Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2016/01452/и |
Дугаар | 001/ХТ2017/00947 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2017/00947
В.Чгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 923 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч В.Ч гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Т д холбогдох,
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч В.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Ч, Ц.С нар Т.Тээс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж, барьцаанд нь В.Чгийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркын автомашиныг Т.Тийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан “Фидуци”-ийн гэрээ байгуулсан. В.Чд 3 000 000 төгрөг зээлснээс 3 170 000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд машинаа буцааж өөрийн өмчлөлд шилжүүлж авах гэсэн боловч өгөөгүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэсэн тул В.Чг 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркын автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би В.Чгийн ээж Ц.Ст 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 12 800 000 төгрөг зээлдүүлж, баталгаа болгож түүний хүү В.Чгийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркын автомашиныг сайн дурын үндсэн дээр шилжүүлж авсан нь фидуцийн гэрээг байгуулсан гэж болно. Уг автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн боловч биет байдлаар шилжүүлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар В.Чгийн хууль бус эзэмшилд байгаа 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркын автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Т.Т нь бусдад мөнгө зээлдүүлэх нэрээр машин нэр дээрээ шилжүүлж авчихаад мөнгөө төлчихөөд байхад машиныг буцааж өгөхгүй байгаа. Би Т.Тээс 12 800 000 төгрөг аваагүй, Ц.С болон Т.Т нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй. Маргаан бүхий машины зах зээлийн ханш 10 000 000 төгрөг ч хүрэхгүй, Монголд орж ирээд 5, 6 жил болж байгаа учраас ББСБ уг машиныг 2 000 000 төгрөгөөр ч үнэлж авахгүй. Эдгээр хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжиж, худал хуурмаг зүйл ярьж, залилангийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Чгийн нэхэмжлэлтэй, Т.Тд холбогдох тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Чгийн хууль бус эзэмшлээс 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Т.Тд олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаанаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгох, хариуцагч Т.Тээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.Чгээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Т.Тд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 923 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Чгийн нэхэмжлэлтэй Т.Тд холбогдох тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, В.Чгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай Т.Тийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаанаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгтээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд энэ нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад илэрвэл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны дүгнэлт үндэслэлтэй” гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэхүү үндэслэлийг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн шийдвэр байгаа бол шүүхээс ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-ийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Харин давж заалдах шатны шүүхээс магадлалынхаа үндэслэл болгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00224 дугаартай шийдвэрийн нэхэмжлэл шаардлага нь “эд хөрөнгийн өмчлөгчөөр төгтоолгох” бус “хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай” байсан юм. Харин энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь уг “автомашины өмчлөгчөөр тогтоолгох” буюу давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр нэхэмжлэлийн шаардлага юм. 2016 оны 183/ШШ2016/00224 дугаартай шийдвэрийг шүүхээс гаргах үед автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан бөгөөд өөрийн эзэмшилд байгаа автомашиныг бусдаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байсан ба анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг мөн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах хэмээн тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс ийм ялгаатай, өөр өөр нэхэмжлэлийн шаардлагыг ижил нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч В.Ч нь хариуцагч Т.Тд холбогдуулан 62-99 УНТ дугаар бүхий Камри маркын автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж, В.Чгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Чг төлөөлөх эрхгүй этгээд буюу уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн өөр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн дүгнэж чадаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд өөр шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тухайн маргааны үйл баримт гэж үзсэн нь тус тус алдаатай болсон байна.
Нэхэмжлэгч В.Ч нь автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дараах хоёр үндэслэлээр буюу зээлсэн мөнгөө төлж, зээлийн үүргийг биелүүлсэн байхад фидуцийн зүйл болох автомашины өмчлөх эрхийг хариуцагч буцааж шилжүүлээгүй, мөн фидуцийн гэрээг амаар байгуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан журмыг зөрчсөн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн машины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж, энэ талаар нэхэмжлэлдээ заажээ.
Тэрээр нэхэмжлэгчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдаан дээр “... фидуцийн гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус” гэж, машины өмчлөгчөөр тогтоолгох буюу өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх үндэслэлийг зөвхөн энэ хүрээнд тодорхойлж байгаа боловч фидуцийн үүргийг үндсэн гэрээний үүргийг биелүүлсэн эсэх үйл баримтаас салгаж дүгнэх боломжгүй болно.
Шүүх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Зохигчдын хооронд амаар байгуулагдсан фидуцийн гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, салгаж үл болох эрх бөгөөд фидуцийн зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох асуудал үндсэн гэрээний үүргийг биелүүлсэн эсэхээс хамаарна. Үүнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр, зээлийн гэрээг байгуулсан Ц.С оролцох хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т нийцээгүй гэж үзнэ. /хх-52, 80, 81, 82, 87/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00224 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Тийн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулахыг хүссэн В.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ маргаан буюу автомашиныг өмчлөх эрхээ шилжүүлж авахыг хүссэн М.Ч-ийн нэхэмжлэл, автомашиныг эзэмшилдээ шилжүүлэхийг хүссэн Т.Тийн сөрөг нэхэмжлэлд аль алинд хамаарахгүй юм. Маргааны зүйл адил боловч нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгч нь өөр болохыг шүүх анхаараагүй байна.
Түүнчлэн үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь сөрөг нэхэмжлэлтэй хэргийг мөн адил хэрэгсэхгүй болгох үр дагаврыг хуулиар зохицуулаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д нийцээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт нь хоёр нэхэмжлэлийг нэг дор, нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх агуулгатай бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахад нөлөөлөхгүй.
Дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэлгүй гэж үзсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, харин нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 923 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА