Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар магадлалтай, Б.Н-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод өрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ***,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан, Г овогт Б-н Н-.

Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзангийн Даваа гэх газарт хохирогч О.У-ыг зодож хамрын дээвэр яс, хамрын ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэг хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавиргыг хугалан олон тооны шарх гэмтлийг учруулж, өвтгөн шаналгаж онц хэрцгийгээр алсан,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хос мандал” караокед иргэн А.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Н-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жил хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б.Н-г хүний биед олон тооны шарх гэмтлийг учруулж, онц хэрцгийгээр санаатай алсан хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болсон шинжээчдийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг, энэ хэргийн гэрч В-т холбогдох анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол, бусад нотлох баримтуудыг харьцуулан үзвэл “Б.Н-, О.У-ын биед олон тооны шарх гэмтлийг учруулж, ...онц хэрцгийгээр санаатай алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийн онцлог нөхцөлд дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөлд байдалд хүргэж байна.

Хэдийгээр хүний биед олон тооны шарх гэмтэл учруулан өвтгөж шаналгаж алсан бол “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүндрүүлэн зүйлчилдэг шүүхийн жишиг практик байдаг боловч хүн амины ийм хүнд хэрэгт холбогдсон хүний эрх, хувь заяаг ялган дэнслэхдээ энэхүү хэвшмэл маягийн жишгийг зөв хэрэглэхийн тулд зөвхөн тухайн хэргийн нөхцөл байдал, хэргийн онцлог шинж, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг зайлшгүй харгалзан үзэж. “долоо хэмжиж нэг огтол гэдэг” зарчмаар тухайн хэргийн шинж, зүйлчлэлийг зөв, оновчтой тогтооход шүүхийн жинхэнэ мөн чанар, шүүгчийн хууль хэрэглээний ур чадвар оршино гэж үзэж байна. Гэтэл хоёр шатны шүүх Б.Н-д холбогдох хэргийн шинж, зүйлчлэлийг тогтоохдоо бидний давж заалдах болон энэхүү хяналтын гомдолд тэмдэглэсэн үндэслэлүүдийг огт харгалзан үзсэнгүй, ялангуяа амь хохирогч О.У-т учирсан гэмтэл болон амь хохирсон нь зөвхөн дан ганц Б.Н-гийн үйлдэлтэй холбоотой эсэх, орчны бусад хүмүүсийн үйлдэл болон гадны бусад хүчин зүйл /өөр бусдад зодуулсан, үүрсэн, ачсан, буулгасан, тээвэрлэсэн г.м/, хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдэл /биеэ хянах чадваргүй гүн согтсон/ нөлөөлсөн эсэх, хэрэв гүн согтоогүй байсан бол нүүрний гэмтлийн цус хоолой руу орж амьсгал бүтэлт болох байсан, эсэх, уг үйлдлийг хийхдээ зовоох, шаналгах зорилго агуулсан эсэхэд, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль ёсны үндэслэл бүхий үнэлгээ, дүгнэлт өгсөнгүй.“Олон тооны гэмтэл үүсгэсэн байна, ийм гэмтэлтэй юм чинь зовоосон шаналгасан байж таарна” гэж шүүх бүрэлдэхүүн төсөөлөн тухайн хэргийн онцлог нөхцөлийг үл харгалзан ерөнхийлөн дүгнэх маягаар зөвхөн прокуроын хэт яллах талыг барьсан дүгнэлтэд хөтлөгдөн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтоосон гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:

1. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны ...626 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Энхцолмонгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.В-ыг амь хохирогч О.У-ын эрүүл мэндэд “ ..хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны хоёр хажуугийн хана нөмөрцөг яс, зүүн нүдний ухархай дотор хана, доод хана, баруун нүдний ухархай дотор хана доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял шийтгэл оногдуулсан байдаг.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 600 дугаартай тогтоолд: Б.Н-г дээрх В.В-ийн үйлдэлтэй холбоотой хөнгөн гэмтлээс үүссэн шархны цус амьсгалын зам руу сорогдон орж амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6 ,8, ,9 ,10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7 11, 12 дугаар хавиргыг хугалан хүний биед олон тооны шарх гэмтлийг учруулж, ... онц хэрцгийгээр санаатай алсан гэм буруутай д тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан.

Хохирогч О.У-т гэмтэл хохирол учруулсан гэх шүүгдэгч Б.Н-, В.В- нарт холбогдох шүүхийн энэхүү хоёр тогтоол, түүний үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг харьцуулан үзвэл Б.Н-гийн гэм бурууг хүндрүүлэх үндэслэл болох хохирогчийн нүүрний гэмтэл, хор уршиг нь зөвхөн түүний үйлдлээс биш, шүүгдэгч В.В-ын үйлдэл холбогдлоос эхлэлтэй,. түүний учруулсан гэмтлүүдийг оруулан дүгнэсэн атлаа хохирогч О.У-т олон тооны шарх гэмтлийг учруулж, ..шаналгаж онц хэрцгийгээр...алсан гэж Б.Н-гийн үйлдэл холбогдлыг хүндрүүлэн зүйлчилсэн байдаг.

Ийнхүү Н-д холбогдох хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болсон хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийн заримыг өөр этгээд учруулсан болохыг шүүхийн тогтоолд дүгнэлгүй орхигдуулсан нь ЭХХШТ хуулийн 36 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “. шүүхийн шийдвэр тодорхой байх" шаардлагад нийцээгүй. Хохирогчид учирсан бүх гэмтэлд шүүгдэгч Б.Н-г ганцааранг хамаатуулж, прокурорын үндэслэл муутай яллах дүгнэлтэд хөтлөгдөн яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

Шүүхийн дээрх хоёр шийтгэх тогтоолыг харьцуулан хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогч О.У-ын биед “учирсан өвчүү, хавирга"-ны хүндэвтэр гэмтлийг Б.Н-, нүүрний хөнгөн гэмтлийг В.В- тус тус учруулсан нь тогтоогддог. В.В-ын учруулсан хөнгөн гэмтэл дээр Б.Н- нэрмээс өгч хохирогчийн нүүр рүү цохисноос В.В-ын түүнд учруулсан өмнөх шарх нь сэдэрч өөрийгөө хамгаалах чадваргүй, гүн согтсон хохирогч О.У-ын амьсгалын зам руу нь цус сорогдон орсноос амьсгал бүтэлтийн хүнд гэмтэл авч амь эрсдсэн үйл баримт тогтоогддог. /Долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлт/.

Үүнээс үзэхэд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр нь шууд бус санаатай байдаг. Шууд бус санаатайгаар бусдыг алсан хэргийг онц харгис хэрцгийгээр алсан гэж хүндрүүлэн зуйлчилсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

2. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хохирогч О.У-ыг хүнд зэргийн согтолттой, хүндэвтэр гэмтэлтэй, бараг осголтын байдалтай, ухаангүй шахам байхад нь түүнд тусламж үзүүлж отог руу нь аваачихаар шүүгдэгч Б.Н-гаас гадна гэрч Б.О-, В.В- нар чирч гулдарсан, машинд тээвэрлэсэн, замд машин эвдэрснээс В.В- өргөсөн, үүрсэн, өргөж буулгасан, шарилыг юмаар ороогоод Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас Сэлэнгэ Мандал сум хүртэл гэр бүл дотны хүмүүсийн оролцоогүйгээр машины тэвшин дээр олон хүн шахцалдуулан тээвэрлэн очсон нөхцөл байдал тогтоогддог. Ийнхүү өмнө шөнийнх нь 01-03 цагийн үед уусан архи нь гараагүй, халамцуу, согтуу залуучуудын санаатай болон болгоомжгүй үйлдлээс түүний өвчүү, хавирга амьд ахуйд нь хугарах болон бусад хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд учирсан байхыг үгүйсгэхээр нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл хохирогчийн биед үүссэн гэмтлийг зөвхөн шүүгдэгч Б.Н-гийн санаатай үйлдлээс хамааралтай мэт дүгнэж, хэргийг хундрүүлэн зүйлчилсэн шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт буруу болсон.

Хэргийн нөхцөл байдал ийм байхад ЭХХШТ хуулийн 15.1 дугаар зүйлийн 2

дахь хэсэг заасан үндэслэл, заалтыг хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил мөн. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1

дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хүнийг алах" гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутай д тооцох ..үндэслэлтэй байна “гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Шүүх Б.Н-гийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн

6.5 дугаар зүйлийн 1.1, 1 4-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Н- нь хохирогч У-ыг согтуугаар осгох, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж отогт нь буцаахаар очсон болохоос маргаан үүсгэх, зодоон хийх зорилго агуулаагүй байдаг. Гэтэл хохирогч Н-, Сүхбат нарын отог руу нь буцаах гэсэн шаардлагыг биелүүлээгүйгээс маргаан, зодоон үүсэж, түүнээс улбаатайгаар хүний амь нас эрсддэг.

Хохирогч О.У-ын амь нас эрсдэхэд түүний өөрийнх нь зүй бус үйлдэл нөлөөлсөн, тухайлбал, шөнө оройн цаг /шөнийн 01, 02 цагийн орчим/- аар талийгаач архи их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн, маргааш өглөө нь архи нэмж ууснаас ходоодны агууламжид 3.4 промилл, цусанд 3.2 промилл спиртийн агууламж бүхий гүн согтолттой биеэ авч явах чадваргүй болсон, өмнө шөнө нь В-т шөийн 2 цагийн орчимд зодуулахад хориглохоор очсон шүүгдэгч Б.Н-гийн чихийг хазсан, В-т зодуулсандаа шаралхаж согтуурхан өвлийн хүйтнээр өглөө эрт отгоос ганцаар явсан, отог руу буцаах гэсэн шүүгдэгч Б.Н-, гэрч Б.Сүхбат нарын шаардлагыг үл биелүүлж маргаан, зодоон үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг түүний зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг.

Шүүх хэргийн зүйлчлэлийг тогтоох, Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан нөхцөлийг огт харгалзан үзээгүй. Хохирогч О.У-, В В-ын үүрч явах агшинд амьсгал бүтэлтэд орж нас барсан байдаг. Үүрч явах үедээ доош, хажуу тийш нь биш, дээш харуулж тавьснаас нүүрний гэмтлээс үүссэн цус амьсгалын замд сорогдон орсноос амьсгал бүтэлтэд орсон нь тогтоогддог. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд “...талийгаачийн ходоодны агууламж дахь 3.4 промилл, цусанд 3.2 промилл спиртийн агууламж үхэлд нөлөөлөхгүй." гэсэн нь хохирогч гүн согтсон, үүний улмаас түүний амьсгалын замд цус орсноос үүдсэн амьсгал бүтэлт үүсэж үхэлд хүрсэн нь шүүгдэгч Н-гийн гэм буруугаас гадна хохирогч өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй болтлоо хэт согтсон, энэ нь түүний үхэлд зохих байдлаар нөлөөлснийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Үүнийг шүүх хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл шүүх энэ байдалд ямар ч үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Шинжээч эмч М.Энхбаяр талийгаачийн амьсгал бүтэлтэд орж нас барсан талаар: “...талийгаач нь амьсгал бүтэлтэд ороход хүртэл цус алдаж байгаагаа мэдэхгүй ухаангүй согтуу ... нөхцөлд л үүсэх бөгөөд дээрх гэмтлийг аваад хэрэв ухаан санаа нь эрүүл, биеэ авч явах чадвартай байсан бол амьд үлдэх магадлалтай байсан гэж үзэж байна. Талийгаачийн ходоод болон цуснаас илэрсэн спиртийн агууламж нь орчиндоо харьцаагүй болох хэмжээний хүнд зэргийн согтолтод хамаарна гэж үзэж байна.” гэж мэдүүлсэн нь талийгаачийн үхэлд хүрсэн шалтгааныг илэрхийлэх үндэслэл бүхий нотлох баримт мөн.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт ч хуулийн үндэслэлгүй болсныг илэрхийлж байна.

4.Шүүгдэгч Б.Н- хохирогчийг зодсон гэх үйлдлийг гэрчилсэн цорын ганц гэрч Б.Сүхбатын мэдүүлэг хууль ёсны, үнэн зөв нотлох баримт болохгүй гэж үзнэ. Учир нь Б.Н- /2018.9.13/ мэдүүлэгтээ: "...хамт байсан Сүхбат: “...талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсныг санаж байна.” гэж мэдүүлсний зэрэгцээ гэрч Сүхбат /2018.1.1/ мэдүүлэгтээ: “...Нямка надад .чи Ууганаа ахыг осгочихсон байсан гэж хэлээрэй, намайг алсан гэж битгий хэлээрэй, чи энэ хэргийг даачих.” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд тэд хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, дээрх нөхцөл байдлаас үндэслэн гэрч Б.Сүхбат, Б.Н-д өширхөх, өөрөө хэрэгт холбогдохоос зайлсхийх зорилгоор гэрч Сүхбат нь Н-гийн эсрэг эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлэг өгөх үндэслэл бүрдсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын асуудал шийдвэрлэхдээ харгалзан үзсэнгүй.

Ийнхүү Б.Н-д холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлсэн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох зарчим"-д нийцүүлэн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаарх эргэлзээтэй асуудлуудыг зөв тайлбарлан хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" тухай хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” тухай шударга ёсны зарчмыг тус тус үндэслэн “Б.Н- нь ...хохирогч О.У-ын биед олон тооны шарх гэмтлийг учруулж, ...онц хэрцгийгээр санаатай алсан” гэх үйлдэл холбогдол бүхий хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зөвтгөж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Н- гаргасан гомдолдоо “...Миний бие хэргийн зүйлчлэлтэй хэд хэд шалтгаанаар санал нийлэхгүй байна.

1. Амь хохирогч У-ыг согтуугаар осгож, араатан амьтанд бариулж амь насаа алдах эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, отог руу нь буцаахаар араас нь очсон. Би маргаан үүсгэх, зодоон хийх зорилго агуулаагүй.

2. Хэрэг болсон өдрийн маргааш Сүхбат бид 2 байцаалтад бие биенээ хамгаалж өгөх талаар хоорондоо зөвшилцөж, тохиролцсон. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Бүгдийг нь үнэнээр хэлэх ёстой байснаа чин сэтгэлээсээ ухаарсан. Би талийгаачийг 3 удаа цохисон. Харин Сүхбатыг алаад хаячихая гээд талийгаачийг дээрээс нь зодож, өшиглөж байхыг санаж байгаа талаар байцаалтын явцад хэлсэн боловч төдийлөн ач холбогдол өгөөгүй.

3. Талийгаачийн цогцсыг хэрэг болсны маргааш нь Зил 131 авто машинд ачиж дээрээс нь олон тооны ачаа ачиж, мөн 20 гаран хүн дээрээс нь сууж явсан. Энэ үеэр талийгаачийн цогцост олон тооны шарх гэмтэл учирсан байж болно.

4. Мөн В-ын хохирол, гэм бурууг дахин надад хавсруулж оногдуулж байна.

5. Шинжээч эмч М.Энхцолмон шүүхийн мэдүүлэгт хэлэхдээ амь хохирогч нь хамар яснаас нь цус гараад уушгинд орсны улмаас нас барсан. Шууд үхэлд хүрэх гэмтэл аваагүй. ...амьсгал бүтэлтэд орсон хүн 5-6 минутын дараа нас барах боломжтой. Талийгаач урьд өдөр нь бас дээрх хамрын хугарлын гэмлийг авсан байж болно. Гэх мэдүүлэг байдаг.

6. Мөн намайг өргөж босгохоор хөл дээрээ тогтож чадахгүй уначихаад байсан гэж миний согтолтыг хэлдэг. Ийм хэмжээний согтуу хүн хүүе гэхийн завдалгүй талийгаачийг тийм болтол нь зодсон гэж мэдүүлдэг.

Би талийгаачийг 3 удаа л цохисон. Иймд хүнийг онц харгис хэрцгийгээр тарчлаан зовоож алсан гэх хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байх тул шүүх бүрэлдэхүүн та бүхэн надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шүүж, ялыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Хэргийн үйл баримтыг гэрчлэн мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг хоорондоо уялдаа холбоотой бөгөөд цаг хугацааг тогтоож өгсөн. Шүүгдэгчийн үйлдлээс болж амь хохирогчид олон тооны гэмтэл учирсан ба улмаар талийгаачийн хамар, нүдний ухархайн хугарлуудаас цус алдаж амьсгалын замд орж нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаачийн баруун болон зүүн 10 хавирга хугарсан, нүүрийг нь танихын аргагүй болтол зодож, олон тооны гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоосон учир хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн  Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.У-ыг зодож, биед нь олон тооны шарх гэмтлийг учруулж, өвтгөн шаналгаж онц хэрцгийгээр алсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн А.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож Б.Н-гийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд 12 жил 1 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.   

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...хохирогч О.У-ын биед олон тооны шарх гэмтлийг учруулж, онц хэрцгийгээр санаатай алсан гэх үйлдэл холбогдол бүхий хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зөвтгөж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

                                  ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                     Б.ЦОГТ

                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН