Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00469

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00469

 

 

 

2024 03 11 210/МА2024/00469

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын

04-ний өдрийн 184/ШШ2024/00145 дугаар шийдвэртэй

Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Ч.Т-д холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байх улсын бүртгэлийн 2000000000 дугаартай, 81 м.кв талбайтай хувийн сууцнаас өөрт ногдох хэсгийн үнэ 22,182,778 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар, хариуцагч Ч.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 хороо, А байрны 0 тоот орон сууцаа 2001 онд 11,000,000 төгрөгөөр худалдсан мөнгөөрөө Сонгинохайрхан дүүргийн 34 хороо, Толгойтод өөртөө болон 5 хүүхэддээ 6 айлын газар худалдан авсан. Ингээд өөрийн газар болох Б гудамжны 01 тоот газар дээр байшин барьж эхэлсэн бөгөөд хувийн сууцыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад охин Ч.Т- нь 2003 оны 08 сард улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаж өөрийн болон хоёр охиныхоо нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, уг байшингийн эзэн намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүйд гомдолтой байна.

Уг хувийн сууц нь хариуцагч Ч.Т-гийн өмчлөлийн 11 тоот газар дээр биш миний өмчлөлийн 17 тоот газар дээр байсан ба тухайн үед газрын бүртгэл сул байснаас хэний эзэмшлийн газар дээр ямар байшин барьж буйг тэр бүр мэдэх боломжгүй байсан. Газрын албаны баримт, кадастрын зургаас харахад маргаан бүхий хувийн сууц нь миний газар дээр баригдсаныг харж болох ба түүний хөрөнгөөр баригдсан тул уг хувийн сууцны 50 хувьтай тэнцэх мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэхүү 81 м.кв хувийн сууц болон газрыг 2023 оны 09 сард "Ашид билгүүн" ХХК үнэлж 44,365,556 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон тул уг үнийн 50 хувь буюу 22,182,778 төгрөгийг хариуцагч Ч.Т-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн сууцны гэрчилгээнд ээжийн нэрийг хамтран өмчлөгчөөр оруулах үндэслэлгүй. Газрын мэдээллийн өмнөх үеийн зурагт 11 тоот хашааны кадастрын зураглалаар хувийн сууц ямар учраас 17 тоот гэснийг ойлгохгүй байна. Бодит байдалд хувийн сууц нь 11 тоот газар дээр байгааг бусад баримтаар, аудитын компанийн тайлангаар нотлогдож байгаа. Хүн бүр өөрийн газар дээр байшин барьсан би барьсан байшингаа өөрийн болон хүүхдүүдийн нэр дээр бүртгүүлсэн. Ээж өөрийнхөө 17 тоот газрыг бусдад худалдсан бөгөөд энэхүү мөнгөөрөө миний зээлийг төлсөн гэдэг нь гүтгэлэг юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар нэхэмжпэгч Д.Д-гаас хариуцагч Ч.Т-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2000000000 дугаартай 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 сарын 25-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд 44,365,556 төгрөг гэсэн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778 төгрөгийг охин Ч.Т-гаас гаргуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Д- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх эд хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-аар хийлгэхээр захирамж гаргасан. Гэтэл хөрөнгийн үнэлгээг хийх ажиллагаанд нэхэмжлэгч талыг байлцуулаагүй атлаа нэхэмжлэгчээс үнэлгээний хөлс 300,000 төгрөгийг төлүүлж, зөвхөн хариуцагчийг байлцуулан үнэлгээг гаргасан нь нэг талд үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч нь энэ хэрэгт газрыг минь эзэгнэсэн хүү Ч.Э-, газрын баруун хэсгээс таслан худалдан авсан хөрш Ж.Б-, зээ Т.О-, Т.О- нарыг хамтран хариуцагч оролцуулахаар өргөдөл гаргасан ч шүүгч нь өргөдлийг хүлээн авахгүй, оролцуулах шаардлагагүй гэж анхны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн.

4.3. Шүүгч нэхэмжлэгч талыг үндэслэлээ тайлбарлан ярих боломж олгохгүй, хурлын бичлэгийг байн байн асааж, унтраахыг нарийн бичигтээ үүрэг болгож, хариуцагчийн үндэслэлгүй, баримтгүй, гүтгэлгийн чанартай тайлбарыг зогсоохгүй байсан учир шүүгч нөлөөнд автаж хариуцагчид үйлчилсэн гэж үзэж байна. Тийм учраас шүүгчийг өөрчилж өгөхийг ерөнхий шүүгчид гаргасан ч хүлээн авахаас татгалзсан, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

4.4. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь цаад утгаараа өндөр настан Д.Д-гийн гэр орондоо амар тайван амьдрах үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг эдэлж чадахгүй, үр хүүхдүүдээ зодуулан хөөгдөж, нэр төрөө доромжлуулан гүтгэгдэж явахыг зөвшөөрсөн болж байна. Нэхэмжлэгчийн гэрийн эд хогшил 3 жилдээ хараа хяналтгүй, хамгаалалтгүй байгаагаас хулгай дээрэм, гал усны аливаа аюулд өртвөөс хариуцлагыг Ч.Т-, Т.О-, Т.О-, Ч.Э-, Ж.Б- нараас нэхэх болно гэдгийг албан ёсоор шүүхэд мэдэгдэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Энэ маргаан 1999 оноос эхэлсэн. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэсллэтэй. Давж заалдах шатны шүүхээс 17, 11 тоот газрын зөрүүтэй байдлыг шинжээч томилуулж тогтоолгох шаардлагатай гэж шийдвэрлэсний дагуу анхан шатны шүүхээс шинжээч томилох гэхэд би ...шинжээчийн хөлсийг би төлж чадахгүй гэж хэлсэн ба дараа нь шүүхээс залгаад шинжээчийн хөлсийг нэхэмжлэгч төлөхөөр болсныг хэлсэн. Шинжээчээс танай байшинг үзэх шаардлагатай гэхэд нь уулзах цаг товлоод л байшингаа үзүүлсэн. Харин 11, 17 тоот газрын тоотын талаар маргаан гарсан учраас үнэлгээ хийхээр ирсэн хүмүүст ...байшин руу ороход 11 тоот гэж байгаа, энэ зургийг сайн аваарай гэж хэлж байсан. Би үнэлгээний компанид нөлөөлөөгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Харин давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ч.Т-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 хороонд байх улсын бүртгэлийн Ү-2000000000 дугаартай, 81 м.кв талбайтай хувийн сууцны үнэ 44,365,556 төгрөгийн 50 хувь буюу өөрт ногдох хэсгийн үнэ 22,182,778 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь дээрх хувийн сууцыг барьсан болон барихад нь мөнгөн хөрөнгө оруулсан, улмаар хамтран өмчлөх эрхтэй буюу дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... 2001 оноос эхлэн хувийн сууцыг өөрийн 17 тоот газар дээр барьсан, байшинг барихад 100 хувь хөрөнгө оруулсан ... гэж тайлбарлаж байх боловч хэргийн баримтаар Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойтын 73 гудамж 17 тоот газрыг нэхэмжлэгч Д.Д-, мөн гудамжинд орших 11 тоот газрыг хариуцагч Ч.Т- өмчилжээ. Зохигчийн маргаж буй 81 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Ч.Т- нь 2003 оны 08 сарын 29-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэж, түүнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 01 тоот хаягтай, улсын бүртгэлийн 2000000000 болон 0082743 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Хариуцагчийн 81 м.кв талбайтай хувийн сууц нь хариуцагчийн өмчлөлийн 11 тоот газар дээр баригдсан гэх тайлбар, татгалзал үндэслэлтэй болох нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, улсын бүртгэлийн мэдүүлэг, 11, 17 тоот газрын кадастрын зураг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны  тоот, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны тоот, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны албан бичгүүд, мөн хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны  тоот үнэлгээний тайлангаар тус тус тогтоогджээ.

Иймд зохигчийн маргаж буй 81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан 17 тоот газар дээр анхнаасаа баригдаагүй байна.

3.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч уг хөрөнгийн өөрт ногдох хэсэгт 22,182,778 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн нэхэмжлэлийг, мөн анхан шатны шүүх маргаж буй хөрөнгийн байршлыг буруу тогтоосон гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч нь маргаж буй хувийн сууцыг өөрийн хөрөнгө гэж тодорхойлсон боловч хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч улсын бүртгэлд бүртгэгдсэн үндэслэлээр ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр шаардсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан шаардах эрхэд хамаарна. Зохигчийн эд хөрөнгө нийлж, холилдсоны үр дүнд хувийн сууц шинээр бий болсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ агуулгаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүх мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасан шаардах эрхийн үндэслэлд хамааруулсан нь буруу. Мөн нэхэмжлэгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 119 дүгээр зүйлийн 119.2 гэснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй гэсэн агуулгаар, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлтийг тус тус оруулж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

5. Нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан давж заалдах гомдлын тухайд:

5.1. Шүүх 2023 оны 08 сарын 09-ний өдрийн  захирамжаар зохигчийн маргаж буй хувийн сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохоор нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан учир шүүх шинжээчийн хөлсийг хүсэлт гаргасан талаар төлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ. Мөн шинжээч дүгнэлт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5.2. Нэхэмжлэгч нь Ч.Э-, Ч.Саруултуяа, Ч.Гэрэлтуяа, Ж.Б-, Т.О-, Т.О- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг 2023 оны 11 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх нэр бүхий иргэд ямар үндэслэлээр хариуцагчтай хамтран хариуцах үүрэгтэй болохыг нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй, тэдгээр иргэдийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг, холбоо барих дугаарыг гаргаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул шүүгчийн захирамж хуульд нийцжээ.

5.3. Нэхэмжлэгч талаас 2023 оны 11 сарын 10-ны өдөр шүүгчийг солиулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүгчээс татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаагүйн зэрэгцээ 2023 оны 12 сарын 07, 2024 оны 01 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад татгалзахгүй гэж хариулжээ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгчийг тодорхой үндэслэл заахгүйгээр татгалзах нь хуульд нийцэхгүй, мөн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Энэ үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/00145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч.Т-гаас 22,182,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ