Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 985

 

        “Централ эйшиан цемент” ХХК-ийн

       нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Нью констракшн” ХХК-д холбогдох       

Цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Централ эйшиан цемент” ХХК нь “Нью констракшн” ХХК-тай цемент худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 удаагийн бэлтгэн нийлүүлэлтээр 489.76 тн цемент худалдсан. Уг гэрээг байгуулж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарагдсан. Хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар төлбөрийг төлж, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээ байгуулсан. Хариуцагч цемент аваагүй гэж маргадаг. “Централ эйшиан цемент” ХХК-иас нийлүүлсэн цементийн төлбөр 90 605 600 төгрөг, алданги 45 302 800 төгрөг нийт 135 908 400 төгрөгийг “Нью констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа боловч манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Лхагваням гарын үсэг зурсан гэрээг хавсаргасан, энэ гэрээг үндэслээд нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж тайлбарлаж байна. Манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Г.Лхагваням гэх хүн манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Г.Лхагваням гэдэг хүнийг манай захирлын зүгээс компанийг төлөөлж “Централ эйшиан цемент” ХХК-тай цемент нийлүүлэх гэрээ байгуулах, төлөөлөх эрхийг олгоогүй. Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд удирдах тушаалтан байдаг. Захирал Э.Даваасамбуу нь шаардлага хангасан болон аливаа байдлаар “Централ эйшиан цемент” ХХК-тай цемент нийлүүлэх итгэмжлэл, төлөөлөх эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй. Гэрээ байгуулагдаагүй тохиолдолд энэ гэрээнээс үүссэн үр дагавар байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани манай компанид цемент нийлүүлсэн, тооцоо нийлсэн ямар ч баримтгүй. Энэ маргаад байгаа гэрээ 2012 оны 9 дүгээр сард байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд ийм үнийн дүнтэй, бүтээгдэхүүнийг нэг компани нөгөө компанид нийлүүлсэн тохиолдолд энэ хоёрын хооронд санхүүгийн тооцоо зайлшгүй хийгдэнэ. “Суурь” ХХК-д өгсөн баримтууд манай компаний төлөх үүргийг нотлохгүй. Маргаад бүхий гэрээ манай хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ биш. “Суурь” ХХК-д нэхэмжлэгч компани цемент өгөөд манайх “Суурь” ХХК-иас авсан зүйлгүй. Иймд “Централ эйшиан цемент” ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнээс үүсэх үр дагавар байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нью констракшн” ХХК-иас 90 605 600 төгрөг гаргуулж “Централ эйшиан цемент” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 45 303 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Нью констракшн” ХХК нь “Централ эйшиан цемент” ХХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 492 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 978 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нью контсракшн” ХХК-иас 610 978 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Нью констракшн” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэж маргасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар" гэрээ байгуулсанд тооцогддог. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос гадна хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага хангасан байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан байна. Гэтэл талуудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх “Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд "Нью констракшн" ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Лхагваням гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх боловч тэрээр ТУЗ-ийн дарга биш, түүнд компанийг төлөөлж "Централ эйшиан цемент" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгогдоогүй болох нь баримтуудаар тогтоогдсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар нь "Нью констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Даваасамбуу нь Г.Лхагванямаар төлөөлүүлэх тухайгаа амаар мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгогдсон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү мэдэгдсэн эсхүл хожим уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг хариуцагчаас олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд гэрчийн мэдүулгээр төлөөлөгчийн бүрэн эрх тодорхойлогдсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Гэрч Г.Лхагванямын "...Э.Даваасамбуу амаар зөвшөөрөл өгсөн, цемент зээлээр олж өгөх арга байна уу гэж гуйхаар нь гэрээ хийсэн..” гэх мэдүүлгээр Иргэний хуулийи 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрх олгогдсон гэж эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч цемент хүлээн авсан зарлагын баримтуудаар давхар нотлогдоно гэж тайлбарлан, "Ныо констракшн" ХХК-ийн нэр дээр бичигдсэн зарлагын баримт, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргасан боловч уг санхүүгийн анхан шатны баримтуудад хариуцагч "Нью констракшн" ХХК-ийн бус, "Суурь" ХХК-ийн ажилчид гарын үсэг зурсан болох нь гэрч Б.Дашдаваагийн "...гэрээний дагуу "Суурь" ХХК-д цементийг нийлүүлсэн, цемент хүлээн авсан 2 хүний гарын үсэг нь "Суурь'' ХХК-ийн ажилтан..." гэх мэдүүлэг, хариуцагч байгууллагын захирал Э.Даваасамбуугийн "бараа материал хүлээн авсан гэх 2 хүний нэр хэлж байна. Манай компанид тийм хүн байхгүй...” гэх тайлбараар тогтоогдсон тул гэрээний зүйл болох 489.76 тн цементийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал үгүйсгэгдсэн. Энэ талаар шүүх “Суурь” ХХК-иас хариуцагчид цемент нийлүүлсэн баримтыг шаардсан боловч зөвхөн “Суурь” ХХК-ийн тооцооны баримт байхаас гадна хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчид гэрээний зүйл болох 489,76 тн цементийг хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд Иргэнийн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар зохигчдын хооронд цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хоорондох цемент худалдах, худалдан авах гэрээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК нь хариуцагч “Нью констракшн” ХХК-д холбогдуулан цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-нд “Нью констракшн” ХХК-ийг төлөөлөн ТУЗ-ийн дарга Г.Лхагваням гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажсан байх боловч  Г.Лхагваням нь тус компанид ажилладаггүй, компанийг төлөөлөх эрхгүй байсан нь тогтоогджээ.

Хэдийгээр хариуцагч нь гэрээ бичгээр байгуулаагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэж маргаж байгаа боловч хариуцагчийн тамгаар баталгаажсан тус гэрээнд гарын үсэг зурсан этгээдийн төлөөлөх эрхтэй эсэхийг заавал мэдсэн байх талаар нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-д ямар нэгэн үүрэг үүсэхгүй тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хариуцлага хүлээх этгээд нь “Нью констракшн” ХХК байна.

Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-т зааснаар 490 тн цементийг тонн тутмыг 185 000 төгрөгөөр тооцож, үнийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу /хх-5-8/ цементийн үнэ 90 605 600 төгрөгийн нэхэмжлэхийн дагуу нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч “Нью констракшн” ХХК-д задгай цементийг “Суурь” ХХК-д хүргүүлж тэндээс зуурмагаар авч барилгадаа ашигласан гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй байна /хх-203-204/.

Гэрч Г.Лхагванням, Э.Даваасамбуу нарын мэдүүлэг, ”Суурь” ХХК-ийн тодорхойлолт, зарлагын баримт нэхэмжлэх, падаан зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч  гэрээгээр хүлээсэн үүргээ буюу цементны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ /хх-50-51, 58-60, 70-80/.

Хариуцагч “Нью констракшн” ХХК нь нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-иас цемент худалдан аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасантай нийцүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нью констракшн” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 978 төгргийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                                   ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

                                                                                                                              Д.БАЙГАЛМАА