Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1233

 

С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хууль зүйн үндэсний хүрээлэнд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.5 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Бүжинлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бодлогын судлаачаар анх ажилд орж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулж үндсэн ажилтан болсон. Энэ явцад 2015 оны 03 дугаар сард нийт ажилчдын хуралдаанаар цомхотгол явагдах талаар хэлсэн. Тухайн үед би жирэмсэн тухайгаа захиралд хэлсэн. Дараа нь нийт ажилчдын хуралдаанаар цомхотгол хийгдэх гэж байгааг танилцуулж, бүх ажилчдыг халж, эгүүлэн хэдэн ажилтанг авсан. Буцааж авсан ажилчдын нэрсийн жагсаалтад миний нэр байгаагүй. Захиралд хэлэхэд андуурсан байна гээд хугацаагүй гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн хүнийг ажлаас халахыг хориглосон байдаг. Би жирэмсний амралтаа авч, 2016 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан ба 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлтээ өгсөн.

Гэтэл намайг ажлаас халсан байна. Мөн  2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/47 тоот тушаалаа гардаж авсан. Б/49, Б/50 тоот тушаалуудыг гардуулж өгөөгүй, эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг зөвшөөрөхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хүрээлэнгийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар тус төвийн бодлогын судлаачаар 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/44 тушаал гарч уг тушаалын дагуу орон тооны цомхотгол хийгдэхээр болж, бодлогын судлаачийн орон тоо 11 байсныг 6 болгож, 5 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед 11 ажилтнаас мэдлэг ур чадвар болон бусад шалгуурыг харж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо цөөрч байгаа талаар мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмжийг өгсөн. С.Бүжинлхам нь ажлын түр байранд туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа жирэмсэн болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч үүргээ биелүүлэхийн тулд жирэмсний амралттай Г.Халиунаагийн ажилд түүнийг түр томилсон. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/47 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч, тушаалын үндэслэл алдаатай байсан учраас уг тушаалын үндэслэлээ тэр дор нь залруулж, энэ тухайгаа С.Бүжинлхамд  мэдэгдэж, Б/50 тоот тушаалаа ав гэж хэлсэн. С.Бүжинлхам нь Б/50 тоот тушаалаа ирж аваагүй.

С.Бүжинлхам нь жирэмсэн хүний ажлын байранд ажиллаж байгааг мэдсэн,  2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хугацаагүй гэж өөрөө нөхөн бичжээ. С.Бүжинлхам 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж орох хүсэлтээ 2016 оны 03 дугаар сард бичгээр гаргаж өгөөд сураггүй болсон. Түүнд  хөлсөөр ажиллах санал тавьсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бүжинлхам түр томилогдохдоо “2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг захиргааны хэлтсийн дарга болон ажилтан бөглөх ёстой байтал С.Бүжинлхам нь өөрийн гараар нөхөж бөглөсөн байсан ба өөрөө бөглөхдөө хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг “хугацаагүй” гэж бөглөсөн байна. Энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш байсан нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот тушаалаар нотлогдоно.

Иргэний хууулийн 57 дугаар зүйл 57.4-т хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд, түүнийгээ засах эрхтэй байна гэж заасан байдаг. Энэ хүн нь тухайн үед хайхрамжгүй байдлаасаа болоод хугацаагүй байгуулж байгааг хараагүй. Залруулах боломжтой байсан боловч энэ асуудал шүүхэд ирсэн тул залруулах боломжгүй болсон. Иймд С.Бүжинлхамтай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хууль зүйн үндэсний хүрээлэн нь өөрийн алдааг иргэн хүнд тохож байна.  Тухайн үед гэрээ байгуулахдаа талууд өөрсдөө харилцан тохиролцож, уншиж шалгаад гарын үсэг зурж, тамгаа дарсан. Түр албан тушаалд томилох үед би захиралтай уулзсан. Захирал нь алдаа гаргасан гэдгээ олон нийтийн өмнө илэрхийлэх хэцүү байна, ажлаа хийдгээрээ хий гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, би өөрөө хугацаагүй гэж бичсэн. Байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч С.Бүжинлхамыг Хууль зүйн хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн бодлогын судлаачийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Хууль зүйн үндэасний хүрээлэнгээс 3 196 884 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бүжинлхамд олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Хууль зүйн үндэснийн хүрээлэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн нь нэхэмжлэгч С.Бүжинлхамын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Бүжинлхамын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 66 100 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээг С.Бүжинлхам нь өөрийн гараар нөхөж бөглөхдөө 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг "хугацаагүй" гэж бөглөжээ. Энэ нь ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан. С.Бүжинлхам нь хугацаагүй гэж бичсэнээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Батбаяр захирал нь хэрэгт ач холбогдол бүхий гэрч байхад энэ хэрэгт гэрчээр асуугаагүй. Байгаа орон тоон дээр ажиллах санал тавьсан боловч заавал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гээд зөвшөөрөөгүй. Нотлох баримтыг  үнэлэлгүй, нэг талыг барьж шийдсэн  тул  гомдол  гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.Бүжинлхам нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,хугацаатай гэрээгээр түр жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллаж байсан” гэж тайлбарлаад, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.5 дах заалт буюу “..,хугацаатай” гэдэг үгийг С.Бүжинлхам өөрөө бичсэн, энэ нь ажил олгогчийн хүсэл зориг биш тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж  сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, С.Бүжинлхам нь бодлогын судлаачийн ажил албан тушаалд ажиллаж байгаад хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогч нь Б/47 тоот тушаалыг мөн өдрийн Б/49 тоот тушаалаар хүчингүй болгож, Б/50 тоот тушаал гаргажээ. Уг Б/50 тоот тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 болгон  өөрчилсөн. Уг тушаалыг ажилтан гардан аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.  /хх-ийн 13-15, 28/ 

 

Нэхэмжлэгч С.Бүжинлхам нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнд 3 сарын хугацаатайгаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажил олгогчийг төлөөлөн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зуржээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог. С.Бүжинлхамын анх байгуулсан гэрээний хугацаа сунгагдсанаас гадна 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хугацаагүй гэрээ байгуулсан, үндсэн ажилтан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Ажил олгогч нь нэгэнт гаргасан тушаалын үндэслэлээ залруулж болох хэдий ч хуулийн хүрээнд тушаалаа гаргах үүрэгтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтад нийцээгүйгээс гадна хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар  ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

 

Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож , гарын үсэг зурснаар бичгээр байгуулах гэрээг бүрэн байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэгэнт байгуулсан гэрээний заалтаа “..,ажил олгогч мэдээгүй, ажилтан өөрөө буруу нөхөж бичсэн байна” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч С.Бүжинлхамын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 ШҮҮГЧИД                                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                       Ш.ОЮУНХАНД