Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 111

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, Цагаан хуаран хотхон,  тоотод оршин суух Хорооныхон овогтой А.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 тоот “Нийтийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Г, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие А.Ц нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч улмаар 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 7 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтэст мэргэжилтнээр томилогдож, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон билээ.

          Үүнээс хойш 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 160 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референтээр, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот тушаалаар Зах зээлийн хөгжлийн газрын Зах зээлийн нэгдсэн мэдээллийн хэлтэст референтээр, 2015 оны 6 дугаар сарын 11-ний 107 тоот тушаалаар Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдэлийн удирдлага, мэдээллийн хэлтэст референтээр тус тус томилогдон ажиллаж байсан.

2016 оны 8 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрчлөгдсөнөөр бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх болж “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг бөглөж өгөхийг удирдлагаас шаардсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 16-ний дотор “...Нийтийн албаны аль байгууллага, албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэнээ бичилгүйгээр бусад хэсгийг бөглөж хураалга... ” гэсэн хууль бус шаардлагыг нийт хамт олон дунд тавьж, олон ажилтан ямар ажилд очих эсвэл халагдахаа мэдэхгүй гарын үсэг зурж хураалгасан. Миний бие дээрх үйлдлийг эсэргүүцсэн. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн удирдах түвшинд хавчин гадуурхаж эхэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б дуудаж “...Авлигатай тэмцэх газраас бичиг ирсэн, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/5638 тоот албан бичигт нэр дурдагдсан ажилтнуудад хариуцлага тооц гэж шахаж байна. Бид Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичгийг үндэслэн та бүгдийг халах саналтай байгаа, хууль зөрчсөн хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Авлигатай тэмцэх газраас зарладаг. Бид хариуцлага тооцож Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх ёстой, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг, бид та нарт боломж олгож байна...” гэх зэргээр ямарч гэм буруугүй ажилтнуудыг ажлаа өг гэж шахалт үзүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 16.00 цагийн үед Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б дуудан 18 тоот албан бичгийг өгсөн. Уг шаардах хуудаст дурдсанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасан тухай бичиж мөн АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Х.Э-аас ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 01/5638 албан тоотыг уншуулж амаар “...Чи хувийн компанид давхар ажил хийж байсан байна. Энэ талаараа ХАС-ХОМ худлаа мэдүүлсэн тул ажлаа өг...” гэж сүрдүүлсэн. Тухайн үед би энэ хууль бус шаардлагыг хүлээж авахгүй, ажлаас гарах хүсэлт өгөхгүй гэдгээ хэлсэн. 

Миний бие Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөс өмнө буюу 2012 оны 9 дүгээр сард “М” ХХК-ийг өөрийн 2 найзын хамтаар байгуулсан хэдий ч тус компани нь хөрөнгө санхүү, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Төрийн албан хаагчаар томилогдсоны дараа ч энэхүү компанийн талаарх мэдээллийг хуульд заасны дагуу Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт мэдүүлж байсан. Дээрх компани нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.6-д зааснаар “...жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэсэн заалтад хамаарах бөгөөд ямарч үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй нэг үгээр хэлэхэд цаасан дээрх компани юм. Тийм ч учраас Авилгатай тэмцэх газраас өнөөдрийг хүртэл надтай холбоотой ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй гэж үзсээр ирсэн. Шаардах хуудасны дагуу миний бие өөрийн тайлбарыг тухайн өдөр нь гаргаж өгсөн. Авлигатай тэмцэх газрын 01/5638 албан тоотод намайг “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэж тогтоосон. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б нь өрөөндөө дуудаж намайг төрийн албанаас халсан тухай мэдэгдэж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 тоот тушаалыг гардуулсан. Уг тушаалд бичсэнээр “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.2, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 4.5.4 дэх заалтыг үндэслэсэн...” гэх хууль бус шийдвэр гаргасанд миний бие туйлын гомдолтой байна” гэжээ.

Нэхэмжлэгч А.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлд ирсэн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичиг баримтыг харахад намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгүй. Мөн уг зөрчлийг арилгаад хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэдгийг баталж харуулж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:“...А.Ц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар тус хорооны Мэдээлэл, технологийн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон бөгөөд тус албан тушаал Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн /цаашид ТАтХ гэх/-ийн 7.1.3-т зааснаар Төрийн захиргааны албан тушаалын ангилагдах тул тус албан тушаалд томилогдсон иргэн А.Ц******* ТАтХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болж 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаартай тушаалаар А.Ц тус хорооны Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдэлийн удирдлага, мэдээллийн хэлтэст Референтээр томилогдон ажилласан байна. Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч тус хуулийн 23.1-т заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тус хуулийн 23.2-т заасны дагуу өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй байна. 

А.Ц-ээс гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсний хариуд тус газраас ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5638 дугаартай албан бичигт А.Ц “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэйг ирүүлсэн тухай дурдсан байна. Албан хаагч А.Ц-ийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар тайлбарт хавсаргасан “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзвэл тус компани 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар албан хаагч А.Ц-ийг томилж, бүртгүүлсэн байсныг өөрчилж иргэн Г.Т-ыг томилсныг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаал нь тус компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал болохын хувьд А.Ц “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ эсвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу Монгол Улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 93 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил /мэргэжил/, албан тушаалыг төрийн жинхэнэ албан хаагчийн урьдчилсан болон жил бүрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт мэдүүлж, удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагаас бичгээр аваагүй тул Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 18 дугаар зүйлийн 18.5-д заасан эрхлэхийг зөвшөөрсөн ажилд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүргийг албан хаагч А.Ц зөрчсөн байна. 

Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “гипотезэд Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн дараах үйл ажиллагааг албан тушаалтан давхар эрхэлж болно гэж хуульчилсан байна. Үүнд: жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл орлого олдог төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын гэж заасан байна. Гэтэл А.Ц-ийн эрхэлсэн гүйцэтгэх захирлын ажил нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын албан тушаал тул Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй учраас тус хуулийн 18.1-т заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт болон тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг тус бүр зөрчсөн байна. Мөн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалыг эрхэлдэг тухай мэдүүлээгүй тул албан хаагч А.Ц-ийн 2012, 2016 оны урьдчилсан болон 2013, 2014, 2015 оны жил бүрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-т заасныг удаа дараа зөрчсөн бөгөөд эдгээр зөрчил нь Монгол Улсын Нийтийн албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах бөгөөд тус зөрчлийг 2012, 2016 оны урьдчилсан болон 2013, 2014, 2015 оны жил бүрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээр удаа дараа зөрчсөн нь тус хуулийн 29.2.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулж, албан хаагч А.Ц-ийг Нийтийн албанаас халах үндэслэлийг бүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:“...Нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлж тушаал гаргасан гэдэг зүйлийг дурдаж байна. Энэ талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу олгогдсон эрхийн дагуу уг тушаалыг гаргасан гэж үзэж байна. Уг хуулийн хэрэгжилтэд Авлигатай тэмцэх газраас хяналт тавих ёстой. Санхүүгийн зохицуулах хороонд ийм эрх байхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Авлигатай тэмцэх газрын өөрийн харьяаллыг энэ хуулиас харахад авлигын шинжтэй буюу Эрүүгийн хуульд заасан албан тушаалын эсрэг гэмт хэргийн шинжтэй тохиолдолд Авлигатай тэмцэх газар шалгалт явуулдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.2-т зааснаас бусад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ” гэж эрх хэмжээг нь заасан. Тиймээс энэ эрх хэмжээний дагуу тухайн мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт дүн шинжилгээ хийгээд энэ талаар зөрчил байсныг илрүүлээд хариуцагч талд мэдэгдсэн. Үүний дагуу хариуцагч талаас тухайн зөрчилд нь тохирох арга хэмжээг хуульд заасан эрхийн дагуу хариуцлагыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, 29.2.4-т арга хэмжээ авсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Ц анх Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 07 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтэст мэргэжилтнээр томилогдон, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөн, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 160 тоот тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн референтээр, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот тушаалаар Зах зээлийн хөгжлийн газрын Зах зээлийн нэгдсэн мэдээллийн хэлтэст референтээр, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 107 тоот тушаалаар Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдэлийн удирдлага, мэдээллийн хэлтэст референтээр, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар тушаалаар Мэдээлэл технологийн хэлтэст референтээр тус тус томилогдон ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч байна.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/5638 дугаар албан бичгээр “....А.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ... хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно. Харин...А.Ц нь ”М” ХХК-д гүйцэтгэх захирлаар ... бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан  давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг баримтлах нь зүйтэй байна.” гэсэн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэнтэй холбогдуулан тус хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 тоот тушаалаар А.Ц-ийг “...”М” ХХК-д гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөв мэдүүлээгүй, ... хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг зөрчсөн байх тул” гэх үндэслэлээр  төрийн албанаас халсан байна.

А.Ц дээрх тушаалыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

1. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 болон Монгол Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.5.4-т заасанчлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байж, Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын албаны ажилтнуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээтэй байна. 

Нийтийн албан тушаалтны, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасанчлан зөвхөн тус хуульд заасан хариуцлагын арга хэмжээг оногдуулах бөгөөд ингэхдээ тухайн эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон  Засгийн газрын 1995 оны  6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-аар тогтоосон журмыг баримтлах ёстой. 

Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдын “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигтай тэмцэх газар хянаад, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/5638 дугаар албан бичгээр “...А.Ц нь ”М” ХХК-д гүйцэтгэх захирлаар ... бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан  давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг баримтлах нь зүйтэй байна” гэж мэдэгдсэнтэй холбогдуулан А.Ц нарын гурван төрийн албан хаагчаас Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба тайлбар, тодруулга авч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2 дугаар зүйлийн 4-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг  уг  баримт  материалтай танилцаж тайлбар хийх боломжоор хангах” журмыг баримтлан, сонсох ажиллагааг хийсэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй байна.

Тодруулбал, “хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ удаа дараа үнэн зөв мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг зөрчсөн” гэх үйл баримт нь 2012-2015 оны хооронд гарсан зөрчлүүд бөгөөд уг зөрчлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газраас шалган тогтоосныг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн  бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” зохицуулалттай нийцээгүй байна.   

Нэхэмжлэгч А.Цэ 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтэст мэргэжилтнээр томилогдохдоо өмнө эрхэлж байсан “М” ХХК-ийн /2012.08.22-ны өдөр үүсгэн байгуулсан/ гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан боловч тус компани 2013 оноос хойш татварын хэлтэст “Х” тайлан гаргаж өгч, үйл ажиллагаа явуулаагүй, мөн  нэхэмжлэгчийг анх нийтийн албан тушаалд томилогдоход болон албан тушаал өөрчлөгдөх бүрт Авлигатай тэмцэх газраас “Албан тушаалтны мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг хянан, 2012 оны 03/5395, 2015 оны 05/1457, 2015 оны 05/4113, 2016 оны 01/5638 тоот албан бичгүүдээр “... тухайн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна” гэсэн хариуг өгч байсан бөгөөд нэхэмжлэгч А.Ц нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Ме” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөн, энэ тухайгаа хариуцагчид албан ёсоор мэдэгдэж байсан болохыг дурдах нь зүйтэй.  

2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, А.Ц-ийг төрийн албанаас халсан тушаал хууль бус болох нь нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан 106 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.960.295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус үндэслэн А.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Ц-ийг урьд эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референтын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Ц-ийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны  2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.960.295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА