Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00392

 

 

 

 

 

 

 

2024 02 26 210/МА2024/00392

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэл: Худалдах, худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэгт 4,097,124,779 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,302,860,470.46 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 3,380,797,095 төгрөг гаргуулах тухай тус тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Талууд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан.

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ 1, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ 2-ыг тус тус байгуулсан.

1.2. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлж агаарын хөлгийн шатахууныг тухай бүрд нь нийлүүлсэн боловч ******* ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд бүрэн биелүүлээгүй буюу агаарын хөлгийн шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсаар байна.

1.3. Тус компанийн төлөх төлбөрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 3,948,252,174 төгрөг бөгөөд эрх бүхий этгээдүүд тухайн тооцоог харилцан баталгаажуулж байсан.

Дээрх төлбөрийг гүйцэтгэвэл зохих хугацааг гэрээгээр тохирсон, гэрээний 10.1-т талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцохоор заасан.

1.4. Манай компанийн зүгээс ******* ТӨХК-ийг үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа албан тоотоор шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Талууд хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийг 7,816,398,166 төгрөг гэж баталгаажуулсан байдаг. Дээрх тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан дүн нь гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхээр байна. Тухайн тооцоо нийлсэн өдрөөс хойш хариуцагчийн зүгээс 20,167,659,413 төгрөг нэхэмжлэгчид төлсөн.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 4.1, 9.2-т тус тус заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 3,948,252,174 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, гэрээний 10.1-д тус тус зааснаар алдангид148,872,605 төгрөг, нийт 4,097,124,779 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ******* ******* ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 3,948,252,174 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд тус төлбөрийн тооцооллыг харахад ******* ТӨХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 19/402 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 2,929,729,320 төгрөг, 21/116 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 1,018,522,853.42 төгрөг, нийт 3,948,252,174 төгрөгийн тооцооны асуудал байна. Талууд 2019 оны 10 сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн тоо хэмжээний тухайд маргаагүй.

 2.2. Талуудын хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах худалдан авах 19/402 болон 21/116 гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийг Сингапурын биржийн /МОРЅ/ зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийхээр заасан. Нийлүүлэгч нь Сингапурын биржийн цэсэд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь Сингапур цэсэд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон.

Гэрээний 3.1-д агаарын хөлгийн шатахууныг нийлүүлэх хугацаанд дараах өөрчлөлтүүд орсон тохиолдолд тухайн сард нийлүүлсэн 1 метрик тонн шатахууны үнийн өөрчлөлтийг тооцож дараа сарын 10-ны дотор талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тохируулга хийн албан ёсоор баталгаажуулахаар заасан.

******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн Сингапурын биржийн /MOPЅ/ сар бүрийн үнийн мэдээллийг манай БНСУ дахь нислэгт шатахуун сумалгаа хийдэг Юнилайн /UNILINE pte/ компани болон бусад компаниас ирүүлсэн Сингапурын биржийн /MOPS/ үнэтэй /хавсралт бүхий тооцоолол/ харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 3,302,860,470.46 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдож байх тул гэрээний 8.3.2-т заасны дагуу ******* ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №01/1516 дугаар Тооцоо нийлэх тухай албан бичгийг ******* ******* ******* ХХК-д хүргүүлэн тооцоо нийлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

******* ******* ******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22/3673 тоот албан бичгээр агаарын хөлгийн шатахууны нэгж үнийн зөрүүг эс зөвшөөрч, хариу ирүүлсэн албан бичгээр тооцоо нийлж, Сингапурын биржийн /MOPS/ үнийн мэдээллийг ******* ТӨХК-ийн зүгээс и-мэйл болон 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1951 сурвалжаас нь тулган баталгаажуулж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхэд бэлэн байгаа саналаа хүргүүлсэн.

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* ******* ХХК-аас 22/4098 тоот албан бичиг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт гэрээний хэрэгжилтийн хугацаанд Сингапурын биржийн үнийн мэдээллийг дахин өөр үүсвэрээс авч, нягтлан шалгахаар ажиллаж байна. Дээрх мэдээллийг цуглуулахад хугацаа шаардаж байгаа ба эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүрэн мэдээлэлтэй болж тооцоо нийлэх боломжтой хэмээн дурдсан боловч өнөөдрийг хүртэл сар бүрийн шатахууны MOPS үнийн задаргааг эх сурвалжаас ирүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

2.3. ******* ******* ******* ХХК нь 19/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,499,868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,860,470.46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон болно.

2.4. ******* ТӨХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар 645,393,700 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 77,936,625 төгрөгийг хасаад 567,457,075 төгрөг, алданги 21,396,563 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5. Талуудын хооронд байгуулсан гэрээ, нэмэлт гэрээнүүд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар маргаагүй. Маргаж байгаа гол асуудал нь гэрээний 3, 4 дэх заалт, гэрээний үнийн талаар маргаж байгаа гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. ******* ******* ******* ХХК нь 19/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,499,868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,860,470.46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон тул үүнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, агуулга:

4.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэг худалдан авагчид үүссэн байна. Энэхүү үүргээ худалдан авагчийн хувьд хүлээн зөвшөөрсөн байдаг ба барааны үнийг зөвшөөрч баталгаажуулсан, төлсөн зэрэг нөхцөл байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн үнийн зөрүү үүссэн тухай асуудлыг хөндөж байгаа нь гэрээний үүргээс зайлсхийх арга гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21/116 тоот гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/116-1 тоот, 21/116 дугаартай гэрээний нэмэлт гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21/116 дугаартай гэрээ, 21/116 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21/116 дугаартай Агаарын хөсгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ-ний үүргийг шаардсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд илүү мөнгө авсан гэж байгаа нь цаг хугацаа болон гэрээний хэрэгжилтэд хамааралгүй зүйлийг татгалзлын үндэслэлээ болгож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дээрх цаг хугацаанд үүссэн үүргийг хариуцагчаас шаардаагүй, талуудын хооронд үүссэн төлбөрийн үүргийг дуусгавар болгосон гэж үзэж байгаа.

4.3. Манай талаас сар бүрийн үнийн мэдээллийг албан бичгээр хандаж хүргүүлж байсан ба энэ бүх хугацаанд 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай и-мэйлээр хандаж, энэ дагуу ******* ТӨХК-ийн ирүүлсэн үнээр шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна. Үүнээс үзвэл сар бүрийн манай өгсөн үнийн мэдээллийг шалгаж байсан. Тэрхүү мэдээлэлд зөрүүтэй байвал талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.2, 8.3.4, 9.3.3-д тус тус зохицуулсан нь гэрээ хэрэгжих явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, тэр талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3,942,069,387.61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6,182,786.44 төгрөг, алданги 30,401,525 төгрөг, нийт 3,978,653,699.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,471,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109,215,875 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 187,152,500 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,193,644,595.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,643,574 төгрөг, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,220,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас 20,051,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас 1,093,712 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ТӨХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэсэн.

Тухайн төрлийн харилцаа нь өмчлөлийн эд зүйлийг шилжүүлэн өгч хариу мөнгөн төлбөр авах, мөн бусдын эд хөрөнгийг хадгалж түүнд тохирсон төлбөрийг авах төрлийн харилцаанд бий болох харилцаа, худалдах худалдан авах гэрээний харилцаанд худалдагч эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэн өгч худалдан авагч тухайн эд зүйлийг үнийг төлөхөөр хуульчилсан байдаг ба гэрээний гол зүйл нь үнэ, эд зүйлийн чанар, тоо хэмжээ байдаг.

Талууд гэрээгээр гол нөхцөлөө тохиролцож үүнээс үүсэх маргааныг гэрээгээр хоорондоо тохиролцохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд гэрээний үнэ, түүнийг өөрчлөх нөхцөлүүдийг тусгасан байдаг ба тэрхүү тохиролцоогоор тухайн гэрээний харилцаа үргэлжлэх ёстой байсан.

6.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь бодит үнийг нэмэгдүүлсэн гэж байгаа ба нөгөө талаараа тэрхүү үнэнд тохирсон тоо хэмжээний шатахуун нийлүүлээгүй гэх асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг бараа материал ирэх ёстой байтал 10 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг бараа материал нийлүүлсэн гэж маргаж байгаа ба үүнийг бодит байдал дээр 10 байсан уу, 9 байсан уу гэдгийг мэдэх боломж нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлж өгсөн байдаг.

Гэтэл түүнийг мэдсэн атлаа хүлээн авсан нь хожим шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар алдсан гэж харахаар байна. Энэ талаар талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн байдаг ба үнийг талуудын эрх бүхий этгээдүүд гэрээнд зааснаар тооцоо нийлж талуудын өглөг авлагыг тодорхойлсон.

Гэрээнд зааснаар гэрээний үнийг баталгаажуулж тооцоо нийлж байсан, худалдан авагчийн зүгээс худалдагчийн явуулсан үнийн саналыг үнэн эсэхэд хяналт тавьж байсан, зөрүү гарсан тохиолдолд залруулж байсан зэрэг үйл баримтууд авагдсан атал зөрүү гарсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.3. Талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21/116-2 тоот Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахуун худалдах, худалдан авах 21/116 тоот нэмэлт, өөрчлөлт гэрээ байгуулсан байдаг ба тухайн гэрээний 3.3.2-т ОХУ-аас худалдан авч буй дундаж үнийн өөрчлөлтөөр тооцно. Тооцоо хийх суурь үнийг 1,289 ам.доллараар тооцно, 2-т үндсэн гэрээний бусад заалтуудад заасан Сингапурын биржийн үнэ гэсэн ойлголтыг энэхүү гэрээ байгуулагдсанаар цаашид ОХУ-аас худалдан авч буй дундаж үнэ гэж ойлгоно, 3-т энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх-ээр харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүхээс MOPS үнийн зөрүүг тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 109,215,875 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.4. Шүүхээс гэрээний хугацаанд талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулах зохицуулалтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Гэрээний 8.3-т зааснаар тухайн мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгснөөр захиалагч өөрийн зүгээс үнийг нягтлах, эргэлзээтэй байвал хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээрийн замаар шийдэлд хүрээгүй бол албан ёсны ханшийг худалдан авах талаар зохицуулсан нь талуудын хооронд тухайн гэрээ хэрэгжиж байх явцад хийгдэх ажиллагаа болохоос гэрээний хугацаа дууссан үед хэрэглэх зохицуулалт биш юм. Энэ бүх хугацаанд манайхаас хүргүүлж байсан үнийн дүнд эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй ба үүнийг талуудын эрх бүхий этгээдүүд харилцан тооцоо нийлж баталгаажуулж байсан. Харин 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай цахим шуудангаар манайд хандсаны дагуу худалдан авагчийн ирүүлсэн үнийн саналаар өөрчлөлт оруулж, шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна.

Гэтэл Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний буцаан шаардах гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад хохирол гэдэг байдлаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилж хангасан 187,152,500 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

7. Хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаартай шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс худалдан авагчид учруулсан хохирол болох 3,193,644,595.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг нь эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

7.1. Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

 7.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 19/402, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар талуудын санхүүгийн нягтлан бодогч нарын хооронд хийгдсэн гэрээ дүгнэсэн актыг үндэслэл болгож улмаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар мэтгэлцээнийг хууль зүйн талаас хэрхэн үнэлснийг шийдвэртээ заалгүйгээр сөрөг нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. ******* ТӨХК-ийн нягтлан бодогч нь ******* ******* ******* ХХК-ийн ирүүлсэн үнийн мэдээлэлд /нэмэгдүүлсэн дүнтэй/ үндэслэн, авсан шатахууны гүйцэтгэлээр тооцон, тооцоо нийлсэн нь гэрээний үүрэг биелүүлсэн асуудал бөгөөд албан ёсоор 2 талаас эрх бүхий албан тушаалтнууд гэрээ дүгнэсэн баримтгүй. Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

7.3. Худалдах-худалдан авах гэрээний гол зүйл нь худалдан авч буй зүйлийн үнэ байдаг. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт ... гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэх тохиролцож болно гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 19/402 болон 21/116 дугаартай гэрээний 3-т үнийг Сингапурын биржийн зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийх-ээр, 8.3-т нийлүүлэгч нь Сингапурын биржийн цэсэд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд захиалагчийн худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу нийлүүлэгчийн ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байсан нь тогтоогдвол нийлүүлсэн шатахууны үнийн зөрүүг нийлүүлэгч үл маргах журмаар захиалагчид төлөх үүрэгтэй гэж заасан.

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд шатахууны үнийг гэрээгээр тохиролцсоныг зөрчиж, үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилсэн үнийн дүнг баталгаажуулж, талуудын санхүүгийн нягтлан бодогч нарын гарын үсэг зурсан баримтыг ******* ТӨХК нь 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн төлбөрийн дүнг шаардлага гаргах эрхгүйгээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолсон баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь худалдагчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг шүүх хамгаалж байгаа үйлдэл гэж үзэж байна.

7.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ санаатай үйлдлээр мэдсээр байж зөрчиж, шударга бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархсан үйлдлийг зөвтгөж шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгож байгаа нь Иргэний хуулийн 219, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь заалтуудыг зөрчиж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн шатахуун худалдах худалдан авах гэрээний 3 болон 8-д талуудын хүлээх хариуцлагыг хатуу тогтоосон байх тул энэ үндэслэлийн дагуу талуудын хэн аль нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. 2021.07.09-ний өдөр гэрээ байгуулагдахад 2019.10.15-ны өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,900,000,000 төгрөг байсан бөгөөд ******* ТӨХК нь 2019 оноос хойших хугацаанд нийтдээ 47,000,000,000 төгрөгийн шатахууны төлбөр төлсөн.

Манай зүгээс ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн Сингапурын биржийн /МОРЅ/ бүрийн үнийн мэдээллийг Си энд Ри глобал /S&P Global/ компаниас худалдан авсан Сингапурын биржийн /МОРЅ/ албан ёсны үнэтэй харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу ******* ******* ******* ХХК нь 10/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,409,808 төгрөг, 21/110 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,850,470.45 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдсон.

Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан эхний 2 сар үнийн зөрүүгүй шатахуун нийлүүлж байгаад түүнээс хойш 1 баррел шатахууны үнийг 6.67 ам.доллараар 1 тонн тутамд 55 ам.доллараар нэмэгдүүлж нэхэмжилсэн болох нь Си энд Ри глобал компаниас худалдан авсан Сингапурын биржийн /МOPS/ албан мэдээллээр нотлогдож байх тул ******* ТӨХК нь шатахууны бодит төлбөрийг нэхэмжлэх, үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн мөнгийг хасч тооцохыг шаардсан нь Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ.

7.5. Нэхэмжлэгч нь агаарын хөлгийн шатахуун худалдах-худалдан авах гэрээний гол тохиролцоо буюу шатахууны суурь үнийн тохиролцоо хүчин төгөлдөр болохыг худалдагч тал хүлээн зөвшөөрсөн атлаа худалдан авагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа Сингапурын биржийн сарын дундаж үнэ бодит бус, ******* ТӨХК-ийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

******* ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1516 дугаартай албан бичгээр 19/402 дугаартай гэрээний хугацаанд 1,7 тэрбум төгрөг, 21/116 дугаартай гэрээний 2022 оны 6 дугаар сар дуустал хугацаанд 1,6тэрбум төгрөг, нийт 3.4 тэрбум төгрөгийг илүү нэхэмжилсэн, үүнийг 4,68 төгрөгийн өглөгийн үлдэгдлээс суутган тооцуулж, 1,2тэрбум төгрөгөөр тооцоо нийлэх саналыг тооцооллын хамт хүргүүлсэн. ******* ******* ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/4098 дугаартай албан бичгээр ... Сингапурын биржийн үнийн мэдээллийг дахин өөр эх үүсвэрээс авч нягтлан шалгахаар ажиллаж байгаа, эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүрэн мэдээлэлтэй болж тооцоо нийлэх боломжтой гэсэн хариу ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сар бүрийн шатахууны /MOPS/ үнийн задаргааг эх сурвалжаас нь ирүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Маргаан бүхий тохиолдолд гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэл нэгэнт бий болсон байхад анхан шатны шүүх гэрээгээ хэрэгжүүлэх явцад худалдагч илүү мөнгө нэхэмжилж байгааг хариуцагч нягтлаагүй, нэхэмжлэгч гэрээнд заасан суурь үнийг үнэн зөв мэдээлэх үүргээ биелүүлж байгаа гэдэгт итгэж тооцоо нийлсэн акт дээр шатахуун хариуцсан нягтлан бодогч гарын үсэг зурсан үйлдэлд хариуцагчийг буруутгаж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.

7.6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа 2019.10.15-ны өдрөөс 2022.06.30-ны хүртэлх хугацааны Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах-худалдан авах гэрээнүүдийн хувьд нэхэмжлэгч Сингапур цэсэд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн бодитой байдлыг шалгах нягтлах үүнтэй холбоотой гарсан зардал болон илүү төлөгдсөн шатахууны төлбөрийн зөрүүг буцаан нэхэмжилж авах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул уг гэрээнүүдийн дагуу илүү төлбөр төлж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй хэмээн талуудын тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй 1 сарын нийлүүлэлт буюу 2022 оны 7 сард нийлүүлэгдсэн шатахууны хувьд нэхэмжлэгч 6,974,977 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна гээд зохигчдын хувьд маргаангүй байсан. 2022 оны 08 сарын шатахуун нийлүүлэлтийн хэмжээ болон үнийн асуудал дээр шүүх 102,420,898 төгрөгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дүгээр 118.4 дэх заалттай нийцээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн 18 дугаар талд нэхэмжлэгч нийт илүү нэхэмжилж авсан болон ханшийн зөрүүд 109,215,875 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх боловч энэ дүн 6,974,977+102,420,898 = 109,395,875 төгрөгөөс зөрүүтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хариу тайлбарын агуулга:

8.1. Талууд анх гэрээ байгуулахдаа /МОРЅ/ биржийн үнийг тодорхойлно гэх байдлаар гэрээ байгуулсанд ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ /МОРЅ/ биржийн үнэ гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг тодорхойлох 9 ширхэг үзүүлэлт байгаа. Сингапурын биржийн дундаж үнэ болох /МОРЅ/ гэж байгаа үнэ нэгдүгээр шалгуур юм.

8.2. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд тооцоо нийлсэн бөгөөд гүйцэтгэх захирлууд тооцоо нийлэх үүргийг хүлээгээгүй. Санхүүгийн эрх бүхий албан тушаалтнууд тооцоо нийлж, үүний дагуу төлбөр тооцоо хийнэ гэж гэрээнд тодорхой тусгасан. Хариуцагчийн зүгээс /МОРЅ/-ийн биржийн үнийг тооцоход зөрүү гарч байна гэдэг. Валютын ханш 2850 байхад талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш ам.долларын ханш 3500 төгрөг болж өөрчлөгдсөн.

8.3. Манай байгууллага оруулж ирж байгаа шатахуунаа төгрөгөөр худалдан борлуулж байгаа. Ингэснээр ашгаас багасна. Энэ ашгийг нэмэгдүүлж гэрээнд заасан хувь хэмжээнд хүргэхийн тулд энэ үнэ нэмэгдэх ёстой. Бараа бүтээгдэхүүний дутагдал буюу доголдол байсан гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Учир нь хуульд заасны дагуу доголдлыг мэдэх боломжтой үеэс эхэлж гомдол гаргах хугацааг тооцдог.

Өөрөөр хэлбэл бид нар шатахуунаа нийлүүлэх гэдэг үнийн саналаа өгч байгаа тухайн үе. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ...бид нарын өгсөн үнийг худалдан авагч шалгана гэж заасан. Энэ бол хариуцагч нарт олгосон үүрэг. /МОРЅ/ биржийн үнэ гэдэг тооцоолол нь 8 шалгуур үзүүлэлтээр хэрхэн яаж тооцоолсон гэдэг нь ойлгомжгүй. Талууд 2021 оны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Үүнээс хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийж байгаа нийлүүлэлт нь ОХУ-ын дундаж ханш буюу 1,289 ам.доллар байна гэж заасан. Үүний дагуу үүссэн төлбөр 3,948,252,174 төгрөгийг шаардаж байна гэв.

 

9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарын агуулга:

9.1. Талуудын хооронд 1, 2 удаагийн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээ байгуулагдаагүй. Худалдах, худалдан авах гэрээний онцлог төрөл болох аж ахуйн зориулалтаар тодорхой бараа бүтээгдэхүүнийг тодорхой давтамжтайгаар, тодорхой хугацаанд байнгын нийлүүлэх гэрээ юм. Бид нийлүүлсэн шатахууны хэмжээ, чанарын хэмжээ, хадгалалтад маргаагүй.

9.2. Гагцхүү нийлүүлсэн шатахууны үнэ гэрээгээр харилцан тохиролцсон үнийн дүнд зөрүү гарсан талаар маргадаг. Гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлд нийцэж байх тул шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгээгүй гэдгийг нотлох зорилгоор ...Эс би глобал ХХК-аас бүтээгдэхүүн үйлчилгээний загварын захиалгын гэрээ авлаа, үүнээс гарсан мөнгийг танай тал төлнө гэсэн албан бичиг хүргүүлэхэд 12 дугаар сарын 06-ны өдөр ...эх сурвалжаа судалъя, цаг ороод байна, энэ талаар мэдээлэл хайж өгнө гэсэн боловч дахин энэ талаар яриагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах-худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/116-1 дугаартай нэмэлт гэрээ, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21/116-2 дугаартай нэмэлт гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *******-21/116 дугаартай Агаарын хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд нийт 4,097,124,779 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг 588,853,638 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний төлбөрийг илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 3,302,860,470 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 77,936,625 төгрөг, нийт 3,380,797,095 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргасан байна.

 

3.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1. Талууд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах ******* 21/116 дугаартай гэрээгээр нийлүүлэгч ******* ******* ******* ХХК нь агаарын хөлгийн MNS5677:2006 стандартын биет болон эрхийн доголдолгүй 8,188 тн ТС-1 шатахууныг захиалагчийн гаргасан техникийн тодорхойлолтын дагуу улсын хил нөхцөл /Алтанбулаг боомт хүртэл/-өөр захиалагчийн захиалсан тоо хэмжээ, нэгжийн болон нийт үнээр захиалсан хугацаанд нийлүүлэх, захиалагч ******* ТӨХК нь агаарын хөлгийн шатахууныг гэрээнд заасны дагуу хүлээн авч, шатахууны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх7-19/

3.2. Мөн өдрөө 21/115 дугаартай Агаарын хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ байгуулж, гэрээгээр хадгалагч ******* ******* ******* ХХК нь Алтанбулаг боомтод ирсэн вагон-цистерн бүхий агаарын хөлгийн шатахууныг хадгалуулагчийн захиалгын дагуу хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, ачих, хүлээлгэн өгөх, хадгалуулагч ******* ТӨХК нь цогц үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх23-29/

3.3. Талууд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 21/116 тоот гэрээний нэмэлт гэрээ 21/116-1 дугаартай гэрээ байгуулж, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах ******* 21/116 дугаартай гэрээний хугацааг сунгаж, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 21/116 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт 21/116-2 дугаартай гэрээ байгуулж, 21/116 дугаартай гэрээний 3.3 дахь заалтад өөрчлөлт оруулсан байна. /хх-20-22/

3.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа, мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэж, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.5. Талууд гэрээ байгуулсан үйл баримт, худалдагчийн зүгээс нийлүүлсэн шатахууны тоо, хэмжээ, чанар байдал, шатахууны тээвэрлэлт, хадгалалт болон гүйцэтгээгүй үүргийн дүнгийн талаар маргаангүй.

3.6. Шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч ******* ТӨХК-аас худалдах, худалдан авах гэрээний болон хадгалалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,978,653,699 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 118,471,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. /1хх23-31, 74-78, 83, 84, 108-119/

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул холбогдох шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Хариуцагч ******* ТӨХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,302,860,470 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, үндэслэлээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн шатахууны үнийн өөрчлөлттэй холбогдон үнэд тохируулга хийхдээ Сингапурын бирж /MOPS/-ийн үнээс хэт дээгүүр үнийн талаар мэдээлэл ирүүлж хохирол учруулсан гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон, ... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/116 тоот гэрээ болон түүнд холбогдох нэмэлт гэрээний өөрчлөлт гэрээ болон хадгалалтын гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардсан гэх үндэслэл заан татгалзаж, маргасан байна.

4.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.3. Талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах 19/402 тоот гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 19/402 тоот гэрээний нэмэлт гэрээ 20/150 тоот гэрээ байгуулсан, гэрээний дагуу худалдагч ******* ******* ******* ХХК нь агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн, худалдан авагч ******* ТӨХК нь шатахууны үнийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, нийлүүлсэн шатахууны тоо, хэмжээ, чанарт мөн маргаангүй.

4.4. Уг гэрээний 8.1 дэх заалтаар ************** ******* ХХК нь Сингапур цэсэд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгөх, 9.3.1 дэх заалтаар ******* ТӨХК нь нийлүүлэгчийн гарган өгсөн Сингапур цэсэд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн бодитой байдлыг шалгах үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх-156-158/

4.5. Гэрээний дагуу нэхэмжлэгч ************** ******* ХХК-аас хариуцагч ******* ТӨХК-д нийлүүлж буй шатахууны үнийн өөрчлөлтийн тухай мэдээллийг хүргүүлж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 123-142 дэх талд авагдсан ************** ******* ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдийн албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь тухайн цаг хугацаанд албан бичгийг хүлээн аваад гэрээний 8.3.1-д заасны дагуу ханшийн үнийн мэдээлэл бодитой эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

4.6. Түүнчлэн нэг талаас ************** ******* ХХК-ийн санхүүгийн менежер, нөгөө талаас ******* ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч нар, хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд 4,804,929,986 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 7,816,398,166 төгрөгийн өр, авлагатай гарсныг баталж, тооцоо нийлсэн акт үйлдэж, гарын үсгээ зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна. /1хх-44-45/

4.7. Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,948,252,174 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /1хх-32-34/ Уг бичгийн баримтаас үзвэл, хариуцагч ******* ТӨХК-ийн төлбөрийн үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2,929,729,320 төгрөг байна. Уг хугацаанаас хойш гэрээний талууд агаарын хөлгийн шатахуун нийлүүлж, хариуцагч нь төлбөр төлж байсан байх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч нь 984,391,182 төгрөгийн илүү төлөлттэй байжээ.

******* ******* ******* ХХК нь нийлүүлсэн агаарын хөлгийн шатахууны үнэ буюу 2022.08.31-ний өдрийн 7,621,093,214 төгрөг, 2022.09.05-ны өдрийн 1,305,367,357 төгрөг болон 8, 9 сарын хадгалалтын төлбөр 37,956,225 төгрөгөөс ******* ТӨХК-ийн илүү төлсөн 984,391,182 төгрөгийг суутган, мөн 2022.08.31-ний өдрөөс 2022.12.02-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн нийт 4,000,000,000 төгрөгийг хасч тооцоод, 3,948,252,174 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байна. /1хх32-34/ Хариуцагч тал энэ тооцоололд маргаагүй.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж заажээ. Иймд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах 19/402 тоот гэрээ болон түүнд нэмэлт оруулсан 2020 оны 19/402, 20/150 дугаартай гэрээнүүдийн үүргийг хариуцагч ******* ТӨХК бүрэн төлсөн гэж үзсэн нэхэмжлэгч талын тайлбар хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны 1,758,499,868 төгрөг гаргуулах тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.8. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдон сөрөг нэхэмжлэлээс 2021.07.09-ний өдрөөс 2022.07.31-ний өдрийг дуустал хугацааны 1,544,360,602 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

4.9. Талуудын байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *******-21/116 тоот гэрээний 8.3-т заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгч ************** ******* ХХК нь Сингапур МОПС биржийн ханшийн өөрчлөлттэй холбогдон нийлүүлэх ТС-1 шатахууны үнийн өөрчлөлтийн мэдээллийг хүргүүлсэн байна. /1хх108-141/

4.10. Хариуцагч ******* ТӨХК-аас сар бүрийн Сингапурын биржийн /МОРЅ/ үнийн зөрүү үүссэн талаар мэдэгдэж, тооцоо нийлэх тухай 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1516 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1951 тоот албан бичгийг тус тус хүргүүлж, хариуцагч компанийн нягтлан бодогч Н.Болормаагаас нэхэмжлэгч тал руу цахим шуудан явуулжээ. /1хх74, 79, 120/ Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/4098 тоот албан бичгээр тухайн гэрээний хэрэгжилтийн хугацаан дахь Сингапурын биржийн үнийг дахин өөр эх үүсвэрээс авч нягтлан шалгахаар ажиллаж байгаа талаар хариу мэдэгдэж, 2022 оны 7 сарын нийлүүлсэн шатахууны үнэд өөрчлөлт оруулан тооцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх107/

4.11. Тэрээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Агаарын хөлгийн шатахууны үнийн зөрүүний тооцоолол, Юнилайн ПТИ /UNILINE PTE LTD/ Сингапурын ХХК-тай байгуулсан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээ, Ворлд Фуел Сурвис Сингапурын компанитай байгуулсан Агаарын хөлгийн шатахуун борлуулах гэрээний байршлын гэрээ *******21/37, Нью Иорк корпорацын Эс Энд Пи Глобал Инк компанитай байгуулсан Бүтээгдэхүүн үйлчилгээний загварын мастер захиалгын гэрээний үйлчилгээний хавсралт, тус компанитай цахим шуудангаар харьцсан и-мэйл зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /1хх142-147, 177-248, 2хх-211-250/

Нэхэмжлэгч тал эдгээр нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүйгээс гадна хариуцагч компанид хүргүүлж байсан агаарын хөлгийн шатахууны үнэд бусад зардал шингэсэн гэж тайлбарлах боловч нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. /3хх158, 159/

4.12. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь агаарын хөлгийн ТС-1 шатахууны үнийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ Сингапур цэсэд мөрдөгдсөн сар бүрийн албан ёсны, бодит мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн гэж дүгнэхээр байна.

4.13. Талууд гэрээний 9.3.3, 9.3.4 дэх заалтаар ... захиалагч нь Сингапур цэсэд мөрдөгдсөн ханшийн албан ёсны мэдээллийг зохих байгууллагаас хамгийн боломжит бага зардлаар худалдан авах, Захиалагчийн худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу нийлүүлэгчийн ирүүлсэн мэдээлэл Сингапурын биржийн үнээс зөрүүтэй байгаа нь тогтоогдвол .... мэдээлэл худалдан авахтай холбогдон гарсан бүх зардлыг нийлүүлэгч хариуцах-аар харилцан тохиролцжээ. /1хх-12/

Хариуцагч ******* ТӨХК-аас Эс Энд Пи Глобал Инк компани руу 22,500 ам.доллар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, нэхэмжлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.14. Иймд хариуцагч нь агаарын хөлгийн шатахууны үнэд илүү төлсөн 1,544,360,602 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 77,936,625 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Монгол ******* ХХК-аас 1,622,297,227 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,758,499,868 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 1,093,712 гэснийг 7,823,536 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,093,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,126,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.АЛТАНЦЭЦЭГ

   ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

  Ч.ЦЭНД