Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 936

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 13 өдөр                          Дугаар 151/ШШ2016/00936                                              Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 06-03 тоотод оршин суух, Боржигин овгийн Доржийн Батдулам /НЭ56111763/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Жаргалант хотхон 38-01 тоотод оршин суух, Тоормт овгийн Равдандоржийн Алтанцэцэг /НЮ65082668/ -т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батдулам, хариуцагч Р.Алтанцэцэг, гэрч С.Дашбат, Х.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батдулам шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа... Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр над дээр ирээд Forever сүлжээний бизнесийн бараа бүтээгдэхүүн авч Х.Оюунчимэг бид хоёр цол зэрэгтэй, мөн чи цалинтай болно, мөнгө зээлүүлж туслаачаа гэсэн. Тэгэхэд нь би “бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй” гэхэд Р.Алтанцэцэг “ би барааг чинь борлуулаад  чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй” гэсэн юм.

Ингээд би Р.Алтанцэцэгт өөрийн дансанд байсан 4000 000 төгрөгийг бэлнээр, Х.Оюунчимэгийн надад өгөх байсан 3000 000 төгрөгийг бэлнээр, нийт 7000 000 төгрөг өгөөд “Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 05-нд 2 сарын хугацаатай зээлж авав” гэсэн баталгаа дээр гарын үсэг зурсан. Гэтэл Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 24-нд манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт Forever сүлжээний 4000 000 төгрөгийн барааг манай бэр С.Дашбатад “Танай хадам ээжийн чинь бараа, чамд өгөөрэй гэсэн” гээд орхиод явсан байсан. 

Хэрэв би бараа бүтээгдэхүүнээ өөрөө борлуулах байсан бол Р.Алтанцэцэгт мөнгөө зээлүүлэх шаардлагагүй бөгөөд өөрөө бараагаа захиалах боломжтой байсан. Энэ хугацаанд Х.Оюунчимэг нь надад  3000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4000 000  төгрөгөө Р.Алтанцэцэгээс нэхэхээр бараа өгсөн гээд мөнгө өгөхгүй намайг хохироож  байна. Би Р.Алтанцэцэгт 4000 000 төгрөг бэлнээр өгсөн, харин бараа худалдаж авна гэж тохиролцоогүй юм. Иймд Р.Алтанцэцэгээс 4000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь АНУ-ын Forever компаний Монгол дахь гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гаадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Батдулам 2015 оны 04 сарын 11-нд тус компанид гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа.

2015 оны 06 сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Батдулам зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Батдулам бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8534850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Үүний 4 сая төгрөгийг Д.Батдулам өөрөө гаргасан. Энэ худалдан авалтаар Д.Батдуламд 509324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.Батдуламд их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.Батдуламаас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн. Д.Батдуламын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад 3 удаа хэлсэний дараа манай гэрт орж ирээд 4491761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхэгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан.  Иймд би Д.Батдуламд 4 сая төгрөгийг төлөх ёсгүй. Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааны үнийг Д.Батдулам, Х.Оюунчимэг бид хоёр гурвуулаа тэнцүү хувааж хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Эсхүл С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааг худалдан борлуулсаны дараа мөнгийг нь өгнө гэж бодож байна гэв. /хх13-16, хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч С.Дашбат шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...Миний бие нь гоо сайхны дэлгүүрт худалдагч хийдэг. 2015 оны 06 сарын үед яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Р.Алтанцэцэг нь танай хадам ээж Д.Батдуламын бараа ирсэн, манай гэрт орж ирээд авчих гэхээр нь би гэрт ороод 4 491761 төгрөгийн 18 нэр төрлийн 143 ширхэг бараа хүлээж авсан. Энэ барааг дэлгүүртээ тавиад борлуулаарай гэсэн. Д.Батдулам, Р.Алтанцэцэг нарын хооронд мөнгө төгрөгний ямар харилцаа байгааг би мэдээгүй. Би ч гэсэн энэ компанид гишүүнээр элсэж орсон тул бараа бүтээгдэхүүнийг аль болох борлуулахыг хичээдэг. Д.Батдулам надаас барааг хүлээж аваагүй, Р.Алтанцэцэг нь бараагаа буцааж авна гэвэл би тоолоод өгөхөд бэлэн байгаа гэв.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Х.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ... Миний бие нь АНУ-ын компанид элсэж ороод ажиллаж байгаа. Би Д.Батдуламаас 3000 000 төгрөг зээлсэн байсан. 2015 оны 06 сард Д.Батдулам нь зээлсэн 3000 000 төгрөгөө Р.Алтанцэцэгт шилжүүлчих гэсний дагуу би Р.Алтанцэцэгт 3000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь Д.Батдулам нь Р.Алтанцэцэгээс мөнгө төгрөгөө авч чадахгүй хохироод байна гэхээр би өөрийн зээлсэн 3000 000 төгрөгийг Д.Батдуламд төлсөн. Энэ компанид элсэн орсоноос хойш би 20000 000 гаруй сая төгрөгийн бараа авсан. Одоо ч борлуулаагүй байгаа гэв.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батдулам хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Р.Алтанцэцэгт 2015 оны 06 сарын 05-нд 7000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлдүүлсэн мөнгөнд Р.Алтанцэцэгээс Forever компаний бараа бүтээгдэхүүн авна гэж огт тохиролцоогүй.  Р.Алтанцэцэгт зээлдүүлсэн 7000 000  төгрөгөөс  Х.Оюунчимэг 3000 000 төгрөгийг надад төлсөн тул 4000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгээс нэхэмжилнэ гэж,

хариуцагч нь татгалзлын үндэслэлээ...Д.Батдулам нь Forever компанид гишүүнээр элсэж, өөрийн нэр дээр 8534840 төгрөгийн бараа худалдан авч, 4000 000 төгрөгийг өөрөө гаргасан. Энэ худалдан авсан бараанаас 4491761 төгрөгийн барааг түүний бэр С.Дашбатад хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Р.Алтанцэцэг нэхэмжлэгч Д.Батдуламаас 2015 оны 06 сарын 05-ны өдөр 7000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан болох нь

Д.Батдуламын...2015 оны 06 сарын 05-ны өдөр Х.Оюунчимэгээс авах байсан 3000 000 төгрөгийг, өөртөө байсан 4000 000 төгрөг, нийт 7000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгт бэлнээр хүлээлгэж өгсөн гэх тайлбар,

Гэрч Х.Оюунчимэгийн ...Д.Батдуламаас зээлсэн 3000 000 төгрөгийг өөрийнх нь зөвшөөрснөөр Р.Алтанцэцэгт 2015 оны 06 сард бэлнээр хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг,

Хариуцагч Р.Алтанцэцэгийн...компаний бараа бүтээгдэхүүн худалдан авахаар Д.Батдуламаас 7000 000 төгрөгийг хүлээн авч, 8534850 төгрөгийн бараа авсан гэх тайлбар,

“2015 оны 06 сарын 05-нд Р.Алтанцэцэг 7000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авав”, зээл өгсөн Д.Батдулам, хүлээж авсан Р.Алтанцэцэг гэсэн мөнгө хүлээлгэж өгсөн Баталгаагаар тус тус тогтоогдож байна. /хх4, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Дээрх баримтуудаас үзэхэд зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, хуулийн 282.4-д “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар хариуцагч Р.Алтанцэцэг нь 7000 000 төгрөгийг хүлээн авснаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Талууд 7000 000 төгрөг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч Д.Батдулам нь хариуцагч Р.Алтанцэцэгт зээлийн гэрээгээр шилжүүлсэн 7000 000 төгрөгөөс Х.Оюунчимэгийн төлсөн 3000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Х.Оюунчимэгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд үлдэх 4000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгээс шаардах эрхтэй гэж үзнэ.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

            Хариуцагч Р.Алтанцэцэг нь Д.Батдулам зээлүүлсэн мөнгөөрөө  Forever компаний бараа бүтээгдэхүүнийг өөрөө худалдан авсан, түүний худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн буюу өөрийнхөө мөнгөөр өөрөө бараа авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрч Дашбатын ...”Р.Алтанцэцэг нь танай хадам ээжийн бараа орж ирээд ав гэхээр би гэрт нь очиж бараа авсан, энэ бараа одоо ч гэсэн тоо ширхэгээр манай дэлгүүр дээр байгаа, Д.Батдулам надаас хүлээж аваагүй, Р.Алтанцэцэг нь бараагаа буцааж авна гэвэл би тоолоод өгөхөд бэлэн байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож бөгөөд хариуцагчийн татгалзалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “ Гадаад хэлээр бичигдсэн бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хэргийн 20-28 талд авагдсан бичмэл баримтууд нь хуулийн дээрх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Р.Алтанцэцэгээс 4000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батдуламд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Р.Алтанцэцэгээс 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батдуламд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б. ЦОЛМОН