Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00992

 

Д.Б-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийнТанхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2017/00225 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Р.А-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэйиргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б- түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.А- нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр Forever сүлжээний бизнесийн бараа бүтээгдэхүүн авч Х.Оюунчимэг бид хоёр цол зэрэгтэй, мөн чи цалинтай болно, мөнгө зээлүүлж туслаач гэсэн. Би Р.А-т өөрийн дансанд байсан 4.000.000 төгрөгийг бэлнээр, Х.Оюунчимэгийн надад өгөх байсан 3.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 7.000.000 төгрөг өгөөд “Р.А- нь 2015 оны 06 сарын 05-нд 2 сарын хугацаатай зээлж авав” гэсэн баталгаа дээр гарын үсэг зурсан. Р.А- нь 2015 оны 06 сарын 24-нд манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт Forever сүлжээний 4.000.000 төгрөгийн барааг ээжийн чинь бараа өгөөрэй гээд орхиод явсан байсан. Хэрэв би бараа бүтээгдэхүүнээ өөрөө борлуулах байсан бол Р.А-т мөнгөө зээлүүлэх шаардлагагүй бөгөөд өөрөө бараагаа захиалах боломжтой байсан. Энэ хугацаанд Х.Оюунчимэг нь надад 3.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4.000.000 төгрөгөө Р.А-ээс нэхэхээр бараа өгсөн гээд мөнгө өгөхгүй намайг хохироож байна. Иймд Р.А-ээс 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь АНУ-ын Forever компаний Монгол дахь гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Б- 2015 оны 04 сарын 11-нд тус компанид гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн. 2015 оны 06 сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Б- зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Б- бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8.534.850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Үүний 4.000.000 төгрөгийг Д.Б- өөрөө гаргасан. Энэ худалдан авалтаар Д.Б-д 509.324 төгрөгийн цалин гарсан. Д.Б-ын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, 4.491.761 төгрөгийн бараа авсан. Иймд би Д.Б-д 4.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2017/00225 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.А-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Р.А-ээс 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 151/ШШ2017/00225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Р.А-т хүүгийнхээ машин авна гэж хадгалсан мөнгөнөөс гуйгаад байхаар нь 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлсэн нь үнэн. Миний зээлүүлсэн энэ мөнгөөр Р.А- бараа авч өөрөө цалинд хүрнэ гэж байсан. Би мөнгө зээлсэн энэ өдрөө зээлсэн тухай баталгаа болгон бичиж Р.А- өөрөө гарын үсэг зурсан. Би баталгаан дээр 4.000.000 болгож бичсэн нь миний н.Оюунчимгээс авах ёстой байсан 3.000.000 төгрөгийг н.Оюунчимэг Р.А-рүү шилжүүлсэн байсан. Ингээд би Р.Алтанцэцгээс 7.000.000 төгрөгийн авлагатай болж 4.000.000 төгрөг зээлсэн өдрөө хамтад нь бичихэд өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан. Би тэр өдөр ийм мөнгөөр бараа огт худалдаж аваагүй ямар бараа худалдаж авсныг ч мэдэхгүй . Хэрэв би өөрөө бараа авах байсан бол Р.А-т 4.000.000 төгрөг зээлүүлэхгүй баталгаан дээр гарын үсэг зуруулахгүй, хүнээр бараагаа сонгуулж авхуулахгүй. Тэгэхээр Р.А- миний нэр дээр падаан бичүүлж өөрөө гарын үсгээ зурж авсан байгаа падаан дээр миний гарын үсэг байхгүй. Иймд хэргийн үнэн зөвийг олж хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Р.А-ээс 4.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээл гэж тодорхойлон 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн баримтыг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...төгрөг зээлээгүй, нэхэмжлэгч нь уг мөнгөөр Фровэр компаний бүтээгдэхүүнийг худалдан авсан..” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх учиртай.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчээс хариуцагчид 7.000.000 төгрөг зээлүүлсэн тухай баримтад зурагдсан гарын үсэг Р.А-ийнх мөн эсэхэд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-т нийцээгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримтад гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ