Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 70

 

 

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00070

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 7 хэсэг, Стадион Оргил 95 байр, 101 тоотод оршин суух Адууч овогт Хүрэлбатын Эрдэнэчимэг,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил 95 байр, 401 тоотод оршин суух, Мэргэн Ноён Хутагт овогт Чимэдбазарын Дамдиншарав,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил 95 байр, 201 тоотод оршин суух, Монгол овогт Батхишигийн Нармандах нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Стадион Оргил, 17012, 97В байранд оршин суух Дамдин овогт Цэдэн-Ишийн Оюунцэцэгт /РД:ЧВ72011904/ холбогдох,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж, оршин суугчдын эрхийг зөрчиж буй зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх /ШТЭҮ-1336/, хариуцагч Ц.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.     

                                                                                         

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Х.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг,  Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны 101 тоотод оршин суугч Х.Эрдэнэчимэг миний бие тус байрны урд талын нийтийн эзэмшлийн талбайг оролцуулан барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй, барилгын норм дүрэм зөрчин баригдаж буй барилгын ажлыг зогсоолгож, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь түрэмгийлэн зөрчиж барилга барьж буй газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэхээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Барилгын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 9 дүгээр зүйл, Барилга байгууламжид тавих шаардлага, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын Дөрөвдүгээр бүлэгт заасныг зөрчсөн.

Дээрхи хууль тогтоомжуудыг зөрчин барилга хоорондын зай хэмжээг баримтлалгүй 95 дугаар байрны газрыг оролцуулан урд талын тууш хананаас 3 метр зайнд, нарын гэрлийг хаасан байдлаар урд зүг рүү харсан цонхнуудыг таглаж 3 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 95 дугаар байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж, барилгын ажлыг өдөр, шөнөгүй тасралтгүй хийж, өндөр хүчин чадалтай машин ашиглаж, тоос шороо агаарын бохирдлыг бий болгож байна. Энэ талаар шалгаж өгөхийг холбогдох газруудад хандаж, хууль бус гэсэн боловч өнөөдрийг хүртэл явуулсаар 3 давхар төмөр карказыг угсарч дуусаад байна. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр барилгаас арматур унаж манай гэрийн цонхыг хагалсан үйлдэл гарлаа. Хагарсан цонхны дор бидний унтаж амардаг ор, хүүхдийн ор байрладаг тул манай гэрийнхэний амь насанд заналхийлсэн үйлдэл боллоо. Нар тусдаг гэрэл ордог 4 цонхоо таглуулж эргэн тойрондоо машин техник, тоног төхөөрөмж, хүний дуу чимээ, тоос шороо, утаа бохирдолд маш их бухимдаж байна. Иймд хууль тогтоомж зөрчиж буй барилгын ажлыг зогсоож, газрын эзэмших эрхийг цуцлаж, нийтийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Дамдиншарав, Б.Нармандах нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг,  Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд тус орон сууцны ханаас 3 метрийн зайтай иргэн Цэдэн-Ишийн Оюунцэцэг барилга барьж, барилга угсралтын эхлүүлсэн байна. Тус барилгын ажлын улмаас 95 дугаар байрны 101, 201, 301 тоот хаягт оршин суугчдийн орон сууцны урд зүгт харсан цонхыг таглаж, нарны гэрлийг халхлан ая тухтай амьдрах нөхцлийг доройтуулсан бөгөөд барилгын ажлыг шөнө, өдөргүй гүйцэтгэж, хүнд машин, механизм, тоног төхөөрөмж ажиллуулан их дуу чимээ, утаа, тоос гаргаж амгалан тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

Үүний дагуу тус барилгын ажилд холбогдуулж төрийн эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1729 дугаар албан бичигт “тус байршилд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зөвшөөрөл олгогдоогүй байна гэжээ.

Тиймээс тус зөвшөөрөлгүй барилгын ажилд холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт хандсаны дагуу барилгын ажилд хийсэн хяналт шалгалтаар иргэн Ц.Оюунцэцэгийн захиалгаар баригдаж буй барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилгын угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Монгол Улсын Барилгын тухай Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6-т заасан “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэснийг зөрчснийг тогтоож тус газраас 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-80/266 дугаар “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” улсын ахлах байцаагчийн акт гарсаныг биелүүлээгүй бөгөөд тус баригдаж буй барилгаас арматур төмөр, барилгын материал унаж 95 дугаар байрны 201 болон 101 тоотын цонхоор орсон нь оршин суугчдийн аюулгүй орчинд амьдрах эрх бодитоор зөрчигдөж эхэлсэнийг илэрхийлж байна.

Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны 201, 401 тоотод оршин суугч Ч.Дамдиншарав, Б.Нармандах нар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд иргэн Цэдэн-Ишийн Оюунцэцэгийн төрийн зохих байгууллагаас зөвшөөрөлгүйгээр барьж буй барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.


            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Цэдэн-Ишийн Оюунцэцэг барилгын зураг төсөлгүй болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг,  Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд тус орон сууцны ханаас 3 метрийн зайтай барилга барьж эхэлсэн. Тус барилгын ажлын улмаас 95 дугаар байрны 101, 201, 401 тоот хаягт оршин суугчдийн орон сууцны урд зүгт харсан цонхыг таглаж, нарны гэрлийг халхлан ая тухтай амьдрах нөхцлийг доройтуулсан бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны II Шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2015/16229 дугаартай захирамж гарч, тус барилгын ажлыг зогсоохыг хариуцагч Ц.Оюунцэцэгт даалгасан боловч үл биелүүлэн, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр одоо барилга угсралтын ажил бүрэн дуусч, дотоод засалын ажил төгсгөлийн шатанд үргэлжилж байна. Иймд иргэн Ц.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагыг дор зааснаар өөрчлөж байна. Үүнд,

Төрийн зохих байгууллагын зөвшөөрөлгүй, Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж байгаа иргэн Ц.Оюунцэцэгийн барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж, 95 дугаар байрны 101, 201 болон 401 тоот хаягт оршин суугчдын эрхийг зөрчиж буй зөрчлийг арилгуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч уг барилгыг ямар ч зөвшөөрөлгүй барьж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүхээс хүртэл барилгын ажлыг түр зогсоох захирамж гарсаар байхад гүйцээгээд дууссан. Одоо бидний орон сууцны цонхоор нар тусахаа байсан, гэрэл хаасан, мөн орц гарцаар машин тэрэг ороход хүндрэлтэй болсон. Энэ талаар хэлэхээр огт тоохгүй, бидний орон сууцны үнэ цэнэ буурч өмчлөх эрх зөрчигдсөн, мөн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг минь зөрчиж байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэдийн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Х.Эрдэнэчимэг газар чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбай болгох тухай утгатай надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Оюунцэцэг би 2011 оны 10 сарын 11-нд Хан-Уул дүүргийн 11 хороо, Стадион оргил хотхоны  97в  тоот 180м2  айлын орон сууцыг иргэн Т.Энхбатаас худалдах авахдаа хувийн орон сууцны зориулалттай 371м2 газрыг газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба мөн байшингийн дэргэд байрлах 6ш автомашиныг гражийг хамтад нь худалдан авсан.

2014 оны 4 сард өөрийн эзэмшлийн газар дээр байрлаж байсан 6 гражийг буулгаж газар дээр нь 3 давхар амины орон сууц барихаар карказ босгосон байгаа, нэхэмжлэлд тусгагдсан наран талын цонхуудыг хаасан гэдэг нь иргэн Эрдэнэчимэгийн амьдарч буй 95 байрны 101 тоотын  цонхнууд угаасаа 6 ширхэг гражид таглуулан нар үздэггүй байсан. Миний амьдарч буй байшин 2008 онд баригдсан харин 95 байшин нь 2011 онд ашиглалтанд орсон болохоор иргэн Эрдэнэчимэг анхнаасаа наран талын цонхнууд хаалттай  байшинг  худалдан авсан болно. Нэхэмжлэгч Эрдэнэчимэгийн амьдарч буй 95 байр бол усанд автсан, хана нь цууралт өгснөөс болоод одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ байдаггүй, нэхэмжлэгчийг хууль ёсны оршин суугч гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдагдсан баримтад ажлын явцад арматур унаж цонх хагалсан гэсэн гомдол нь угаасаа үндэслэл байхгүй. Уг хагарсан гэх цонх нь хагархай байсныг барилгын ажилчид гэрчилнэ.

Иргэн Ч.Дамдиншарав, Х.Нармандах нарын амьдарч буй 95-р байр 2011 онд албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглалтад орж одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй, анхнаасаа амины орон сууц барих зориулалттай газар дээр зориулалтыг нь зөрчиж нийтийн орон сууц барьсан. Баригдсан орон сууц нь чанарын шаардлага хангаагүй. Ашиглалтад ороод 2, 3-хан жил болж байгаа боловч одоо бодит байдал дээр бүх давхарын хана туурга, суурь багана цууралт өгсөн, доороосоо хөрсний ус байнга гарч усанд автаж цууралт өгсөн бохир нь хальж манай хашаанд дүүрч байсан удаатай. Ийм шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүйгээр болж эдгээр иргэд байраа хууль ёсоор өмчлөлийн баталгаа болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл авч чаддаггүй. Нэг хашаанд байрлах хоёр ширхэг амины орон сууц нь “Үлэмж өрнөх” СӨХ-ийн харьяанд байдаг бол 95-р байр нь ашиглагдах явцдаа байнга доголдол гарч байдаг учраас тухайн СӨХ хариуцдаггүй, амьдрахад маш аюултай барилга юм.

Иймд Оюунцэцэг би өөрийн газар эзэмших эрхийн хүрээнд шинээр байшин барьж байгаа учраас эдгээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.     

            Ц.Оюунцэцэг би энэ газар дээр 3 давхар амины орон сууцыг барьж эхлэхдээ хууль журмын дагуу зохих төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авсан боловч өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж үрэгдүүлсэн нь үнэн. Гэвч зохих төрийн байгууллагуудаас нөхөн бичиг баримтуудыг авахаар дахин материал бүрдүүлэн хандсан боловч нэхэмжлэгч нар танил тал болон бусад байдлаар энэхүү баримтуудыг нөхөн олгоход саад учруулж нөлөөлсөөр ирсэн. Гэвч би нилээн хөөцөлдсөний эцэст дахин олгохоор болж байгаа гэдгээ мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгч нарын хууль бусаар баригдаж ашиглалтад орсон 5 давхар 17 айлын орон сууцны хувьд миний шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангахгүй тохиолдолд би зохих журмын байгууллагуудаас хууль бус бүрдүүлсэн баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олж авсан талаар захиргааны хэргийн шүүхэд хандах болно. Учир нь эдгээр нэхэмжлэгчдийн амьдарч буй орон сууц нь анхнаасаа хууль ёсны төлөвлөгдөж байсан амины орон сууцаар баригдсан бол өнөөдөр Оюунцэцэг миний газрын албатай хийсэн газрын тухай хуульд заагдсан өөрийн эзэмшил газар дээр өргөтгөл хийх эрхээ эдлэхэд ямар нэгэн саад тохиолдохгүй байсан. Уг хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд эдгээр миний шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтууд шаардсан явдал зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн эдгээр гурван нэхэмжлэгчийн хувьд 101 тоотод оршин суугч Эрдэнэчимэг, 401 тоотод оршин суугч Дамдиншарав нарын хувьд Эрдэнэчимэгийн орон сууц анхнаасаа хуучин байсан, миний 6 ширхэг гражийн ард талд нар тусдаггүй хаагдсан байсан. Дамдиншаравын хувьд бодит байдал дээр цонхуудыг огт хаагаагүй болно.

            Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэ газрыг худалдаж авсан, зохих зөвшөөрлийг нь авч барилгын ажлыг эхлүүлсэн боловч үрэгдүүлчихсэн юм. Энэ хүмүүсийн эрхийг зөрчсөн үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв . 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, Ч.Дамдиншарав, Б.Нармандах нар нь хариуцагч Ц.Оюунцэцэгт холбогдуулан хууль зөрчиж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж, эрхийг зөрчиж буй зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Нэхэмжлэгч нар нь хууль зөрчиж барилга барьж байгаа тул барилгын ажлыг зогсоолгох, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нарны гэрэл, гэрлийн тусгалыг хааж, орц гарцад хүндрэл учруулж байгаа тул зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нурааж эрхийг хамгаалж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй, уг нь зөвшөөрөлтэй байсан боловч үрэгдүүлчихээд дахин зөвшөөрөл авч амжаагүй байгаа, зөвшөөрөлтэйгээр худалдаж авсан гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил 95 дугаар байрны 101, 201, 401 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 15, 51-54, 112-рхуудас/

            Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Стадион Оргил 97В тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 180м.кв талбайтай гурван давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 371 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар амины орон сууцны зориулалтаар эзэмшдэг болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0379216 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 24-30-р хуудас/

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж зааснаар хэрэгт авагдсан Ц.Оюунцэцэгийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг, аж ахуйн нэгж “Ундрах” СӨХ-ны ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон нэхэмжлэгч нар болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нар болон хариуцагч нь харилцан нөлөөлж болох хил залгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэхээр байна.        

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг зөвшөөрөлгүйгээр барилга барьсны улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаад түүний барьж буй барилга нь зөвшөөрөлгүй, хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэж, хариуцагч нь өөрийн эзэмшлийн газартаа барилга барьсан, газрыг зөвшөөрөлтэйгээр худалдан авсан, барилга барих зөвшөөрөлтэй байсныг үрэгдүүлсэн, нэхэмжлэгч нарын орон сууц нь өөрөө хууль бусаар баригдсан гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууц нь хууль бусаар баригдсан гэж маргасан боловч 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 821 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавараар уг барилга нь хууль зөрчиж баригдсан гэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 38-45-р хуудас/

Мөн хариуцагч нь өөрийн эзэмшлийн газарт барилга барьсан хууль зөрчөөгүй гэж тайлбарласан бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012  оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/61 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 176006/0320 дугаар бүхий 371 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон, уг газар дээр зэргэлдээ байрлах 6 ширхэг автомашины гражийг иргэн Т.Энхбатаас худалдан авсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 24-27-р хуудас/

Гэвч хэрэгт авагдсан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1729 албан тоотоор “Ц.Оюунцэцэгт манай байгууллагаас зөвшөөрөл олгоогүй болно”, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-80/266 тоот Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актад “иргэн Ц.Оюунцэцэгийн захиалгаар баригдаж барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6-д заасан “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэснийг зөрчиж байна”, мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11/1716 тоот албан бичигт “иргэн Ц.Оюунцэцэг нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад барилга барих хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг судлан тухайн газар дээр барилга барих боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн” гэсэн баримтуудаар хариуцагчийн эзэмшлийн газартаа барьж буй барилга нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 6-8, 55, 95-р хуудас/

            Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж зааснаар зөвшөөрөлгүй барьж буй барилгын ажлыг зогсоолгохоор нэхэмжлэгч нарын шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үйлдэл байхгүй, нэхэмжлэгч нарын цонх нь угаасаа нарын гэрэл тусдаггүй, нар хаасан байсан, хэт ойр баригдсан гэдгийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ нь хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн архитектор Б.Хашчимэгийн гаргасан шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №10,8/45 тоот дүгнэлтүүд, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр  үгүйсгэгдэж байна. /хэргийн 9-14, 152-155, 160-163, 182-р хуудас, /

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн архитектор Б.Хашчимэгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“...1.Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр рашаан сувилалын 1 дүгээр гудамжны тухайн хэсэгт иргэн Ц.Оюунцэцэгийн барилга нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй. Иймд хот байгуулалтын баримт бичигт тусгагдаагүй болно.

            ...3.Тус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 95 дугаар байрны урд талд баригдаж байгаа иргэн Ц.Оюунцэцэгийн барилга нь архитектур төлөвлөгөөний даалгавар, барилгын эх загвар зураг, магадлалаар хянагдаж баталгаажсан ажлын зураг төсөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасан барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

            4.Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь Хот байгууллалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчиж зэргэлдээх барилгын ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулах эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж байна.

            5.Иргэн Ц.Оюунцэцэгийн барилга нь орон сууцны 95 дугаар байрнаас 3-4 метрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй баригдаж байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм  БНбД 30-01-04-ийн 2,11 дэх “Орон сууц хоорондын орон сууц олон нийтийн барилга байгууламжийн хоорондын ... нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдлох норм дүрмийн дагуу, галын аюулаас хамгаалах шаардлагыг БНбД 21.02.02 болон 4 дүгээр хавсралтад зааснаар тус тус төлөвлөнө. 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондхи зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондхи зай 10 м-ээс багагүй байх ёстой...”, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/ заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1,6 дах /орон сууц барилга хоорондын орон сууц олон нийтийн барилга хоорондын байршлын зайн хэмжээг заавал мөрдөх, 12 дугаар хүснэгтийн 2 дахь барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд дахь зай хэмжээний норматив нь барилгажих талбайд барих барилгын давхрын тооноос хамаарч 2-4 давхар барилга хооронд 10 м заасныг мөн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дах барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх заалтуудыг зөрчсөн байна.

            6.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 95 дугаар байрны урд баригдаж байгаа иргэн Ц.Оюунцэцэгийн барилгад Архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын эх загвар зураг олгогдоогүй болно.

            7.Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.4, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчиж зэргэлдээх барилгын ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулах эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж байна.

            8.Тус барилга нь батлагдсан зураг төсөлгүй.

9.Тус шинээр баригдсан иргэн барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй, ачаалал тооцох боломжгүй. Иймд дулаан, цэвэр бохир ус цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгогдох боломжгүй юм” гэжээ. /хэргийн 152-155-р хуудас/

            Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 742 тоот дүгнэлтэд.

 “...1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан байгаа Ц.Оюунцэцэгийн барилга нь хот төлөвлөлтийн батлагдсан зураг төсөлгүй баригдсан.

...4.Иргэн Ц.Оюунцэцэгийн барьж буй барилга нь 97 дугаар байртай хэт ойр баригдсан. Барилга хоорондын зай лазер метрээр хэмжиж үзэхэд барилгын суурь хоорондын зай зүүн хэсэгт 1 метр, дунд хэсэгт 1,14 метр, баруун хэсэгт 1,15 метр, дээд давхрын хана хооронд зүүн хэсэгт 2,14 метр, дунд хэсэгт 2,29 метр, баруун хэсэгт 2,39 метр байв. Хөндлөн байрлалтай сууцны өрөөнүүдийн цонхны хоорондын зай 10 метрээс багагүй байх ёстой гэсэн заалтыг зөрчиж хэт ойрхон барьсан. 97 дугаар байрны 1,2 дугаар давхрын цонхнууд нар үзэх боломжгүй болсон” гэсэн байна. /хэргийн 160-163-р хуудас/

            Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №10,8/45 тоот дүгнэлтээр “...6.галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалт барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө гэсэн заалтыг зөрчиж, гал унтраах зориулалтын автомашин байрлах талбайгүй, 95 дугаар байранд гал түймэр гарсан үед байрны урд талын цонхоор аврах үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож 4 давхар барилга барьж аврах зам гарц хаасан. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт норм дүрмүүдийг зөрчиж, дур мэдэн зөвшөөрөлгүй барилга барьсан байгаа нь болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой ослын үед гарсан иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, хохирол учрах зэрэг эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байна” гэжээ. /хэргийн 182-р хуудас/

            Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар нэхэмжлэгч нар нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилгыг барихыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагчаас эрхээ зөрчсөн үйлдлийг зогсоох, хүндрэл бүхий нөлөөлөл үүсгэхгүй байхыг барилгын ажил эхлэхэд шаардсан боловч хариуцагч нь уг барилгын ажлыг үргэлжлүүлсэн, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №102/ШЗ2015/16229 дүгээр захирамжаар барилгын ажлыг зогсоохыг хариуцагчид даалгасан боловч барилгын ажлыг үргэлжлүүлж одоо мансардтай 3 давхар барилга болсон гэж тайлбарласан болно.    

Иймд нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д зааснаар “энэ хуулийн 135.3-т заасан барилга байгууламж нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж зааснаар зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгыг буулгахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилга нь нэхэмжлэгч нарын хэвийн аж төрөхөд нь саад учруулж, хөршийн гэрт тусах нарны гэрлийг хааж, хэт ойрхон баригдсанаас эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж, 95 дугаар байранд гал түймэр гарсан үед байрны урд талын цонхоор аврах үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, аврах зам гарц хаасан сөрөг нөлөөлөл бий болгож, нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгын ажлыг зогсоож, уг барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ц.Оюунцэцэгт даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгний 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэгт олгож, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дамдиншарав, Б.Нармандах нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН