Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00949

 

     “Ц Э Ц”ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.ЦагаанцоожХ.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 985 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Ц Э Ц”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н К”ХХК-д холбогдох,

Цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ц Э Ц”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц Э Ц”ХХК нь “Н К”ХХК-тай цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 удаагийн бэлтгэн нийлүүлэлтээр 489.76 тн цемент худалдсан. Уг гэрээг байгуулж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарагдсан. Хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар төлбөрийг төлж, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээ байгуулсан. Хариуцагч цемент аваагүй гэж маргадаг. “Ц Э Ц”ХХК-иас нийлүүлсэн цементийн төлбөр 90 605 600 төгрөг, алданги 45 302 800 төгрөг, нийт 135 908 400 төгрөгийг “Н К”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н К”ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа боловч манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Л гарын үсэг зурсан гэрээг хавсаргасан, энэ гэрээг үндэслээд нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж тайлбарлаж байна. Манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Г.Л гэх хүн манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Г.Л гэдэг хүнийг манай захирлын зүгээс компанийг төлөөлж “Ц Э Ц”ХХК-тай цемент нийлүүлэх гэрээ байгуулах, төлөөлөх эрхийг олгоогүй. Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд удирдах тушаалтан байдаг. Захирал Э.Даваасамбуу нь шаардлага хангасан болон аливаа байдлаар “Ц Э Ц”ХХК-тай цемент нийлүүлэх итгэмжлэл, төлөөлөх эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй. Гэрээ байгуулагдаагүй тохиолдолд энэ гэрээнээс үүссэн үр дагавар байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани манай компанид цемент нийлүүлсэн, тооцоо нийлсэн ямар ч баримтгүй. Маргаан бүхий гэрээ 2012 оны 09 дүгээр сард байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд ийм үнийн дүнтэй, бүтээгдэхүүнийг нэг компани нөгөө компанид нийлүүлсэн тохиолдолд энэ хоёрын хооронд санхүүгийн тооцоо зайлшгүй хийгдэнэ. “С”ХХК-д өгсөн баримтууд манай компанийн төлөх үүргийг нотлохгүй. Уг гэрээ манай хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ биш. “С”ХХК-д нэхэмжлэгч компани цемент өгөөд манайх “С”ХХК-иас авсан зүйлгүй. Иймд “Ц Э Ц”ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнээс үүсэх үр дагавар байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Даваасамбуу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани “Ц Э Ц”ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, “Ц Э Ц”ХХК-ийн шүүхэд өгсөн гэрээнд “Н К”ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Л гэх хүн гарын үсэг зурсан байх ба манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй компани юм. Компанид ТУЗ байхгүйгээс гадна Г.Л гэх хүн компанид ажилладаггүй, энэ хүнд “Н К”ХХК-ийг төлөөлж дээрх гэрээг байгуулах эрх олгоогүй. Иймд тус маргаан бүхий гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг гэрээ нь эрх бүхий этгээдээс олгосон, зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн хэлцэл байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н К”ХХК-иас 90 605 600 төгрөг гаргуулж “Ц Э Ц”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 45 303 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н К”ХХК нь “Ц Э Ц”ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 492 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 978 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нью контсракшн” ХХК-иас 610 978 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 985 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н К”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч “Ц Э Ц”ХХК нь хариуцагч “Н К”ХХК-д холбогдуулан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133 078 400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэж маргасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцогддог. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос гадна хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага хангасан байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан байна. Гэтэл талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “Н К”ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Л гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх боловч тэрээр ТУЗ-ийн дарга биш, түүнд тус компанийг төлөөлж “Ц Э Ц”ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар нь “Н К”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Даваасамбуу нь Г.Лаар төлөөлүүлэх тухайгаа амаар мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгогдсон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү мэдэгдсэн эсхүл хожим уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг хариуцагчийн зүгээс олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд гэрчийн мэдүүлгээр төлөөлөгчийн бүрэн эрх тодорхойлогдсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрч Г.Лын “... Э.Даваасамбуу амаар зөвшөөрөл өгсөн, цемент зээлээр олж өгөх арга байна уу гэж Э.Даваасамбуу гуйхаар нь гэрээ хийсэн... гэж мэдүүлснээр /хх-ийн 50-51/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрх олгогдсон гэж эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тал цемент хүлээн авсан зарлагын баримтуудаар давхар нотлогдоно гэж тайлбарлан, “Н К”ХХК-ийн нэр дээр бичигдсэн зарлагын баримт, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргасан боловч уг санхүүгийн анхан шатны баримтуудад хариуцагч “Н К”ХХК-ийн бус, “С”ХХК-ийн ажилчид гарын үсэг зурсан болох нь гэрч Б.Дашдаваагийн “...гэрээний дагуу “С”ХХК-д цементийг нийлүүлсэн, цементийг хүлээн авсан 2 хүний гарын үсэг нь “С”ХХК-ийн ажилтан ...” гэсэн мэдүүлэг, хариуцагч “Н К”ХХК-ийн захирал Э.Даваасамбуугийн “ бараа материал хүлээн авсан гэх 2 хүний нэр хэлж байна Манай компанид тийм хүн байхгүй ... гэх тайлбараар тогтоогдсон тул гэрээний зүйл болох 489,76 тонн цементийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал үгүйсгэгдсэн байна. Энэ талаар шүүхээс суурь ХХК-иас хариуцагчид цемент нийлүүлсэн баримтыг шаардсан боловч зөвхөн суурь ХХК-ийн тооцооны баримт байхаас гадна хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчид гэрээний зүйл болох 489,76 тонн цементийг хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар зохигчидын хооронд Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь байгуулагдаагүй худалдах, худалдан авах гэрээний үүргийг “Н К”ХХК-иас шаардах эрх үүсээгүй болно. Анхан шатны шүүх 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүй нь буруу байх тул дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ц Э Ц”ХХК нь хариуцагч “Н К”ХХКомпаниас 135 908 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-нд үндэслэжээ. Хариуцагч нь “...үүрэг үүсээгүй, гэрээний дагуу цемент хүлээж аваагүй...” гэж маргаж, гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, зөвшөөрөлгүй этгээд байгуулсан байх тул 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

Зохигчдын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан эсэх, уг гэрээний дагуу цемент хүлээн авсан эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Хоёр шатны шүүх гэрээ байгуулагдсан эсэх талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх үйл баримт тодорхой бус, энэ талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүйг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Гэрээ байгуулсан нь уг гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн, нөгөө тал нь хүлээн авсан гэх үйл баримтыг нотлохгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 490 тонн цементийг, тонн тутмыг 185 000 төгрөгөөр тооцож хариуцагчид хүлээлгэн өгснийг нотлохоор өгсөн зарлагын баримтуудаас үзвэл цементыг өөр этгээд буюу “С”компанийн ажилтан хүлээн авсан байх ба харин “С”компанийн хувьд хүлээн авсан цементийг зуурмаг болгон “Н К”ХХкомпанид хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тодорхой бус үлджээ.

Хариуцагч “Н К”ХХКомпанийн захирал Э.Даваасамбуу 2012 оны 11 дүгээр сард Г.Лаас зуурмаг авч байснаа үгүйсгээгүй бөгөөд зээлийн төлбөрт тооцон түүнээс зуурмаг авч байсан гэж үндэслэлээ тодорхойлсон, Г.Лаас нийлүүлсэн зуурмагийг “Ц Э Ц”ХХКомпаниас  нийлүүлсэн зуурмаг гэж үзэх нь баримтын агуулгад нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Лыг гэрчээр асуухад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь Г.Лын зуурмаг нийлүүлсэн явдал түүний зээлийн төлөлттэй холбоотой эсэх талаар асуугаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй байв. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр /хх-190/ шүүх “Н К”ХХКомпанид зуурмаг хүлээлгэн өгсөн баримтыг “С”ХХКомпаниас гаргуулсан ба уг баримтад /хх-204/ тус компанийн тооцоо, мэдээ тусгагдсан болохоос “Н К”ХХКомпанид цемент хүлээлгэн өгсөн, хуурай цементийг авч зуурмаг болгохдоо зардлыг хэнээс авсан зэрэг үйл  баримт тодорхой бус байна.

Иймд зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 985 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 610 978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА