Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 188/2016/0063/Э |
Дугаар | 125 |
Огноо | 2017-02-21 |
Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
Улсын яллагч | Б.Жаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 125
О.Батхүү, Б.Даваадорж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Жаргал,
Ялтан О.Батхүү,
Ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Батхүү, Б.Даваадорж нарт холбогдох 2016 2602 1893 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Онолбатын Батхүү, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, 24 дүгээр байрны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 7б байрны 58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ФЦА92081531/,
2. Хонин онход овгийн Баянмөнхийн Даваадорж, 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монланд дриллинг” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, 24 дүгээр байрны 67 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Очир хотхоны 804 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РЖ92082411/,
О.Батхүү, Б.Даваадорж нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Айзам” караокед үйлчлүүлсэн тооцоогоо хийхгүй явахын тулд Ц.Давааням, Д.Хүнбиш, А.Алтанзул нарыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож Ц.Давааням, А.Алтанзул нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Даваадорж, О.Батхүү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Батхүү, Б.Даваадорж нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар О.Батхүүд 3 жил 1 сар, Б.Даваадоржид 3 жил 3 сар хорих ял тус тус шийтгэж, О.Батхүү, Б.Даваадорж нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, О.Батхүү хохирогч Б.Алтанзулд 1.175.000 төгрөг, Б.Даваадорж хохирогч Ц.Даваанямд 300.000 төгрөг тус тус төлсөн, нэр бүхий шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ц.Давааням, Б.Хүнбиш нараас өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Даваадоржийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, О.Батхүүд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Даваадорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хууль бус, болчимгүй үйлдлээс болж эд хөдөлмөрлөж, ажиллах насан дээрээ эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байгаадаа маш их гэмшиж, өөртөө дүгнэлт хийж сууж байна. Би хэрэгт холбогдохоос өмнө “Монланд дриллинг” ХХК-д засварчнаар 2013 оноос хойш тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд одоо ч гэсэн тухайн байгууллагад ажиллах хүсэлтэй байна. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон болно. Иймд эрхэм шүүгч та бүхэн миний хувийн байдал болон хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, энэрэнгүй ёсны үүднээс надад 1 удаа боломж олгож, оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Б.Даваадоржийн зүгээс хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн Б.Даваадорж нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн “энэрэнгүй ёсны зарчим”-ын үүднээс түүнд оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж хянан харгалзахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Ялтан О.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлж ярих зүйл байхгүй. Б.Даваадорж бид хоёр нэг ангийн хүүхэд. Тэр өдөр манай ангийн хүүхэд Эрдэнэтээс ирээд уулзсан юм...” гэв.
Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Батхүү, Б.Даваадорж нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Ялтан Б.Даваадорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.725.000 төгрөгийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
О.Батхүү, Б.Даваадорж нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Айзам” караокед үйлчлүүлсэн тооцоогоо хийхгүй явахын тулд Ц.Давааням, Д.Хүнбиш, А.Алтанзул нарыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож Ц.Давааням, А.Алтанзул нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Даваанямын “... Эхнэр бид хоёр ажилчдын өрөөнд хоол идээд сууж байсан чинь караокений зааланд хүн чанга дугараад байхаар нь гараад харсан чинь танихгүй, хоёр согтуу эрэгтэй хүн манай зөөгч рүү хэрэлдээд, маргалдаад байсан. Би тэр хоёр залууд “одоо боль” гэж хэлсэн чинь над руу дайраад “чи яг юу нь юм бэ” гээд байсан. Би тэр хоёр залууг огт цохиж, зодоогүй. Харин тэр хоёр залуу миний хүзүүнээс боогоод, толгойноос барьж байгаад хаалга мөргүүлсэн. Над руу дайраад байсан хоёр залуугийн нэг залуу нь манай эхнэр, зөөгч хоёрыг караокений үүдэнд цохиж, зодчихоод зугтаагаад гараад явсан. ... над руу дайрч байсан хоёр залуугийн футволк, шорттой залуу нь надад гэмтэл учруулсан. Тэр залуу миний зүүн хацар, баруун мөр хэсгээс хазаад, хуруугаа чих рүү хийж татаад, толгой руу цохиод байсан. Нөгөө залуу нь намайг цохисон боловч учирсан гэмтэл байхгүй ...” /хх 11-13/,
Хохирогч Б.Алтанзулын “... цагаан өнгийн футволктой туранхай, жижиг биетэй залуу нь намайг текен дээр сууж байхад ирээд казакаар яриад байсан. Би тэр залууд “чиний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна, монголоор ярь” гэж хэлсэн чинь “4 ширхэг пиво өгчих, ойлгохгүй байна уу” гэсэн. Тэгээд ширээн дээр нь 4 шил пиво аваад очсон чинь хамт байсан эмэгтэй нь 2 шилийг нь буцаагаад 2 шил пиво авч үлдсэн. Би тэр 2 шил пивийг буцаагаад авч явах замдаа 1 шил пиво унагаагаад хагалсан. Тэгээд үлдсэн 1 шил пивийг хураагаад тэр залуучуудын ширээн дээрээс микрофоныг нь аваад нөгөө ширээн дээр сууж байсан хүмүүст аваачиж өгөөд, хагалсан пивийг цэвэрлэж байхад надтай казакаар яриад байсан залуу “нэг дуу тавиад өгчих” гэж хэлсэн. Би тэр залууд “энэ хүмүүс 3 дуугаа дуулчихаад танай ширээний дуулах ээлж ирнэ” гэж хэлтэл тэр залуу “юун сүртэй юм, энэ хүмүүс дуугаа хайж байх үед 1 дуу тавиад өгчих” гээд байхаар нь би “болохгүй ээ, дарааллаараа явахгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу бухимдаад над руу дайраад “чи зөөгч байж бид нарт үйлчилсэнгүй, чи өөрөө пиво унагаж хагалчихаад бид нар луу уурлаад байх юм, ийм үйлчилгээтэй газар бид нар уусан юмныхаа тооцоог хийхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд над руу дайраад чанга, чанга дугараад байсан. ... Тэгтэл надтай казакаар яриад байсан залуутай хамт явж байсан футволк, шорт өмссөн залуу гэнэт Ц.Давааням ах руу дайраад доромжлоод, толгой руу нь цохиод байсан. Д.Хүнбиш эгч бид хоёр тэр залуучуудыг салгах гээд дундуур нь орсон чинь казакаар яриад байсан залуу бид хоёр луу цохиод байсан. Тэгээд тэр залуу гараад зугтаачихсан. Ц.Давааням ахыг цохиж, зодоод байсан залуу гарч зугтах гээд байсан боловч Ц.Давааням ах урдаас нь холдолгүй цохиулаад, гаргахгүй байсан ...” /хх 13-16/,
Хохирогч Д.Хүнбишийн “... Нөхөр бид хоёр гараад очсон чинь гадаа үүдэнд бие засах гээд зогсож байсан залуу хамт явж байсан найзуудтайгаа хамт манай зөөгч Б.Алтанзултай хэрэлдээд, дайраад байсан. ... Б.Алтанзулыг цохих гээд байхаар нь нөхөр бид хоёр “болиоч” гэж хэлсэн чинь нөхөр бид хоёрыг цохих гээд дайраад байсан. Нэг залуу нь манай нөхрийг багалзуурдаж түлхээд хаалганы шил хагалсан. Тэр хоёр залуу манай нөхрийн хоёр талаас дайраад, зууралдаад, хэл амаар доромжлоод байсан. Тэр намхан туранхай биетэй залуу Б.Алтанзул бид хоёрыг үсдэж дараад, хагарсан шилэн дээр дарж унагаагаад гараад зугтсан ...” /хх 54-56/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Б.Алтанзулын биед “... тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн сарвуу, 2 дугаар хуруунд өнгөц зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлээр, зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 8581 тоот дүгнэлт /хх 22-23/,
Хохирогч Ц.Даваанямын биед “... тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөр, зүүн бугуй, баруун тохой, баруун чихний сувагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 8579 тоот дүгнэлт /хх 24-25/,
Эд мөрийн баримт /хх 57/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 58-59/, дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 60-63/, ялтан О.Батхүүгийн хохиролд 1.175.000 төгрөг төлсөн баримт /хх 117/, ялтан Б.Даваадоржийн хохиролд 300.000, 1.725.000 төгрөг тус тус төлсөн баримт /хх 118, 144/, ялтан О.Батхүү, Б.Даваадорж нарын сэжигтэн, яллагдагч болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
О.Батхүү, Б.Даваадорж нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс ялтан О.Батхүү, Б.Даваадорж нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, О.Батхүүд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ялтан О.Батхүү, Б.Даваадорж нарын гэм бурууд ял шийтгэл тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ялтан Б.Даваадорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.725.000 төгрөгийг хохирогч Ц.Давааням, Б.Алтанзул, Д.Хүнбиш нарт төлсөн болох нь бичгийн баримтаар нотлогдож байна. /хх 144/
Б.Даваадорж нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Давааням, Б.Алтанзул, Д.Хүнбиш нарын давж заалдах шатны шүүхэд “…Б.Даваадоржоос хохирол төлбөрт 1.725.000 төгрөг хүлээн авлаа, түүний үйлдэл холбогдолд гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гэм хорыг арилгасан болно …” гэсэн хүсэлт, мөн шүүх хуралдаанд оролцсон прокуророос “... Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй ...” гэсэн тайлбар, дүгнэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын “…оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Баянмөнхийн Даваадоржид оногдуулсан 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Даваадоржийг нэн даруй сулласугай.
3. Б.Даваадорж гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.025.000 төгрөг төлсөн, 32 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ