Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0291

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд Б.Б-ын эрх залгамжлагч Б.М, гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Т.М-гийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Б-ын эрх залгамжлагч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Г-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Т.М-гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-ын эрх залгамжлагч Б.М давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай тогтоолоор “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, бэлхэд Д.Буудайхүү, Н.Сандуйжав, Б.Түвшинтөгс, Б.Уранчимэг, Б.Б нарын 5 иргэнд тус бүрд нь 400 м.кв зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ. Улмаар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжаар С.Ц-д, С.Ц нь 2016 оны А/263 дугаар захирамжаар Т.М-д тус тус шилжүүлсэн байна...” гэж дүгнээд хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж холбогдох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гээд, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Миний эцэг Б.Б нь газар эзэмших хүсэлтээ албан ёсоор тавьж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар газраа баталгаажуулж авсан болох нь хэрэгт авагдсан  Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын материалаар тогтоогддог. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх боловч нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу өргөдөл хүсэлт гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ байгуулаагүй байдаг төдийгүй иргэн С.Г-д хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон тухай баримтууд газрын албаны архивт байхгүй байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч С.Г нь хэн гэж хүний, ямар нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь тодорхойгүй байхад иргэн Б.Б-ын эзэмшиж байгаа газрыг нэхэмжлэгчид олгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн нөхцөл байдлууд байхаас гадна анхан шатны шүүх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаануудыг хийлгүйгээр зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр[1] захирамжаар Д.Б, гуравдагч этгээд Б.Б нарт тухайн дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Бэлх” гэх нэртэй газарт 400 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн  бөгөөд С.Г нь 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Б-тэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[2]-г байгуулж, улмаар түүнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар дээрх Д.Б-гийн газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн 0142457 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 дугаар захирамжаар[3] тус дүүрэгт байрлах “Бэлх” гэх газарт зуслангийн зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Б.Б-д эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар тус газрыг хариуцагчийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжаар[4] С.Ц-д, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар[5] захирамжаар Т.М-д тус тус шилжүүлсэн ба газар эзэмших эрхийн 0237974[6] дугаартай гэрчилгээг Б.Б-д, 000492042[7] дугаартай гэрчилгээг С.Ц-д, 000654143[8] дугаартай гэрчилгээг Т.М-д тус тус олгожээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшсэн газар нь байршлын хувьд бүрэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1554 дүгээр албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буюу Б.Б-ын газар эзэмших эрхийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжид гуравдагч этгээд Б.Б-ын нэр байгаа боловч гэрчилгээ авч, гэрээ байгуулж байгаагүй, байршлын хувьд хаана гэдэг нь тогтоогдохгүй, кадастрын зураггүй байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа 2008 онд дууссан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хэн аль тухайн газраа бодит байдлаар эзэмшиж байгаагүй болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдох бөгөөд гуравдагч этгээд Б.Б нь 2003 онд эзэмшсэн гэх газраа хуульд заасны дагуу эзэмшиж байгаагүй, кадастрын зураг байхгүй тул тухайн үед 400 м.кв газар хаана байрлаж байгааг шүүх тогтоох боломжгүй. 

Мөн хариуцагч 2009 оны 10 дугаар захирамжаараа Б.Будын 131 дүгээр захирамжаар эзэмшсэн газрын хэмжээг нэмэгдүүлсэн, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ С.Г-ын эзэмшил газартай давхцуулан 600 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Будад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Б.Майцэцэгийн “Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд газар эзэмших эрхтэй талаар дүгнэсэн байхад зөрчилтэй дүгнэлт хийсэн. ...Б.Б нь газар эзэмших хүсэлтээ албан ёсоор тавьж, ...газраа баталгаажуулж авсан болох нь хэрэгт авагдсан ...материалаар тогтоогддог.” гэж дурдсаныг хүлээн авахааргүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай тогтоолд “...нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд Б.Б нарт маргаж буй газрын эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, тэдний газрын хэмжээ ямар үндэслэлээр нэмэгдэж өөрчлөгдсөн ...талаарх баримтыг цуглуулахгүйгээр...” гэж дурдсан бөгөөд тухайн үед маргаж буй газар нь 700 м.кв байсан нь эдэлбэр газрын схем зурагт “нийт талбай 774 м.кв” гэж бичигдэж, газрын албанаас эргэлтийн цэгийг уг хэмжээгээр тогтоож өгснөөр нотлогдож байх тул гуравдагч этгээдийн “...дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийгээгүй...” гэх гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Б.М давж заалдах гомдолдоо “...С.Г нь хэн гэж хүний, ямар нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь тодорхойгүй, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон тухай баримтууд газрын албаны архивт байхгүй” гэж дурдсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, эдэлбэр газрын схем зураг, нэгж талбарын 18650323116489 дугаартай кадастрын зураг зэргээс үзвэл С.Г-ыг Д.Б-гийн 2003 оны 131 дүгээр захирамжаар эзэмшсэн газрыг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч С.Г нь тухайн маргаж буй газрыг түрүүлж эзэмших эрхтэй байх тул гуравдагч этгээд Т.М-гийн гаргасан бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны а/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан ба захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““захиргааны үйл ажиллагаа” гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан бол Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар хуульчилжээ.

Уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актын хувьд нэхэмжлэгч нь уг актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын аль нэгийг гаргах боломжтой бол хүчингүй болсон захиргааны актын хувьд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж болохоор байна.

Нэхэмжлэгч хэдийгээр гуравдагч этгээд Б.Б-д газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож шийдвэрлэхийг хүссэн ч уг захирамж нь 2014 оны А/138 дугаар захирамж гарснаар хүчингүй болсон бөгөөд нэгэнт хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй тул уг хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Т.М-н гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, гуравдагч этгээд Б.Б-ын эрх залгамжлагч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-118 хуудас

[2] Хавтаст хэрэг 2-206 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-237 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-58 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-60 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-74 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-70 хуудас

[8] Хавтаст хэрэг 1-86 хуудас