Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00201

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00201

 

 

2024.01.26 210/МА2024/00201

У Х Г- ХХК болон Х б-ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын

30-ны өдрийн 101/ШШ2023/04712 дугаар шийдвэртэй,

У Х Г- ХХК болон Х б-ХК-ийн нэхэмжлэлтэй, З.Э-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У Х Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгч Х б-ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. У Х Г- ХХК нь Х б-ХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 162,800,000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сар бүр 2,940,000 төгрөг төлөхөөр, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тоёота ланд крйузер 200 маркийн автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний хугацаанд коронавирус халдварт өвчин гарсан, компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор талууд гэрээндээ 2 удаа өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр. У Х Г- ХХК нь зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 сар хүртэл төлж, 2023 оноос эхлэн зээлийг төлөөгүй. Гэрээний үүрэг 2022 оны 6 сараас хойш доголдож эхэлсэн ба Х б-ХК-ийн хувьд зээлдэгч зээлээ төлөхгүй байгааг тодруулснаар тээврийн хэрэгсэл З.Э-д шилжсэнийг мэдсэн.

1.2. З.Э- нь У Х Г- ХХК-ийн эзэмшлийн, Х б-ХК-ийн өмчлөлийн - Тoyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшилдээ байлгасаар байна. Тээврийн хэрэгслийг шаардахад автомашиныг буцаан өгнө, очиж уулзана гэж худлаа хэлсээр өдийг хүрсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй тул Х б-ХК, У Х Г- ХХК нар хамтран өөрсдийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг З.Э-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан.

1.3. Хариуцагч З.Э- нь У Х Г- ХХК-ийн Х б-ХК-тай байгуулсан гэрээ өөрт хамааралгүй, автомашиныг өөрийн хөрөнгө гэх тайлбараа нотолсон баримтгүй. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь У Х Г- ХХК болон З.Э-ийн өмчлөлийн хөрөнгө биш, Х б-ХК өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан Фидуцийн гэрээний 2.1-т хөрөнгийн өмчлөгч хэн байхыг тодорхой заасан. Банк нь хөрөнгөө өмчлөгчийн хувьд аливаа этгээдийн хууль бус эзэмшлээс шаардах давуу эрхтэй гэж гэрээнд заасан. Банк нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэн шаардах эрхтэй учир хариуцагч З.Э-ийн хууль бус эзэмшлээс тухайн хөрөнгийг шаардаж байна. Иймд хариуцагч З.Э-ийн хууль бус эзэмшлээс JTMHU000000 арлын дугаар бүхий, - Тoyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бодит байдал дээр уг тээврийн хэрэгслийг У Х Г- ХХК-ийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцож, зээлийн урьдчилгаа төлбөрт 18,100,000 төгрөгийг З.Э- нь 2020 оны 05 сарын 05-ны өдөр У Х Г- ХХК-ийн Хаан банкны 5000000000 тоот дансанд шилжүүлсэн, мөн 2020 оны 05 сарын 08-ны өдөр мөн дансруу даатгалын төлбөр 2,170,800 төгрөг, мөн 09 сарын 16-ны өдөр 3,120,900 төгрөг, 11 сарын 03-ны өдөр 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл үүсч зээлээ төлж чадаагүй. У Х Г- ХХК-ийн өмнөх захирал н.М-тай амаар ярилцаж тохирон автомашины урьдчилгааг төлсөн, ийнхүү тохиролцохдоо 2028 он хүртэл төлбөрийг төлж дуусгахаар болсон, харин сар бүр тодорхой дүн бүхий мөнгийг төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна. Гэтэл У Х Г- ХХК нь автомашины өмчлөгч биш юм. Х б-ХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т зааснаар хариуцагч З.Э-өөс Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Х б-ХК-ийн өмчлөлд, У Х Г- ХХК-ийн эзэмшилд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт, хариуцагч нь маргаан бүхий  Тoyota Land cruiser 200 маркийн автомашиныг өмчлөх, эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч У Х Г- ХХК-ийн ерөнхий захирал н.М-тай амаар хэлэлцэн тохиролцож, автомашиныг худалдан авахаар тохиролцсоныг шүүхэд хэлсэн. У Х Г- ХХК-ийн Хаан банкны 5000000000 тоот дансанд 26,511,800 төгрөг шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргасныг шүүх үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийлгүй шийдвэр гаргасан.

4.2. Мөн шийдвэрт 200 маркийн суудлын автомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл дээрх баримтууд нь автомашиныг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн албанд хандаж байсныг бүрэн нотлохгүй, бусад баримтаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд ханан шийдварлах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар маргааны бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхээс - Тoyota Land cruiser 200 маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэхдээ тухайн автомашины өмчлөгч нь Х б-ХК байхад дахин өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьсан, хэргийг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иймд шийдвэрийг хучингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Х б-ХК-ийн тайлбарын агуулга: Х б-ХК болон У Х Г- ХХК-ийн хооронд 2020 оны 05 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь У Х Г- ХХК-ийн дансанд 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч энэ мөнгө нь З.Э-, У Х Г- ХХК-ийн захирал н.М- нарын хооронд үүссэн өр төлбөр эсхүл мөнгө зээлдүүлсэн зэрэг өөр бусад асуудлаар шилжүүлсэн мөнгө байх. Харин зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч нарын хооронд үүсч Х б-ХК-аас 162,800,000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай У Х Г- ХХК-д олгож, энэ хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх автомашиныг өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.

Фидуцийн гэрээний зорилго нь 2020 оны 05 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулах баталгаа болгож У Х Г- ХХК төлбөрөө бүрэн төлснөөр автомашиныг зээлдэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон. Гэтэл тухайн хөрөнгийг хариуцагч нь зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан учир талууд тухайн хөрөнгийг эрэн сурвалжлуулахаар Тээврийн цагдаагийн албанд хүсэлт гаргасан. Тиймээс хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Тээврийн хэрэгсэл нь У Х Г- ХХК-ийн эзэмшилд байх ёстой байтал З.Э- нь 26,000,000 төгрөг төлж худалдан авсан гэдэг нь нотлогдоогүй тул хууль бусаар авсан гэж үзнэ.

Иймд тухайн тээврийн хэрэгслийг Х б-ХК-ийн өмчлөл болон У Х Г- ХХК-ийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч У Х Г- ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч У Х Г- ХХК, Х б-ХК нар хариуцагч З.Э-д холбогдуулан - Тoyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Х б-ХК, У Х Г- ХХК нарын хооронд 2020 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээл, фидуцийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Зээлийн болон Фидуцийн гэрээний үүрэг зөрчигдөн зээлдэгчийн эзэмшилд байх ёстой тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х б-ХК өмчлөгчийн хувьд шаардлага гаргасан бол, нэхэмжлэгч У Х Г- ХХК-аас хариуцагч З.Э- нь уг тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явсан, эзэмшигчийн хувьд хөрөнгөө буцаан гаргуулах гэсэн агуулгаар тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч З.Э- нь уг тээврийн хэрэгслийг У Х Г- ХХК-ийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцож Таван богд ХХК-аас худалдаж авсан, 26 гаруй сая төгрөг төлсөн, ковидын улмаас үнийг төлж чадаагүй, автомашиныг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ.

 

4. Зохигчийн дээрх тайлбараас үзэхэд уг автомашин хариуцагч З.Э-ийн эзэмшилд хэрхэн шилжсэн болох нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч Х б-ХК-ийн өмчлөх эрх зөрчигдсөн гэх боловч зээлийн болон фидуцийн гэрээний дагуу маргаж буй тээврийн хэрэгслийг өмчилсөн байх тул гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол зээлдүүлэгч ямар эрхтэй байх, үүрэг зөрчигдөөгүй, гэрээг цуцлаагүй нөхцөлд фидуцийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар шаардах эрх Х б-ХК-д үүсэх эсэхийг шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Х б-ХК-ийн эрх ашиг нь хэрхэн, ямар байдлаар зөрчигдсөн нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч У Х Г- ХХК нь уг тээврийн хэрэгсэл хариуцагч З.Э-ийн эзэмшилд хууль бусаар шилжсэн гэх боловч энэ талаархи үндэслэлээ шүүхэд тайлбарлаагүй. Хариуцагч З.Э- нь даатгал, урьдчилгаа гэсэн агуулгаар 26,512,600 төгрөгийг У Х Г- ХХК-д төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, мөн тус компанийн захирлаар ажиллаж байсан н.М-тай тохиролцон тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан гэх хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч У Х Г- ХХК тайлбар гаргаагүй, зохигч энэ талаар шүүхэд болон шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч У Х Г- ХХК нь нэхэмжлэгч Х б-ХК-д гаргасан хүсэлтдээ З.Э- нь тээврийн хэрэгслийг залилан авч явсан гэж тайлбарлаж, уг тээврийн хэрэгслийг З.Э-ийн хууль бус эзэмшлээс буцаан гаргуулахад хамтран ажиллахыг хүсч байжээ.

Дээрх маргааны зүйлийн талаар зохигч мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

5. Маргааны зүйл болсон - тээврийн хэрэгслийг У Х Г- ХХК зээлээр худалдан авсны дараа З.Э- тус компаниас худалдан авахаар тохиролцож эзэмшилдээ авсан эсхүл З.Э- нь Таван богд ХХК-аас тус тээврийн хэрэгслийг худалдан авахдаа У Х Г- ХХК-ийн нэрээр зээлээр худалдан авахаар тохиролцож улмаар эзэмшилдээ авсан эсэхийг тогтоох нь зохигчийн хооронд үүссэн маргааныг бодитой тогтооход ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тээврийн хэрэгслийг хэн, хэнээс худалдан авахаар анх тохиролцсон, нэхэмжлэгч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдах шалтгаан нь уг тээврийн хэрэгслийг худалдан авах тухай З.Э-ийн тохиролцоо байсан эсэхийг тодорхойлох шаардлагатай. Энэ талаархи зохигчийн тайлбар болон нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг тодруулж, маргааны зүйлийг нэг мөр тогтоож шийдвэрлэх чиг үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

6. Дээрхээс үзвэл - Тoyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл хариуцагч З.Э-ийн эзэмшилд хэрхэн шилжсэн нь тодорхойгүй, хариуцагчийн татгалзал бодитой эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй, энэ талаар зохигч мэтгэлцэж маргааны зүйлийн талаархи бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс тээврийн хэрэгслийг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах, зохигчийг мэтгэлцэхэд нь чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх замаар хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарна.

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/04712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Э- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ