Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 01 03 210/МА2024/00054

 

 

******* *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02889 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  ХК-д тус тус холбогдох

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18/1 тоот хаягт байрлах Ю-3 барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч ******* ******* *******-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч ******* ХК-ийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18 тоотод байрлах, хуучнаар ******* худалдааны ******* буюу Ю-3 барилгын 4 дүгээр давхрын 60.6 м.кв талбайг өмчилдөг ба 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. ******* ******* ******* нь тус барилгын 2, 3 дугаар давхар, 4 дүгээр давхрын тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан. Бид дундын өмчлөлийн шат, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, түүнд хамаарах шугам сүлжээ зэргийг ашиглаж, өөрт ногдох төлбөр тооцоог хийж ирсэн.

1.2. Гэтэл ******* ******* ******* нь 2015 оны 02 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоож барилгаас гарахдаа инженерийн шугамд өмнө нь холбосон байсан ус, дулаан, цахилгаан, суурин холбооны тэжээлийг өөрийн эзэмшлийн талбайд салгаад хязгаарласан. ******* ******* ******* салгасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд эрх бүхий байгууллагад албан бичиг хүргүүлсэн байдаг. Энэ талаар манай байгууллагад тухайлан мэдэгдээгүй. Бид мэдсэн даруйдаа буцаан холбохыг хүсэж, шаардсан боловч ******* ******* ******* хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, олдохгүй болсон. Тиймээс манай байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, байрандаа нэвтрэх, ашиглах боломжгүй болсон.

1.3. Хариуцагч ******* ХК барилгын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогдох ба тэрээр хангагч байгууллагын хувьд шугам сүлжээг засварлах үүрэг хүлээнэ. Шинжээчийн дүгнэлтүүдээр 2, 3 дугаар давхраар дамжиж 4 дүгээр давхарт ус, дулаан, суурин холбоо очно гэдгийг тогтоосон бөгөөд хоорондоо харилцан хамааралтай байна. Энэ талаар Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд зохицуулжээ. Тиймээс хариуцагч нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн хэсгээр дамжсан шугам сүлжээг арчлан хамгаалах, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх үүрэгтэй.

Иймд хариуцагч нар нь өмчлөгч болон эзэмшигчийн хувьд нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах, Ю-3 барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд зааснаар дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр байна. Тиймээс ус, дулааны хувьд газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь холболт хийх хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргах эрхтэй. Маргааны зүйл болсон объектын өмчлөгч нь ******* ХК, объектыг түрээсэлж ажиллуулж байгаа этгээд нь ******* ******* ******* юм. Тухайн үед бид үйл ажиллагаа явуулахаа болих талаар ******* ХК-д мэдэгдсэн, ******* ХК цааш эрх бүхий этгээдэд мэдэгдсэн байгаа.

2.2. ******* ******* ******* нь ус, дулаан, суурин холбоог тасалсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээс ******* ******* ******* салгасан гэдэг нь харагдахгүй байна. Ус, дулааныг хангагч байгууллагууд зогсоосон. Хангалт авахын тулд заавал ******* ХК, ******* ******* *******-аар дамжуулж авах ёстой гэдэг нь ойлгомжгүй, шугамууд тасраагүй байгаа. Ус сувгийн удирдах газрын дүгнэлтээр усаа өөрөө холбох боломжтой гэж тайлбарладаг.

2.3. ******* ******* ******* объектыг ашиглахгүй байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийг хүртэл тодроогүй байна. ******* ******* *******-ийн хувьцаа эзэмшигч нар нь ******* ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх объектыг ашиглаагүй байж үр ашиггүй зардал гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга

3.1. ******* ХК-ийн өмчлөлд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, ******* худалдааны ******* буюу Ю-3 барилга нь анх 4 давхар, 3118.2 м.кв талбайтайгаар 2001 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн. Тус компанийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийн дагуу барилгын 1139.8 м.кв талбайг Ганжжав *******-ийн өмчлөлд шилжүүлж, 3 дугаар давхар болон 2, 4 дүгээр давхрын зарим хэсэг нь компанийн өмчлөлд хэвээр үлдсэн. ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ хэлэлцээр, 8 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Энхтуяа, Ц.Баярмаа, Ч.Батбилэг, Л.Эрдэнэбат нарт хувьцаанд хувь тэнцүүлэн ******* худалдааны *******ийн барилгыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хувьцаа эзэмшигч нар шүүхэд маргаантай байснаас үүдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй. Бид 2000 онд объектыг ******* ******* *******-д хүлээлгэн өгсөн учраас өмчлөх эрх дуусгавар болсон.

3.2. ******* ******* *******-ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/05 дугаар албан бичгээр 2015 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, 2016 оны 06 дугаар сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн Ю-3 барилгын дулааныг энэ жилийн төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн, мөн Д.Энхтуяагийн хариу тайлбарт ашиглалтын зардал төлж чадахгүй болсон тул манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж дэд бүтцээ албан ёсоор салгуулсан гэжээ. Маргаан бүхий хугацаанд Ю-3 барилгын ажиллагаатай холбоотой асуудлыг ******* ******* ******* бүрэн хариуцаж байна.

3.3. Объектын 1 дүгээр давхрын урд хэсэгт Ганжжав ******* үйл ажиллагаа явуулж байгаа, ус, дулаан, цахилгаан, суурин холбоо хэвийн байна. Харин объектын хойд хэсгийн 2, 3 дугаар давхрын ус, дулаан, цахилгааныг ******* ******* ******* өөрөө таслуулсан.

Иймд тус компанид нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах, Ю-3 /У-3/ барилга /хойд хэсэг/-ын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг буцаан холбохыг хариуцагч ******* ******* ******* болон ******* ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* болон ******* ХК-аас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ******* ******* *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.1.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт болох Дулааны дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын 2.5-д тус тус заасны дагуу дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр заасан. ******* ******* ******* нь газрын өмчлөгч, эзэмшигч биш бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр барилгын өмчлөгч болоогүй байгаа тул холболтыг хийх боломжгүй юм. Ус, дулааны хувьд газар эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь холболт хийх хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргах эрхтэй байна. Гэтэл объектын бүртгэлтэй өмчлөгч нь ******* ХК гэж яваад байгаа. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* нь дэд бүтцийн холболт хийх эрх зүйн боломж байхгүй байхад шүүх холболт хийх агуулгаар даалгаж шийдсэн нь алдаатай болсон.

5.2. Ус, дулааны хувьд хангагч байгууллагууд зогсоосон байгаа ба хангалт авахын тулд заавал ******* ХК, ******* ******* *******-аар дамжуулж авах ёстой эсэх нь ойлгомжгүй байна. УСУГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ю-3 барилга нь цэвэр усаар хангагдаж байгаа, шугамууд нь тасраагүй, өөрсдөө холбох боломжтой гэж дүгнэсэн. 9 жилийн өмнөх асуудалтай холбоотой өнөөдөр шугам холбоо ямар байгаа гэдгийг нягтлах, техникийн нөхцлийг дахин шалгах шаардлага гарах ба шүүхээс гарсан шийдвэрийг ******* ******* ******* хэрхэн яаж биелүүлэх, сүлжээнд холбох асуудлыг яаж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгах нь ойлгомжгүй байна.

5.3. Өөрийн эзэмшиж байгаа объектоо ******* ******* ******* ашиглахгүй байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй ба шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. ******* ******* XXК-ийн хувьцаа эзэмшигч нар нь ******* ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, ус цахилгааны төлбөр буюу үр ашиггүй сул зардал гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг салгуулсан. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй үйлдэл юм. Одоогоор Ю-3 барилгын 1 дүгээр давхар нь *******лөрсөн дулаанаар хангагдаад хэвийн ажиллаж байгаа ба нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ гарц шийдэл олохыг хүсэхгүй байна гэж харагдаж байна.

5.4. Шүүх 3 шинжээчийн дүгнэлтийг бүрэн дүүрэн судалж шинжлээгүй шийдвэр гаргасан. Тодруулбал

а. УСУГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр уг барилга нь цэвэр усаар хангагдаж байгаа, босоо шугам тавьж усаар хангах боломжтой гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл цэвэр усны хувьд хангагч байгууллагууд л усаар хангахаа зогсоосон болохоос шугам хоолой тасарсан гэмтсэн зүйл огт байхгүй байхад шүүгч уг дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй нь буруу гэж үзэж байна.

б. УБДС ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр паарыг хэн хэзээ ямар шалтгаанаар тасалсныг тодорхойлох боломжгүй. Мөн паарыг шинэчлэн солиод халаалтаа авах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байхад ******* ******* *******-ийг шууд буруутгасан байгаа нь ойлгомжгүй юм.

в. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч кабелиа шинээр татаж, техникийн нөхцөл гаргуулах боломжтой гэж дүгнэсэн байхад шүүхээс үүнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч ******* ХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* ХК болон ******* ******* *******-ийн хоорондын гэрээний харилцааны талаар шүүх дүгнэлт хийгээгүй талаар.

2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ХК-аас Ю-З барилгыг бүхэлд нь ******* ******* *******-д хүлээлгэн өгсөн бөгөөд ******* ******* ******* нь уг барилгыг түрээслэн 2015 оныг хүртэл 15 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулан орлого, ашиг олж байсан. Талуудын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрээр ******* ******* ******* нь уг барилгын, барилгын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь хариуцан үйл ажиллагаа явуулж байсны хувьд өөрийн үйл ажиллагаанаас бий болсон хариуцлагыг дангаараа хүлээхээр тохиролцсон, ******* ХК нь инженерийн шугам сүлжээг бүрэн бүтэн ажиллагаатай ******* ******* *******-д хүлээлгэн өгсөн бөгөөд тус барилгын инженерийн шугам сүлжээг салгах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно. ******* ХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт заасны дагуу барилга болон барилгын инженерийн шугам сүлжээтэй холбоотой бүхий л эрхээ ******* ******* *******-д шилжүүлсэн тул уг үүргээс бүрэн чөлөөлөгдөнө.

6.2. Хариуцагч ******* ХК нь эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулж ус, дулаан, цахилгаанаар тус тус хангаж ирсэн бөгөөд тус барилга нь хариуцагч ******* ХК-ийн эзэмшлийн дулаан дамжуулах *******ийн шугамаар дамжин эрчим хүч, дулаан, цэвэр усаар хангагдаж байгаа болох нь тогтоогдсон хэмээн хангагч байгууллага хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрчим хүчээр хангагчийг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хангагчийг тодорхойлсон.

6.3. ******* ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухайд.

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ХК, Д.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/Ш32019/06527 дугаартай захирамжаар баталсан. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* ХК-ийг дахин хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хамтран хариуцагчаар дахин оролцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу дахин хариуцагчаар татах үндэслэлгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. ******* ******* *******-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй, өмчлөгч буюу ******* ******* хариуцна гэж тайлбарладаг. Гэтэл ******* *******-ийн зүгээс бид улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр өмчлөгч мөн хэдий ч ******* ******* *******-д шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг боловч 2006 оны улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* ******* өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг.

7.2. ******* ******* *******-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой биш гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлээ 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тодруулаад анхан шатны шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байсан учраас анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн гэж ойлгож байна.

7.3. Хоёр хариуцагч хоёулаа нэхэмжлэлийн шаардлагыг яаж биелүүлэх юм бэ гэдэг асуудал ярьдаг. Шугам сүлжээнд ямар нэгэн байдлаар гэмтэл үүсгэсэн бол эзэмшигч, ашиглагч, гэмтэл учруулсан этгээд хариуцна, өөрөө засахгүй бол хангагч засаад шаардагдах зардлыг гэмтэл учруулсан этгээд төлнө гэсэн зохицуулалттай. Шинжээчийн дүгнэлтээр тухайн барилгын хувьд нэг нь нөгөөгөөсөө хамааралтай 1, 2 дугаар давхрын ус, дулааныг тасалсан тохиолдолд 4 дүгээр давхарт ус, дулаан очих боломжгүй гэж маш тодорхой дүгнэсэн.

7.4. ******* ХК-ийн гаргасан гомдлын хувьд ******* ХК, ******* ******* ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний талаар дүгнэлт хийх шаардлагатай, анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл ******* ХК, ******* ******* ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ тусдаа харилцаа учраас ******* *******-ийн нэхэмжлэлтэй маргаанд холбогдуулж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна.

7.5. 2002 оны Иргэний хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2006 онд ******* ХК талбайн хэмжээгээ багасгаад явсан учраас үүнийг өөрийн идэвхтэй үйлдлээр өмчлөлөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тийм учраас 1994 оны Иргэний хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

7.6. Мөн бид хангагч биш, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэсэн гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд хангагч мөн гэж үзэж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газраас тус тус гэрээ ирсэн. Тухайн гэрээнүүдэд ******* ХК хангагчийн үүрэг хүлээсэн байгаа. Өөрөөр хэлбэл ******* шугамаасаа өөрийн барилга болон бусад барилгыг ус, дулаанаар хангах тухай гэрээг байгуулсан.

7.7. 2019 оны 08 дугаар сард зөрчлийг таслан зогсоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан, энэ шаардлагад ******* ХК хамааралгүй юм байна гэж үзээд хариуцагчаас татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад шугам буцаан холбохыг даалгах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг хэрэгжүүлэх, 4 дүгээр давхарт очих шугамыг холбохын тулд 2, 3 дугаар давхрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд тус тус зааснаар өмчлөгч заавал оролцож байж шаардлага биелэгдэх ёстой. Тийм учраас ******* ХК-д хамааралтай. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд ******* ХК заавал байж нэхэмжлэлийн шаардлага биелэгдэнэ гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* ******* *******, ******* ХК-д тус тус холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18/1 тоот хаягт байрлах Ю-3 барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХК нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах, нийт 3118.2 м.кв талбайтай, Ю-3 барилгын өмчлөгчөөр 2001 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн.

Улмаар тус компанийн хүсэлтийг үндэслэн барилгын 879.42 м.кв талбайтай 1 дүгээр давхар болон 2 дугаар давхрын 208.34 м.кв талбайтай урд хэсэг, 4 дүгээр давхрын 60.65 м.кв талбайтай конторын хэсэг, нийт 1139.8 м.кв талбайтай хэсгийг Ганжжав *******-ийн өмчлөлд шилжүүлж, үлдэх 1978.4 м.кв талбайтай 3 дугаар давхар, 2, 4 дүгээр давхрын бусад хэсэг ******* ХК-ийн өмчлөлд үлдэж, 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

******* ******* нь барилгын 4 дүгээр давхрын 60.6 м.кв талбайтай конторын зориулалттай хэсгийг Ганжжав *******-аас шилжүүлэн авч, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч ******* ХК нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар барилгын дээр дурдсан хэсгүүдийг дундаа хэсгээр өмчилж буй өмчлөгч нар гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.2. Түүнчлэн хэрэгт авагдсан ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэлэлцээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн мөн өдрийн 8 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл, орон байрыг хүлээлгэн өгсөн тухай акт баримтуудаас үзэхэд, ******* ХК-аас дээрх барилгыг ******* ******* *******-ийн эзэмшилд 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлжээ.

Ингэхдээ барилгын өмчлөх эрх ******* ХК-аас ******* ******* *******-д шилжсэн улсын бүртгэл хийгдээгүй бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан тул ******* ХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч ******* ХК-ийн гаргасан анхан шатны шүүх ******* ХК болон ******* ******* *******-ийн хоорондын гэрээний харилцааны талаар дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

3.3. Дээрх барилга нь инженерийн нэг шугам сүлжээтэй байх ба барилгын цахилгаан, дулаан, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх асуудал нь ******* *******-аас эрх бүхий байгууллагуудтай 2013, 2014, 2015 онуудад байгуулсан гэрээгээр зохицуулагдаж байгаа талаар холбогдох гэрээ, эрх бүхий байгууллагын лавлагаа баримтууд хэрэгт авагдсан, энэ талаар зохигч маргаагүй.

3.4. ******* ******* ******* нь санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын 2, 3, 4 дүгээр давхруудын дулаан хангамжийг зогсоолгохоор 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 2015-2016 оны халаалтын улирлаас эхлэн дулаан хангамжийг зогсоосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/740 дугаар албан бичгээр тогтоогдсон.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхээс уг барилгад хийсэн үзлэгээр барилгын баруун жигүүр /урд хэсэг/-т холбогдох байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, харин барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-т үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байсан нь тогтоогдсон байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тус барилгын 4 дүгээр давхарт байрлах түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын инженерийн шугам сүлжээнээс салгагдсантай холбоотойгоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, хариуцагч ******* ******* ******* түүнд мэдэгдэхгүйгээр эзэмшиж байсан талбайн дулаан хангамжийг салгуулсан, хариуцагч ******* ХК өмчлөгчийн хувиар барилгын шугам сүлжээний хэвийн байдлыг хуулийн дагуу хариуцах тул хариуцагч нар түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг инженерийн шугам сүлжээнд холбох үүрэгтэй гэж тайлбарласан.

Хариуцагч ******* ******* ******* нь маргаж буй асуудлыг өмчлөгчийн хувиар ******* ХК хариуцна, харин хариуцагч ******* ХК нь барилгыг 2000 онд ******* ******* *******-д шилжүүлсэн учир ******* ******* ******* хариуцна гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

4.1. Хариуцагч ******* ХК нь барилгын 2, 3, 4 дүгээр давхрын нийт 1978.4 м.кв талбай бүхий хэсэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ дундын өмчийг ашиглах, удирдах талаар хуулиар тогтоосон журмыг баримтлах үүрэгтэй. Тодруулбал Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.1, 488.3 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргахдаа олонхийн саналаар шийдвэрлэх ба аль нэг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж болохгүй.

Анхан шатны шүүх Ю-3 барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-ийн өмчлөгч ******* ХК, эзэмшигч ******* ******* ******* нар нь тухайн хэсэгт 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дулаан авахгүй талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж дулаан хангамжийг салгуулахдаа барилгын хэсгээр өмчлөгч болох ******* *******-д мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй, үүний улмаас ******* ******* нь уг хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримтыг зөв тогтоосон байна.

Түүнчлэн шүүх хариуцагч ******* ХК-ийг Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.12-т тус тус зааснаар барилгын инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.2. Шинжээч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтэд барилгын 1 дүгээр давхар халаалттай, харин халаалтын босоо шугам болон халаах хэрэгслүүд /паар/-ийг салгасан, 2, 3, 4 дүгээр давхруудын босоо шугам, халаах хэрэгслүүдийг шинэчлэн солиод халаалт авах боломжтой, 2, 3 дугаар давхрын халаалтыг залгахгүйгээр 4 дүгээр давхрын халаалтыг залгах техникийн хувьд боломжгүй, Ус сувгийн удирдах газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд барилгын 2, 3 дугаар давхраас үл хамааран 4 дүгээр давхарт усаар хангахын тулд тухайн барилгын 1 давхрын эзэмшигч болон ******* ХК зөвшөөрсөн тохиолдолд цэвэр усны шугамыг 1 давхраар хэвтээ чиглэлд явуулж босоо шугам тавьж хангах боломжтой, Мэдээлэл холбооны сүлжээ *******-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд 4 дүгээр давхарт тусад нь суурин холбооны шугам холбох боломжгүй, хэрэв холбох тохиолдолд дундын эзэмшлийн талбай буюу бусад давхраар дамжуулан суурин холбооны үйлчилгээг авах боломжтой гэж тус тус дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-ийн 1-4 дүгээр давхрын өмчлөгч нар халаалт, цэвэр ус, холбооны шугамыг тусдаа холбуулах боломжгүй, нэг нь нөгөөгөөс хамааралтай болохыг тогтоосон байна. Иймээс шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн гэх хариуцагч ******* ******* *******-ийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

4.3. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* нь Ю-3 барилга /хойд хэсэг/-ын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг буцаан холбохыг хариуцагч ******* ******* ******* болон ******* ХК-аас шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХК-аас маргаан бүхий барилгыг ******* ******* *******-ийн эзэмшилд 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болоогүйг зөв дүгнэж, барилгын өмчлөгчийн хувиар инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч ******* ХК-ийн гаргасан инженерийн шугам сүлжээг ******* ******* *******-д хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт зааснаар үүргээс чөлөөлөгдөнө гэх гомдол үндэслэлгүй.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, харин хариуцагч ******* ХК, Д.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан ба анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2019/06527 дугаар захирамжаар дээрх хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, 182/ШШ2019/01414 дугаар шийдвэрээр иргэний хэргийг шийдвэрлэсэн. Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1846 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00410 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Иймээс нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хамтран хариуцагчаар ******* ХК-ийг татан оролцуулсныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч ******* ХК-ийн гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02889 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХК-ийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ******* ******* *******-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА