Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00993

 

Х.Э , Ч.Д, Б.Н нарын

нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1015 дугаар магадлалтай,

Х.Э , Ч.Д, Б.Н нарын нэхэмжлэлтэй,

Ц.О т холбогдох,

Барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нураах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Оийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э , Ч.Д тэдгээрийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал, өмгөөлөгч Т.Баярбат нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э , Ч.Д, Б.Ннар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувиллын 95 дугаар байрны 101, 2018 401 тоот байрны өмчлөгч нар. Хариуцагч Ц.О тус байрны урд талын нийтийн эзэмшлийн талбайг оролцуулан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр  барилгын норм дүрэм зөрчин барилга барьж байгаа. Энэ нь бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. 95 дугаар байрны газрыг оролцуулан урд талын тууш хананаас 3 метр зайнд, нарны гэрлийг хаасан байдлаар урд зүг рүү харсан цонхнуудыг таглаж 3 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, тоос шороо агаарын бохирдлыг бий болгож байна. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр барилгаас арматур унаж цонхыг хагалсан, энэ  цонхны дор хүүхдийн ор байрладаг тул гэр бүлийн амь насанд заналхийлсэн үйлдэл боллоо. Барилгын ажлын улмаас 95 дугаар байрны 101, 201, 301 тоот хаягт оршин суугчдын орон сууцны урд зүгт харсан цонхыг таглаж, нарны гэрлийг халхлан амьдрах нөхцлийг доройтуулсан тул барилгын ажилтай холбогдуулж төрийн эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1729 дугаар албан бичигт тус байршилд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгогдоогүй байна. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-80/266 дугаар Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарсныг хариуцагч биелүүлээгүй.

Иймд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувиллын 95 дугаар байрны урд талд баригдаж байгаа Ц.Оийн барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхоны 97в тоот 180м.кв орон сууцыг Т.Энхбатаас худалдаж авахдаа хувийн орон сууцны зориулалттай 371м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба мөн байшингийн дэргэд байрлах 6 ширхэг автомашиныг гараашийн хамтад нь худалдан авсан. 2014 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшлийн газар дээр байрлаж байсан 6 ширхэг гараашийг буулгаж газар дээр нь 3 давхар амины орон сууц барихаар карказ босгосон байгаа, нэхэмжлэлд тусгагдсан наран талын цонхнуудыг хаасан гэдэг нь худлаа. Х.Э ийн амьдарч буй 95 дугаар байрны 101 тоотын цонхнууд угаасаа 6 гараашт таглуулан нар үздэггүй байсан. 95 дугаар байшин 2011 онд ашиглалтанд орсон болохоор Х.Э  анхнаасаа наран талын цонхнууд болон хаалттай байшинг худалдан авсан болно. Нэхэмжлэгч Х.Э , Ч.Д, Х.Нармандах нарын амьдарч буй 95 дугаар байр бол усанд автсан, хана нь цууралт өгснөөс болоод одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байдаггүй тул нэхэмжлэгч нарыг  хууль ёсны оршин суугч гэж үзэхгүй байна. Иймд би өөрийн газар эзэмших эрхийн хүрээнд шинээр байшин барьж байгаа учраас эдгээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувиллын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгын ажлыг зогсоож, уг барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ц.От даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э т олгож, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д, Б.Ннарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1015 дугаар магадлалаар:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг үл зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Иргэн Ц.О 2008 онд иргэн Т.Энхбатаас одоо амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Стадион-Оргил хотхон”-д 371 м.кв талбай бүхий эзэмшил газрын зөвшөөрөлтэй 180 м.кв талбайтай амины орон сууцны барилга түүнийг дагалдаж ирсэн нэг эзэмшил газарт байрлалтай 3 метр өндөртэй 6 ширхэг автомашины дулаан гараж хамт худалдаж авсан. Хариуцагч Ц.О миний бие өөрийн өмч автомашины 6 ширхэг гаражыг буулгаж өөрийн эзэмшил газар дээр орон сууцны өргөтгөл байгууламжийг тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2012 оны 151 тоот тогтоолын хүрээнд жижиг мансардтайгаа гурван давхар байхаар барьж эхэлсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын амьдарч байгаа байртай холбоотой төрийн байгууллагуудаас нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт буюу хаяг байршил,тоот,барилгад төлөвлөгдсөн газрын хэмжээ зөрүүтэйгээр үл барам 17 айлын орон сууцны нэг байшингийн тухай биш 30 айлын орон сууц гэсэн хуурамч нотлох баримтыг хавтаст хэргээс хасуулах, нотлох баримтыг бодит тодорхой байдлаар гаргуулахаар хүсэхэд хариуцагч миний хүсэлтийг 2016 ны 11 сарын 17-ний өдрийн 183/ШЗ2016/05961 тоот захирамжаар хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан дагуу шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талуудын хүсэлтээр 95 дугаар байранд хариуцагчийн зүгээс үзүүлсэн “нөлөөлөл” гэх асуудалд хариуцагч надад мэдэгдэлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулах болсон байдаг. Мөн нэхэмжлэгч нарын орон байртай холбоотой албан тоот баримт бичиг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Архивын Ерөнхий газарт огт байхгүй гэсэн албан бичгийг нэхэмжлэгчийн талд ашигтайгаар хэрэглэж нотлох баримтыг үнэлж гаргасан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдааг засуулах гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад ИХШХШТХ- ийн 166 дугаар эүйлийн 166.4 заалтын "Хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг хэрэгжүүлсэнгүйгээр шүүх үүргээ биелүүлээгүй. 2017 оны 12 сарын 26 нд нэхэмжлэгчид танилцуулсан атлаа хариуцагч миний биед захирамжийг огт танилцуулаагүй.Хариуцагч Ц.О миний эзэмшил газар дээрээ хуучин гарашаа буулгаж оронд нь бусдад гэрэл гэгээ өгөх боломжтой “Хөршийн хил”ийн хязгаарыг зөрчөөгүй барилга байгууламжийг эхлүүлсэн.Мөн Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ёстой байсан мэтгэлцээний тэмдэглэлийг санаатай хасч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн баримтууд нь хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэх гомдлыг анхаараагүй ач холбогдол өгөхгүйгээр магадлал гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд хэргийг нягтлан хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Х.Э , Ч.Д, Б.Н нар нь хариуцагч Ц.О т холбогдуулан түүний барьж буй барилга хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг зогсоож, барилгыг нураах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...барилга барих зөвшөөрөл бүхий газрыг бусдаас шилжүүлэн авсан, өөрийн эзэмшлийн газар дээр байсан гаражийг буулган 3 давхар амины орон сууц барихаар краказ босгосон...”  гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувиллын 95 дугаар байрны 101, 201, 401 тоот байрны өмчлөгч байна /хэргийн 5, 51-54, 112 дугаар тал/.

Хариуцагч нь тус дүүргийн 11 дүгээр хорооны Стадион Оргил 97В тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 180 м.кв талбай бүхий 3 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байна. Тэрээр мөн хороонд эзэмшдэг 371 м.кв газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, архитектур, төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөлгүйгээр барилгын норм дүрмийг зөрчиж барилга барьсан нь тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь барилга угсралтын ажлыг холбогдох байгууллагын зөвшөөрлөөр зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаагаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэх бөгөөд зохигчид хил залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгч болох нь дээр дурдсанаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3., 135.4-т зааснаар хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй бөгөөд барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч нарын өмчилдөг байрыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актад гомдол гаргасан нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ