Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00069

 

 

 

 

 

 

 

      2024         01           05                                    210/МА2024/00069

 

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02912 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МГС-ь, МГС-ийн УЗБШУса-дад тус тус холбогдох,

 

МГС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож хүчингүй болгуулж,

МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар “Шийдвэр баталгаажуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг МГС-ийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч МГС-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагч МГС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

БСа-ын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6/270 дугаар тушаалаар МТД- сургуулийн захирлаар Н.Д-ийг томилсон.

МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар тушаалаар МГС-ийн захирлаас чөлөөлсөн. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Н.Д-ийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь мөн сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг үндэслэж гарсан тогтоол юм.

Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтад “Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж заасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтыг зөрчсөн зохицуулалт юм.

Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар боловсролын удирдлага өөрөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын байгууллага түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан сургуулийн захирал, Удирдах зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргээс харвал захирал нь үүсгэн байгуулагч, түүний эрх олгосон этгээд томилсон боловсролын байгууллагын удирдлага байна. Удирдах зөвлөл гэдэг нь зөвхөн Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг боловсролын өөрөө удирдах байгууллага юм. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус сургуулийн Удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Гэтэл боловсролын өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Удирдах зөвлөл хуулиас дээгүүр ямар нэг эрх хэмжээ эдлэхээр баталсан дүрэм журам, зохицуулалт, эрх хэмжээ шилжүүлсэн зүйл байхгүй байхад үүсгэн байгуулагчийн томилсон боловсролын байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь Боловсролын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Иймд сургуулийн дүрмийн 3.4.10 гэсэн заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд нийцээгүй дүрмийн заалт нь Н.Д-ийг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халах үндэслэл болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлаас халах эрх хэмжээтэй тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан.

Мөн Н.Д-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүйн дээр 2019 онд байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-г дүгнээгүй байхад үндэслэлгүйгээр хуульд нийцээгүй дүрмийн заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн.

Сургуулийн дүрэм нь 2014 онд анх батлагдах үед нэхэмжлэгч Н.Д- захирлаар томилогдоод хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад, үр дүнгийн гэрээ байгуулаад гэрээгээ дүгнүүлж байсан. Бидний маргаж байгаа сургуулийн дүрэмд заасан 5 жилийн хугацаатай байх заалт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан. Үүнээс үзвэл 5 жилийн хугацаа нь 2020 онд дуусгавар болно. Хариуцагч тал 5 жилийн хугацааг хэрхэн тоолсон нь тодорхойгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.9-т “Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заасан.

Улмаар 2019 оны 03 дугаар сард захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан. Иймд хөдөлмөрийн гэрээний 1.9-т заасны дагуу ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцож шийдвэр гарснаар хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа өөрчлөгдөх нөхцөл бүрдэх юм байна гэж ойлгоод 2019 оны 03 дугаар сард Удирдах зөвлөлөөс зарласан захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцсон.

Сонгон шалгаруулалтын комиссоос захирлын албан тушаалд хоёр нэр дэвшигчийг Сургуулийн эрдмийн зөвлөлд санал болгож, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал хуралдаж, сонгон шалгаруулалтын комиссоос санал болгосон нэр дэвшигчдээс Н.Д- намайг захирлын албан тушаалд баталж, томилуулах зорилгоор 5 дугаартай хурлын тэмдэглэлийг сургуулийн Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшигч нарын алийг нь ч дэмжиж шийдвэр гаргаагүй.

Сургуулийн эрдмийн зөвлөл болон Удирдах зөвлөл нь Монгол Улсын хуулийн дагуу захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг бие даан шийдвэрлэх эрх хэмжээгүй ч санал гаргаж, зөвшилцөх эрх нь нээлттэй. Энэ харилцаа нь хууль, дүрэм журамд тодорхойлогдсон харьцангуй тодорхой харилцаа юм.

Иймд МГС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалт Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож, тус хуульд нийцэхгүй дүрмийн заалтыг үндэслэн гаргасан МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шийдвэр баталгаажуулах тухай” 38 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тодорхой хууль, дүрэм, журам баримтлалгүй, шалтгаангүйгээр дур мэдэн сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг тус сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоож, Н.Д-ийг урьд эрхэлж байсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч БСа-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

МГС-ийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер нарын санаачилга, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Хамтарсан мэдэгдэл, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны гэрээний хавсралт 1, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн (3(е) дэх заалтад Ашигт малтмалын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, чадваржуулах, Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол-Германы Технологийн дээд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нот бичиг, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “МТД- сургууль” төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд тус сургуулийг Монгол Улсын Засгийн газар байгуулан ажилласан.

Тус сургуулийг байгуулах үндэслэл болж буй Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол-Германы Технологийн дээд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн З-т Төслийн үзэл баримтлал хэсэгт “Дээд боловсролын энэхүү байгууллага нь тусгай статустай байх бөгөөд төсөв /өөрийн төсөв/, хүний нөөц /хүний нөөцийн өөрийн бүтэцтэй, ажлын байранд хэнийг ажиллуулахаа шийдвэрлэдэг/, гадаад хамтын ажиллагаа, сургалтын агуулга чанарын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байна.

Энэ дагуу тус сургуулийн дүрмийн 3.1 дэх хэсэгт “МГТИС-ийн шийдвэр гаргах дээд удирдлага нь удирдах зөвлөл байна”, 3.4.10 дахь заалтад “Эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулах”-аар зохицуулсан. Мөн Боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын Олон Улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.

Тус сургуулийн Удирдах зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан 2019 оны 34 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тогтоолыг баталгаажуулахаар ирүүлснийг холбогдох баримтад үндэслэн сайдын 2019 оны Б/38 дугаар тушаалаар шийдвэрийг баталгаажуулсан болно.

Иймд Н.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч МГС-ийн Удирдах зөвлөлийн тайлбарын агуулга:

МГС-ь нь анх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Технологийн дээд сургууль нэртэй байгуулагдаад албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдээд гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгад тохируулаад бүртгэгдсэн. Тус сургууль нь 2013 онд Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн их сургуулийн статустай болсон.

Сургуулийн дүрмийн 3.1 дэх заалтаар “Монгол-Германы хамтарсан сургуулийн шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллага нь удирдах зөвлөл байна” гэж заасан. Удирдах зөвлөлийн ажиллах дүрэм, сонгуулийн дүрэмд заасны дагуу сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой зүйлийг сургуулийн дүрмээр зохицуулсан.

Дүрмийн 3.4.10 дахь заалт нь “Сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталгаажуулна” гэсэн байгаа. Удирдах зөвлөл сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ багаар буюу хамтын шийдвэрээр тухайн асуудлыг шийдвэрлэхээр сургуулийн дүрэмд заасан. Дүрмийн 3.4.10 дахь заалт нь ямар хуулийн, ямар зүйл заалтад нийцээгүй гэж үзэж, ямар үндэслэлээр энэ заалтыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Мөн сургуулийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Удирдах зөвлөл, захирлын зөвлөл, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүдийн энгийн олонхийн саналаар сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно” гэж, 9.2 дахь хэсэгт “9.1 дэх хэсэгт заасан эрх бүхий зөвлөл нь сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа бичгээр Удирдах зөвлөлийн даргад гаргана, олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн тухайд сургуулийн дүрмийн 3.4.10 дахь хэсэгт заасныг өөрчлөх, эсхүл хүчингүй болгуулах саналыг Удирдах зөвлөлд бичгээр гаргаж байгаагүй.

МГС-ийн захирал 5 жилийн хугацаатай байна гэж өмнөх дүрэмд ч заасан байсан. Нэхэмжлэгч энэ дүрмийг баталж, хэрэгжүүлэхэд гар бие оролцсон.

Боловсролын сайдын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тус сургуулийн захирлаар томилсон. Хариуцагч талаас нийт 5 жилийн хугацааны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг гаргаж өгсөн. Үйл ажиллагааны жилийн тайлан, төлөвлөгөөг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн. Үндсэндээ нэхэмжлэгчийн 5 жилийн хугацаанд ажиллах сургуулийн дүрэмд заасан захирлын хугацаа дуусгавар болсон.

Хугацаа дуусгавар болоход сургуулийн Удирдах зөвлөл захирлыг томилох асуудлаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гаргаад нэхэмжлэгчид хүргүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Н.Д-ийн захирлаар ажиллах 5 жилийн хугацаа дууссан. Хугацаа дуусахад өмнө нь ажиллаж байсан захирлыг нэг удаа дэвшүүлэх боломжтой гэх дүрмийн заалтаар Н.Алтангэрэл, Н.Д- гэх 2 докторыг сургуулийн захирлаар үргэлжлүүлэн дахин сонгож ажиллуулах тухай санал хүргүүлсэн. Эрдмийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нууц санал хураалтаар Н.Д- 8 хувийн санал, н.А-6 хувийн санал авсан. Энэ саналыг үндэслээд Удирдах зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин нууц санал хураасан. 9*1 харьцаатай доктор Н.Д- дахин үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэх багийн буюу хамтын шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, олонхийн санал авч чадаагүй учраас Удирдах зөвлөл дүрэмд заасны дагуу шийдвэр гаргаад Боловсролын сайдад хүргүүлсэн. Боловсролын сайд энэ саналыг баталгаажуулсан захиргааны акт гаргасан.

Нэхэмжлэгч уг захиргааны акттай маргаж, Боловсролын сайдад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Харин дараа нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө сайдад холбогдуулаад шаардлага гаргачихаад нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа.

Харин өнөөдрийн байдлаар Иргэний шүүх дээр дахин сайдыг хариуцагчаар татаад оролцуулж байна. Татгалзсан бол дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах нэхэмжпэгчийн шаардах эрх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар дуусгавар болсон.

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн зүгээс дахин санал хураая гэж дэмжсэн боловч олонхийн санал авч чадаагүй тул тус сургуулийн захирлыг томилсон шийдвэр гаргаагүй үйлдлийг, сургуулийн дүрмийн 3.4.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд 5 жилийн хугацаа дууссан учраас ажилдаа эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах тухай шаардлага нь 1 болон 4 дэх шаардлагатай уялдаад үндэслэлгүй болж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний шүүхэд хандаад хэрэгсэхгүй болгоод, Захиргааны шүүхэд хандаад буцаж нэхэмжлэлээс татгалзаад, дахин Иргэний шүүхэд хандсан үйл баримтууд байгаа. Гэхдээ 2019 оны ажлаас чөлөөлсөн тушаалаас эхлээд хугацааг нь тоолохоор 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаанд шүүхэд хандана гэсэн хугацаа хэтэрсэн байгаа.

Нөгөө талаар 5 жилийн хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч мэдээд захирлын сонгон шалгаруулалтанд оролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч МГС-ийн тайлбарын агуулга:

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна” хэмээн заасан.

МГС-ийн дүрмийн 3.4.10-т “Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна” хэмээн заасан бөгөөд хуулиар Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх хэвээр байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзнэ.

Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн бол Н.Д- нь энэ талаархи гомдол, хүсэлтээ тухайн сургуулийн үүсгэн байгуулагчид гаргаж, шийдвэрлүүлэх байтал энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй.

Н.Д- нь захирлын үүрэг гүйцэтгэх хугацааг таван жил байх талаар тус дүрэмд заасныг мэдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зааж тохиролцсон ба түүний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан зарласан сонгон шалгаруулалтанд оролцсон.

Улмаар олонхийн санал аваагүй гэдгээ мэдсэн байж, тус сонгон шалгаруулалтын талаар гомдол санал гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болсон дээрх тушаал нь хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтын комисс нь Н.Д-, н.А-гэх 2 хүнийг сургуулийн Удирдах зөвлөлд тэнцүү эрхтэйгээр оролцуулсан. Сургуулийн Удирдах зөвлөл хамтын шийдвэр гаргадаг. Түүнээс биш дарга, сайд дангаар шийдвэр гаргадаг зүйл биш. Энэ нөхцөл байдлыг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. 1, 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэл шүүхийн мэтгэлцээний шатанд тогтоогдсонгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч МГС-иас нэхэмжлэгч Н.Д-ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч МГС-ьд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон МГС-ийн УЗБШУса-д /Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 376,376 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч МГС-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатньг шүүхийн 181/ШШ2023/02912 дугаартай шүүхийн шийдвэрээр

1. Монгол-Германьг хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу дагалдах нэхэмжлэл болон урд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/02912 дугаартай шүүхийн шийдвэрээ МГС-иас Н.Д-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг МГС-ьд даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Мөн тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нууц санал хураалтыг үндэслэж Удирдах зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин нууц санал хурааж Н.Д- дахин үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэх багийн буюу хамтын шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, олонхийн санал авч чадаагүй.

3. МГС-ийн дүрмийн 4.2-т “Захирлыг 5 жилийн хугацаатай томилох бөгөөд түүнийг дахин нэг удаа томилон ажиллуулах”-аар заасан.

Гэтэл шүүхээс тус сургуулийн дүрмийн 4.2-т заасан 5 жилийн хугацааг дүрэм хүчин төгөлдөр болсон 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тооцсон нь тус тус үндэслэлгүй.

Иймд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/02912 дугаартай шүүхийн шийдвэрийн Тоггоох хэсгийн 1-т заасан МГС-иас Н.Д-жд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг МГС-ьд даалгах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Миний бие 2014 онд ажилд томилогдсон бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шинэ дүрэм батлагдсан. Сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. 2015 онд батлагдсан дүрэмд 5 жилийн хугацаатай томилогдоно гэж заасан. Тус дүрэмд хууль буцаан хэрэглэх талаар тусгаагүй. 2015 оноос хойш тооцож үзэхэд, 2020 онд хугацаа дуусгавар болж байгаа. 2020 оны 01 дүгээр сард хуралдсан бол асуудал өөрөөр яригдах байсан. Үүнийг таамаглаж ярих нь учир дутагдалтай. Сонгон шалгаруулалт хийж байх явцдаа үйлдэл хийгээгүй, шийдвэрээ танилцуулаагүй атлаа 5 жилийн хугацаа гэж ярьж байгаа нь учир дутагдалтай. Олонхийн саналаар шийдвэрлэсэн гэж хариуцагч талын өмгөөлөгч тайлбарладаг. Олуулаа нийлэхээрээ хууль зөрчиж болох мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хугацаа тооцох журмын дагуу 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож үзвэл 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хугацаа дуусгавар болж, санал шийдвэр гаргаагүй бол үргэлжлэхээр заасан. Хугацааг буцааж тоолохгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч МГС-ь, тус их сургуулийн УЗБШУса-дад тус тус холбогдуулан МГС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар “Шийдвэр баталгаажуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдэл нь МГС-ийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

2.а. Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлагаар, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар тогтоолоор МТД- сургууль байгуулсан.

 

2.б. БСа-ын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Д-ийг МТД- сургуулийн захирлаар томилж, улмаар сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Д-ийг дахин таван жилийн хугацаанд МГС-ийн захирлын албан тушаалд томилох талаар нууц санал хураахад олонхийн саналаар түүнийг томилохоос татгалзаж, Удирдах зөвлөлд шинэ захирал сонгогдон сайдаар батлагдах хүртэл сургалт, судалгаа хариуцсан дэд захирлаар сургуулийн захирлын үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ./1хх 118/

 

2.в. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор сургуулийн дүрэмд заасан хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Д-ийг мөн сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөөлсөн тушаалыг гаргасан байна./1хх5/

 

2.г. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар “Шийдвэр баталгаажуулах тухай” тушаалаар МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг баталгаажуулжээ./2хх 148/

 

3. Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг 2019 оны 07 дугаар сард зохион байгуулж, түүнд нэхэмжлэгч Н.Д- оролцсон, сонгон шалгаруулалтын комиссоос Удирдах зөвлөлд нэхэмжлэгч Н.Д-ийг нэр дэвшүүлсэн, сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэмжигдсэн боловч Удирдах зөвлөлийн санал хураалтаар дэмжигдээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

4. Харин тус сургуулийн захирлаар ажиллах 5 жилийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэх, тус сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалт хуульд нийцсэн эсэх, сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй нь сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалтыг зөрчсөн эсэх, нэхэмжлэгч Н.Д- нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргасан талаарх анхан шатны дүгнэлт зөв байна.

 

4.а. Анхан шатны шүүхээс тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “МТД- сургуулийн дүрэм”-ийг батлах үед нэхэмжлэгч Н.Д- тус сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Тус дүрмийн 3.4.10-т “сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулах” гэсэн заалтад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах 3 сарын хугацааг хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.б. Мөн шүүхээс тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй нь сургуулийн дүрмийн 3.4.10-ийг зөрчсөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4.в. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан./3хх 136/

 

Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж үзэж тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон./2хх 239-245/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Д-ийг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0248 дугаартай шүүгчийн захирамж гаргасан./1хх 121-123, 3хх132-135/,

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт уг хуульд нийцжээ./1хх 1-3/

 

5. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор сургуулийн дүрмийг баталсан байх бөгөөд уг дүрмийн 4.2-т “МГТИС-ийн захирлыг таван жилийн хугацаатай томилох бөгөөд түүнийг дахин нэг удаа томилон ажиллуулж болно” гэж заасан байна./2хх 159-165, 3хх 110/

 

5.а. Дээрх дүрмийн 4.2 дахь заалт нь батлагдсан өдрөөс хойш мөрдөгдөж, нэхэмжлэгч нь тус сургуулийн захирлаар ажиллах хугацаа 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болох байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэхгүй. Учир нь, нэхэмжлэгч нь тухайн сургуулийн захирлаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол уг дүрэм мөрдөгдөж эхэлснээр захирлын ажил, албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлүүдэд заасан контрактын гэрээ байгуулах байсан гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллах 5 жилийн хугацааг сургуулийн дүрмийг батлагдсан өдрөөс тоолох нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журамд нийцнэ.

 

5.б. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид контрактаар ажиллах хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан үеийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулж олгосон нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Харин, анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шаардлага тус бүрийг тодорхойлоогүй орхигдуулсан байх тул найруулгын өөрчлөлт оруулна.

           

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МГС-иас нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч МГС-ьд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх МГС-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, МГС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг МГС-ийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох тухай хариуцагч МГС-ийн УЗБШУса-дад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ