Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0224

 

 

 

 

“М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, маргаан бүхий акт тус бүр дээр шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, тус бүрд тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Юуны өмнө шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан захиргааны хэргийг шалгаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн маргаж буй акт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын дарга түүнийг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Хурлын дарга дангаар гаргасан шийдвэр биш.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн 2018 оны 01 тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж үндэслэлээ илт хууль бус акт гэж тайлбарлаж маргасан.

Харин шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр дүгнэж маргаан бүхий актыг “М т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар шүүх сумын Засаг даргад хандан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2427/18 дугаар албан бичгээр өрөмдлөгийн ажил эхлүүлэх гэж дүгнэсэн, “Шинжиан жинтун Монголиа технологи үйлчилгээ”, “Цагаан хэрэм өрөмдлөгийн инженер” компанийн нийт 50-60 орчим ажилчинтай ажиллах гэж байна. 2 сарын хугацаанд кэмп байрлах газрын зөвшөөрөл, ус ашиглах гэрээ байгуулах, хог хаягдлын гэрээ байгуулах тухай хүсэлтийг сумын Засаг дарга 2018.09.17 өдрийн 1/286 тоот албан тоотоор хүсэлтийг хүлээн авч хангасан мэт дүгнэсэн.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тус албан тоотыг үзвэл кэмп барих газрын зөвшөөрөл олгоогүй, эргэлтийн цэгийг тодорхойлоогүй, харин дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга агуулгын хувьд ойлгомжгүй албан тоот байдаг. Түүнд дурдагдсан Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь заалт нь зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд хамаарах зохицуулалт байдаг.

Дээр дурдсан нотлох баримтын нөхцөл байдал байхад шүүх Засаг дарга “хамтран ажиллахаар болсон” гэж үндэслэлгүй, илт нэг талд үйлчилсэн дүгнэлт хийжээ.

Шүүхийн дүгнэлтээс үзвэл, маргаан бүхий үйл баримтын талаар иргэдийн санал гомдлыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг журмын дагуу судлаагүйгээр шийдвэрлэсэн байна гэж хариуцагчийг буруутгаж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Энэхүү дүгнэлт нь ямар нотлох баримтад үндэслэгдэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Засгийн газрын 2010 оны 316 тогтоолоор “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу хайгуул хийх, ашиглах эрхтэй болсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Тухайн гэрээн дээр газрын тос хайх, ашиглах талаар хуулийн нэр томьёог дэлгэрэнгүй заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 31, 32, 34 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий үйл баримтыг дүгнэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж гомдолтой байна.

Нэхэмжлэгч “М т” ХХК нь зөвшөөрөлгүйгээр сумын нутаг дэвсгэрт газрыг ашиглаж, кэмп буулгаж, цамхаг барьж, тоног төхөөрөмжүүдийг байршуулж байгаа нь илтэд хууль зөрчсөн нөхцөл байдлыг зөвтгөж дүгнэлт хийлээ.

Иймд шүүх нутгийн иргэдийн хүсэл зориг, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохиролтой, нутгийн удирдлагыг үгүйсгэсэн, “М т” ХХК-д давуу байдлыг бий болгосон үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “М т” ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоол, иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн маргаан бүхий Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “...М т” ХХК-тай ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ, кемп байрлах газрын зөвшөөрөл зэргийг олгохгүй байхыг сумын Засаг дарга Ц.А-д үүрэг болгосугай” гэж шийдвэрлэжээ.

Харин Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолын “Нэг” дэх заалтаар “М т” ХХК-ийн газрын тосны хайгуулын Баянтүмэн-17 нэртэй талбай нь Чойбалсан сумын Сүмбэр багт 8800 м.кв буюу 2850 м гүнтэй хайгуулын 1 цооног ... өрөмдөх ажлыг сумын иргэд дэмжихгүй тул “М т” ХХК-д кэмп байрлах эдэлбэр газрын зөвшөөрөл олгохоос татгалзсугай”, “Хоёр” дахь заалтаар “энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Засаг дарга Ц.А-д “М т” ХХК-тай ус ашиглах гэрээ байгуулах, хог хаягдлын гэрээ байгуулахгүй, байхыг мэдэгдсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх маргаан бүхий актуудын үндэслэл болсон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “...газрын тосны олборлолт, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглахаар эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосугай” гэжээ. Мөн “М т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-д хаяглан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны тогтоолоор 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс газрын доорх ус ашиглахаар эрэл хайгуул хийх, цооног өрөмдөхийг хориглосон байдаг. Мөн ... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй тул кемп байрлах газрын зөвшөөрөл олгохгүйг мэдэгдье” гэсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/305 дугаар албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “...нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүйгээс гадна мөн хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан боловч дээрх захиргааны актуудаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аль захиргааны байгууллага, албан тушаалтын гаргасан захиргааны актаас зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь “...2018 оны газрын тосны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хүрээнд тусгай хэрэгцээний хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай болох Чойбалсан сумын нутагт 2850 метр гүнтэй газрын тосны хайгуулын нэг цооног өрөмдөх ажлыг эхлүүлэхээр 2018 оны 8 дугаар сараас эхлэн төрийн захиргааны болон бусад холбогдох шатны байгууллагад газрын тосны хайгуулын цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх талаар хүсэлтүүдийг гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гаргажээ.

Зүй нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа, уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.

Мөн анхан шатны шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрх, эрх хэмжээний талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар тогтоолоор баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Баянтүмэн-17 талбайд газрын тосны хайгуул хийх, ашиглах талаар “М т” ХХК-тай гэрээ байгуулсан гэх бөгөөд уг гэрээгээр олгосон эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийн хязгаарлалтын хэмжээг хуульд хэрхэн олгосон эсэх, төрийн байгууллагын эрхийн шатлалын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР