Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01043

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1026 дугаар магадлалтай,

Л.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 8.260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч Д.Сумъяабаатар, Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сумъяабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү Л.Б- нь 2015 оны 09-р сарын 10-15-ны үед Д.М-тэй амаар тохиролцон 2006 онд үйлдвэрлэгдсэн чирэгч толгойтой Бенз маркийн 65-43 ДГО улсын дугаартай машиныг 15.000.000 төгрөгөөр зарсан. Д.М- нь урьдчилгаанд 2015 оны 09-р сарын 15-нд Баярбаатарт 20.000 юань буюу 6.843.000 төгрөг өгч, удахгүй үлдэгдлээ удахгүй өгнө гэж тохирсон. Автомашиныг Д.М- өөрийн нэр 2015 оны 10-р сарын 26-нд шилжүүлж авсан. Шилжүүлж авснаас хойш холбоо тасран, сүүлд 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл мөнгөө шаардахад “машин чинь онхолдсон” гэсэн. Иймд Д.М-гээс 8.260.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 09-р сарын 08-нд Л.Б-тай Хятад улсын Эрээн хотод уулзахад машинаа зарах гэж байгаа гээд машинаа үзүүлсэн. Бид ярилцаад машиныг чиргүүл толгойтой нь хамт 15.000.000 төгрөгөөр авсан. Урьдчилгаанд 20.000 юаныг 315 төгрөгөөр тооцож Л.Б-т өгсөн. Том эвдрэл байвал мөнгөө хуваагаад засуулна шүү гэж хэлээд Л.Б-аас машиныг нь аваад Сүхбаатар аймаг руу ёмкос ачаад явахад 330 км яваад машин эвдэрч, сэлбэг авчирч зассан. Тэгээд Замын-Үүд ороод Баярбаатартай уулзаж “наймаагаа буцъя” гэхэд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний дансанд байсан мөнгийг хүүхдийн тэтгэлэгт татсан байна, мөнгө өгөх боломжгүй байна” гэсэн. Ингээд машиныг засуулсан зардлаа нэхээгүй, энэ машиныг авахын тулд 10.000.000 төгрөг ХААН банкнаас зээлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөх гээд зээл хөөцөлдөж, бүтэх байх гэтэл чиргүүл нь өөр хүний нэр дээр, 2 чиргүүл нэг гэрчилгээгээр явж байсан. Тэр төрсөн эгчийнхээ чиргүүлийн гэрчилгээ дугаарыг бидэнд зарсан машиндаа зүүсэн байсан. Би ачаа ачаад явж байхад чирэгч толгойны кузов хагараад онхолдсон. Нэгэнт эвдрэл гэмтлийг мэдэж байгаа ч 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Чиргүүлийн бичиг баримтаа шилжүүлээд, засварын зардлыг хасч тооцоод 3.000.000 төгрөг төлнө гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М-гээс 8.240.000 төгрөг гаргуулж Л.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 20.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.М-гээс 146.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1026 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.М-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Сумъяабаатарын нэхэмжлэлтэй Д.М-д холбогдох 8.260.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 26 өдрийн 1026 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Сумъяабаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах эрх олгосон боловч, Д.Сумъяабаатар нь нэхэмжлэгч биш, Л.Б-ыг төлөөлөн нэхэмжлэл гаргаагүй өөрөө, өөрийнхөө хаягаар, нэхэмжлэлийн шаардлагад “...Д.М-гээс миний дүүгийн машины үлдэгдэл төлбөр 8.260.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. Нэхэмжлэгч нь бусдыг төлөөлж гаргаагүй байхад шүүх Д.Сумъяабаатарын нэхэмжлэлээр уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Д.Сумъяабаатар нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ Л.Б-ын нэхэмжлэлтэй гэж захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Д.М-гийн худалдаж авсан ДГО 63-35 улсын дугаартай, 2006 онд үйлдвэрлэсэн бенз маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэргийн материал авагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэргийн материалд 84-30 БЧ улсын дугаартай, ачаа гэсэн Түмэнжарганын Отгонсүрэнгийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдсан байхад шүүхээс эрх ашиг, сонирхол нь зөрчигдөх этгээд байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн.Т.Отгонжаргалын эзэмшлийн чиргүүлийг худалдан борлуулсан эсэхийг эзэмшигч, өмчлөгчөөс нь тодруулаагүй. Нэхэмжлэгч Д.Сумъяабаатар нь нэхэмжлэлээ гаргахдаа бусдыг төлөөлөн гаргаагүй, түүний худалдсан гэх тээврийн хэрэгсэл нь доголдолтой, чиргүүл нь өөр хүний эзэмшил, өмчлөлийн, мөн эрхийн доголдолтой хөрөнгө борлуулсан, түүний эрхийг улсын бүртгэлээр хариуцагч хүлээн аваагүй байхад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 8.240.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 26 өдрийн 1026 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Д.М-гээс 8.260.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг худалдсан машины үлдэгдэл төлбөр гэж  тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэсэн тайлбар гарган маргажээ. 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сард Бенз бейвэн маркийн 65-43 ДГО улсын дугаартай авто машиныг чиргүүлийн хамт 15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон ба хариуцагч машин, чиргүүлийг хүлээн авч, 6.260.000 төгрөг төлсөн, үлдэх 8.740.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн машин биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч “...автомашиныг авснаас хойш засвар их хийсэн, ...2016 оны 7 дугаар сард автомашины толгойны тормосны аппарат эвдэрч онхолдсон” гэж маргасан боловч энэхүү тайлбараа нотолж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Д.Сумъяабаатар нь Л.Б-аас нь олгосон итгэмжлэлийг үндэслэн түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1026 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 99.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ