жагсаалтанд миний нэр байгаагүй. Би энэ тухай захиралд хэлэхэд андуурсан байна гэж хэлсэн. ... Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм болж байгаад гомдолтой байна. Намайг өөр хүний оронд түр ажилд авсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн хүнийг ажлаас халахыг хориглосон байдаг. Тухайн үед би энэ хуулиар хамгаалагдсан байсан....

ХЗҮХ хуулийн зүйл, заалтыг тойрч гарч байна гэж үзэж байна. Би жирэмсний амралтаа авч, 2016 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан ба 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлтээ өгсөн байсан. С.Э захиралтай уулзсан ба тэрээр надад хэлэхдээ “шинээр ажилд ороод удаагүй байгаа, өөрийн хийсэн судалгааны тайланг явуулаарай” гэж хэлсэн. Түр хүлээж бай гэж хэлсэн.

.... Судалгааны ажлаа аваачиж өгсөн ба түр тушаал дээр ажиллаж байсан тул буцаан авахгүй, өөр ажил хайгаарай гэсэн. Захиралтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон. Ажилчдын хурал дээр намайг ажлаас халсан гэдгийг хэлсэн байсан. Ажлаас халагдсан гэдгээ ажилчидаасаа мэдсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/47 тоот тушаалаа гардаж авсан. Б/49, Б/50 тоот тушаалуудыг гардуулж өгөөгүй, эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг зөвшөөрөхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие сард 673 849 төгрөгийн цалин авдаг байсан... гэв.

 

Хариуцагч ХЗҮХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. С.Б нь анх Х.Номингэрэл захирлын үед ажилд орсон. Тус хүрээлэнгийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар тус төвийн бодлогын судлаачаар 3 сарын туршилтын хугацаатайгаар ажиллах болсон. Үүнээс хойш Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 тушаалаар гарч уг тушаалын дагуу орон тооны цомхотгол хийгдэхээр болж, бодлогын судлаачийн орон тоо 11 байсныг 6 болгож, 5 ажилтныг ажлаас нь чөлөөлөх шаардлагатай болсон. Тухайн үед 11 ажилтнаас мэдлэг ур чадвар болон бусад шалгуурыг харж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо цөөрч байгаа талаар мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмжийг өгсөн.

... С.Б нь ажлын түр байранд туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа жирэмсэн болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч үүргээ биелүүлэхийн тулд жирэмсний амралттай хүний орон тоон дээр ажиллуулахаар авч үлдсэн. Г.Халиунаагийн ажилд түүнийг түр томилсон. ХЗҮХгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/47 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч, тушаалын үндэслэл алдаатай байсан учраас уг тушаалын үндэслэлээ тэр дор нь залруулж, энэ тухайгаа С.Бд  мэдэгдэж, Б/50 тоот тушаалаа ав гэж хэлсэн. С.Б нь Б/50 тоот тушаалаа ирж аваагүй.

С.Б нь жирэмсэн хүний ажлын байранд ажиллаж байгааг мэдэж байсан. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хугацаагүй гэдгийг нөхөн бичсэн. С.Б 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж орох хүсэлтээ 2016 оны 03 дугаар сард бичгээр гаргаж өгөөд сураггүй болсон С.Бд мэдэгдсэн боловч ирж аваагүй. С.Б нь жирэмсэн хүний ажлын байранд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл түр хугацаагаар ажиллаж байсан. С.Бд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах санал тавьсан боловч  хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч ХЗҮХ сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 С.Б нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Хг ажилдаа эргэж орох хүртэл бодлогын судлаачаар түр томилогдсон. Түр томилогдохдоо “2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг захиргааны хэлтсийн дарга болон ажилтан бөглөх ёстой байтал С.Б нь өөрийн гараар нөхөж бөглөсөн байсан ба өөрөө бөглөхдөө хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг “хугацаагүй” гэж бөглөсөн байна. Энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш байсан нь ХЗҮХгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар нотлогдоно.

Иргэний хууулийн 57 дугаар зүйл 57.4-т хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд, түүнийгээ засах эрхтэй байна гэж заасан байдаг. Энэ алдаагаа манай захиргааны хэлтсийн эрхлэгч засах боломжтой. Энэ хүн нь тухайн үед хайхрамжгүй байдлаасаа болоод “хугацаагүй” байгуулж байгааг хараагүй. Залруулах боломжтой байсан боловч энэ асуудал шүүхэд ирсэн тул залруулах боломжгүй болсон. Иймд С.Бтай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ХЗҮХ нь өөрийн алдааг иргэн хүнд тохож байна.  Тухайн үед гэрээ байгуулахдаа талууд өөрсдөө харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан. Хариуцагч намайг нууцаар бичээд өгсөн гэдэг зүйл ярьдаг. Тийм зүйл огт байгаагүй. Харилцан тохиролцож, уншиж шалгаад гарын үсэг зурж, тамгаа дарсан. Түр албан тушаалд томилох үед би захиралтай уулзсан. Захирал нь алдаа гаргасан гэдгээ олон нийтийн өмнө илэрхийлэх хэцүү байна, ажлаа хийдгээрээ хий гэж хэлсэн. Намайг биеэ бод гэж хэлсэн. Би захирлын үгэнд итгэж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, би өөрөө “хугацаагүй” гэж бичсэн. Байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ХЗҮХд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

 Хариуцагч ХЗҮХгийн сөрөг нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох ажил олгогч ажилтан нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /х.х-ийн 1, 62, 66 тал/

 

Зохигчид нэхэмжлэгч С.Быг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно. /х.х-ийн 15 тал/

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна.

 

С.Б нь ХЗҮХд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бодлогын судлаачаар ажилд орсон болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-52 тоот тушаал зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 33, 48, 82-83 тал/

 

Ажил олгогч  ХЗҮХгийн захирал 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/50 тоот тушаал гарган, С.Быг ажлаас халсан “Б/47 тоот тушаалын эрх зүйн үндэслэл алдаатай байсныг “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3” гэж залруулж энэ тухайгаа нэхэмжлэгч С.Бд мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 13-15 тал/
 

Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтласан шийдвэр гаргах нь ажил олгогчийн үүрэг боловч, тухайн  тушаалын  үндэслэлийг залруулсныг буруутгах боломжгүй юм.

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “....  С.Б нь ХЗҮХгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ганбаатарын Халиунааг ажилдаа эргэж орох хүртэл бодлогын судлаачаар түр томилсон ...” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.

 

Ажил олгогч ХЗҮХгийн захирал 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/50 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, ХЗҮХгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.3 дах зааснаар С.Быг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 50 тал/

 

Ажил олгогч нь тус хүрээлэнгийн бодлогын судлаачаар ажиллаж байсан С.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

 

 ХЗҮХгийн бодлогын судлаачийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр” байх тул ажил олгогчоос түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх ёстой.

 

Нэхэмжлэгч С.Б нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс ХЗҮХд бодлогын судлаачаар ажиллаж байсан байх ба Хууль зүйн дугаар зүйлийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар ХЗҮХгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. /х.х-ийн 48, 87-89 тал/

 

ХЗҮХгийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаал гарч, уг тушаалын хавсралтаар ажилтныг ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэжээ.

 

             С.Б нь байгууллагын бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол хийгдэх үед жирэмсэн байсан, ба улмаар талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулагдсан гэж үзнэ.

            Тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б/47 тоот тушаалаар С.Быг 2015 он 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Хг ажилдаа эргэн орох хүртэл бодлогын судлаачаар түр томилохоор болжээ.

Хөдөлмөрийн гэрээний харилцаанд түр ажилтан гэх ойлголт байхгүй бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ хугацаатай ба хугацаагүй байж болох бөгөөд хугацаатай байгуулсан тохиолдолд талууд харилцан тохиролцсон байхыг шаардана. ...

... Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллга татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж, мөн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа  тохиолдолд албан тушаал хэвээр хадгална” гэж заасан хуулийн зохицуулалтыг  зөрчсөн, ажил олгогчийн тухай үеийн алдаатай шийдвэрийн улмаас ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

            Хариуцагч ХЗҮХ нь ажилтан С.Бтай харилцан тохиролцон үндсэн дээр “хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Халиунааг ажилдаа эргэн орох хүртэл бодлогын судлаачаар түр ажиллуулахаар болсон” гэх тайлбарыг гаргаж  байгаа боловч, ажилтан хөдөлмөрийн гэрээг хугацаатай гэрээ байгуулах болсон шалтгаан, талуудын хүсэл зориг тусгагдаагүй тул тухайн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 48-49, 82-83 тал/

            С.Б нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин Д.Иг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, ХЗҮХгийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-77 тоот тушаал, хүүхдийн төрсний  гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож  тогтоогдож байна. /х.х-ийн 32-33, 53 тал/

С.Б нь ХЗҮХгийн захиргаанд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргасан болох нь зохигчдын тайлбар, С.Бын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 81 тал/

 ... Хариуцагч  ХЗҮХгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/50 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, ХЗҮХгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.3 дах зааснаар С.Быг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 15 тал/

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

            Хууль  зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/50 тоот тушаалаар С.Бын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн эдгээр зохицуулалтын аль ч үндэслэлүүдийг баримтлаагүй.

            Харин тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б/47 тоот тушаалаар С.Быг судлаачаар түр томилон ажиллуулсан үеийн нөхцөл байдлыг ажлаасаа халах тушаалын үндэслэл болгож байгааг зөвтгөх боломжгүй юм.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө авсан ажилтан эхийн чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэх бөгөөд түүний ажил албан тушаал ч хэвээр хадгалагдах учраас ажил олгогч санаачилгаараа гэрээг цуцлах эрхгүй.

Иймд С.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй.

            С.Бын сарын дундаж цалин хөлсийг 673 849 төгрөгөөр тооцсон болно. /х.х-ийн 30, 33 тал/

            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны /2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл/ олговорт 3 196 884 төгрөг байна.

2.  Хариуцагч ХЗҮХгийн сөрөг  нэхэмжлэлийн талаар:

С.Бд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 Хариуцагч ХЗҮХ сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... Тус хүрээлэнийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар С.Быг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ганбаатарын Халиунааг ажилдаа эргэж орох хүртэл бодлогын судлаачаар түр томилогдсон боловч, “2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа С.Б хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хугацаагүй гэж бөглөсөн байна. Энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш байсан нь ... Б/47 тоот тушаалаар нотлогдоно...” гэж тодорхойлж байгаа болно.

 

Нэхэмжлэгч С.Б нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс ХЗҮХд бодлогын судлаачаар ажиллаж байхад Хууль зүйн сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар ХЗҮХгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна./х.х-ийн тал/

С.Б нь байгууллагын бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол хийгдэх үед жирэмсэн байсан ба тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б/47 тоот тушаалаар С.Быг 2015 он 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Халиунааг ажилдаа эргэн орох хүртэл бодлогын судлаачаар түр томилон ажиллуулах үеийн нөхцөл байдлыг, түүнийг ажлаас халсан тушаалын үндэслэлд хамруулж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /... С.Б нь жирэмсэн байсан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100дугаар зүйлд зааснаар  ажлаас чөлөөлөх боломжгүй  байсан тул түүнтэй амаар тохиролцож ... эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох  хүртэл түр ажилд ажиллуулахаар /хугацаатай гэрээ байгуулахаар/ харилцан тохиролцсон гэх/ тайлбарыг үндэслэл бүхий тайлбар гэж үзэх боломжгүй юм. 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар … ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн хуулиар ногдсон үүрэг бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулна.

            Иймд ХЗҮХ, С.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан нөхцлүүд тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  боломжгүй гэж үзлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч С.Быг Хууль зүйн хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн бодлогын судлаачийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Хууль зүйн үндэасний хүрээлэнгээс 3 196 884 /гурван сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгосугай.

3. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Хууль зүйн үндэснийн хүрээлэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч ХЗҮХ нь нэхэмжлэгч С.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Бын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ХЗҮХгээс 66 100  төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     

                                   ДАРГАЛАГЧ                               Ж.ЦЭНГЭЛ