Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2016/00017

 

МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сар 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 шийдвэртэй

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Буянт төв ХХК-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алданги 57.660.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан,

Хариуцагч Буянт төв ХХК-ийн өмгөөлөгч В.Ганболд

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Манай компани Буянт төв ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатай, 57/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 42.000 литр түлшний 30 хувийг урьдчилан авсан бөгөөд үлдэгдэл 70 хувь буюу 38.440.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дотор МТ Петролиум ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны 4990088657 тоот дансанд шилжүүлэхээр байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 38.440.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 19.220.000 төгрөгийг Буянт төв ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 58/15 тоот барьцааны гэрээний зүйлээр хангаж, 57.660.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд МТ Петролиум ХХК нь Буянт төв ХХК-тай 57/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 57.660.000 төгрөгийн гэрээ анх байгуулаад урьдчилгаа 30 хувийг төлж үлдсэн 70 хувийг тодорхой хугацааны дараа төлж барагдуулахаар тохирсон. Буянт төв ХХК нь 42.000 литр дизель түлш манай компаниас аваад төлбөрийн 70 хувь болох 36.440.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохирсон боловч Буянт төв ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед үндсэн төлбөрөөс 2 сая төгрөг төлсөн, алданги 19.220.000 төгрөг нэхэмжилснээс 1 сая төгрөгийг барагдуулсан ба алданги 18.220.000 төгрөг дээр үндсэн төлбөр нэмээд нийт 54.660.000 төгрөгийг Буянт төв ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Буянт төв ХХК-ийн ерөнхий захирал Ж.Саруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 онд МТ Петролиум ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн 30 хувийг барагдуулаад үлдсэнийг нь намар төлөхөөр тохирсон. 2015 онд Монгол орныг хамарсан ган болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компани ургацынхаа 80 орчим хувийг алдаж, санхүүгийн хүндрэлд орсон. Энэ талаар харилцагч МТ Петролиум ХХК-д мэдэгдэж зээлийн гэрээний хугацааг сунгахыг хүссэн дагуу тус компани манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдэж, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Газар тариалангийн бизнес нь өөрөө онцлогтой намар л орлого олдог. 2016 онд тариагаа тариад тус ондоо багтаан төлье гэсэн хүсэлт гаргасан боловч МТ Петролиум ХХК манайд бичгээр хариу өгөөгүй. МТ Петролиум ХХК-д өөрсдийн боломжоороо төлөх ёстой 36.440.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36.440.000 төгрөгийг төлж барагдуулна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад манай компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн, санхүүгийн хүндрэлд орсон учраас гэрээний алдангийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг 243.1-д зааснаар хариуцагч Буянт төв ХХК-иас 54.660.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Буянт төв ХХК-иас 446.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Буянт төв ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Саруул давж заалдах гомдолдоо: ...2015 онд монгол орон даяар байгалийн давагдашгүй хүчин зүйл болох байгалийн гамшиг гангийн улмаас тариалангийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ургац алдаж, санхүүгийн хүндрэлд орсон билээ. Ийнхүү гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл үүссэн үед хэрхэн зохицуулах тухай талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн № 57/15 дугаартай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 7.1-д Талууд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй дараахи нөхцөл байдал бий болсны улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагаас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөгдөнө хэмээн тусгасан. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас холбогдох хууль, журам бусад бичиг баримт, тооцоо судалгааг үндэслэн манай компанид 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр №01/630 тоот Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г олгосон байдаг. Энэ баримтыг бид шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Буянт төв ХХК-иас 54.660.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгосугай гэж шийдвэрлэсэн. Бид гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаан болсон баримтыг шүүхэд гаргасан, энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 тоот шийдвэрийг өөрчилж алданги 18.220.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Жич: Үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 36.440.000 төгрөгийг төлж барагдуулах талаар маргаагүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж,нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагад хэрэглэх хуулийг хэрэглээгүй, хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлээгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г үндэслэн гэрээний үүргийн биелэлтэд 38.440.000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алданги 18.220.000 төгрөг, нийт 57.660.000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 3 шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа гэрээний үндсэн үүргийг гүйцэтгүүлэх, алданги гаргуулах шаардлагаа дэмжиж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-ийн 83-р тал/ бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарласан болно.

Зохигчид газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээгээр 42.000 литр дизель түлшийг нэхэмжлэгч нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн, хариуцагч эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, барааны үнэд 70.000.000 төгрөгийг төлөх үүргээсээ гэрээ ёсоор урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлж, үлдэх 38.440.000 төгрөгийг төлөөгүй гэрээнд тохирсон хугацааг хэтрүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээний үндсэн үүрэгт 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хариуцагч гэрээний үүрэг 36.440.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тухайд талууд маргаагүй байна. Харин гэрээний дагуу алданги төлөх хариуцлагаас хариуцагч чөлөөлөгдөх эсэх асуудлаар маргасан байна.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн гэрээний үүрэгт 36.440.000 төгрөг, алданги 18.220.000 төгрөг, нийт 54.660.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.1-д худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөх-өөр талууд тохиролцсон ба нэхэмжлэгч гэрээний 3.2-т зааснаар хариуцагчийн үүрэг гүйцэтгэж дуусах хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алдангийг тооцож, гүйцэтгэвэл зохих үүргийн 50 хувиар хязгаарлаж алданги 18.220.000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна.

Хариуцагч Буянт төв ХХК нь гэрээний 7.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэний улмаас төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул алданги төлөх ёсгүй гэж маргаж, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр олгосон 01/630 тоот Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-ийн 81-р тал/, Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04/22 тоот албан бичиг, мөн тус сумын Цаг уур, орчны шинжилгээний тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж санхүүгийн хүндрэлд орсон талаархи байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд нотлох баримтыг үнэлэх журмыг хэрэгжүүлэх талаархи Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т Хэрэв 7.1-д заасан нөхцөл байдал 20 хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл гэрээний аль ч тал энэхүү гэрээний дагуух нийлүүлэлтийг нөгөө талдаа мэдэгдэн цуцлах эрхтэй, 7.3-т Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ гэсэн гэрээний заалтыг хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гэрээнд заасан нөхцөл байдал үүссэний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ талаархи баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул 18.220.000 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1... гэсний дараа ...232 дугаар зүйлийн 232.4... гэж, шийдвэрийн 2 дугаар заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэсэн заалтыг нэмж оруулан, 2, 3 дахь заалтыг 3, 4 дэх заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Буянт төв ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

Ц.ӨРНӨНДЭЛГЭР