Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00464

 

БНХАУ-ын иргэн *******-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2023/00568 дугаар шийдвэртэй

БНХАУ-ын иргэн ******* /Yu zhangmao/-гийн нэхэмжлэлтэй, Э******* ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:  

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******нь 2015 онд Э******* ХХК-тай хамтарч ажиллахаар дүүргийн нутаг дэвсгэрт орших МY-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, нүүрсний уурхайд 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нүүрс олборлолтын гэрээг Э******* ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ж*******-тай гэрээ байгуулсан.

1.2. Дээрх гэрээгээр ******* нь уурхайн ажил эхлүүлэх зардал, татвар, хураамж, ажилчдын цалин, хоол хүнс, шаардлагатай хөрөнгөөр санхүүжүүлж, уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулах, Э******* ХХК нь уурхайн тоног төхөөрөмж, машин механизм зэргийг гаргаж, төрийн захиргааны байгууллагатай харилцах, уурхайн бичиг баримтыг хуулийн шаардлага хангах ажлыг хариуцах, *******гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтарч ажиллахаар тохиролцсон.

1.3. 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нүүрс олборлож эхэлсэн. Олборлосон нүүрсний орлогоос Э******* ХХК нь 1 тонн нүүрс тутамд 20 юань төлөхөөр болсон. Бусад орлогыг ******* гэрээнд зааснаар авахаар тохиролцсон.

1.4. Миний бие 3,916,500 юань буюу 1,872,783,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулснаар уурхайн ажиллагааг хэвийн явуулсан.

1.5. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд уурхайн олборлосон нүүрс 12,800 тонн бөгөөд ******* нь 800 тонн нүүрсийг 1 тонныг 85,000 төгрөгөөр борлуулж авсан.

1.6. ******* нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хятад улс руу яваад 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр буцаж ирэхэд Э******* ХХК нь танайхтай гэрээ байгуулсан Ж******* энд байхгүй, уурхайн дарга өөрчлөгдсөн гэж хэлээд уурхайн үйл ажиллагаанд оролцуулаагүйгээс маргаан үүссэн.

Иймд Э******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, тус компанид оруулсан хөрөнгө 1,092,183,000 төгрөг, 12,800 тонн нүүрс борлуулсаны орлого 818,688,000 төгрөг, нийт 1,910,871,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ж******* нь Э******* ХХК-ийн төлөөлөх эрхгүй, харин тус компанийн хувьцаа эзэмшигч байсан ч хувьцаагаа шилжүүлж, БНХАУ руу явсан. Ж*******-д байгууллагын тамга байдаггүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд дарагдсан тамга нь Э******* ХХК-ийн ашиглаж байсан тамга биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2.2. Маргааны зүйл болох 1,872,783,000 төгрөгийн талаар мэдэхгүй. Гадаадаас хөрөнгө оруулж ирсэн тохиолдолд Гадаадын хөрөнгө оруулах тухай хуульд зааснаар Монгол улсад оруулж ирсэн хөрөнгийг хууль ёсны дагуу мэдээлэх үүрэгтэй тул хууль ёсны дагуу орж ирсэн хөрөнгө оруулалт биш.

2.3. 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 12,800 тонн нүүрс олборлолт хийгдээгүй. Тухайн үед Э******* ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Ж******* 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *******-тай туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ байгуулсан.

2.4. Манай уурхайгаас нүүрс олборлолт 2015 оны 09 дүгээр сараас хойш дараа оны эхний нэг сар гараагүй, сүүлийн 3 сарын хугацаанд бага зэрэг гарсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үеэр уурхай алдагдалтай, ажилчдын цалин, тогны мөнгө өгч чадахгүй байна гэж хэлээд хэн БНХАУ руу буцсан. Манай компани нэхэмжлэгчийн дагуулж ирсэн Монгол болон Хятад ажилчдын цалин хөлсийг бүгдийг төлж барагдуулсан.

2.5. Тус гэрээний 10 дугаар зүйлд ...хэрэв хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Эрээн хотын Иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Дээрх маргааны талаар нэхэмжлэгч өмнө нь эрүүгийн журмаар гомдол өгч шалгуулсан Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаар дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг 6,853,160 юаны хөрөнгө оруулалт, 13,000 тонн нүүрс олборлоогүй нь баримтаар тогтоогдоогүй гэж хэргийг хаасан. Харин Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2911 дугаар албан бичгээр нийт 760 тонн нүүрс олборлосон нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч 1,092,183,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, 12,800 тонн нүүрс олборлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Юу Жан мао /Yu zhangmao/-гийн хариуцагч Э******* ХХК-д холбогдох 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,712,305 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Э******* ХХК-ийн 69 хувийн хувьцаа эзэмшигч, БНХАУ-ын иргэн Ж******* нь нэхэмжлэгч Юу Жан мао /Yu zhangmao/-тай дүүргийн хороонд байрлах хөгжил нүүрсний уурхайд нүүрс олборлож ашиг олох зорилгоор хамтарч ажиллах гэрээ хэлцлүүд хийж, улмаар уг гэрээ хэлцлүүдийн хүрээнд тодорхой хугацаанд нүүрс олборлолт хийгдсэн. Нэхэмжлэгч Юу Жан мао /Yu zhangmao/ нь уурхайн үйл ажиллагаа, санхүүг хариуцан БНХАУ-аас ажилчид оруулж, Монгол болон Хятад ажилчидтай гэрээ байгуулж, цалин хөлсийг нь олгож байсан. Мөн уурхайн аюулгүй ажиллагааг хангах үүднээс дэр мод авсан, эрчим хүчний төлбөр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байхад шүүх гэрээний нэг тал хөгжил нүүрсний уурхай буюу өөр хуулийн этгээд байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, талууд хөгжил нүүрсний уурхайд нүүрс олборлолт хийж, харилцан тохиролцсон нөхцөлөөрөө хамтарч ажиллах гэрээ байгуулсан байхад хариуцагч Э******* ХХК-ийг нэхэмжлэгч Юу Жан мао /Yu zhangmao/-гийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулаагүй, хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх үүрэг бүхий этгээд гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэх дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй.

4.2. Хариуцагч Э******* ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн нэг болох Г******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан. Түүний мэдүүлгээр нэхэмжлэгч Юу Жан мао /Yu zhangmao/ нь хариуцагч компанитай дүүргийн хороонд байрлах хөгжил нүүрсний уурхайд нүүрс олборлож ашиг олох зорилгоор хамтарч ажиллах гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдож байгаа.

Иймд нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Хэрэгт авагдсан маргаан бүхий 2 гэрээг орчуулахад талууд хөгжил уурхай гэдэг нэрээр гэрээ байгуулсан байдаг. хөгжил уурхай нь Э******* ХХК мөн эсэх асуудал яригдана. Э******* ХХК-ийн дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн ашиглалтын лиценцтэй талбайд хөгжил гэдэг нэршил байхгүй. Нэхэмжлэгч Б гэдэг уурхайтай холбоотой баримт гаргаж өгсөн. Б гэдэг нь Э******* эсхүл, хөгжил гэж орчуулагдах эсэхийг орчуулагч нар мэдэх боломжтой. Хэрэгт авагдсан санхүүгийн баримт, гэрээнүүд нь Э******* ХХК-тай хамааралгүй.

5.2. Нэхэмжлэгч хөрөнгө оруулсан гэдгээ нягтлан бодох бүртгэлийн баримт болон хятад ажилчдыг оруулж ирсэн үйл баримтаараа нотолж чадаагүй. Юу Жан мао /Yu zhangmao/ нь өөрөө Э******* ХХК-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас ирүүлсэн баримтаар Монгол Улсын нутагт дэвсгэрт өөр нэртэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар орж ирсэн. Гаднаас хөрөнгө оруулж байгаа бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгөө хууль ёсоор мэдүүлээд оруулж ирэх ёстой. Юу Жан мао /Yu zhangmao/ нь Э******* ХХК-д үйл ажиллагаа эрхлээгүй, ажиллуулсан гэх хятад иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрлөх визтэй орж ирсэн хүмүүс биш. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 1,910,871,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, хөрөнгө оруулалт хийсэн эсэх, хэрэв хөрөнгө оруулалт хийсэн бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болгосноор оруулсан хөрөнгө болон түүнээс бий болсон ашиг орлогоо шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

3. БНХАУ-ын иргэн *******, хөгжил нүүрсний уурхайг төлөөлж БНХАУ-ын иргэн Ж******* /Z/ нар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээний нэг тал БНХАУ-ын иргэн ******* нь харуулын цалин, цахилгааны мөнгө, инженер, нягтлан бодогчийн цалингийн 50 хувь, цооногийн засвар үйлчилгээний бүх зардал, босоо цооногийг ухаж сунгахад гаргасан зардал, уурхайн бичиг баримтыг бүрдүүлэхэд гарсан бүх зардлыг үндсэн хөрөнгөнд оруулж тооцох, нөгөө тал нь уурхайн гадна ажлыг хариуцах, өөрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглуулсны төлбөр болгож нэг тонн нүүрс тутмаас 20 юаниар тооцож сар бүрийн 30-ны өдөр *******-аас авах, талууд гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж тохиролцжээ. /2-р хх-ийн 212-217, 219-220/

3.1. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын иргэн *******, Э******* ХХК-ийг төлөөлж хөгжил нүүрсний уурхайн үйлдвэрийн дарга тус уурхайн хоёр налуу цооног, нэг босоо цооногт хамтран олборлолт хийхээр Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийг ашиглах, уурхайн бүхий л татвар, зочдын дайллага, цайллага, үйл ажиллагааг хариуцан ажиллуулах, Э******* ХХК нь уурхайн тоног төхөөрөмж, машин механизм зэргийг харилцан гаргаж, төрийн захиргааны байгууллагатай харилцах, уурхайн бичиг баримтыг хуулийн шаардлага хангах ажлыг хариуцах, нөгөө талын үйл ажиллагаанд хяналт тавьж, 6 жилийн хугацаагаар хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Дээрх 2 гэрээний зүйл болох хөгжил нүүрсний уурхай нь Э******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхай болох нь хэргийн 5-р хавтасны 151-15 тал дахь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7976А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ түүний 1, 2 дугаар хавсралт болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул эдгээр гэрээг *******, Э******* ХХК-тай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

3.2. Түүнчлэн, хариуцагч Э******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар тус компани 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүсгэн байгуулагчаар Саянсан ХХК, Гао ва /G/, Жан Юу хуа /Z/, Мын М нар бүртгэгдсэн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь энэ гэрээг байгуулах үед Г******* /G/ байжээ./3-р хх-ийн 62-67/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар залруулж, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

4.1. Учир нь БНХАУ-ын иргэн Ж******* /Z/ нь гэрээ байгуулах үед Э******* ХХК-ийн 69 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь хуулийн этгээдийн лавлагаа болон Э******* ХХК-ийн дүрмээр тогтоогдсон. Мөн тэрээр Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар уг компанийн төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэх ойлголтыг нэхэмжлэгч *******-д төрүүлсэн нөхцөл байдлыг бүрдүүлснээр компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгож хэлцэл хийсэн тул нэхэмжлэгчийн хувьд уг хэлцэл хүчинтэй байна. Иймээс хариуцагчийн шүүхэд нэхэмжлэгч нь компанийг төлөөлөх эрхгүй, хувьцаа эзэмшигч байсан БНХАУ-ын иргэн Ж******* /Z/-тай гэрээ байгуулсан гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2. Түүнчлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2911 дугаар албан бичгээр ирүүлсэн нүүрсний хэмжилт хийлгэсэн дүгнэлтэд дүүргийн 2-р хороо Найрамдал, локаторын энгэр гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа Э******* ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордод Сөөм газар ХХК-иар олборлосон нүүрсний хэмжээг тооцох хяналтын хэмжээг хийлгэхэд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явуулсан малталтанд нийт урт 98 у/м, өндөр 2.0 метр, өргөн 2.9 метр, нүүрсний эзэлхүүн жин 1.34 байсан бөгөөд нийт 760 тонн нүүрс олборлосон гэж тогтоосон. /3-р хх-ийн 17-19/

4.3. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор БНХАУ-ын иргэн *******-гийн нүүрсний уурхайд 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 6,853,160 юаний хөрөнгө оруулалт хийж, нийт 13,000 тонн нүүрс олборлож, 12,000 тонн нүүрсний төлбөрийг өгөлгүй залилсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай, иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /2-р хх-ийн 225-232/

4.4. Дээрх тогтоолд БНХАУ-ын иргэн Ж******* /Z/-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ... Мао нь уурхайг үзээд 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл туршилтын журмаар хөрөнгө оруулж нүүрс олборлоод ашигтай байвал хамтран ажиллая, олборлосон нүүрснээс би тонн тутмаас 20 юань авъя гэж тохирсон. 2015 оны 12 дугаар сарын 10-ны үеэр уурхай алдагдалтай байна ажилчдын цалин, тогны мөнгө өгч чадахгүй байна гэж хэлээд Хятад руу явсан, Мао явахдаа 300 тонн нүүрс үлдээгээд явсныг ажилчид нь зараад мөнгийг нь авчихсан тэрийг намайг зарсан гээд мөнгийг нэхээд байгаа... гэж мэдүүлсэн эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлэг нь иргэний хэрэгт бичгийн нотлох баримт болно.

Иймд дээрх хэргийн баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хамтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд хэрэгжсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг талууд хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгосон тул оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, түүний үр дүнд бий болсон үр шим ашгийг хуваарилах агуулгаар тодорхойлжээ.

5.1. Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ руу яваад 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Монгол улсад буцаж ирэхэд Э******* ХХК нь ...танайхтай гэрээ байгуулсан Ж******* /Z/ энд байхгүй, уурхайн дарга өөрчлөгдсөн уурхай луу оруулаагүй гэж тайлбарласнаас үзвэл талууд цаашид хамтран ажиллах боломжгүй болж, гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлд хамаарч байна.

5.2. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Туршилтаар нүүрс олборлох гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байгуулсан Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ-нд хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимийг хэрхэн хуваарилах талаар талууд тохиролцоогүй байна. Нөгөөтэйгүүр хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон нөхцөлд нэхэмжлэгч Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар мөн зүйлд заасан үйл баримт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамжаа буцаан шаардах эрхгүй.

5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 1,182,783,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх баримтуудыг шүүхэд гаргасан боловч уг баримт нь хөрөнгө оруулалт хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байна.

5.4. Мөн нэхэмжлэгч нь 12,800 тонн нүүрс борлуулсаны орлого 818,688,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар 12,800 тонн нүүрс борлуулж, ашигтай ажилласан, дээрх хэмжээгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2023/00568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1, 480.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э******* ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /Yu zhangmao/-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй охисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,618,865 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ