Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00022

 

 

“********************” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хор учруулсны хохиролд нийт 60,200,638 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

"*******" ХХК нь авто замын ажил хийх явцдаа дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх үеэр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6 кв-ын кабель шугамыг тасалж гэмтээсэн. Тухайн гэмтэл зөрчил гарсан даруйд "*******" ХК-аас технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж энэ кабель шугамыг гуравдагч хүчин зүйл буюу гадны нөлөөтэй тасалсан байна гэдгийг бүртгэж, бригад ажиллаж гэмтлийг устгасан байдаг.

Дархан хот байгуулагдаад 62 жилийн хугацаанд кабель шугамын насжилт, элэгдэл хорогдлын хугацаагаар нөхөж шаардлага хангахгүй болсон кабель сүлжээг "*******" ХК нь их засвар, техник зохион байгуулалт арга хэмжээний хүрээнд жил бүр тодорхой төлөвлөгөө гаргаж шинэчлэн засварладаг.

Тэгтэл "*******" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж шинэ кабель таслагдсан учраас зөрчлийг судлан бүртгэх актаар тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд "*******" ХХК-ийн тасалж гэмтээсэн 6/0.4 кв ТП-23-аас 31 рүү явсан 6 кв кабель шугам нь анх 1967 онд ашиглагдаж байсан учраас уртын хэмжээгээр биш зөвхөн муфть хийх байдлаар засварласан зардалд 646,997 төгрөгийн акт тогтоосон. Кабель шугамаар нийт Дархан-Уул аймгийн 2912 хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг. Дээрх 1912 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа ямар ч эрсдэлгүй байлгахаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх 2 зөрчлийн актаар тогтоосон нийт 60,200,638 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

... манай компани тендер шалгаруулах  ажиллагаанд оролцож автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон, захиалагчийн өгсөн ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй,  мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан. Тиймээс гүйцэтгэх автозамын доорх хэсэгт ямар нэгэн кабель байхгүй гэж ойлгож, нэхэмжлэгчээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, манай компанийн буруутай үйлдэл байхгүй, “*******” ХК нь уг кабелийг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм, журамд заасан  хэмжээний гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугамын таг дээгүүр хөндлөн сул хаяж нимгэн шороо хөрсөөр дарж орхисон буруутай, мөн уг газарт урьд цахилгаан кабель шугам татсан  байдаг бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт өгч мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан.

 Мэдээллийн санд кабелийн зураг байсан бол хийгдэх ажлын зураг төсөвт тусгагдах ёстой. Замын ажлыг захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэс, мөн ажилд өдөр тутам хяналт тавьж ажилласан Дархан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч  тал хандаж хохирол, хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна. “*******” ХК нь хоёр удаа цахилгааны кабель гэмтэхэд муфть сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй, цахилгаан утас гэмтсэн шалтгааныг зөвхөн манайхаас хайх биш гэж үзэж буй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч "*******" ХХК-иас 59,553,641 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "*******" ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 646,997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 455,718.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтад ташаа хандаж, хамааралтай, бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй,  4.1.а/ ... нотлох баримтаар үнэлсэн Засаг даргын Тамгын газрын тоот албан бичгийг 2022.07.31-ний кабель утас тасалсан үйлдэлтэй холбон авч үзсэн нь ташаа болсон.

б. ... гэрч *******ийн мэдүүлгийг буруу ойлгосон,

в. ... Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 25 тоот албан бичгийн эх сурвалж тодорхойгүй, эргэлзээ бүхий баримт байсан. ... манай байгууллага 2011 онд цахилгааны кабель утас шинэчилсэн гэх ажлын гүйцэтгэлийн зураг эсхүл түүнтэй адилтгах архивын хувийг гаргуулахыг хүссэн боловч мэдээллийн санд байхгүй учир ирүүлээгүй, шүүхээс хийсэн үзлэгээр ч гарч ирээгүй. Нэхэмжлэгч байгууллага нь өөрсдөө ажлын гүйцэтгэлийн зургийг гаргаж өгсөн байдаг. Энэ нь мэдээллийн санд  бүртгэгдсэн мэтээр компьютерт тэмдэглэсэн гэж үзэхэд хүрч байгаа,  хэзээ нөхөж тэмдэглэснийг тодорхойлох боломжгүй, ... гүйцэтгэлийн ажлын зураг мэдээллийн санд огт байхгүй байхад бүртгэлд тэмдэглэгдсэн нь ойлгомжгүй. Нотолгоо болгоод байгаа хавсралтад ирүүлсэн Бурхан дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох цахилгааны шугамын трасс зураг гэх нь зураг төсвийг хийж гүйцэтгэсэн “” ХХК-д хамааралтай, манай байгууллагад хамааралгүй. Уг зураг төсөвт тусгаагүй дээрх трассын зургийг нотолгоо болгож байгаа нь үндэслэлгүй юм.

г. ... шүүх ...  Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь эдгээрийг үндэслэж өөрсдөө мэдэж зураг төсөвт туссан эсэхэд хяналтаа тавьж баталгаажуулах ёстой байсныг  анхаарах ёстой байсан.

Манай үйлдлээс болж цахилгаан тасраагүй, цахилгаан шугамыг гэмтээсэн байгууллага, хүн нь дулааны шугамын чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаа зураг төсөв болон гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн “*******” ХХК, түүний ажилчид гэмтлийг шууд гаргасан байдаг. Хамтран ажиллах 2022 оны 2022/05 тоот гэрээний 9.4-т “... хохирол учруулсан  тохиолдолд уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй” гэж заажээ. Тэгэхээр цахилгааны кабель шугамын 2 удаа шууд гэмтээсэн байгууллага нь манайх биш, хариуцагч нь ч манай байгууллага биш болох нь эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

д. ... зураг төсөвт цахилгааны кабель шугам тусаагүй нь  “*******” ХХК-д бүр ч  хамааралгүй байгааг анхаарч  үзсэнгүй.   *******” ХК-н буруутай үйлдэл, эс үйлдлийг дурдвал гээд ... 7 шалтгаан, нөхцөлийг дурджээ.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6- д “... “ гэжээ. Нотлох баримтаар үнэлээд байгаа 2022.07.31-ний өдрийн 59,553,641 төгрөгийн акт нь бидэнд танилцуулаагүй, байлцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, сарын дараа нөхөж хийсэн. Гэмтэл гарсан үед юу ч яригдаагүй, тэр ч байтугай 2 дахь кабель утас 2022.08.26-ны өдөр гэмтэхэд хүртэл урьдах гэмтсэн гэх кабель утасны талаар аймгийн захиргааны хурал дээр яригдаагүй. Иймээс хүчин төгөлдөр бус актыг нотлох баримтаар авч үзсэн нь буруу болсон.

Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  ... гэсэн  заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 9-р зүйл “Зохицуулах хорооны бүрэн эрх”-ийн 9.1.11-д “Аж ахуйн харилцааны дүрэм батлах “гэжээ. Хуулийн энэхүү заалтыг Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зөрчиж, зохицуулах хороо батлаагүй, зөвхөн тухайн компанийн хэмжээнд мөрдөх дүрмийн дагуу манай байгууллагад нөхөн төлбөр торгууль тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хуулийн 25.1.12-д “холбогдох дүрэм, журам, норм, стандарт”, “ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ханган ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах” гэжээ. Гэтэл тус компани нь тус дүрэм журмын стандартын наад захын шаардлага хангаагүй ажил гүйцэтгэж, 2011 онд ашиглалтад оруулчихаад манай байгууллагыг буруутай гэх нь хуульд нийцэхгүй байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэсэнгүй.

4.3.шүүх, ... гэрээний харилцаанаас үүссэн үүргийн гүйцэтгэлтэй холбоо бүхий хохирол, эсхүл цахилгааны утсыг шууд тасалсан үйлдлээс үүдэлтэй гэм хорын ялгааг гаргаагүй шийдвэрлэсэн. Цахилгааны кабель утсыг дулааны чиглэл мэргэжлийн дагуу төсөв мөнгийг нь бүрэн аваад өөрсдийн хүн хүч техникээр гардан гүйцэтгэж байхдаа цахилгааныг тасалсан байгууллага нь манайх биш “******* ХХК юм.

Манай байгууллага хариуцагч биш, нөгөө талаараа гэм хор шууд учруулаагүй, буруугүй, харин “*******” ХК-ийн буруутай үйлдэл бүрэн байгааг анхааран Иргэний хуулийн 497.2 дахь заалтын дагуу 59,553,641 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-н  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрч  Шүүх, “ хэрэгт авагдсан нотлох баримтад ташаа хандаж, хамааралтай, бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар үнэлсэн Засаг даргын Тамгын газрын тоот албан бичгийг 2022.07.31-ний кабель утас тасалсан үйлдэлтэй холбон авч үзсэн, гэрч *******ийн мэдүүлгийг буруу ойлгосон,  ... Бурхан дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох цахилгааны шугамын трасс зураг гэх нь зураг төсвийг хийж гүйцэтгэсэн “” ХХК-д хамааралтай, манай байгууллагад хамааралгүй. Уг зураг төсөвт тусгаагүй дээрх трассын зургийг нотолгоо болгож байгаа нь үндэслэлгүй, 

Манай үйлдлээс болж цахилгаан тасраагүй, цахилгаан шугамыг гэмтээсэн байгууллага, хүн нь дулааны шугамын чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаа зураг төсөв болон гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн “*******” ХХК, түүний ажилчид гэмтлийг шууд гаргасан байдаг, Тэгэхээр цахилгааны кабель шугамын 2 удаа шууд гэмтээсэн байгууллага нь манайх биш, хариуцагч нь ч манай байгууллага биш болох нь эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй, ... 59,553,641 төгрөгийн акт нь бидэнд танилцуулаагүй, байлцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, сарын дараа нөхөж хийсэн,

...шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, гэрээний харилцаанаас үүссэн үүргийн гүйцэтгэлтэй холбоо бүхий хохирол,эсхүл цахилгааны утсыг шууд тасалсан үйлдлээс үүдэлтэй гэм хорын ялгааг гаргаагүй шийдвэрлэсэн, “*******”  ХК-ийн буруутай үйлдэл бүрэн байгааг анхааран  Иргэний хуулийн 497.2 дахь заалтын дагуу 59,553,641 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

 3.Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх  эрхээ бүрэн хэрэгжүүлсэн  байна. 

             Хэргээс судлан үзвэл:

4.Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч “*******" ХХК-д холбогдуулан анх нийт 72,680,581 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ  “ ... авто замын ажил хийж дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх  явцдаа  хоёр удаагийн үйлдлээр буюу 2022 оны 07 дугаар сарын 31 болон 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдөр 6 кв-н кабель шугамыг тасалж, гэмтээсэн . Тухайн гэмтэл зөрчил гарсан даруйд манай компанийн технологийн зөрчлийг судлан бүртгэх  комисс гэмтлийг шалгаж, актаар хохирлын үнэлгээг тогтоосон. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд 6/0.4 кв ТП-23-аас 31-рүү явсан 6 кВ кабель шугам нь анх 1967 оноос ашиглагдаж байсан учраас уртын хэмжээгээр биш зөвхөн муфть хийх байдлаар засварласан зардалд 646,997 төгрөгийн хохирлыг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн таслагдсан кабель шинэ шугам байсан учир хохирол нь 59,953,641 төгрөг болсон.

Дээрх хоёр зөрчлийн актаар тогтоосон гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 60,200,638 төгрөгийн хохирлыг барагдуулах хэмээн  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгажээ.    

5.Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... манай компани тендер шалгаруулах  ажиллагаанд оролцож автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон, захиалагчийн өгсөн ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй,  мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан. Тиймээс гүйцэтгэх автозамын доорх хэсэгт ямар нэгэн кабель байхгүй гэж ойлгож, нэхэмжлэгчээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, манай компанийн буруутай үйлдэл байхгүй, “*******” ХК нь уг кабелийг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм, журамд заасан  хэмжээний гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугамын таг дээгүүр хөндлөн сул хаяж нимгэн шороо хөрсөөр дарж орхисон буруутай, мөн уг газарт урьд цахилгаан кабель шугам татсан  байдаг бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт өгч мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан. Мэдээллийн санд кабелийн зураг байсан бол хийгдэх ажлын зураг төсөвт тусгагдах ёстой. Замын ажлыг захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэс, мөн ажилд өдөр тутам хяналт тавьж ажилласан Дархан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч  тал хандаж хохирол, хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна. “*******” ХК нь хоёр удаа цахилгааны кабель гэмтэхэд муфть сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй, цахилгаан утас гэмтсэн шалтгааныг зөвхөн манайхаас хайх биш гэж үзэж буй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  “ гэсэн тайлбар гаргаж  маргажээ.  /1-р хх-130, 212/

6.Анхан шатны шүүх :  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 59,553,641 төгрөг гаргуулж, үлдэх 646,997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 59,553,641 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ  “хариуцагч  нь ...авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэх явцдаа 2022 оны 07 дугаар сарын 31, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд  6кВ кабель шугамыг тус тус гэмтээж, тасалсан болох нь тогтоогдсон,  энэ үйл баримтын хувьд талууд маргаагүй,  нэхэмжлэгч нь дээрх үйлдлийн улмаас 6 кВ кабель шугамыг тасалсан зөрчлийг сэргээн засварлах явцдаа кабель утсыг залгаа хийн тус бүрийг муфтаар холболт хийсэн болох нь зөрчлийг судалсан актууд, гэмтсэн кабель шугам татах өртгийн товчооны нэгтгэлийн тооцоо болон тайлбар, мөн гэмтэл гарсан даруйд зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд зөрчлийг судалж, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан зөрчлийн улмаас ... РП-10 6 кв кабель шугамыг засварлахад нийт 59,553,641 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ТП-23 ... кабель шугамыг засварлахад 646,997 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж  акт  тогтоосон,

нэхэмжлэгч байгууллага нь Эрчим хүчний тухай хууль, журамд заасан ...РП-10станц хүртэлх 6 кВ кабель шугамыг мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай албан бичиг,  Бурхант дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох цахилгааны шугамын трасс М1:4000 зураг, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Төмөрийн “... маргаан бүхий 6 кв кабель шугамын мэдээлэл Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын мэдээллийн санд 2014 онд Дархан сумын хэмжээнд сумын суурьшлын бүсийн дэвсгэр зурагт байгаа. ...мэдээлэл нь нөхөж бүртгэгдээгүй, 2014 оны зураг дээр байгаа,сүүлд нэмж оруулсан зүйл байхгүй, ...” гэх мэдүүлэг зэргээр хариуцагчийн үйлдлээс болж цахилгааны кабель шугам гэмтсэн, тасарсан, улмаар хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “*******” ХХК  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч талын нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзэхэд 2011 онд шинээр ашиглалтад оруулсан кабель шугамыг гэмтээж, тасалсны улмаас муфть хийж холбосноор Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт зааснаар кабель шугам өмнөх байсан байдалд сэргээгдсэн гэж үзэх боломжгүй. Хохирлыг мөнгөөр тооцож шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж дүгнэж, РП-10 станц хүртэлх кабель шугам засварлахад гарах зардал гэх 59,553,641 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

7.Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргийг харьцуулан үнэлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 8.Нэхэмжлэгч тал нь өөр өөр цаг, хугацаанд хоёр удаа гарсан зөрчлийн улмаас учирсан хохирлын хоёр шаардлага гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт дараах нэмэлт дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шаардлагын хэмжээнд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь:

8.а. Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6кВ кабель шугамын хувьд: 

Хариуцагч “*******” ХХК нь тендерт шалгарч, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай ын уулзвараас чиглэлд авто зам засварын ажил хийж гүйцэтгэх  гэрээ-г 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу ын уулзвараас чиглэлийн авто замын   өргөтгөлийн ажил хийх хугацаанд  дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх  явцдаа  хоёр удаагийн үйлдлээр буюу 2022 оны 07 дугаар сарын 31, 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрүүдэд  6 кВ-н кабель шугамыг тасалж, гэмтээсэн  үйл баримт нь хэрэгт авагдсан ... кабель шугам гэмтээсэн зөрчлийг судалсан актууд/1-р хх-7,168/, гэмтсэн кабель шугам татах өртгийн товчооны нэгтгэлийн тооцоо, талуудын тайлбар зэргээр,

уг кабель шугам-г 2011 онд шинээр ашиглалтад оруулсан, мэдээллийн санд бүртгэлтэй болох нь  Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /2-р хх-201/ , Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 25 тоот албан бичиг/1-р хх-234-235/,  гэрч ийн мэдүүлэг/ 3-р хх-6-7/, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл/2-р хх-132/ зэргээр тус тус тогтоогдож байна.  Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  Үзлэгийн тэмдэглэлд талуудын хэн аль нь маргаагүй.

Тодруулбал, хариуцагч “*******” ХХК нь авто зам засварын газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн кабель шугамыг  тасалж, гэмтээсэн байх бөгөөд  үүний улмаас гэм хорын хохирол учирсан. Хохирол, үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул хариуцагч байгууллага гэм буруутай  байна.

 Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д   “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий- г ойлгохоор  тодорхойлсон байна.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор ...барилга байгууламж барих, ... шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.,

Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм 2.6-д Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, ... барих шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.,

дүрмийн 3.1 дэх хэсэгт “Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын  зөвшөөрлийг авсан байна”.,

дүрмийн 3.3 дахь хэсэгт Эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг хүсэлт тавьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцаж, шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авч түүний хяналтын дор гүйцэтгэнэ”  гэж тус тус заасан.

Эдгээр хууль, дүрмээс  үзвэл: хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж барих, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэх аль ч тохиолдолд шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авах, тухайн этгээдийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.   

Тодруулбал, ... ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй  хэдий ч эрчим хүчний хамгаалалтын зурваст ...  газар шорооны ажил гүйцэтгэх зэрэг ямар  ч тохиолдолд  эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын  зөвшөөрлийг авсан байхыг хууль болон дүрмийн  аль алинаар нь  шаардсан байна.

Тиймээс хариуцагч нь дулааны шугам холбох газар шорооны ажил гүйцэтгэхдээ  дээрх  хууль, дүрмийг биелүүлээгүй буруутай  тул хариуцагч талын ... захиалагчийн өгсөн ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй,  мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан. Тиймээс гүйцэтгэх авто замын доорх хэсэгт ямар нэгэн кабель байхгүй гэж ойлгож, нэхэмжлэгчээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, манай компанийн буруутай үйлдэл байхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал нь 2011 онд шинээр ашиглалтад оруулсан, мэдээллийн санд бүртгэлтэй  кабель шугамыг гэмтээж, тасалсны улмаас муфть хийж холбосон, шинээр кабель авч засварлахад гарах шууд зардлыг  “Капитал зууч” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээтэй тайланг үндэслэн төгрөгөөр тооцож, 59,553,641 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэх анхан шатны дүгнэлт зөв байна.

Түүнчлэн  иргэний хэрэгт “” ХХК-н гүйцэтгэсэн “ын уулзвараас - чиглэлийн авто замын зураг төсөл”  гэх 81 хуудас бүхий баримтыг хавсаргасан байна.

Уг баримтын 2 дугаар талын нүүрэн хэсэгт  Зөвшилцсөн:   байгууллагын нэр, эрх бүхий албан тушаалтны ажлын болон өөрийнх нь нэрийг  тодорхой  бичиж, тэдгээр нь гарын үсэг зурж, тамга даржээ. Энэ хэсэгт “ДСЦС” ХК дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал гэх нэр байх ба уг нэрний өмнө гарын үсэг зурагдаж, "*******" ХК-ийн техник бодлого төлөвлөлтийн хэлтэс гэсэн нэр бүхий дугуй хэлбэрийн “тамга” дарагдсан байна.

Үүнээс үзэхэд: нэхэмжлэгч “*******“ ХК нь ын уулзвараас чиглэлд  авто замын засварын ажил хийгдэх гэж байгааг мэдээгүй гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч “*******” ХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд: Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12-т заасан  “холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах”.,

Эрчим хүчний шугам хамгаалах дүрэм-н 5.1-т заасан “энэхүү дүрмийн биелэлтэд  ..., эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага өөр өөрийн чиглэлээр хяналт тавина” гэсэн хууль, дүрмээр  хэрэгжүүлбэл зохих  үүргээ биелүүлж, хэрэгжүүлээгүй,

Мөн хэрэгт “кабель шугамын трасс тодорхойлсон бүртгэлийн маягт” /1-р хх-6/ авагдсан байх ба уг баримтын ... “кабель шугамын трасс тодорхойлсон тэмдэглэл хэсэгт 6 кв кабель шугам ил гаргах хүн байлцуулах “ гэж бичигдсэн, кабель шугамын трасстай танилцсан ААН-г төлөөлж гэсэн хэсэгт н.Ганбат гэж гарын үсэг зурагдсан байх бөгөөд үүнийг тодруулах үүднээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Л.Ганбатыг гэрчээр асуусан, тэрээр “Дарханы дулааны сүлжээ ХК-д шугам хоолойн слесарь ажилтай, хуучин хорооллын 22 дугаар байрны төв замын гол хэсэгт трасс тодорхойлж өгсөн, "*******” ХХК-д ажиллаж байгаагүй” гэж мэдүүлжээ /2-р хх-184/.

Л.Ганбат нь "*******” ХХК болон “*******” ХХК-н аль алинд нь ажилладаггүй болох нь тогтоогдсон, харин  нэхэмжлэгч тал буруу ойлгож, өөр байгууллагын ажилтанд танилцуулснаа  хүлээж, энэ талаар маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлсэн. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч байгууллага нь зам засварын ажил явагдахыг мэдсэн, хууль, дүрмийн дагуу хяналт тавьж анхаарах ёстой байтал хайнга, хайхрамжгүй хандсан үйлдэл нь гэм хорын хэмжээ нэмэгдэхэд зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6 кВ кабель шугамыг засварлах зардал гэх 59,553,641 төгрөгийн  шаардлагыг багасгаж, үүний 60 хувь буюу 35,732,184 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулах, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  дүгнэв.

8.б.  ...ТП-23-с ТП-31 рүү явсан 6 кВ кабель шугамын хувьд:

Энэхүү кабель шугам нь  1967 оных бөгөөд  мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг нэхэмжлэгч тал зөвшөөрдөг, энэ нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон.  Талууд энэ талаар маргаагүй.  

Нэхэмжлэгч тал нь уг кабель шугамыг тасалсны хохирол гэж 646,997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  анхан шатны шүүх  уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба үүнд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй байна. 

Харин анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 646,997 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь ... ТП-23-аас ТП-31 хүртэлх кабель шугамыг мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ хууль тогтоомжид заасны дагуу биелүүлээгүй гэм буруутай, энэхүү эс үйлдэхүй нь гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээр дурдсан буруутай үйлдэл нь хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зүй нь  энэхүү шаардлагыг хангах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510. 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгах бус  646.997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

9.Хариуцагч тал нь ... тайлбар болон давж заалдах гомдолд: нэхэмжлэгч байгууллагыг нотлох баримтыг  нөхөн бүрдүүлсэн, хамтран хариуцагчаар нэр бүхий хуулийн этгээдүүдийг татах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон ...гэж дурдсан байх боловч энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулах  хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт “Хэрэгт байгаа бичмэл,... баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, ...баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. ...”  гэж заасны дагуу ямар нэгэн хүсэлт гаргаагүй, нотлох баримтыг нөхөн бүрдүүлсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэр бүхий хуулийн этгээдүүдийг хамтран хариуцагчаар  татан оролцуулах  хүсэлт гаргасан /2-р хх-126/- г шүүх, хангахаас татгалзаж шүүгчийн захирамж /2-р хх-128/ гаргасан байх ба захирамжид нэр бүхий компаниудын оршин байрлах хаяг, холбоо барих утас, компанийн регистр, хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийн овог, нэр, регистр зэрэг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзжээ.

Гэвч нэхэмжлэгч тал нь шүүгчийн захирамжид заасан татгалзсан үндэслэлийг арилгаж,  хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтийг дахин гаргаагүй, энэ талаар маргаж буй эсэх талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад “маргахгүй” гэсэн тайлбар гаргасан болно.

10. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан талуудын тайлбар, нотлох баримтууд зэргээс дүгнэвэл хариуцагч тал нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар  гэм буруугүй болохоо  нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч талын ... “*******” ХК-ийн буруутай үйлдэл бүрэн байгааг анхааран Иргэний хуулийн 497.2 дахь заалтын дагуу 59,553,641 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  135/ШШ2024/00202  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 59,553,641 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******" ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 646,997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг ,

        “ ...  хариуцагч *******” ХХК-иас 35,732,184 төгрөг гаргуулж, ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  24,468,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  ... , хариуцагч “*******” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид  455,718.2 төгрөг  гаргуулж, ... олгосугай” гэснийг ,

            “...  хариуцагч *******” ХХК-иас  336,611 төгрөг гаргуулж, ... ” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  521,355 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН                                             

                                            ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                                     Х.БАЙГАЛМАА