| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 162/2019/0232/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 49
Р.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай магадлалтай, Р.Т-д холбогдох 1914 00000 0165 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Т болон түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Р.Т
Р.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Т эд Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар хасч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан гомдолдоо “...Улсын яллагч үйлдэгдсэн хэргийн хор уршигт тохирсон ял оногдуулсангүй. Согтуугаар гэмт хэргийг үйлдсэн гэж хуулийг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх /Гэр бүлийн хамаарал бүхий бичиг, үсэг мэдэхгүй хүний мэдүлгийг гэрч Ч.Хүчитбаатарын, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч Лувсанцэрэн тухайн үед юу болсон, авч явсан архиа хаана, хэнтэй, яаж ууснаа мэдэхгүй, хэргийн бодит үнэн мөн чанарыг ойлгох чадваргүй байсан этгээдийн мэдүүлэг/ зэргийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй хэрэгт холбогдсон жолоочийн согтуурлыг тогтоохдоо: 2016.4.25-ны А/138, А/131 Хууль зүйн сайд, ЭМСайд нарын хамтарсан тушаал: Жолооч согтууруулах ундаа, ... хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохдоо: Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан, эрүүл ахуйн шаардлага хангасан олон улсын жишигт хэрэглэж байгаа багаж хэрэгслийг /тандагч багаж, драйгер/ ашиглана.
1.6. Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын үед зөвхөн цусан дахь агууламжаар, амьсгал дахь спиртийн агууламжаар тус тус тогтоосноор согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсныг тогтоох ёстой атал дээрх тушаалд зааснаар архи, согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоогоогүй байж согтуурсан үедээ тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй, үргэлжлүүлсэн гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-г ноцтой зөрчиж прокурорын эсэргүүцэл бичсэн байхад давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь хуулийг буруу тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Архи хэрэглээгүй, эрүүл байсан, үнэртээгүй байсныг нотлох гэрч Хүүхэнтэв /хх 114/, Жаргалсайхан /хх 117/, Эрдэнэбаатар /хх 125/, Чулуунбаатар /хх 134/, Эрдмаа /хх 141/ мэдүүлгүүдээр тодорхой нотлогдоно. Аваар осол нь шүүгдэгч Р.Т машиндаа суугаад зугтах хөдөлгөөн хийж эхлэх үед талийгаач Төмөрбаатар гэрч Хүчитбаатарын дэргэдээс гүйх үед болсон, санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болно. Дайрах үйлдэл хийгээд л тээврийн хэрэгслээ зогсоогоод талийгаачийн толгойг түшээд эмнэлэг дуудахыг таарсан гэрчид хэлж, Хүчитбаатарыг машинаа эргүүлэн авч ирэхийг хэлснийг хавтаст хэрэгт баримтаар тогтоосон юм. Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хяналтын журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Т гаргасан гомдолдоо “... Талийгаач бид ах дүү бүл хүмүүс бөгөөд талийгаачийн ар гэр, үр хүүхдэд байнгын тусалж дэмжиж харж явахаа илэрхийлсэн. Энэ үйлдэлдээ гэмшсээр байгаа болно. Миний бие дахин ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй байж чадна, гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийн ажиллаж амьдрах болно. Миний бие эхнэр, 0-18 насны 4 хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй жирийн нэгэн гэрийн тэргүүний амьдрал ахуйгаа болгоод л явж байгаа иргэн хүн. Иймд хуулийн энэрэнгүй, шударга ёсны зарчмыг удирдлага болгон миний үйлдсэн хэрэгт өршөөл үзүүлж Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Р.Т-д холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан зүйл хэсгийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Нэгдүгээрт, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй, хоёрдугаарт, Р.Т-д ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирохгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамласан гэж бичигдсэн боловч тэнссэн гэсэн шийдвэр уншигдахгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Т болон түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гомдлуудыг үндэслэн Р.Т эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Р.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-56 БНА улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр Б.Төмөрбаатарыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Р.Т-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэхдээ шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хангалттай нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан гэх дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг гарснаас хойш удаан хугацааны дараа зохих байгууллагад мэдэгдсэн буруутай үйл ажиллагааны улмаас түүний согтуурлын хэмжээг тогтоох боломжгүй болсон хэдий ч хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.Хүчитбаатарын “... Р.Т-тэй тэр 2 архи уугаад байж байсан бөгөөд 1 шил Ерөөл нэртэй 0.5-тай цагаан архийг уугаад дуусгасан. ... Ингээд машин явж байхад Лувсанцэрэн нь машинд суухдаа авч суусан архиа жолооч Р.Т-д өгч болон өөрөө шилээр нь уугаад явж байсан. ...” /1хх 71-77/, гэрч Л.Лувсанцэрэнгийн “... Р.Т ахтай 1 шил архи задалж уусан. ...” /1хх 104-108/ зэрэг мэдүүлгүүд нь шүүгдэгч Р.Т ийг согтууруулах ундааны зүйл болох архи хэрэглэсэн болохыг нотлон харуулахын зэрэгцээ Р.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул осол гарах үед машиныг тэр даруй зогсоох арга хэмжээ авч чадаагүй нь талийгаачийн өмсөж явсан хувцсанд гарсан урагдал, гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан “Р.Т ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоох ёстой атал үүнийг шалган тогтоогоогүй хэрнээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн прокурор болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон” гэх гомдол нь дээрх үндэслэлээр няцаагдаж байна.
Мөн Р.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргээс хамааран хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолгүй болохоо илэрхийлсэн ч болгоомжгүй гэмт хэргийг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа автотээврийн хэрэгсэл жолоодохоор шийдэж буй хандлага зэргээс үзвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.
Түүнчлэн анхан шатны шүүх Р.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг төдийлөн харгалзалгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх зохицуулалт бүхий Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлахаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан боловч тэнссэн шийдвэрийг тогтоох хэсэгт тусгаагүй алдааг цаашид анхааран үзэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Р.Т болон түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН