Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 03322

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 07 өдөр         Дугаар 102/ШШ2017/03322                                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч ЦЭЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 67 тоотод байрлах НК ХХК-д холбогдох цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135.908.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, гэрч Г.Лхагваням, Э.Даваасамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч ЦЭЦ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр НК ХХК-тай байгуулсан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементийг бэлтгэн нийлүүлсэн.

 

Ингэхдээ талуудын хоорондоо байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт худалдан авагчид нийлүүлэх цементийг зээлээр худалдан авч байгаа бөгөөд ямарч тохиолдолд худалдсан цементийн төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт худалдан авагч нь энэхүү гэрээний 5 дугаар бүлэгт заасны дагуу цемент худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги төлөх үүрэгтэй гэж харилцан тохирсон.

 

Гэтэл тус компани өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд төлбөрөө төлөхгүй хэтрүүлсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 135.908.400 төгрөгийн хуримтлал үүссэн болно.

 

Бидний зүгээс төлбөрөө төлөхийг бичгээр болон аман хэлбэрээр удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа тогтоосон боловч бодитой үр дүнд хүрэхгүй, банкнаас зээлсэн мөнгөөрөө цемент үйлдвэрлэн худалдаж, борлуулалтын орлогоос зээл, зээлийн хүү төлөн, ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж байна.

 

Иймд цемент худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135.908.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

 

Манай компани болон НК ХХК-иудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдан авагчид нийлүүлэх цементийг зээлээр худалдаж байгаа бөгөөд ямар ч тохиолдолд худалдсан цементийн үнийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч гэрээний 5 дугаар бүлэгт заасны дагуу цемент худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн нэг хувиар алданги төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан.

 

Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 90.605.600 төгрөг, алданги 45.302.800 төгрөг, нийт 135.908.400 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа: НК ХХК 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээг ЦЭЦ ХХК-тай байгуулаагүй.

 

ЦЭЦ ХХК нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож шүүхэд өгсөн гэрээнд НК ХХК-ийг төлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Лхагваням гэх хүн гарын үсэг зурсан бөгөөд манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй, компанид Төлөөлөн удиридах зөвлөл байхгүйгээс гадна Г.Лхагваням манай байгууллагад ажилладаггүй. Өөрөөр хэлбэл: НК ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Г.Лхагванямд олгоогүй болно.

 

Иймээс ЦЭЦ ХХК-тай гэрээ байгуулаагүй тус компаниас цемент худалдан аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ЦЭЦ ХХК, хариуцагч НК ХХК-иас цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135.908.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч манай компани нэг гишүүнтэй, ТУЗ байхгүй, гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан мөн нэхэмжлэгчээс цемент худалдан аваагүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ЦЭЦ ХХК, хариуцагч НК ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1 тонн цементийг 185.000 төгрөгөөр, нийт 490 тонн цементийг худалдан авагчид нийлүүлэхээр Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, компанийн тамгаа дарж баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч Э.Ариунаа Г.Лхагванямд НК ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрхийг өгөөгүй. Хуульд заасан төлөөлөх эрхийг олгоогүй байхад Г.Лхагваням ямар зорилгоор манай компанийн нэрийг ашиглаад ЦЭЦ ХХК-тай гэрээ байгуулсныг бид мэдэхгүй. Энэ гэрээ анхнаасаа байгуулагдаагүй, манайх энэ гэрээнд оролцоогүй. Нэхэмжлэгч талаас НК ХХК цемент хүлээж авсан баримтууд байхгүй гэх тайлбарыг гаргасан боловч гэрч Э.Даваасамбуу, Г.Лхагваням нарын мэдүүлэгээр гэрээнд тус компанийн тамга дарагдаж мөн гэрч Г.Лхагва-Ням, Э.Даваасамбуу нар найз нөхөд, ажил хэргийн талаар холбоотойгоо үгүйсгээгүй бөгөөд хариуцагч тамгыг хууль бусаар дарсан, би мэдээгүй гэх тайлбарыг өгсөн хэдий ч дээрх асуудлаар хуулийн байгууллагад хандаагүй болох нь гэрээ байгуулах үед хариуцагчийн төлөөлөгч байсан гэрч Э.Даваасамбуугийн мэдүүлгээр батлагдсан тул гэрээг байгуулсан байна гэж дүгнээд худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний дагуу 490 тонн цементийг НК ХХК-д бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зөрчин гэрээнд хамааралгүй этгээд Суурь ХХК-д цементээ нийлүүлж, хариуцагчид цементийг хүлээлгэн өгөөгүй нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагчид цемент нийлүүлэх хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэнэ мөн гэрээний 2.1 дэх хэсэгт бэлтгэн нийлүүлэгч барилгын стандартын дагуу үйлдвэрлэсэн М-42.5 маркийн задгай цементийг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй, 2.2 дахь хэсэгт бэлтгэн нийлүүлсэн цементийг худалдан авагч нь тухай бүр сар, өдрийг тэмдэглэж хүлээн авах бөгөөд сарын бүрийн 30-ны дотор тооцоо нийлж тулган баталгаажуулалтыг хийнэ, 4.1 дэх хэсэгт бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагчийг төлбөрөө төлөөгүй удааширсан тохиодолд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нийлүүлэхийг түдгэлзүүлэх эрхтэй, 5.1 дэх хэсэгт худалдан авагчид нийлүүлэх цементийг зээлээр худалдан авч байгаа бөгөөд ямар ч тохиолдолд худалдан авсан цементийн төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна гэж гол нөхцөлүүдийг тохирсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд НК ХХК-д цементийг нийлүүлж, хүлээн өгсөн баримт байхгүй. Суурь ХХК-д цементийг нийлүүлсэн гэх тайлбарыг гаргаж, Суурь ХХК ЦЭЦ ХХК-иас хүлээн авсан 489.76 тонн цементийг бетон зуурмаг болгон НК ХХК-д хүлээлгэн өгч, тухайн үед хүлээлгэн өгсөн баримтууд манай компаний архивт хадгалагдаж байсан боловч үйл ажиллагаа явуулдаг ажлын байр олон дахин нүүдэлсэний улмаас эдгээр баримтууд олдохгүй байгаа тул гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлэн, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгээ нотлож чадаагүй, гэрээг дүгнэсэн, цуцалсан, тооцоо нийлсэн талаар талуудын хооронд үйлдэгдсэн баримт байхгүй, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837.492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

 

115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар ЦЭЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НК ХХК-д холбогдох цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135.908.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837.492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА