Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ТМ2017/00898

 

2017 оны 01 сарын 25 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00335

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын үүд сумын 3-р баг, Хас гудамж 3-4 тоотод оршин суух, регистр ЕЕ80060117, Жанчив овогтой Лхамсүрэнгийн Баярбаатарыг төлөөлж Д.Сумъябаатарын гаргасан нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 25-р байр 105 тоотод ошин суух,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧЛ60041974, Очир овогтой Доржийн Мягмарсүрэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сумъяабаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунцэцэг, гэрч М.Түвшинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сумъяабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Л.Баярбаатар нь 2015 оны 09-р сарын 10-15-ны үед иргэн Д.Мягмарсүрэнтэй амаар тохиролцон 2006 онд үйлдвэрлэгдсэн чирэгч толгойтой Бевин маркийн 65-43 ДГО улсын дугаартай машиныг 15 000 000 төгрөгөөр зарсан. Мягмарсүрэн нь урьдчилгаа болгож 2015 оны 09-р сарын 15-нд Баярбаатарт 20 000 юань буюу 6 843 000 төгрөг өгч, удахгүй үлдэгдлээ өгнө гэж тохирсон.  2015 оны 09-р сарын 20-нд утасдаж асуухад “Голомт банкнаас зээл авад өгнө” гэж хэлсэн. Мөн Ш.Оюунцэцэгтэй ярихад “зээл бүтэх гэж байна, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчих юм бол болох юм байна” гэж хэлээд машиныг Мягмарсүрэн өөрийн нэр 2015 оны 10-р сарын 26-нд шилжүүлж авсан. Шилжүүлж авснаас хойш холбоо тасран, сүүлд 500 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд үлдэгдэл мөнгөө шаардахад “машин чинь онхолдсон” гэсэн. Одоо Д.Мягмарсүрэнгээс 8 260 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09-р сарын 08-нд Л.Баярбаатартай Хятад улсын Эрээн хотод  уулзсан. Тэгэхэд “та 2-ыг машин авах гэж байгаа гэж сонслоо, би машинаа зарах гэж байгаа” гээд машинаа үзүүлсэн. Машины чиргүүл нь муу, чиргүүлээ Эрээн хотод төмрийн хогонд өгөхөд 5 000 000 төгрөг болно гэж ярьж байсан. Бид ярилцаад машиныг чиргүүл толгойтой нь хамт 15 000 000 төгрөгөөр авсан. Урьдчилгаанд 20 000 юаныг 315 төгрөгөөр тооцож Баярбаатарт өгсөн. Бид 2 машинаар хол замд яваад үзье, тэгээд дараагийн асуудлаа яръя гэсэн. Машиныг анх үзүүлэхэд  10 сайхан арзгар дугуйтай байсан боловч машиныг авахад их муу дугуйтай байсан. Машин “утаа хаяаад байна” гэхэд Баярбаатар “форсункаа солисон асуудал байхгүй” гэж хэлсэн. Мөн мотороо засуулаад өгөх үү гэхэд  надад мөнгө байхгүй гэсэн. Том эвдрэл байвал мөнгөө хуваагаад засуулна шүү гэж хэлээд Баярбаатараас машиныг нь аваад Сүхбаатар аймаг руу ёомкос ачаад явхад 330 км яваад машин эвдэрч, сэлбэг авчирч зассан. Тэгээд Замын-Үүд ороод Баярбаатартай уулзаж “наймаагаа буцъя” гэхэд би “эхнэр хүүхэдтэй байсан, шүүхийн шиийдвэр гүйцэтгэх газраас миний дансанд байсан мөнгийг хүүхдийн тэтгэлэгт татсан байна, мөнгө өгөх боломжгүй байна” гэсэн. Ингээд  машиныг засуулсан зардлаа нэхээгүй, энэ машиныг авахын тулд 10 000 000 төгрөг ХААН банкнаас зээлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөх гээд зээл хөөцөлдөж, бүтэх байх гэтэл чиргүүл нь өөр хүний нэр дээр, 2 чиргүүл нэг гэрчилгээгээр явж байсан. Тэр гэрчилгээ нь төрсөн эгчийх нь чиргүүлийн гэрчилгээ дугаарыг бидэнд зарсан машиндаа зүүсэн байсан. Би ингээд зээл авч чадахгүй, боломжгүй боллоо гэж хэлсэн. Машиныг аваад 1 жил болоогүй байхад Багануур дүүргийн уурхайчдын сувиллын ачааг ачаад явж байхад чирэгч толгойны кузов хагараад онхолдсон. Нэгэнт эвдрэл гэмтлийг мэдэж байгаа ч 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Чиргүүлийн бичиг баримтаа шилжүүлээд, засварын зардлыг хасч тооцоод 3 000 000 төгрөг төлнө гэж бодож байна гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад                                                                                                      

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Сумъяабаатар нь Л.Баярбаатарыг төлөөлж Д.Мягмарсүрэнд холбогдох   худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 240 000 төгрөгийг хангаж, бусад  20 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Л.Баярбаатар нь Д.Мягмарсүрэнтэй 2015 оны 9-р сарын 15-ны өдөр түүний эзэмшлийн 63-35 ДГО улсын дугаартай Бенз вейвэн маркийн 2006 онд үйлдвэрлэгдсэн чирэгч толгой машиныг чиргүүлийн хамт 15 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 20 000 юань буюу юаны ханшийг 313 төгрөгөөр тооцож  6 260 000 төгрөгийг өгч, үлдэх 8 740 000 төгрөгийг дараа өгөхөөр харилцан тохирчээ.  

 

Амаар тохирсны дагуу худалдагч Л.Баярбаатар нь Д.Мягмарсүрэнд машиныг шилжүүлэн өгсөн, худалдан авагч машины үнээс 500 000 төгрөгийг нэмж төлснөөр машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авч өмчлөгч болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Харин талууд “худалдан авагч машины үнээс 8 260 000 төгрөгийг төлөөгүй, худалдсан машин доголдолтой байсан” гэж маргажээ.

Шүүх хуралдааны шатанд “худалдсан машины чиргүүл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, ашиглахдаа Т.Отгонсүрэнгийн эзэмшилд бүртгэлтэй 84-30 БЧ улсын дугаар бүхий чиргүүлийн дугаарын тавьж ашигладаг, үүнийг мэдэж байсан боловч худалдаж авсан, одоо Д.Мягмарсүрэн ашиглаж байгаа нь нь зохигчийн тайлбар, гэрч М.Түвшинжаргалын “...63-35 ДГО дугаартай машиныг 84-30 БЧ гэсэн дугаартай чиргүүлтэй нь хамт зарсан, өөрсдөө босгосон чиргүүл нь дугаар байхгүй, нөхрийн эгч Отгонсүрэнгийн бичиг баримтыг ашигладаг байсан, анхнаасаа худалдаж авахдаа Мягмарсүрэн мэдэж байсан, 2016 оны 4-р сард Татварын ил тодын хууль гараад бүх чиргүүл бичиг баримттай болох байсан талаар хэлхэд энэ хүмүүс тоогоогүй..” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

  

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж  байгаа үндэслэлээ “машины доголдолтой холбоотойгоор засварын зардлыг хасч тооцох, чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж 3 000 000 төгрөгийг өгөх боломжтой” гэж тайлбарладаг боловч засвар хийлгэсэн гэх гадаад хэл дээр бичигдсэн баримтууд нь /хх 15-16/ орчуулгагүй, нотлох баримтын шаардлага  хангаагүй, нөгөө талаас, хариуцагч гэрээнээс татгалзаагүй байна.

 

 Хариуцагчийн төлсөн 20 000 юаныг тухайн үеийн 313 төгрөгөөр тооцоход 6 260 000 төгрөг болох ба нэмж төлсөн 500 000 төгрөг нийт 6 760 000 төгрөгийг төлсөн байна. Харин 15 000 000 төгрөгөөс 8 240 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2  дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Доржийн Мягмарсүрэнгээс 8 240 000 /найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Лхамсүрэнгийн Баярбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 20 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 110 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Д.Мягмарсүрэнгээс 146 790 /нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Р.АЛТАНТУЯА