Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1015

 

Х.Эрдэнэчимэг, Ч.Дамдиншарав, Б.Нармандах

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Эдэнэчимэг, Ч.Дамдиншарав, Б.Нармандах,

Хариуцагч Ц.Оюунцэцэгт холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж, оршин суугчдын эрхийг зөрчиж буй зөрчлийг арилгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Б.Батмөнх,

Хариуцагч Ц.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг,  Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны 101 тоотод оршин суугч Х.Эрдэнэчимэг миний бие тус байрны урд талын нийтийн эзэмшлийн талбайг оролцуулан барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй, барилгын норм дүрэм зөрчин баригдаж буй барилгын ажлыг зогсоолгож, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь түрэмгийлэн зөрчиж барилга барьж буй газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэхээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.9, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4 дүгээр бүлэгт заасныг тус тус зөрчсөн.

Дээрх хууль тогтоомжуудыг зөрчин барилга хоорондын зай хэмжээг баримтлалгүй 95 дугаар байрны газрыг оролцуулан урд талын тууш хананаас 3 метр зайнд, нарны гэрлийг хаасан байдлаар урд зүг рүү харсан цонхнуудыг таглаж 3 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 95 дугаар байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж, барилгын ажлыг өдөр, шөнөгүй тасралтгүй хийж, өндөр хүчин чадалтай машин ашиглаж, тоос шороо агаарын бохирдлыг бий болгож байна. Энэ талаар шалгаж өгөхийг холбогдох газруудад хандаж, хууль бус гэсэн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар 3 давхар төмөр карказыг угсарч дуусаад байна.

2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр барилгаас арматур унаж манай гэрийн цонхыг хагалсан үйлдэл гарлаа. Хагарсан цонхны дор бидний унтаж амардаг ор, хүүхдийн ор байрладаг тул манай гэр бүлийн амь насанд заналхийлсэн үйлдэл боллоо. Нар тусдаг гэрэл ордог 4 цонхоо таглуулж эргэн тойрондоо машин техник, тоног төхөөрөмж, хүний дуу чимээ, тоос шороо, утаа бохирдолд маш их бухимдаж байна.

Тус барилгын ажлын улмаас 95 дугаар байрны 101, 201, 301 тоот хаягт оршин суугчдийн орон сууцны урд зүгт харсан цонхыг таглаж, нарны гэрлийг халхлан ая тухтай амьдрах нөхцөлийг доройтуулсан бөгөөд барилгын ажлыг өдөр, шөнөгүй гүйцэтгэж, хүнд машин, механизм, тоног төхөөрөмж ажиллуулан их дуу чимээ, утаа, тоос гаргаж амгалан тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Үүний дагуу тус барилгын ажилд холбогдуулж төрийн эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1729 дугаар албан бичигт “тус байршилд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зөвшөөрөл олгогдоогүй байна.

Тиймээс тус зөвшөөрөлгүй барилгын ажилд холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу барилгын ажилд хийсэн хяналт шалгалтаар Ц.Оюунцэцэгийн захиалгаар баригдаж буй барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилгын угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6 дахь хэсэгт заасан “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэснийг зөрчсөнийг тогтоож тус газраас 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-80/266 дугаар “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” улсын ахлах байцаагчийн акт гарсаныг биелүүлээгүй бөгөөд тус баригдаж буй барилгаас арматур төмөр, барилгын материал унаж 95 дугаар байрны 201 болон 101 тоотын цонхоор орсон нь оршин суугчдийн аюулгүй орчинд амьдрах эрх бодитоор зөрчигдөж эхэлснийг илэрхийлж байна.

            Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шүүх хангаж 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2015/16229 дугаартай захирамж гарч, тус барилгын ажлыг зогсоохыг хариуцагч Ц.Оюунцэцэгт даалгасан боловч үл биелүүлэн, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр, одоо барилга угсралтын ажил бүрэн дуусч, дотоод заслын ажил төгсгөлийн шатанд үргэлжилж байна. Иймд Ц.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагыг зааснаар өөрчилж байна. Үүнд, төрийн зохих байгууллагын зөвшөөрөлгүй, Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан Сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж байгаа Ц.Оюунцэцэгийн барилгыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлыг зогсоож, барилгыг нурааж, 95 дугаар байрны 101, 201 болон 401 тоот хаягт оршин суугчдын эрхийг зөрчиж буй зөрчлийг арилгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхоны  97в  тоот 180 м.кв  айлын орон сууцыг Т.Энхбатаас худалдаж авахдаа хувийн орон сууцны зориулалттай 371 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба мөн байшингийн дэргэд байрлах 6 ширхэг автомашиныг гараашийн хамтад нь худалдан авсан.

2014 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшлийн газар дээр байрлаж байсан 6 ширхэг гараашийг буулгаж газар дээр нь 3 давхар амины орон сууц барихаар карказ босгосон байгаа, нэхэмжлэлд тусгагдсан наран талын цонхнуудыг хаасан гэдэг нь Х.Эрдэнэчимэгийн амьдарч буй 95 дугаар байрны 101 тоотын  цонхнууд угаасаа 6 гараашт таглуулан нар үздэггүй байсан. Миний амьдарч буй байшин 2008 онд баригдсан. Харин 95 дугаар байшин нь 2011 онд ашиглалтанд орсон болохоор Х.Эрдэнэчимэг анхнаасаа наран талын цонхнууд болон хаалттай байшинг худалдан авсан болно.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэгийн амьдарч буй 95 дугаар байр бол усанд автсан, хана нь цууралт өгснөөс болоод одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ байдаггүй, нэхэмжлэгчийг хууль ёсны оршин суугч гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдагдсан баримтад ажлын явцад арматур унаж цонх хагалсан гэсэн гомдол нь угаасаа үндэслэл байхгүй. Уг хагарсан гэх цонх нь хагархай байсныг барилгын ажилчид гэрчилнэ.

Ч.Дамдиншарав, Х.Нармандах нарын амьдарч буй 95 дугаар байр 2011 онд албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглалтад орж одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй, анхнаасаа амины орон сууц барих зориулалттай газар дээр зориулалтыг нь зөрчиж нийтийн орон сууц барьсан. Баригдсан орон сууц нь чанарын шаардлага хангаагүй. Ашиглалтад ороод 2-3 жил болж байгаа боловч одоо бодит байдал дээр бүх давхарын хана туурга, суурь багана, цууралт өгсөн, доороосоо хөрсний ус байнга гарч усанд автаж цууралт өгсөн, бохир нь хальж манай хашаанд дүүрч байсан удаатай. Ийм шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүйгээс болж эдгээр иргэд байраа хууль ёсоор өмчлөлийн баталгаа болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл авч чаддаггүй. Нэг хашаанд байрлах хоёр ширхэг амины орон сууц нь “Үлэмж өрнөх” СӨХ-ны харьяанд байдаг бол 95 дугаар байр нь ашиглагдах явцдаа байнга доголдол гарч байдаг учраас тухайн СӨХ хариуцдаггүй, амьдрахад маш аюултай барилга юм. Иймд Ц.Оюунцэцэг би өөрийн газар эзэмших эрхийн хүрээнд шинээр байшин барьж байгаа учраас эдгээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.Оюунцэцэг би энэ газар дээр 3 давхар амины орон сууцыг барьж эхлэхдээ хууль журмын дагуу зохих төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авсан боловч өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж үрэгдүүлсэн нь үнэн. Гэвч зохих төрийн байгууллагуудаас нөхөн бичиг баримтуудыг авахаар дахин материал бүрдүүлэн хандсан боловч нэхэмжлэгч нар танил тал болон бусад байдлаар энэхүү баримтуудыг нөхөн олгоход саад учруулж нөлөөлсөөр ирсэн. Гэвч би нилээн хөөцөлдсөний эцэст дахин олгохоор болж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Мөн нэхэмжлэгч нарын хууль бусаар баригдаж ашиглалтад орсон 5 давхар 17 айлын орон сууцны хувьд миний шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангахгүй тохиолдолд би зохих журмын байгууллагуудаас хууль бус бүрдүүлсэн баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олж авсан талаар захиргааны хэргийн шүүхэд хандах болно. Учир нь, эдгээр нэхэмжлэгчдийн амьдарч буй орон сууц нь анхнаасаа хууль ёсны төлөвлөгдөж байсан амины орон сууцаар баригдсан бол өнөөдөр миний газрын албатай хийсэн газрын тухай хуульд заагдсан өөрийн эзэмшил газар дээр өргөтгөл хийх эрхээ эдлэхэд ямар нэгэн саад тохиолдохгүй байсан. Уг хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд миний шүүхэд хүсэлт гаргаж эдгээр нотлох баримтуудыг шаардсан явдал зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хүмүүсийн эрхийг зөрчсөн үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил Рашаан сувилалын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгын ажлыг зогсоож, уг барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ц.Оюунцэцэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэгт олгож, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дамдиншарав, Б.Нармандах нарт олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч Ц.Оюунцэцэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шинжээч нь Ц.Оюунцэцэг намайг 95 дугаар байранд шахаж барьсан мэтээр хэтэрхий нэг талыг барьсан үндэслэл муутай өнгөц судалгаан дээр суурилан дүгнэлт гаргажээ. Аль барилга нь барилга хоорондын зайг зөрчин барьсан нь Архивын Ерөнхий газрын лавлагаар бүрэн нотлогдоно гэж үзэж байна. Шүүх шийдвэрээ гаргах болсон үндэслэлүүд дотор дараах алдаатай болон эргэлзээтэй, дутуу бүрдүүлсэн, эргэж харах шаардлагатай хууль зүйн үндэслэлүүд байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа хуурамч нотлох баримтыг үндэслэж шүүхийн шийдвэрийг гаргасан. Энэ нь нэхэмжлэгчдийн амьдарч 95 дугаар байрыг хууль бусаар баригдсан болохыг тогтоолгохоор нотлох баримтыг зохих төрийн байгууллагуудаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүгч 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр захирамж гаргаж эрх бүхий байгууллагуудаас нотлох баримтууд ирүүлсэн боловч эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгчдийн амьдарч буй байшинд огт хамааралгүй хуурамч нотлох баримт болох нь тодорхой байгаа юм.

Иймээс нэхэмжлэгчдийн амьдарч буй байшинтай холбоотой нотлох баримтуудыг эрх бүхий байгууллагуудаас үнэн зөвөөр бодитой байдлаар гаргуулж өгөхийг хүсч шүүхэд дахин хүсэлт гаргасан шүүгч Д.Хулан хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хүсэлтийг хангахгүй байхаар захирамж гаргасан. Эдгээр хуурамч нотлох баримтууд нь хавтаст хэргийн 38-45 хуудсанд байгаа болно.

Мөн нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлийг шүүх 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байтал нэхэмжлэгчдийн хууль ёсны оршин суугч болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байгаа нь тухайн үед нэхэмжлэгч нар нь хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байсан нь барилга барьж эхлэхэд барилгын ажлыг зогсоохыг шаардах эрх нэхэмжлэгчдийн хувьд байгаагүй болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байтал шүүх үргэлжлүүлж байсан нь хэтэрхий нэг талыг барьсан ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна. Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргагчийн хувьд үзэж байна.

                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Засаг дарга С.Батболдод явуулсан 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02-01/3528 дугаар бүхий албан тоот миний барьж буй барилгын талаар үндсэн хийц, бүтээцэд технологийн ноцтой алдаа, гэмтэл зөрчилгүй тул Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн байтал Хашчимэг байцаагч дангаараа дүгнэлт гаргаж өгсөн явдал тун ойлгомжгүй байна. Мөн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч мэргэшсэн архитектор Б.Хашчимэг нь манай барилга дээр акт тавьж тухайн үед зөрчлийн тэмдэглэл хийж торгууль ноогдуулж 500 000 төгрөгийн торгууль тавьж байсан. Гэтэл шинжээчээр ажилласан байдал нь шинжээч нь хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна.

Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэт ерөнхий байдлаар нэг талыг барьж гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар “Шинжээч нь тал бүрээс нь үнэн бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар "Тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх" гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь, шинжээч нарны тусгалын ивээлтийг нарийн тооцож гаргах ёстой байтал урд талын цонх нар үзэхгүй болсон гэсэн ганц өгүүлбэрээр хэт ерөнхий дүгнэлт гаргасан.

Шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 16 дугаар зүйлийн 16.8.1, 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.2 дахь хэсэгт заасан агуулгыг тусгаагүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэцүүлэхээр буцааж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгч зөвхөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр хийлгэсэн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг шүүхийн шинжилгээний дүгнэлтийн хэмжээнд үнэлэн түүнийг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан нь Шүүхийн шинжилгээний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг зөрчигдсөн байх үндэслэлтэй байна. Иймд энэхүү маргааныг үнэн зөв шударгаар шийдвэрлэх үүднээс хуулийг буруу хэрэглэсэн, хуурамч нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, Ч.Дамдиншарав, Б.Нармандах нар нь Ц.Оюунцэцэгт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион, Оргил Рашаан сувиллын 95 дугаар байрны урд талд баригдаж буй барилгыг хууль зөрчиж барьсныг тогтоолгож, барилгын ажлыг зогсоон, барилгыг нурааж, эрх зөрчиж буй зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар дээрх 95 дугаар байрны 101, 201, 401 тоот орон сууцны өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд хил залгаа газар эзэмшигч Ц.Оюунцэцэг нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн байранд хэт ойр зайд, барилга барьснаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ  зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нь барилга барих зөвшөөрөл бүхий газрыг бусдаас шилжүүлэн авсан, хууль ёсоор эзэмшиж буй газартаа барилга барьсан тул бусдын эрхийг зөрчөөгүй  гэж татгалзах боловч нэхэмжлэгч нар нь хариуцагчийн газар эзэмших эрхийг үгүйсгэж маргаагүй, харин барилга барихыг зөвшөөрөөгүй, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, барилга барих боломжгүй газарт зохих зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөлгүйгээр барилгын норм дүрмийг зөрчиж барьсан хууль бус  барилгын улмаас эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр барилгыг нураахыг шаардсан байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1729 тоот албан бичигт “Ц.Оюунцэцэгт манай байгууллагаас зөвшөөрөл олгоогүй болно” гэж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-80/266 дугаар актад “иргэн Ц.Оюунцэцэгийн захиалгаар баригдаж буй барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6-д заасан “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэснийг зөрчиж байна.” гэж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11/1716 тоот албан бичигт “иргэн Ц.Оюунцэцэг нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад барилга барих хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг судлан тухайн газар дээр барилга барих боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн” гэж тус тус бичигдсэн, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Засаг даргад явуулсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/3528 дугаар буулгах барилгын тухай албан бичигт “иргэн Ц.Оюунцэцэцэгийн 4 давхар барилга орсон” гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. 

Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн болон Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 742 дугаар  дүгнэлтэд барилгыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болохыг дурджээ.

Дээрх баримтуудаас үзвэл эрх бүхий этгээдээс иргэн Ц.Оюунцэцэгт маргаж буй газарт барилга барихыг зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байна.

Улмаар шинжээчийн дүгнэлтэд  барилгын ажил архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь Хот байгуулалтын тухай болон Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, зэргэлдээх барилгын ашиглалтын хэвийн байдал, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж байгааг, мөн Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-өөр тогтоосон барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зай болон 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай, хөндлөн байрлалтай сууцны өрөөнүүдийн цонхны хоорондын  тогтоосон норм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн байх тул өөрийн эзэмшлийн газарт барилга барьснаар нэхэмжлэгч нарын эрхийг зөрчигдөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. 

 

Дээрх байдлуудаар нэхэмжлэл үндэслэлгүй гэх татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцсэн, нотлох баримтыг үнэлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн  шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдлын үндэслэлийг нягтлан үзвэл:

 Нэхэмжлэгч нарын оршин суудаг 95 дугаар байрны барилгын зураг, барилга барих зөвшөөрөлтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нь хэргийн 38-45 дугаар талд авагдсан байна.   

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11/237 дугаар албан бичигт “Рашаан сувиллын 1 дүгээр гудамжны 3а тоот хаяг” бүхий газарт олгогдсон барилга барих зөвшөөрөл анх олгогдсон гэснийг хариуцагч нараас 95 дугаар байрны “Стадион, Оргил Рашаан сувилал” гэсэн хаягаас зөрүүтэй, түүний ар талын 5 давхар байрны хаяг байгааг шүүх анзаараагүй, уг албан бичгээр ирүүлсэн баримт нь хуурамч гэжээ. 

Дээрх 11/237 дугаар албан бичигт нэхэмжлэгч нарын оршин суудаг 95 дугаар байртай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаснаа тодорхой дурдсан ба хэргийн 26, 45 дугаар хуудаст авагдсан газрын кадастрын зургаас үзвэл 95 дугаартай барилгын байршил бүхий газар нь 3А хаягтай, хариуцагчийн эзэмшил газартай хөрш залгаа зурагдсан байна. Үүнийг  хариуцагч талаас үгүйсгэж байгаагаа хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед нотолж мэтгэлцээгүй бөгөөд хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулна гэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй атлаа мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй бөгөөд шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтээр гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсныг анхан шатны шүүх хуралдаанд үгүйсгэж маргаагүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч талаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2572 дугаар захирамжаар холбогдох газруудаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Уг захирамжийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд баримтууд ирүүлэхдээ барилгын ажлын зураг болон барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан акт нь Үндэсний архивын газарт хадгалагддаг тул өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. /хх-38/

Үндэсний архивын газрын 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02/329 дүгээр албан бичгээр дээрх баримт архивын газарт шилжиж ирээгүй тухай шүүхэд хариу мэдэгдсэн байна. /хх-109/

Иймд дээр дурдсан нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2016/05961 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч хүсэлт шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцсон, захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногт гомдол гаргах эрхтэйг шүүх тайлбарласан, улмаар дээрх захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2016/00213 дугаар тогтоол гарсан зэргээс үзвэл хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, захирамжийг бичгээр гардуулан өгөлгүй гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2016/05961 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтэд дурдсан Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг гаргуулах болон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохоор гаргасан хүсэлтийг хангасан тул хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд дахин өмгөөлөгчтэй оролцоно гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Учир нь тухайн үндэслэлээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хугацаа олгосон боловч хэргийн оролцогч 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаа өнгөрсөн байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ