Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0274

 

Ц.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0209 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Т.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Л-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0209 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Л-гээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн хавсралтын 52 дугаар хэсэгт заасан Б.А-д холбогдох хэсгээс 147.71 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56 дугаар хэсэгт заасан Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор” тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Т.Б-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, харин 17 дугаар хороонд гаргасан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн газрын албаны архивын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон. Мөн уг дэвтэрт бүртгэгдсэнээр нэхэмжлэгч нь тухайн хүсэлтэд хавсаргасан баримтуудаа буцаан авснаар захиргааны байгууллага хүсэлтийг хаасан байна. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч нь тухайн хүсэлтээ буцааж аваагүй, үнэхээр 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргаж байхад захиргааны байгууллага түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан бол сүүлийн хүсэлт болох 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан маргах боломжтой байтал тэрээр маргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2014 оны газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш 3 жил гаруй хугацааны дараа 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 17 дугаар хороонд гаргасан хүсэлтээ буцаасан хаалт хийгдсэн учир захиргааны байгууллага Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Ц.Л-гээс газар эзэмших хүсэлт гаргасан гэж мэдэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан захиргааны байгууллагатай маргаагүй, хуулийн дагуу хүсэлтээ гаргаагүй, түүний эрх зөрчигдөх үндэслэл бүрдээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, мөн захиргааны байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй “Монсөрвэй” ХХК-аар хийлгэсэн кадастрын зурагт үндэслэн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсгэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль ёсны захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээд Т.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Л шүүхэд “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/479, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дүгээр захирамжийн Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн Б.А нарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах”[1] гэж тодруулжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжаар[2] гуравдагч этгээд Б.М-д, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар[3] гуравдагч этгээд Б.А-д тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Яргайтын богино” гэх газарт 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000581767[4], 000602085[5] дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байна.

Улмаар хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А/754 дүгээр захирамжаар[6] Б.А-ын дээрх газрыг гуравдагч этгээд Т.Б-д шилжүүлсэн байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/854 дүгээр[7] албан бичиг, түүний хавсралт зургаас үзэхэд нэхэмжлэгчийн олон жил амьдарсан гэх газар нь Б.М-ы нэгж талбарын 18641324941810 дугаартай газартай давхцалгүй харин Б.А-ын нэгж талбарын 18641324957782 дугаартай газартай тодорхой хэсэг буюу 147.71 м.кв газар давхцалтай болох нь тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын зусланд Дээд шүүхийн зуслан байх үеэс сахиулаар мал маллан өнөөдрийг хүртэл амьдарсан. Уг газраа зуслангийн зориулалтаар эзэмших хүсэлтээ удаа дараа өгсөөр байхад өөр хүмүүст тухайн газрыг эзэмшүүлсэн” гэж тайлбарлан маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулиар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Анхан шатны шүүхээс “...2013 онд нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлт өгөх үед нь уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан байх тул газар эзэмших хүсэлтийг түрүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийж Ц.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/699 дүгээр захирамжийн Б.А-д эзэмшүүлсэн 700 м.кв газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан газартай 147.71 м.кв хэмжээгээр давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэж байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.А-д газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/699 дүгээр захирамж нь Т.Б-д тухайн газрыг шилжүүлсэн А/754 дүгээр захирамжаар хүчингүй болсон байхад шүүхээс нэгэнт хүчингүй болсон захирамжийн холбогдох хэсгийг дахин хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй төдийгүй шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрчээ.  

Зүй нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.Л-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1056 дугаар тогтоолоор шүүгч Б.Адъяасүрэнд шилжүүлсэн байх бөгөөд шүүгч Б.Адъяасүрэнгээс шүүгч Л.Өлзийжаргалд шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байхгүй байхад уг хэргийг шүүгч Л.Өлзийжаргал хянан шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээд Т.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 2-206 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-24 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-19 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-60 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-54 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-74 хуудас

[7] Хавтаст хэрэг 2-84 хуудас