Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1026

 

 

Л.Баярбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Л.Баярбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдох

 

            Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:            Д.Сумъяабаатар

Нэхэмжлэгч өмгөөлөгч:                                             Н.Мөнгөнтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               Ш.Оюунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч:                                          Ш.Базаррагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сумъяабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн дүү Л.Баярбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны үед иргэн Д.Мягмарсүрэнтэй амаар тохиролцон 2006 онд үйлдвэрлэгдсэн чирэгч толгойтой Бевин маркийн 65-43 ДГО улсын дугаартай машиныг 15 000 000 төгрөгөөр зарсан. Д.Мягмарсүрэн нь урьдчилгаа болгож 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Л.Баярбаатарт 20000 юань буюу 6 843 000 төгрөг өгч, удахгүй үлдэгдлээ өгнө гэж тохирсон. 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр утасдаж асуухад Голомт банкнаас зээл аваад өгнө гэж хэлсэн. Мөн Ш.Оюунцэцэгтэй ярихад "зээл бүтэх гэж байна, Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчих юм бол болох юм байна" гэж хэлээд машиныг Д.Мягмарсүрэн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Түүнээс хойш холбоо тасран, сүүлд 500 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд үлдэгдэл мөнгөө шаардахад "машин чинь онхолдсон" гэсэн. Иймээс Д.Мягмарсүрэнгээс 8 260 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Л.Баярбаатартай Хятад улсын Эрээн хотод уулзахад "та хоёрыг машин авах гэж байгаа гэж сонслоо, би машинаа зарах гэж байгаа" гээд машинаа үзүүлсэн. Машины чиргүүл нь муу, чиргүүлээ Эрээн хотод төмрийн хогонд өгөхөд 5 000 000 төгрөг болно гэж ярьж байсан. Бид ярилцаад машиныг чиргүүл толгойтой нь хамт 15 000 000 төгрөгөөр авсан. Урьдчилгаанд 20000 юанийг 315 төгрөгөөр тооцож Л.Баярбаатарт өгсөн. Бид хоёр машинаар хол замд яваад үзье, тэгээд дараагийн асуудлаа яръя гэсэн. Машиныг анх үзүүлэхэд 10 арзгар дугуйтай байсан боловч машиныг авахад их муу дугуйтай байсан. Машин "утаа хаяад байна" гэхэд Л.Баярбаатар "форсункаа сольсон асуудал байхгүй" гэж хэлсэн. Мөн мотороо засуулаад өгөх үү гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. Том эвдрэл байвал мөнгөө хуваагаад засуулна шүү гэж хэлээд Л.Баярбаатараас машиныг нь аваад Сүхбаатар аймаг руу ёомкос ачаад явахад 330 км яваад машин эвдэрч, сэлбэг авчирч зассан. Машиныг засуулсан зардлаа нэхээгүй, машиныг авахын тулд 10 000 000 төгрөг Хаан банкнаас зээлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөх гээд зээл хөөцөлдсөн. Гэтэл чиргүүл нь өөр хүний нэр дээр, 2 чиргүүл нэг гэрчилгээтэй байсан. Тэр гэрчилгээ нь төрсөн эгчийх нь чиргүүлийн гэрчилгээ дугаарыг бидэнд зарсан машиндаа зүүсэн байсан. Би ингээд зээл авч чадахгүй, боломжгүй боллоо гэж хэлсэн. Машиныг аваад 1 жил болоогүй байхад Багануур дүүргийн уурхайчдын сувилалын ачааг ачаад явж байхад чирэгч толгойны кузов хагараад онхолдсон. Нэгэнт эвдрэл гэмтлийг мэдэж байгаа ч 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Чиргүүлийн бичиг баримтаа шилжүүлээд, засварын зардлыг хасч тооцоод 3 000 000 төгрөг төлнө гэж бодож байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мягмарсүрэнгээс 8 240 000 Л.Баярбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 20000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 110 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Д.Мягмарсүрэнгээс 146 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ...Би Эрээн болон Улаанбаатар хот хоёрын хооронд ачаа тээвэрлэдэг. Ачааны машинаа сайжруулах зорилгоор Л.Баярбаатартай амаар хэлцэл хийсэн. Л.Баярбаатар нь машинаа худалдахдаа өөрийн өмчлөлийн, эвдрэл гэмтэл, доголдолгүй машин гэж хэлсэн. Би 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрээн хотод урьдчилгаа болох 20000 юань буюу 6 843 000 төгрөг, мөн 500 000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг машинаар ачаа ачин, банкны зээл авч төлж барагдуулахаар болсон. Тус автомашинаар хамгийн анхны ачаа болох Сүхбаатар аймаг руу ачаа ачин явахад машин утаа их хаяж, мотор эвдрэлтэй болох нь тогтоогдож энэ тухай Л.Баярбаатарт хэлэхэд засуулах мөнгө байхгүй гэсэн, тэгвэл машиныг ачаа ачих үндсэн зориулалтаар ашиглахад засвар их хийх, мотор эвдрэлтэй байгаа тул машиныг буцаая гэтэл би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй тул авсан мөнгийг буцаан өгөх боломжгүй байна гэсэн. Тус ачааны машин нь толгой болон чиргүүлээс бүрддэг бөгөөд толгой нь Л.Баярбаатарын нэр дээр бүртгэлтэй байсныг би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Чиргүүлийн хувьд бичиг баримтгүй, улсын бүртгэлийн хууль ёсны дугааргүй, бусдын өмчлөлийн чиргүүлийн дугаар, гэрчилгээг бидэнд худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчин доголдолтой эд хөрөнгийг худалдсан байна. Л.Баярбаатараас машин авсан даруй Сүхбаатар аймаг руу ачаа ачин явах замд машин эвдрэлтэй нь мэдэгдсэн учир тус машиныг зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй, ийм машинаар ачаа ачиж машины үлдэгдэл төлбөрийг Л.Баярбаатарт төлөх боломжгүй учир гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах хүсэлтийг буюу машинаа буцаан өгч, урьдчилгаа төлсөн төлбөрөө авах хүсэлтийг миний бие гаргасан. Гэвч Л.Баярбаатар мөнгийг өгөх боломжгүй байна гэсэн учир өнөөдрийг хүртэл миний бие эвдэрхий машин хууртагдан авч, өрөнд орсон. Шүүх мөн Эрээн хотод машины засвар хийлгэсэн баримтыг орчуулаагүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн байна. Намайг өөрт байгаа баримтаа гарган өгөхөд шүүх баримтыг албан ёсны орчуулгын хуулбарын хамт авч ирэхийг надад мэдэгдсэн бол шүүх хурлын өмнө өгөх байсан. Тиймээс шүүгч намайг шүүх хуралд өөрийн нотлох баримтыг гарган өгөх эрхээр хангаагүй гэж үзэж байна. Миний бие тус машиныг засуулах зорилгоор өөрийн фуппын болон эхнэрийн тэтгэврийн зээл нийт 5 000 000 төгрөгийг авч машинаа Эрээн хотод засуулж, авто сэлбэг авсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээн өгч, хэргийг дахин шийдвэрлэхээр шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх заалтад худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, 253.2-т тус доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна гэж заасны дагуу тус автомашин засуулахтай холбоотой төлбөрийг Л.Баярбаатарт төлөх мөнгөнөөс суутган 3 000 000 төгрөгийг өгөх боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.  

 

Нэхэмжлэгч Л.Баярбаатар нь хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдуулан  худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.  

             

              Зохигчид гэрээний үнийн талаар тохирч, нэхэмжлэгч Л.Баярбаатар хариуцагч Д.Мягмарсүрэнд автомашиныг шилжүүлэн өгч, машины үнээс 20000 юань буюу 6 260 000 төгрөгийг төлсөн, үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

              Иргэний хуулийн 196 дугаар зүйлий 196.1.1-д заасны дагуу  талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн байх тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

              Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “ ...худалдаж авсан машин доголдолтой байсан” гэсэн үндэслэл заасан байна.

 

              Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Л.Баярбаатар нь хариуцагч Д.Мягмарсүрэнгээс автомашины үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

             

              Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Мягмарсүрэн …машиныг авах үед дугуй их муудсан байсан,  машин утаа хаяад байна гэхэд Л.Баярбаатар форсункаа солиулчих гэсэн, мотороо нэг засуулаад өгвөл яасан юм бэ гэхэд нэхэмжлэгч мөнгө байхгүй гэсэн, чиргүүл өөр хүний нэр дээр байсан” гэсэн,  

              нэхэмжлэгч Л.Баярбаатар …чиргүүл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, ашиглахдаа Т.Отгонсүрэнгийн эзэмшилд бүртгэлтэй 84-30 БЧ улсын дугаар бүхий чиргүүлийн дугаарыг ашигладаг, нэхэмжлэгч үүнийг мэдэж байсан гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримт болно.

             

              Мөн гэрч М.Түшинжаргалын “…Д.Мягмарсүрэн анхнаасаа автомашиныг худалдаж авахдаа Т.Отгонсүрэнгийн эзэмшилд бүртгэлтэй 84-30 БЧ улсын дугаар бүхий чиргүүлийн дугаарыг ашигладаг байсныг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг нь худалдсан автомашин нь доголдолтой байсныг нотолжээ.

 

              Түүнчлэн зохигчид автомашины үнэ дээр 500 000 төгрөгийг нэмж төлөөд машины бичиг баримтыг чиргүүлийн хамт хариуцагчийн нэр дээр шилжүүлэх асуудлаар тохиролцож байснаа хэн аль нь үгүйсгээгүй болно.

 

              Мөн хариуцагч уг автомашиныг худалдаж аваад 2 жил гаруй ашигласан, нэг жил гаруй хугацааны дараа автомашин онхолдсон үйл баримтууд тогтоогдсон, энэ асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

              Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Мягмарсүрэн нь маргааны зүйл болж буй автомашиныг худалдаж авахдаа доголдлын талаар мэдэж байсан гэх байдал тогтоогдсон тул хариуцагчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан шаардлагыг гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

             

              Худалдаж авсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан нь автомашины үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

              Иймд хариуцагч Д.Мягмарсүрэнгээс худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 8 260 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Баярбаатарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

              Хэргийн 4 дүгээр талд Л.Баярбаатараас Д.Сумъяабаатарт олгосон итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Л.Баярбаатар нь төлөөлөгч Д.Сумъяабаатарт шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах, тухайн хэрэг маргаантай холбоотой анхан, давах, хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байна.

 

              Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, уг итгэмжлэлийн дагуу Д.Сумъяабаатар нэхэмжлэл гаргасныг эрх олгогдсон этгээд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.   

 

              Хариуцагч давж заалдах гомдолдоо …шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг албан ёсны орчуулгын хамт авч ирэхийг мэдэгдээгүй, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гэсэн үндэслэл зааж байгаа боловч анхан шатны шүүх хуульд заасан хугацаанд хариуцагч талд эрх үүргийг нь тайлбарлан таниулсан, нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаагаар хангасан байна.

 

           Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                 ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                      Ц.ИЧИНХОРЛОО