Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00950

 

Г.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00482 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 887 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х.З.Х.Б.А.А холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.Бын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Бооос 93 236 000 төгрөгийг гаргуулж “У З” ХЗХ-ны хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Б миний эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 4 өрөө орон сууцыг 129 600 000 төгрөгөөр үнэлүүлж, түүний 70 хувиар тооцон 90 720 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон гэж 3/3862 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч орон сууцны хамтран өмчлөгчдөөс үнийн санал авалгүйгээр үнэлгээ тогтоохдоо зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 14 дүгээр байр 1990 онд баригдан ашиглалтад орсон, өвөлдөө маш дулаахан хотын А зэрэглэлийн бүсэд багтдаг. Тус 14 дүгээр байранд 3 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байсан, байршил талбайн хувьд гологдохгүй сайн материалаар барьсан орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож,  2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор надаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр нь дахин цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэгт үүсгэгдэн одоо болтол шалгагдаж байгаа. Мөн анх намайг “У З” ХЗХ-нд хуурамч бичиг баримт бүрдүүлэн гишүүнээр элсүүлж оруулсан баримт гарч ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцыг шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлж 93 326 000 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн. Тус хадгаламж зээлийн хоршооны төлбөрт Г.Бын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/0225, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/3518 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг өгсөн. Тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилоход 129 600 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00482 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Б-оос төгрөгийг 93 236 000 төгрөгийг гаргуулж, “У З” хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 19722 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 887 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд” гэснийг “Б.Х.З.Х.Б.А.А д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б миний бие нь анх Б.Х.З.Х.Б.А.А-д холбогдуулж дуудлага худалдааны үнийн дүнг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан хэлэлцэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсан шаардлагын утга нь надад холбогдох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа 20446209 дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт мөн гаргасан болно. Шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хүсэлтийн утгыг ташаа тодорхойлж захирамж гаргасан байсан.

Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч талаас хүсэлтийг ташаа тодорхойлж захирамж гарсан талаар мэдэгдэхэд шүүх энэ талаар шийдвэр гаргаагүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авсан гэж үзэн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, шүүх хүлээж авсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмэгдүүлсэн шаардлагын талаар тайлбараа гаргаж, энэ хүсэлтээ ханган шийдвэрлэх талаарх үндэслэлээ тайлбарлаж нотлох баримтаа шинжлэн судлаж эцэст нь энэ шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэлтээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар тусгаагүй тул давж заалдах гомдлоо энэ үндэслэлээр гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал дээр үндсэи нэхэмжлэлээс гадна нэмэгдүүлсэн шаардлагаа шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх ашигт чухал ач холбогдолтой талаар тайлбарласан. Магадлал гардаж аваад танилцахад нэмэгдүүлсэн. шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан талаар тайлбарласан байсан тул хавтаст хэрэгтэй танилцахад анх хэрэгт хавсаргагдсан байсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/Ш32016/0657 дугаар захирамжийн утга нь шал өөр болж хэрэгт авагдсан болохыг мэдсэн. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б.Х.З.Х.Б.А.А-д холбогдох албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Бын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг зөвтгөж, өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудсын үндсэн дээр нь Б.Х.З.Х.Б.А.А төлбөр төлөгч Г.Бын “У З” ХЗХ-ны хохирогч нарт төлөх 93 236 000 төгрөгийг гаргуулахаар түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцыг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, ажиллагаа бүрийн талаар мэдэгдэл хүргүүлэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулжээ. 

Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Б, хамтран өмчлөгч З.Минжмаа, Б.Мягмарсүрэн, Б.Баттогтох нарт нийт 4 удаа мэдэгдсэн нь баримтаар тогтоогдсон ба тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийлгүүлэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон, шинжээч орон сууцны зах зээлийн үнэ 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 129 600 000 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний талаар Б.Х.З.Х.Б.А.А төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3/3862 тоот албан бичгээр мөн өдөрт нь мэдэгдсэн байна. /хх-4,5, 28-32/

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчийн үнэлгээг мэдэж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан хугацааны дотор байна.

Хариуцагч байгууллага үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаас гадна шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийг зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар нэхэмжлэгч нь заавал нэхэмжлэл бус хүсэлт гаргах эрхтэй боловч хүсэлтийг хангах эсэхийг шүүх бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх бөгөөд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул түдгэлзүүлэх үндэслэлгүй байжээ. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн агуулгыг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 887 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА