Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0053/З |
Дугаар | 209 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 209
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Я-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 3,155,748 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Б.Я миний бие 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсөж, улмаар тус сургуульд 2002 онд Олон улсын харилцааны магистрын зэрэг, 2006 онд АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотноо Аллиант олон улсын Их сургуульд олон улсын харилцааны магистрын зэргийг тус тус хамгаалсан ба 2000-2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Олон улсын харилцааны тэнхимд багш, 2009 оны 4 дүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албыг хашиж ирсэн. Анх уг албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдахад миний бие оролцож, 1-р байр эзлэн тэнцэж, улмаар төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хэлтсийн даргын албан тушаалыг хашсан хугацаанд үр дүнгийн гэрээгээ жил бүр “маш сайн” буюу “А” үнэлгээтэй дүгнүүлж ирсэн.
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 391 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт нэрээр Б.Я намайг төрийн албанаас буюу Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалаас шууд чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд хандсаны үр дүнд шүүхийн шийдвэр болон магадлалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг тус тус тогтоож, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 2015 10 сард яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, дотоод аудитын газарт эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад шалгаж, үнэлгээ хийх мэргэжилтнээр томилсон. Миний мэргэжил мэргэшил уг ажлын байранд тохирохгүй талаар, шүүхийн шийдвэрт заасан байгаа яамны Төрийн захиргааны удирдлагын газарт гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилуулах талаар мэдэгдээд, уг албан тушаалд байсан мэргэжлийн бус хүнийг өөр газарт шилжүүлэн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 468 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт олон талт хамтын ажиллагааны хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалаар гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон.
Дараа нь Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ТЗ-9-5 зэрэглэлээр (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан яамны тасгийн дарга, тэдгээртэй адилтгах албан тушаал) үндсэн цалинтай ажиллаж байсан.
Энэ хугацаанд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Монгол Улсын шадар сайд Ц.О гүйцэтгэж байсан. Энэ хооронд олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, Бүгд Найрамдах Солонгос Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн тендерийн маргаан Авлигатай тэмцэх газар, прокурорт шилжсэн, зогссон байсан. Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа цахим эрүүл мэнд төслийн асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт авлигын хэрэг үүссэн, зэрэг маш замбараагүй болсон байна гээд Төрийн захиргааны газарт буцаан нэгтгэж намайг гадаад хамтын ажиллагааг хариуцуулан ажиллуулсан. Эрүүл мэндийн яамны хувьд аж ахуйн нэгжүүдтэй маш олон маргаанд орж ялагдсан гээд Гадаад хамтын ажиллагааны алба, Хуулийн албыг зайлшгүй хамт байгуулах шаардлагатай болсон. Эрүүл мэнд, спортын сайд С.Л албан тушаалаа урвуулан Гадаад хамтын ажиллагааны алба байгуулсан мэтээр хариуцагч тайлбартаа бичжээ. Энэ үед Монгол улсын Шадар сайд энэ яамны сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Энэ тушаалаар хэлтэс, албадын дарга нарыг ямар нэг асуудлыг онцгойлон хариуцуулан хэлтсийн дарга бөгөөд ахлах мэргэжилтэн, албаны дарга бөгөөд ахлах мэргэжилтэн гэж томилсон байгаа.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Я намайг Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалаас чөлөөлж, хуульд заасан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал (уг тушаалыг гардуулж өгөөгүй болно) гарсныг миний бие эс зөвшөөрч буйгаа тухайн өдөр нь Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэж, улмаар Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг огт эрхлээгүй байгаа болно. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 42 дугаар тушаалын дагуу миний бие 2016 оны ээлжийн амралтаа 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эдлэхээр байсан ч “түр ажиллаж бай, байршлын тушаал гарах гэж байна. Мөн 11 дүгээр сарын 01-ний өдөр Австралийн элчин сайдын газарт чухал арга хэмжээтэй. Намайг амар гэхээр амраарай” гэж хэлсэн. Ингээд би ажиллаж байсан, 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг 17 цаг 42 минутад ажлаас гараад Гадаад хэргийн яам дээр ажлын шугамаар очсон. Манай хэлтсийн хүмүүс надад утсаар “тушаал уншчихлаа” гэж хэлсэн. Тушаал уншихад би байгаагүй, тушаалыг биечлэн танилцаагүй, тушаалыг гардуулж өгөөгүй, тушаалаа авъя гэхэд өгөөгүй. Ингээд 11 дүгээр сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн, ажлын 20 хоног амрах мэдэгдэл өгсөн, ээлжийн амралт 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан, 12 дугаар сарын 07-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн, эмнэлгийн лист, магадлагааг яаманд өгсөн болно.
Ажлаас чөлөөлж, буцаан ажлын байранд байршуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг шууд зөрчсөн. Албан тушаалтнуудыг эргэн байршуулахдаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасныг зөрчиж албан тушаал бууруулан томилсон нь үндэслэлгүй шийдвэр болсон.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах үндэслэл, нөхцлийн талаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ. 23.1.1-д “албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гэжээ. Энэ зүйлд заасан үндэслэл миний хувьд байхгүй, би эрхэлсэн ажлаа хангалтгүй биелүүлсэн, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин уг албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон явдал байхгүй. Харин ч миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарилгаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан байгаа. Нэгэнт үндэслэл байхгүй байхад албан тушаалыг минь бууруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус акт болсон.
Хэрэв намайг албан тушаал бууруулах үндэслэл байна гэж үзээд албан тушаал бууруулсан бол тушаалдаа тодорхой тусгах, мөн албан тушаалдаа тэнцэхгүй талаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр албан тушаал бууруулах ёстой байх. Энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх "төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг хууль тогтоомж...ийг зөрчихийг...хориглоно” гэсэн заалтыг, албан тушаал бууруулах болсон бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг Төрийн нарийн бичгийн дарга зөрчиж, Б.Я миний хууль ёсны эрх ашигт халдаж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Б.Х-г шууд томилсон. Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж болох боловч өөрчлөгдөх бүрт төрийн мэргэшсэн албан хаагчаа халж, солиод байхгүйн тулд дээрх заалт байдаг гэж ойлгодог.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар захиргааны байгууллага тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хуулийг зөв хэрэглэх ёстой. Гэтэл дээр тодорхой өгүүлсэнчлэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хууль, түүнчлэн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг бүхэлд нь илт зөрчсөн тушаал гаргасан. Түүнчлэн захиргааны байгууллага шийдвэр (тушаал) гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг давхар хэрэглэх учиртай гэж ойлгож байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг шууд зөрчсөн. Тодруулбал, намайг албан тушаал бууруулах болсон талаар тушаал гарахаас өмнө сонсгосон, тайлбар авсан зүйл байхгүй (Хэдийгээр ээлжийн амралтын тушаалтай байсан ч захиргааны зүгээс ажлын шаардлагаар намайг тэр үед ажиллуулж байсан). Ингэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогч (миний)-ийн эрхийг эдлүүлээгүй, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй.
Болж өнгөрсөн нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд Б.Я намайг аль ч намын гишүүн биш, намын нөлөө бүхий хүмүүсийн “шахалтын хүн биш” гэдгээр ялгаварлан гадуурхаж, мөн дотоод аудитын шалгалтаар гадаад улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилттэй хэд хэдэн төслийн үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэхэд ажил үүргийн дагуу оролцсон байдал нь Эрүүл мэндийн сайд А.Ц-т үл таалагдсаны улмаас Төрийн нарийн бичгийн даргыг шийдвэр гаргахад улс төрийн албан тушаалтны хувиар илтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр зүйлийн 07-ны өдрийн яамны бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан гаргасан тушаал (гардуулан өгч танилцуулаагүй тул дугаар, утга агуулгыг тодорхой сайн мэдэхгүй)-ыг илт хууль бус гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О-д өргөдлийг шилжүүлж “...өргөдөлд дурдсан асуудлыг Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд тайлбар ирүүлнэ үү” гэсэн 1255 тоот албан бичгийг хүргүүлсэнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэнд гомдолтой байна.
Шүүхэд Эрүүл мэндийн яамнаас Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн байсан, үүнийг зассан байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшил гэсэн хэсгийг хасаад мэргэжил, мэргэшил 2-ыг ялгахгүй мэргэжил гэдэг дээр нь олон улсын харилцаа гээд бичсэн, мэргэшил дээр нь өөр юм бичсэн байсан. Зассан ч гэсэн би энэ шаардлагуудыг бүгдийг хангаж байгаа. Ер нь бол мэргэжил, мэргэшил гэдгийг хэн нэгэн дураараа засаад тодорхойлдоггүй. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот тушаалаар үндэсний хэмжээнд бүх ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны тодорхойлолтыг баталсан байгаа. Монгол улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтод нийцүүлж өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөхийг зөвлөсөн. Энэ олон улсын стандарт болон үндэсний стандартаар батлагдсан нийтээр Монгол улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ийм тушаал, 600 гаруй хуудас ном байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайт дээр ч байгаа. Эрүүл мэндийн яам нь төрийн өмчийн, төрийн захиргааны төв байгууллага, хууль дээдлэх үүрэгтэй учир үүнийг баримтлах ёстой байсан.
Хүний ажил гэдэг нь нэгж ажлын байр буюу нэг хүний хийж гүйцэтгэх зорилт даалгавар, үүрэг хариуцлагын нэгдлийг хэлж байгаа. Нэгж буюу нэг хүн гэдэгт ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч аль аль нь орно. Ажлын байр гэдэгт албан тушаалыг хамруулж ойлгоно. Мэргэшил гээд хаалтад skills гэж тайлбарласан байна. Мэргэшил гэдэг нь тухайн төрлийн үйл ажиллагааны хүрээнд тодорхой даалгавар хариуцлагыг биелүүлэх ажилтны чадварыг хэлнэ. Энэхүү багцыг ажилтны мэргэшил буюу ур чадвар гэж томьёолж байна. Олон улсын боловсролын стандарт ангилалд дурдсанаар ажлын даалгавар, хариуцлагын биелүүлэхэд зайлшгүй чухал мэргэшлийг албан ёсны боловсролоор төдийгүй, албан бус сургалт, туршлага дадлагаар олох ёстой байдаг. Чухам ийм учир манай үндэсний ажил мэргэжил, ажлын байрны тодорхойлолтын 08-д аливаа ажилтны албан боловсрол, сургалтын төвшинд бус харин тодорхой даалгавар хариуцлагыг биелүүлэхийг шаардагдах мэргэшил, чадварт түшиглэх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр шинэчлэн засаад авчирсан эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндээр мэргэшсэн гэдэг ажлын байрных нь шинэчилсэн шаардлагыг ч мөн хангаж байгаа. Учир нь би яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлыг 5 жил 9 сар тасралтгүй хийсэн. Энэ ажлын байранд ажиллаж байж мэргэшсэн. Нийгмийн эрүүл мэндийн дэлхийн нэр хүндтэй сургуулиудад мэргэшсэн онц, сайн дүнтэй сертификатаа нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр би албан боловсролоор ч, ажлын байранд ч мэргэшил дадлага туршлагыг эзэмшсэн. Ер нь энэ хугацаанд би Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, гадаад харилцааны яаманд бүрэн танигдсан боловсон хүчин гэдгээ хаана ч хэлнэ. 2011 онд Монгол улсад дипломат алба үүссэний 100 жилийн ойгоор бүх яамдуудаас ажлаараа би нэгдүгээрт орон гадаад харилцааны яамны сайдын нэрэмжит шагнал хүртэж байсан. 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Үр дүнгийн гэрээг 94 гарантай үнэлүүлээд үр дүнгийн гэрээний урамшуулал гэж надад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,5 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгосон байгаа. Одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа дүрэм журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудасны үнэлгээгээр ажлаа хийж чадаж байгаа эсэхийг шийдэж байгаа учраас эрхэлсэн ажлаа хангалтгүй биелүүлсэн, хангаж чадахаа больсон зүйл байхгүй гэдгийг нотлоно.
Ажилгүй байсан хугацааны тухайд ээлжийн амралт, эмнэлгийн чөлөөний хугацаа дуусаад 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу цалинг бодсон. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг авч үзвэл 4,790,163 төгрөгөөс ээлжийн амралтын мөнгийг хасаад 3,654,074 төгрөгийн цалин 3 сард авсан. Нэг сарын цалин 1,218,024 төгрөг, нэг өдрийн цалин 55,364 төгрөг байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний хүртэл ажлын 57 өдөр, нийт 3,155,748 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж өгнө үү.
Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Я-г албан тушаал бууруулсан тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу цалинтай тэнцэх олговорыг нөхөн гаргуулж өгнө үү. ” гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх гэж шаардлагаа тодруулж байна. ” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Хариуцагч тайлбартаа Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор яамдын бүтцийг баталсан. Эрүүл мэндийн яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтэс байгаад татан буугдсан гэжээ. Гадаад хамтын ажиллагааны алба тус яаманд огт байгаагүй гэж хэлж болохгүй. Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга гэдэг орон тоонд нэхэмжлэгч 2009-2014 онд ажилласан, уг албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөөд шүүхээр эгүүлэн тогтоогдсон. Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад “яамдын сайд эрх хэмжээний хүрээнд хэлтэс, газрын дарга, мөн тасгийн дарга түүнтэй адилтгах албан тушаалыг бий болгон ажиллуулж болно” гэсэн байдаг. Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрийн нарийн бичгийн дарга Б/108 тоот тушаал гаргаад гадаад хамтын ажиллагааны албаны даргаар Б.Я-г томилсон байдаг. Засгийн газар хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтсийг татан буулгасан нь хууль бус буруу байж гэдэг чиглэл өгөөд бүх яамдууд 2007 оны 354 дүгээр тушаалыг баримтлан сайдууд өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд зарим нь хэлтэс, албыг байгуулсан. Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.О үүнийг байгуулах чиглэл өгөөд С.Л төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр энэ хүнийг уг албан тушаалд томилсон байгаа нь харагдаж байгаа. Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамыг Эрүүл мэндийн яам болгоод спортын чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн байдаг. Энэ тогтоолын дагуу баталсан шинэ бүтэц, зохион байгуулалтаар Гадаад хамтын ажиллагааны хэлтэс байгуулах шаардлага гарсан. Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар ажиллаж байсан Б.Я-г Б/75 тушаалаар яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргад томилоогүй, хариуцагч үүнийгээ хууль бус алба ажиллаж байсан учир хэлтсийн даргаар томилох ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан байгаа. Энэ хүний орон тоо нь албаны даргаас хэлтсийн дарга болон өөрчлөгдсөн нь ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар төрийн албан хаагчийн үр дүнг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглосон байхад энэ заалтыг зөрчөөд албан тушаал бууруулан томилсон.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэн байгаа. Гэтэл хариуцагчийн тайлбар дээр энэ хүн мэргэшлийн хувьд таарахгүй гээд байгаа. Үнэхээр мэргэшлийн хувьд энэ орон тоонд таарахгүй байсан юм бол мэргэшлийн хороо, комиссоор мэргэшил, ур чадварын үнэлгээ, үнэлэлт дүгнэлт гаргуулах ёстой байсан. Гэтэл салбар зөвлөл нь ийм зүйл гаргаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх эрх, үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар захиргааны байгууллагад байгаа. Үнэхээр энэ хүнийг мэргэшлийн хувьд таарахгүй гэж хэлтсийн даргын албан тушаалд тохирохгүй гэж үзэж байгаа бол бодит нөхцөл байдлыг тогтоох бүх шаардлагатай ажиллагааг хийх ёстой байсан, гэтэл хийгээгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэсэн байгаа. Гэтэл албан тушаал бууруулан томилохдоо сонсож, энэ талаар тайлбар аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагаа явагдах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангасан байна гэж заасан боловч энэ эрхийг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж заасан. Гэтэл Б.Я-г албан тушаал бууруулсан энэ тушаалаа өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, гардуулаагүй ба хавтаст хэрэгтэй танилцахдаа тушаалыг үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актад захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана” гэсэн заалтыг зөрчсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Я-г тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилж, цалин хөлсийг бууруулаагүй болно гэсэн байгаа. Гэтэл Б/74 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалт байхгүй. Тэгэхээр энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт нь илт хууль бус болно гэж байгаа. Б/75 дугаар тушаал дээр Б.Я-н зэрэг дэв байхгүй, цалин байхгүй. Тушаал дээр ажилтны зэрэг дэв, цалинг заасан байх ёстой. Гэтэл энэ тушаал нь бичигдээгүй алдаатай байна. Хамгийн гол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” өөрөөр хэлбэл Б.Я-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль ёсны үндэслэл байгаагүй.
Мөн хариуцагч хариу тайлбартаа Б.Я нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэж бичсэн байдаг. Б.Я 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ээлжийн амралттай байсан. А/95 дугаар тушаал гарсан гэдгийг өнөөдөр хүртэл мэдээгүй хавтаст хэрэгтэй танилцсаны үндсэн дээр мэдсэн.
Цалин бууруулаагүй гэдгээ хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/482 тоот албан бичгээр үгүйсгээд байна. Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Я нь 1,165,044 төгрөгийг цалинтай ажиллаж байсан гэж бичсэн байгаа. Эрх зүйн байдлыг дордуулсан. Тэгээд ч нэхэмжлэлийн шаардлагаар А/95 дугаар тушаал дээр маргаагүй. А/75 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Б.Я-г 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар яамны зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тоог Засгийн газар батлахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор яамдын бүтцийг баталжээ. Дээрх тогтоолын “е”-д Эрүүл мэнд, спортын яам нь Стратеги бодлого, төлөвлөлтийн газар /санхүү, эдийн засгийн хэлтэстэй/, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /нийгмийн даатгал эрүүл мэндийн хэлтэс, эмнэлгийн тусламжийн хэлтэс, эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэстэй/, Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартайгаар зохион байгуулсан.
Үүнээс үзвэл, "Гадаад хамтын ажиллагааны алба” тус яамны бүтцэд огт байгаагүй байна. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга /С.Л/ 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн А/107 тоот тушаалаар “Гадаад хамтын ажиллагааны алба”-ыг байгуулжээ. Дээрх шийдвэр нь Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна. Эрүүл мэнд, спортын яамны сайд асан С.Л эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар “Гадаад хамтын ажиллагааны алба”-ыг байгуулж, даргаар нь Б.Я-г томилон ажиллуулж байжээ.
Иймд Б.Я хууль бусаар байгуулагдсан “Гадаад хамтын ажиллагааны алба”-ны даргын албан тушаалд томилогдсон учир түүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал чөлөөлж бууруулсан гэж үзэх эрх зүйн боломжгүй байна.
Эрүүл мэнд, спортын яамны сайд нь Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг эдэлснээр хууль, Засгийн газрын тогтоол, бусад эрх зүйн актын биелэлтийг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нврийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар хуучнаар Эрүүл мэнд, спортын яамны “Гадаад хамтын ажиллагааны алба”-ны даргаас Б.Я-г чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны бүтэц өөрчлөгдөж, Эрүүл мэндийн яам мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан байна. Энэхүү шинэчилсэн бүтцийн өөрчлөлтөөр яамны Төрийн захиргааны удирдлагын газар дотор хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс ажиллахаар болсон нь яамны бүтэц, зохион байгуулалтын шинэ зохицуулалт гэж үзэж байна. Өмнөх тогтоолоор Гадаад хамтын ажиллагааны хэлтэс байгуулах талаар Засгийн газрын шийдвэр гарч байгаагүй болно. Ялангуяа гадаад хамтын ажиллагааны албаны талаарх тайлбарыг өмнөх “нэг" дэх хэсэгт тусгасан болно. Иймд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргыг сонгон томилох эрх Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн асуудал юм.
Нэхэмжлэгч Б.Я нь Төрийн албаны тухай хуулийн 27, 40 дүгээр зүйлд заасан албан тушаалыг хэвээр хадгалах болон мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг харгалзан албан тушаалд томилох асуудлыг хөндөн тайлбарласан байна. Энэ бол хууль журмын дагуу батлагдсан албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтанд хамаарагдах асуудал юм. Харин хууль зөрчиж, батлагдаагүй албан тушаалд ажилласан асуудлаас үүсэх үр дагаварт дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Яамдын зохион байгууллалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолыг хариуцагч байгууллага хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн үед орон тооны бүтцэд хамаарахгүйгээр Эрүүл мэнд, спортын яамны сайдын шийдвэрээр Б.Я-г “Гадаад хамтын ажиллагааны алба’’-ны даргын ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох эрх ажил олгогчид байсан юм. Энэ бодлогыг ажил олгогч бариагүйн дээр Б.Я-г “Гадаад хамтын ажиллагааны хэлтэс”-ийн “Олон талт хамтын ажиллагааны бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээр шилжүүлэн томилсныг тэмдэглэж байна.
Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яам дагнан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Яамны ажилтнуудын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөн эрүүл мэндийн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх шаардлага тавигдсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дугаартай “Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтэцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тогтоолыг гаргасан байна. Энэхүү тогтоолын 9-р хавсралтаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан. Тогтоолын 9-р хавсралтын 3-р зүйлийн 3.3.2-т зааснаар Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх чиг үүргийг тодорхойлон, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.
Ажлын байрны тодорхойлолтоор Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нь “Эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэнд”-ийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн ажиллах шаардлагатай болсон.
Б.Я нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэшээгүй тул тухайн ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзсэн. Иймд Б.Я-г төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал буюу Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаал эрхлэх шаардлага хангаагүй тул захиргааны санаачлагаар ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдпын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тулгуурлан Яамны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд үндэслэн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал, үндсэн цалингийн хэмжээ, нэмэгдлийг өөрчлөн баталсан. Энэ тушаалаар албан тушаал өөрчлөгдсөн нэр бүхий 8 албан тушаалтны цалин хөлсийг 6 сар бууруулахгүйгээр урьд тогтоосноор тооцож олгохоор шийдвэрлэсэн. Яамны бүтцийн орон тоо, албан тушаалын өөрчлөлтийн асуудал нэхэмжлэгч “Б.Я"-гаар хязгаарлагдаагүй, тус яамны нийт ажилтан, албан хаагчид хамрагдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, дахин томилогдсон болно.
Засгийн газраас явуулж буй бодлого, Яамны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны асуудлыг аль болох хохирол багатай, орон тооны цомхотголд олон хүнийг хамруулахгүй, цалин хөлсөөр хохироохгүй бодлого барьж ажилласны үр дүнд Б.Я орон тооны цомхотголд ороогүй, цалин, хөлсөөр хохироогүй гэж үзнэ. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ 95 дугаар тушаал хүчин төгөлдөр байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Б.Я-г Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Олон талт хамтын ажиллагааны бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилох болсон үндэслэл нь өмнөх яамны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн явдал юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага...өөрчлөн байгуулагдсан...” гэж зааснаар бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэж байна. Иймд бүтцийн өөрчлөлт орж шинээр байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар шаардлага хангасан мэргэжилтнийг томилсон юм.
Дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Я-г тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилж, цалин хөлсийг буруулаагүй болно. Б.Я Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/95 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Ээлжийн амралттай байх хугацаанд чөлөөлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 42 дугаар тушаалаар Б.Я нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай байсан боловч энэ хугацаандаа өөрөө ээлжийн амралтаа эдлээгүй. Нэхэмжлэгч Б.Я нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал албан үүргээ гүйцэтгэж байсан нь Эрүүл мэндийн яамны ажилтан Б.Я-н ажлын цагийн бүртгэлийн тайлан болон түүний “..Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс амрах ёстой байсан боловч амраагүй. 2016 оны 11-дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авсан..." гэх мэдүүлгээр давхар нотлогддог.
Дээрх үндэслэлээр ээлжийн амралтын хугацаанд нь Б.Я-г ажил, албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Я 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж үзнэ. Түүнд олгогдвол зохих 20 хоногоор амралтыг тооцож үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусч байна. Гэтэл ажилдаа орох тухай асуудлыг огт хөндөлгүй одоо хүртэл томилсон ажлаа хийхгүй явж ирлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Я Засгийн газрын баталсан бүтцэд байхгүй “Гадаад хамтын ажиллагааны алба”-ны даргын албан тушаалд дахин томилуулах шаардлага гаргах эрх зүйн боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 “өөр албан тушаалд томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх, энэ тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох” талаарх, 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох” заалтыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” заалтыг тус тус баримтлан яамдын бүтэц, зохион байгуулалтыг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03, 13 дугаар тогтоол, яамны бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/61 дүгээр тушаалыг үндэслэн Эрүүл мэнд, спортын яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн, Эрүүл мэндийн яам болон өөрчлөгдөн байгуулагдсантай холбогдуулан яамны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тушаалаар нэхэмжлэгч Б.Я нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Засгийн газрын бүтцэд ... Эрүүл мэндийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ажиллахаар тогтоосон, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа Эрүүл мэндийн яамыг 6 газартай, орон тооны хязгаарыг 100 байхаар, Төрийн захиргааны удирдлагын газрыг Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй байхаар тогтоожээ.
Дээрх шийдвэрээс өмнө тус яам нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам гэсэн бүтцээр, 101 орон тоогоор батлагдан ажиллаж байсан бөгөөд дээрх шийдвэрээр Эрүүл мэнд, спортын яамны “спортын” чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэгтгэсэн, тус яамны Гадаад хамтын ажиллагааны алба нь Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болж өөрчлөгдсөн ба нэгжийн дарга, 3 мэргэжилтний орон тоо хэвээр, өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, спортын яам өөрчлөн байгуулагдаж, спортын чиг үүрэг бүхий бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэгтгэсэн хэдий ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж, түүний чиг үүрэг, орон тоо хэвээр байх тул ийнхүү “өөр албан тушаалд томилогдон ажиллах болсон”, “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.
Ийнхүү чөлөөлсөн албан хаагчдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар албан тушаалд томилсны дотор Б.Я-г Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр албан тушаал бууруулан томилсон байх бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл байгаагүйн дээр албан тушаал бууруулан томилох, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзлээ.
Учир нь Эрүүл мэнд, спортын яам өөрчлөн байгуулагдаж Эрүүл мэндийн яам болсон ч шинээр батлагдсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан Гадаад хамтын ажиллагаа хариуцсан нэгж, нэгжийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” заалтыг баримталжээ.
Энэ заалтын төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдгийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаныг, энэ тохиолдолд тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдах нь төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлэхийг ойлгох бөгөөд Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэгтгэсэн байна.
Мөн энэ заалтын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд хоорондоо шилжин зохион байгуулагдсаныг хамааруулан ойлгох ба төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно.
Эрүүл мэнд, спортын яамнаас спортын салбарын чиг үүргийг тусгаарлан Эрүүл мэндийн яам болсон бөгөөд Төрийн захиргаа удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны чиг үүрэг бүхий Гадаад хамтын ажиллагааны алба нь хэлтэс болж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ч тухайн нэгжийн орон тоо, чиг үүрэг болон төрийн тухайн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хууль бусаар байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан тул яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан албаны даргаас чөлөөлж, ахлах мэргэжилтнээр томилсон” гэж тайлбарлах боловч энэ үндэслэлийг маргаан бүхий актад дурьдаагүй, мөн хууль бусаар Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилсон гэх Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулж буй Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилох, албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой зохицуулсан, тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2 “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох бөгөөд энэ үндэслэл бүрдээгүй, маргаан бүхий актад энэ заалтыг баримтлаагүй, энэ үндэслэлийн талаар талууд маргаагүй болно.
Түүнчлэн яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан албаны даргаас чөлөөлөгдсөн албан хаагчийг хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын тухайд:
Нэхэмжлэгч Б.Я нь 2009 онд Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдэн, тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн томилогдож, мөн хугацаанаас Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн, улмаар уг тушаалыг хүчингүй болгуулж, мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийгдэн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 468 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт олон талт хамтын ажиллагааны хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалаар гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл тэрээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэн 2009 оноос 2014 оныг дуустал тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан, бүтцийн өөрчлөлтөөр хэлтэс нь алба болж, тухайн нэгжийн даргаар ажиллаж байгаад алба нь дахин хэлтэс болон өөрчлөгдсөн байх тул түүнийг хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байжээ.
Иймд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл байгаагүйн дээр албан тушаал бууруулах, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Илт хууль бус акт гарсан цагаасаа үйлчлэлгүй, нэхэмжлэгч нь тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан, бүтцийн өөрчлөлтөөр хэлтэс нь алба болж, тухайн нэгжийн даргаар ажиллаж байгаад алба нь дахин хэлтэс болон өөрчлөгдсөн, зохион байгуулалтын бүтэц нь ийнхүү өөрчлөгдсөн ч тухайн нэгжийн орон тоо, чиг үүрэг болон төрийн тухайн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байх тул Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага мөн л үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Я нь Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар төсвийн шууд захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр 94.75 үнэлэгдсэн, хэрэгт авагдсан түүний мэргэжлийн болон мэргэшил дээшлүүлсэн диплом, сертификатуудаас үзэхэд шинэчлэгдэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан гэх (тухайн нэгж нь алба байх үед) Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах шаардлагын мэргэжил, мэргэшлийн шалгуурт нийцэж байна.
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 42 дугаар тушаалаар Б.Я нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай байсан боловч ажлын шаардлагаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал албан үүргээ гүйцэтгэж байсан нь ажлын цагийн бүртгэлийн тайлан, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн чөлөөтэй байсан болох нь гэрчийн мэдүүлэг, эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.
Тэрээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан хэмээн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэхэмжилсэн ба Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний цалингийн картад зааснаар тооцож үндсэн цалин 864.211 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 86.421 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 190.126 төгрөг, нэг сарын цалин 1.140.758 төгрөг, ажлын 22 хоногт хуваан нэг өдрийн цалин 51.852 төгрөг буюу ажилгүй байсан 2 сар 17 хоногийн цалин 3.163.000 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Я-с Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Б.Я-г Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 3.163.000 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА